2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Утааг арилгах дараагийн алхам

Утааг арилгах дараагийн алхам

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин

Утааг арилгах дараагийн алхам

 

Өвөл

 

Алсын салхи жихүүн амьсгалаар тас няс хийхэд

Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө

Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад,,,

...Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад

Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд....  / Д.Нацагдорж /

 

 

Цав цагаан цас, жавар сэнгэнэсэн, тунгалаг агаартай өвөл Улаанбаатарчуудын хувьд дурсамж болон үлдэх шахжээ.  Үр хойчдоо өвөл бол хоолой хорсгосон утаа гэсэн төсөөлөлтэй, дурсамжтай үлдээхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?   Хотыг утаанаас салгах хамгийн оновчтой арга юу байж болох вэ? 

 

Хорт утааг үйлдвэрлээд байгаа гэр хорооллын яндангийн тоог бууруулах нь хамгийн зөв шийдэл гэдэгтэй хэн ч маргахгүй, бүгд л дуу нэгтэй энэ тухай ярьж бичиж байгаа. Гэхдээ хэрхэн яаж, ямар замаар гэдэгт л гол асуудал байна.  Өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцжуулж, утааг арилгана гэдэг цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд ярвигтай ажил. Гэр хороолол тэлэлтийн хурдаас урьтаад бид юу хийж болох вэ? 

 

Утааны эсрэг дараагийн алхам бол яахын аргагүй хийн түлш юм. Хийн түлшний  хэрэглээг нэмэгдүүлснээр Улаанбаатарыг утаанаас нь ор мөргүй салгадаггүй юм аа гэхэд утааг тодорхой хувиар бууруулах боломж, нөхцөл бодитой гэдэг дээр уншигч Та санал нэгдэх буй за. Энэ чиглэлээр тодорхой ажлууд хэдийн хийгдэж эхлээд байгаа бөгөөд  хийн түлшний үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжиж ажиллана гэдгээ ч холбогдох албаны зүгээс мэдэгдээд байгаа. Энэ нь хэрхэн ажил хэрэг болж буй талаар манай сайт  Монгол улсын Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-гийн мэргэжилтэн Г. Баярсайханаас  энэ хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар тодруулсан юм. Томоохон бүтээн байгуулалтын ажил гэвэл  “Грандповер” компанийн зүгээс  хэрэгжүүлж буй 2 тэрбум төгрөгний санхүүжилттэй Багануурын нүүснээс метан хий гарган уурын зуухнуудыг хийн түлшээр хангах ажил болон  “Дашваанжил”, “Горгаз”, “Юнигаз” гэсэн 3 аж ахуйн нэгжид агуулах барих болон  автомашиныг хийгээр цэнэглэх станц барихад нь зориулж нийт 4 тэрбум орчим төгрөгний дэмжлэг үзүүлсэн зэргийг дурдаж байна. Мөн нийслэлийн 4 дүүргийн 5000 айл өрхөд хийн түлшний зуух, баллонтой нь олгох зэрэг ажлыг гүйцэтгэжээ. 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Цэвэр агаар сан”-гийн энэ оны эхний хагас жилийн тайланг үзвэл “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны 2011 оны 11/05 дугаар тогтоолын дагуу, Зам, тээврийн яамны захиалгаар 2011 онд гэрээ байгуулснаар “Туртелком” ХХК-ий хэрэгжүүлж эхэлсэн нийтийн тээврийн их багтаамжийн 400 автобусыг дизель-хийн хосолмол хэрэглээнд шилжүүлэх төслийг эхлүүлсэн ч захиалагч тал болох Зам тээврийн яамнаас цаашид хэрхэх талаар албан ёсны шийдвэр гаргаагүй учир энэ ажил одоогоор зогсонги байдалд ороод байгаа болохыг тус тайланд дурьджээ. Хэрэв энэ ажил бүрэн хэрэгжиж дууссан бол  нийтийн тээврийн том оврын автобусууд дизель түлш болон шингэрүүлсэн нефтийн хийн аль алинаар нь ажиллаж шугамд явах боломжтой болох байж. 

 

Мөн тухайн үеийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны захиалгаар 2012 онд “Дашваанжил” компанитай автомашиныг хийгээр цэнэглэх 8 станц байгуулах гэрээ байгуулж, гэрээний дагуу 4 суурин станцыг ашиглалтанд оруулж, зөөврийн 4 станцыг барьж байгуулах ажил шийдвэрлэгдээгүй үлджээ. 

 

БОНХЯ-ны захиалгаар 2013 онд гэрээ байгуулж “Хаштехник” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа автомашины утааг бууруулах тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулах ажлын гүйцэтгэл дутуу, ашиглагч байгууллагуудын гомдол их байгаа талаар захиалагч хийсэн байх бөгөөд цаашид энэ асуудлыг хэрхэх талаар тодорхой шийдвэр гаргаагүй байна. Эдгээр зогсонги байдалтай байгаа төсөл арга хэмжээнүүдийг эцэслэх, цаашид хэрхэх талаархи асуудлыг Сайд нарын түвшинд ярилцаж нэн даруй  шийдвэрлэхэд онцгой анхаарах шаардлагатай болохыг “Цэвэр агаар” сангаас тайландаа онцолжээ.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс 2015 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ нийслэлийн агаарын бохирдлыг арилгахын тулд хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа дэвшүүлсэн. Гэсэн ч  өнөөдрийн байдлаар тодорхой шийдэл, шийдвэр гараагүй байгаа тул сайжруулсан түлшээр гэр хорооллын айл өрхийг хангах уу, эсвэл хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэх үү гэдэг дээр нэн яаралтай шийдвэрээ гаргах шаардлагатай байгааг холбогдох албаны зүгээс мэдэгдэж байгаа юм. Учир нь энэ шийдвэр дээр үндэслэн “Цэвэр агаар” сангийн дараа дараагийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр тодорхойлогдох учиртай. Хэдийгээр холбогдох хүмүүс нь хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхийг дуу нэгтэй дэмжиж байгаа ч ажил хэрэг болгох тал дээр асуудал үүсээд байна. Чухам яагаад ажил хэрэг болох нь удаашралтай байгаа тухайд “Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн Н.Баатардоржийн хэлж буйгаар энэ чиглэлээр төрөөс баримтлах бодлого, нарийвчилсан хууль, журам байдаггүй. Одоогоор хийн түлшний хангалт борлуулалттай холбоотой 3, хадгалах барилга байгууламжтай холбоотой 2 дүрэм л манай улсад мөрдөгддөг. Зохицуулалт дутагдалтай байдал нь салбарын хөгжилд чөдөр тушаа болж байгаа төдийгүй улмаар осол аваар гарах нөхцөлд хүргэдэг. Тиймээс хууль ,дүрмээ шинэчлэх, төрөөс бодлогооор зохицуулах зайлшгүй шаардлагатай ажээ. Тэгэхээр төрийн зүгээс энэ салбарт онцгой анхаарч , энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагыг дэмжин уялдаатай ажиллаж чадсанаар хийн түлшний хэрэглээгээр дамжуулан Улаанбаатарчууд утаанаасаа ангижирч чадах юм. 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.