2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Бямбацогт: Хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй

С.Бямбацогт: Хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

УИХ дахь МАН-ын бүлэг 2015 оны намрын чуулганы анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг хэлэлцэж, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ.

 

          Сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн өргөн барихыг хязгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн учир Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж МАН-ын бүлэг үзлээ. Учир нь УИХ-ын нэг гишүүн нь Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах санаачлага гаргах эрх нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн утгатай дүгнэлтийг Цэц гаргаад байгаа юм.

 

            Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Бүлгийн гишүүд ярилцаад Цэц хуульд агуулгаар нь хориг тавьж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Хоригийг тухайн хуулийн зүйл, заалт нэг бүрчлэн тавих ёстой гэж үзсэн. Цэцийн дүгнэлтээр хариуцлагагүй, муу ажиллаж байгаа сайдыг огцруулж болохгүй болно. Харин түүний өмнөөс танхимын сайн ажиллаж байгаа сайд нар, Ерөнхий сайд хариуцлага хүлээдэг жишиг тогтоох гэж байгаа нь буруу. Хэрвээ Цэцийн дүгнэлтийн дагуу нэг сайдад хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин байхгүй болонгуут Засгийн газрыг бүхэлд нь огцруулах жишиг тогтоно. Цаашид ийм байдлаар явбал төрийн тогтворгүй байдал улам даамжирна. Нэг сайдын халхавчин дор бусад сайд нар танхимаараа хариуцлага тооцуулах нь буруу гэж үзэж байна. Нөгөө талаар УИХ сайдыг томилдог мөртлөө эргээд хариуцлага тооцож чадахгүй болох нь. УИХ-аас зөвхөн сайд бус Монголбанкны ерөнхийлөгч, СЕХ-ны дарга, АТГ-ын дарга гэх мэт төрийн өндөр албан тушаалтнуудыг томилдог. Хэрвээ Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал эдгээр албан тушаалтанд УИХ эргээд хариуцлага тооцох тогтолцоо алга болно" гэлээ.

 

           МАН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг шийдсэний дараа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэхээр болсон байна.

 

           Мөн намрын чуулганаар төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгууллаа.

 

Н.Номтойбаяр: Цалин, тэтгэврийг нэмэх зарчим баримтална

 

             УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр цалин, тэтгэврийн асуудлаар мэдээл хийлээ. Тэрээр хэлэхдээ "УИХ дахь МАН-ын бүлгээс 2015 оны улсын төсвийг батлах үеэр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор 90 тэрбум төгрөг суулгасан. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газар энэхүү 90 тэрбумыг 2016 оны төсөвт шилжүүлэх чиглэлийг сайд нарт өгсөн. Хямралтай үед цалин тэтгэврийг бууруулах бус нэмэх зарчим баримтлах ёстой. 2009 оны эдийн засгийн хямралын үед цалин тэтгэврийг нэмж иргэдийн худалдан авах чадварыг хэвээр хадгалж байсан. МАН-ын бүлгийн хувьд цалин, тэтгэврийг хямралтай үед нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр сууриа төсвийн тодотголын үеэр илэрхийлнэ. Тодорхой тооцоо судалгаа ч бий" гэв.

 

 Д.Хаянхярваа: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурна

 

           Ерөнхий сайдыг огцруулах Г.Уянга гишүүний санаачилсан тогтоолын төсөлд гарын үсэг зурсан эсэх талаарх сэтгүүлчийн асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хариуллаа. Тэрээр "Дархан-Уул аймгийн удирдлагуудыг ИТХ нь огцруулсан асуудлаар захиргааны хэргийн шүүхээс үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх захирамж гарсан. Ерөнхий сайд ИТХ-ын хууль бус тогтоолыг үндэслэж аймгийн Засаг даргыг батламжлах шийдвэр гаргасан. Шүүгчийн захирамж гарсан учраас хууль бус шийдвэрээ эргэн харах байх гэж найдаж байгаа. Алдаагаа засах боломж Ерөнхий сайдад бий. Гэхдээ би Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурна" гэлээ. 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.