2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ц.Даваацэрэн захирлаа, өрөө төлөхийн тулд нэртэйгээр нь "Эрдэнэт" нэртэй 100 сая ам.долларын бонд авчихаач

Ц.Даваацэрэн захирлаа, өрөө төлөхийн тулд нэртэйгээр нь "Эрдэнэт" нэртэй 100 сая ам.долларын бонд авчихаач

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Эдийн засаг хямралтай байгаа энэ үед "дайран дээр давс" гэгчээр манай улсын хамгийн том үйлдвэр болох "Эрдэнэт"-ийн талаар таагүй мэдээллүүд "чихнээс хонх уях" боллоо.

 

Оросын талтай хамтарч байгуулаад 30 гаруй жилийг ардаа үдээд буй тус үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдөр доголдоход хүрээд байгаа аж. Тодруулбал, "Уулын баяжуулах Эрдэнэт" үйлдвэр өнөөдөр ОХУ-д маш их хэмжээний буюу 100 сая ам.долларын өрөнд оржээ.

 

Уг өр нь өнгөрсөн 2012 оноос үүдэлтэй аж. Оросын тал 2012 оноос эхэлж өөрсдийн ноогдол ашгаа түр авахгүй байх шийдвэрийг манай талд хүргүүлжээ. Ингээд хувь нийлүүлэгчийн ноогдол ашгийг хадгалж, хамгаалж байх үүргийг манай тал хариуцаж үлджээ. Харамсалтай нь тэрхүү мөнгө өнөөдөр байхгүй бөгөөд өр болон нэхэгдэж буй аж. Энэ талаар ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж хэлэхдээ "“Эрдэнэт” үйлдвэрийг мөнгөтэй байхад энэ мөнгө байгаад байсан. Тусад нь банкинд хадгалж байсан. Өнгөрсөн хавар зэсийн үнэ унаснаас шалтгаалаад дотоод төлбөр тооцоо, газрын нөөц ашигласны төлбөр нэхэгдээд энэ мөнгийг хэрэглэчихсэн. Оросын тал лицензид өөрчлөлт орсны дараа Советоо хуралдуулж ногдол ашгаа авна гэсэн. Тийм учраас гаднын зээл тусламжийн эх үүсвэрээр ч юм уу, ямар нэг байдлаар шийдвэрлэхгүй бол “Эрдэнэт” үйлдвэрт энэ мөнгө байхгүй. 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойшх ногдол ашгийг Оросын талд өгөөгүй. 2012, 2013 оны ногдол ашиг нь 70 гаруй сая ам.доллар байдаг. 2014 оных нь улсын төсөвт сууснаар 70 тэрбум төгрөг болсон. Аваагүй. Учир нь Совет хуралдаж, ашгаа хуваах шийдвэр гаргаагүй. Нөгөө талаар “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн байдал хүндэрсэнтэй холбоотой. Ингэхээр “Эрдэнэт” үйлдвэр яах аргагүй 100 гаруй сая ам.долларын өрөнд орчихоод байна” гэв. Харин тус үйлдвэрийн гэрээний протоколд өөрчлөлт оруулсан чуулганы хуралдааны үеэр уг асуудал сөхөгдөхөд "Оросын талд 2012 оноос эхэлж хувьцаа эзэмшигчийн ноогдол ашгийг нь шилжүүлээгүй. Учир нь тэд 2012 онд манайх төрийн эзэмшил хувиа шилжүүлэхээр болсон тул ноогдол ашиг түр авахгүй гэсэн. Ноогдол ашиг нь ОХУ-ын төсөвт шилждэг байсан. Одоо Оросын талын 2012, 2013 оны ноогдол ашиг нь Эрдэнэтийн тусгай дансанд байршиж байгаа. 2014, 2015 оны ноогдол ашгийг нь хуваарилаагүй" гэж хариулж байлаа. Үйлдвэрийн дарга нь ч 100 сая ам.доллар байгаа хэмээн мэлзэж байгаа. Гэвч тэрбээр зөвхөн 2012 оны ноогдол ашиг болох 47 сая ам.доллар байгаа үүнийг өнөөдөр ч гаргаад өгөхөд болно гэж хэлсэн байгаа юм. Гэтэл Оросууд биднээс 2012 оноос хойшхи гурван жилийн ноогдол ашгийг нэхэж байгаа шүү дээ.

 

Хэрэв Ц.Нанзаддорж даргын хэлсэн үг үнэн бол хямралтай байгаа энэ үед бид дахин хүнд байдалд орохоор болчихлоо. Өнгөрсөн хугацаанд энэ үйлдвэр л монголчуудыг тэжээж, тэтгэж ирсэн. Гэтэл хариуцлагагүй удирдлагууд, эрх баригчдаас болж ийм их хэмжээний өрөнд орчихлоо. Үүнийгээ дарахын тулд зээл тусламж авах хэрэгтэй гэвэл энэ төрийн үйл ажиллагаанд итгэх итгэл алга. Тус үйлдвэртэй холбоотой улстөрчдийн шахааны бизнес хэрээс хэтэрсэн талаар эх сурвалжууд байнга мэдээлж байдаг. Оймс, бохьноос авахуулаад бараа бүтээгдэхүүнүүдийг зах зээлийн үнээс хэд дахин өндөр өртөгөөр нийлүүлдэг юм.

 

Манай улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол үйлдвэрүүдийн нэг бол Эрдэнэт үйлдвэр. Тэгвэл "саалийн үнээ" маань он гарсанаас хойш өөдлөхөө байв. Тус үйлдвэр 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Үйлдвэрийн зарим цех сул зогсолтод шилжжээ. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, мөн хөлсөөр болон гэрээгээр ажиллах иргэдийг авахыг түр зогсоосон гэнэ.

 

Мөн Ц.Нанзаддорж даргын хэлсэн үгийг батлах нэг зүйл нь Оросын Засгийн газар Эрдэнэтийн асуудалд нэн яаралтай арга хэмжээ авахаар болсон явдал юм. Тэд олон улсын димпломт харилцаанд байхгүй шийдвэр гаргаж УИХ-ын дарга З.Энхболдын албан ёсны айлчлалд яагаад урих болов? УИХ-ын даргыг Орост урьсан гол шалтгаан нь мэдээж "Эрдэнэт" үйлдвэр байв. Уулзалтын үеэр "Эрдэнэт" үйлдвэр алдагдалтай ажиллаж эхэллээ. Бидний ноогдол ашиг болох 100 сая ам.долларыг ч өгч чадахгүй, үрсэн байна. Үүнд та нар буруутай. Танай Засгийн газар энэ үйлдвэрийг аж ахуйн зарчмаар нь ажиллуулж чадахгүй байна. Үйл ажиллагааг нь аж ахуйн зарчмаар биш улс төрийн зорилгоор явууллаа" гэжээ. Хоёрдугаарт тус үйлдвэрийн сүүлийн хэдэн захирлын томилгоог Оросын талтай зөвшилцөхгүйгээр бидний санаа бодлыг сонсохгүйгээр хийж байна гэх зэргээр З.Энхболд даргад шахалт үзүүлжээ. Их хурлын дарга ч ирээд намрын чуулганы нээлтийн үеэр Эрдэнэтийн талаар "ОХУ-ын тал “Эрдэнэт” үйлдвэрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Монгол Улсын Их Хурал ойрын хугацаанд хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсч байна" гэж цухас дурдаад өнгөрсөн. Эрдэнэт бол цухас дурдаад өнгөрөх асуудал биш. Энэ бол маш том асуудал. Ирээдүйд монголчууд идэх хоолтой байх уу, үгүй юу гэдгийг шийдэх чухал асуудал.

 

Монголчуудыг 30 жил тэжээсэн үйлдвэрийн талаарх асуудал ойрын хугацаанд нэлээд хүчтэй сөхөгдөх нь бололтой. Харамсалтай нь өмнө нь хэзээ ч ийм байдалд орж байгаагүй уг үйлдвэр АН-ын засгийн үед ийнхүү хүнд байдалд орлоо. УИХ-аас нэн яаралтай ажлын хэсэг томилож өрийн асуудлыг шийдэхгүй бол ганц гэрэл гэгээтэй үйлдвэр маань идэж уухын дон шүгэлсэн эрх баригчид, удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болж элгээрээ хэвтэх нь байна шүү.

 

Г.Лхагваа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.