2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » БНХАУ-ын Зөөлөн хүчний бодлого ба Тавантолгойн орд


БНХАУ-ын Зөөлөн хүчний бодлого ба Тавантолгойн орд

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

БНХАУ-ын Зөөлөн хүчний бодлого ба Тавантолгойн орд

 

Америкийн Улс Төр Судлаач Joseph Nye ингэж хэлжээ: “Зөөлөн Xүч” гэдэг бол өөрийн хүссэн зүйлийг бусдын анхаарлыг татах маягаар олж авах хүчин чадал”. Дэлхийн олон улс энэхүү зөөлөн хүчний бодлогыг өөрийн улс төр, дипломатын бодлогод ашиглаж байна. Ялангуяа Хятад улс “Зөөлөн хүч”-ны бодлогыг дэлхийд хамгийн амжилттай хэрэгжүүлж байгаа тэргүүлэгч орон гэж дүгнэхэд буруудахгүй.  Tэд ёс заншил, түүх соёл, хөгжлийн загвар, эдийн засгийн өсөлтөөрөө бусад улсуудыг алмайруулж, бишрүүлэн шүтүүлж, соёлын харилцаа үүсгэн, аялал жуулчлал хөгжүүлж, иргэд хоорондын харилцааг идэвхтэй дэмжиж, оюутан сургах, эдийн засгийн бодлого, үйлдвэрлэл, бүтээн зохион байгуулалтын чадавхаа гадагшаа цацах гэх мэт аргаар “Зөөлөн хүч”-ийг ашиглаж өөрийн улс төр, эдийн засгийн сонирхлоо хэрэгжүүлж байна.

 

Зөөлөн xүчний хамгийн чухал хэсэг бол “Ухаалаг дипломат” харилцааг Хятад улс хоёр талын болон олон талт гадаад харилцаанд хэрэгжүүлж байна. Тиймээс Хятад улстай харилцаж байгаа гадаад орны олон улс төрчид зөөлөн хүчний энэ дипломат аргыг “найрсаг харилцаа” гэж төөрөгдөх нь их.

 

Латин Америкийн эдийн засагт давамгайлсан байр суурьтай Бразил улстай хамтарсан 50 тэрбүм ам. долларын тив дамжсан төмөр зам байгуулах мега-төсөлд Хятад улс хөрөнгө оруулахаар болсон. Энэхүү төмөр зам нь Перу улсын Номхон далайн эргээс Атлантын далайн эрэг хүрч Хятад руу гаргах төмрийн хүдрийн тээвэрлэх зардлыг хэмнэх зорилготой.  Энэхүү төмөр зам нь Хятадын эдийн засгийн “Зөөлөн хүч”-ний хувьд, Бразилаас авч байгаа төмрийн хүдрийг маш хямд үнээр тээвэрлэх боломжийг нээж байгаа нь хамгийн чухал. (http://www.bbc.com/news/business-32747454), (http://dialogochino.net/china-is-part-of-an-interoceanic-dream-between-brazil-and-peru/)

 

Хятад улсын гадаад харилцааны бодлогыг улс төр судлаачын зүгээс үзвэл, ирээдүйд өөрт нь (Хятадад) ашигтай салбарт л хөрөнгө оруулах гэрээ хийх сонирхолтой/зорилготой. Өөрөөр хэлбэл, Гадаад улстай хамтран ажиллах аливаа гэрээ, хөрөнгө оруулалт нь Хятад улсын ирээдүйн улс төр, эдийн засгийн зорилго, ашиг сонирхолд бүрэн нийцэж байх ёстой байдаг. Монгол улсын хувьд Хятадын "Зөөлөн хүч" хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг “Таван Толгойн” нүүрсний ордыг ашиглах тухай асуудал дээр жишээ авч үзье.

 

Эхлээд Тавантолгойн орд хэр зэрэг том орд вэ гэдгийг хөндлөнгийн жишээгээр авч үзье. Rio Tinto coal Austalia болон Mitsubishi компани хамтран Coal & Allied гэдэг нүүрсний компанийг эзэмшдэг. Энэ компани нь Австралийн New South Wales мужид Hunter Valley бүсэд хүрэн болон хагас коксжих нүүрсний 4 ордод олборлолт явуулдаг. Нийт нөөц нь 651 сая тонн бөгөөд жилд 33 сая тонн олборлох хүчин чадалтай. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Rio Tinto энэ компаниа 5.4 тэрбум доллараар үнэлж байгаа гэдэг. Үүнээс харахад 6 тэрбум тонн нөөцтэй Тавантолгойн ордын үнэлгээ ямар байх вэ? Үүнийг ойлгоход заавал гадаадад төгссөн эдийн засагч байх шаардлагагүй байх.

 

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудал бол зөвхөн нүүрсний орд ашиглах бизнесийн асуудал биш. Энэ бол Монголын эдийн засгийн ирээдүйн хөгжил, дэд бүтэц, төмөр зам, үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал ач холбогдолтой асуудал мөн. Тавантолгойн нүүрсний орд  ба Тавантолгойн ордыг ашиглах Гэрээний төслийг товч дүгнэе.

 

1. Тавантолгойн ордыг ашиглах гэрээнүүдийг (Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Ухаа худаг- Гашуунсухайт чиглэлд зам тээвэр суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ) боловсруулахдаа Монгол улсын хүчин төгөлдөр хууль, тогтоомж, УИХ-ын болон Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн олон удаагийн шийдвэрийг зөрчсөн.

 

2. Тавантолгойн ордыг ашиглах гэрээнд Монгол улсын эдийн засгийн боломжийг 30 жилээр (нэмж 30 жилээр сунгах боломжтой) хязгаарлах, гадаадын компани өөрийн бүрэн хяналтыг тогтоох бодлого давхар явагдаж байна.

 

3. Тавантолгойн ордыг ашиглах гэрээнүүдийг боловсруулсан М. Энхсайханы удирдсан Ажлын хэсэг хууль зөрчсөн асар их зөрчил гаргаж, Монгол улсын хуулийг элэг доог болгон, гадаадын хөрөнгө оруулагч компанид хууль бус давуу эрх олгосон байна. Энэ давуу эрх нь Монгол улсын эдийн засагт сайнаар нөлөөлөх байтугай сөрөг нөлөөтэй, ашигт малтмалын зах зээлийг тэр чигээр нь ачаад явах бодлогоор хийгджээ.

 

4. Гэрээг боловсруулахдаа эхнээсээ Тавантолгойн ордыг ашиглах зорилго агуулаагүй бөгөөд хууль зөрчсөн, хүлээн зөвшөөрч үл болох гэрээнүүдийг зориуд, санаатай боловсруулж, улс төрийн намуудын хооронд болон улс төрчдийн дунд хагарал үүсгэх, нийгэмд дунд таагүй уур амьсгал бий болгох давхар зорилго бүхий гадны улс төрийн бодлого явагдаж байгааг үгүйсгэхгүй.

 

5. Тавантолгойн ордыг ашиглах консорциумд байгаа хөрөнгө оруулагч компаниуд Энержи Ресурс, Шенхуа Энержи, Монголиан Майнинг Корпораци зэрэг компаниуд нь Хятад улсын Зөөлөн хүчний бодлогыг дамжуулагч/хэрэгжүүлэгч гэж ойлгож болно.

 

Хятад улсын Зөөлөн хүчний бодлогод хоёр талын дипломат харилцааг сайжруулж, удаан хугацааны түншийн харилцаанд орох гэсэн хэсэг бий. Хэрвээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын хуулийн дагуу, зөв хийсэн бол Монгол-Хятад хоёрын харилцаа Монголын эдийн засагт эерэг нөлөөлөх үзүүлэх хамтын ажиллагааны үлгэр жишээ болох том боломж байсан. Гэвч Гэрээг боловсруулсан М. Энхсайханы Ажлын хэсэг энэ боломжийг алдсан учраас одоо Монгол улсын төр ийм аюултай гэрээг зөвшөөрөх үү, зөвшөөрөхгүй юу гэдэг асуудалтай бид нүүр тулаад байгаа болно.

 

Үүнээс шалтгаалан Монгол улсад улс төрийн намуудын зөрчилдөөн, улс төрчдийн хагаралдсан байр суурь эв нэгдэлгүй байдал, нийгмийг хоёр хэсэгт хуваасан, Монгол төрийг үзэн ядсан сэтгэлгээ үүссэн нь Тавантолгойн ордыг ашиглах гэрээг  боловсруулах үндсэн зорилго, агуулга байсан гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, энэ байдлыг сонирхогч этгээдүүдийн зүгээс “гэрээг хүссэн хэлбэрээрээ байгуулж чадвал сайн, чадахгүй бол бүр сайн” гэдэг аль тохиолдолд нөгөө талдаа ашигтай байх стратегийн бодлого явуулж байна. Энержи Ресурс бол их хэмжээний өр гэдэг урхинд орсон, энэ бодлогыг хэрэгжүүлэгч хэрэгсэл төдий юм.

 

Тэгэхээр Хятадын эдийн засгийн Зөөлөн Хүчний бодлого Монголд Тавантолгойн ордоор дамжин ирлээ. Тавантолгойн ордыг ашиглах зөрчилтэй гэрээнүүд нь үүнийг нотлох бодит баримт болж байна. Тэгэхээр Тавантолгойн ордыг ашиглах нь Хятадын зөөлөн хүчний бодлготой ямар холбоотой юм? Хамаатай. Монгол улсын Үндэсний аюулгүй  байдал нь эдийн засгийн аюулгүй байдалтай уялдаатай. Тавантолгойн орд нь одоо бидэнд байгаа хамгийн том өмч гэдэг утгаараа Монгол улсын эрх ашгийн төлөө, Монгол улсын иргэдийн сайн сайхан ирээдүйн төлөө, Монгол улсын дараагийн арав, хорь, гуч... зуун жилийн оршин тогтнох геополитикийг нэг хэрэгсэл  гэж үзээд байгаа юм.

 

Тавантолгойн ордыг ашиглахдаа бид “Хятадын бодлого” гээд буруушаахдаа биш, харин Монгол улсын ашиг сонирхол, Монгол улсын эдийн засгийн хөгжлийн боломж, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хүрээнд хянах, шүүх хэрэгтэй. Ийм эрх Монголчууд бидэнд бий. Учир нь Монгол улс бол бүрэн эрхэт тусгаар тогтносон улс. Бидэнд өөрийн гэсэн төрийн бодлого байх ёстой.  Бид нар л зөв алхам хийхгүй бол Хятад улс болон мөнгө хөөсөн хувийн компаниуд өөрсдийн ашиг сонирхлыг л хангахыг хүснэ.

 

Нөгөө талаас нь хараад үзвэл, Тавантолгойн ордыг ашиглах хууль зөрчсөн гэрээг зогсоолоо гэж Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа хаагдахгүй гэдгийг тодруулах нь зүйтэй. Хятад хичнээн бусад улсуудтай нүүрс худалдан авах гэрээ хийж байгаа ч Монголтой хямд үнээр гэрээ хийх нь бусад улстай хийж байгаа гэрээний үнэд нөлөөлөх арга хэрэгсэл болох бөгөөд Монголоос нүүрс авах тээврийн тариф хямд гэдгийг  ч тэд мэдэж байгаа. 

 

Монгол улс цаашид зуун зууны турш оршин тогтнож, дэлхийн геополитикт өөрсдийн бодлого, байр суурьтай байхын тулд оршин тогтноход аюул учруулсан гадны нөлөөнөөс зайлсхийх бодлогыг үргэлж дээдлэх хэрэгтэй. Гадны нөлөө гэдэг нь Монгол улсын эдийн засагт, улс төрд, болон үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан бодлого, төсөл, санал гэх мэтээр янз бүрээр илрэнэ гэдгийг төрийн удирдагчид, сайдууд, УИX-ын гишүүд онцгойлон анхаарах хэрэгтэй байна.  Монгол улсын төр өөрсдийн үндэсний эрх ашиг, түүнийг хамгаалсан хууль тогтоомжоо дээдэлж, улс төр, эдийн засгийн ашиг сонирхол дагасан гадны бодлого, төслүүдийг ялган салгаж, эрх ашгаа хамгаалсан сайн гэрээ хийх боломжтой. Монгол улсын хуулиуд бас ч муу хуулиуд биш гэдэгт би итгэдэг. Харин өөрийн гэсэн улс төрийн бодлогогүй улс л бусад улсын бодлогод автана.

 

Улс төр судлаач Б. Энх-Хүслэн

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.