2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Монголын мянганы сорилын сангийнханд баярлалаа

Монголын мянганы сорилын сангийнханд баярлалаа

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг

Энергийн төв, хамарын хийдээр аялаад ирлээ. Улаанбаатараас зас­­­мал замаар 6-7 цаг орчим хүн­гэ­­нүүлсээр Сайншандад хүрч оч­лоо. Жил гаруйн өмнө Чойроос Сайншанд хүртлэх замын ажил хийгдэж байсан учраас засмал бо­лон шороон замаар нийтдээ 12 гаруй цаг довтолгосоор арай хийн очиж байж билээ. 

Тэгсэн  энэ  удаа  Монголын Мян­ганы Сорилын сан/ММСС/-гийн автозамын төслийн хүрээнд Чойр-Сайншанд чиглэлийн 176.4 км зам барилгын ажил хийг­дэж дууссан учраас ийнхүү энхэл, донхолгүй замаар ядарч, түүртэлгүй, богино цаг хугацаанд явж ирсэн хэрэг. 

ММСС манай улсад зургаан тө­сөл хэрэгжүүлсэн бөгөөд хүн бү­рийн нүдэнд үзэгдэж, гарт бариг­дах нь Авто замын төсөл байжээ гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. 

 

Учир нь сул хөрстэй говь нутагт нийслэлд хамгийн сайн, чанартайд тооцогддог Нарны замтай ижил зам тавигдсан. АНУ-ын тус­лам­тайгаар буюу ММСС-гийн хө­рөнгө оруулалтаар бүтээгдсэн 176.4 км зам нь дэлхий нийтэд хү­лээн зөв­шөөрөгдсөн стандартаар ба­ригд­сан энэхүү замын 90 км-ийг БНСУ-ын “Халла инженеринг энд констракшн корпорайшн” хийж гүйцэтгэсэн. Харин үлдсэн замыг БНХАУ-ын “Жианши уотэр энд гидропауэр констракшн” компани гүйцэтгэсэн аж. Нийт 176.4 км үргэлжлэх цементэн суурьтай замд 10-64 метрийн урттай найман гүүр, 239 төмөр бетон хоолой барьжээ. Хэдийгээр гадны хөрөнгө оруулалт стандарт ч Монголын цаг агаарын нөхцөлд зохицуулахын тулд гүүр болон бетон хоолойг хангалттай суурилуулж өгсөн байна. 

 

Замын төсөл хэдийгээр гурван жилийн хугацаанд хэрэгжсэн ч яг хучилтын ажил ердөө л гурван сар гаруй үргэлжилсэн байна. Үүнийг АНУ-аас Мянганы сорилын кор­пораци/МСК/-ийн Ази номхон да­лай, Латин Америкийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Том Харли ч “гайхалтай хурдан барь­сан” хэмээн бахдаж байсан. 

 

 

 

Магадгүй зарим нэгэн хурдан барихын тулд “халтуурдсан” байх хэмээн хардаж болох юм. Гэвч энэ замын ажлыг гүйцэтгэхэд “хал­туурдах” болон өргөн, нарийн, зу­заан зэргээс нь “хумслах” ямар ч боломжгүйгээр олон хяналт та­вигдсан байдаг юм билээ. Учир нь Дани улсын зөвлөх компани, ММСС, АНУ гэсэн давхар хяналтын дор гүйцэтгэл явагдсан бөгөөд алдаа гаргаж 10 мм л зөрүүлчих юм бол хийсэн ажил нь талаар болж эргүүлэн хуулж, дахин хий­дэг байсан гэнэ. 

 

Түүнчлэн ММСС-гийн Авто за­мын төслийнхөн “хурдан хуга­цаанд дууссан нь сайн, зөв зохион байгуулалт” хэмээж байсан юм. Мөн Солонгос, Хятадын хоёр ком­паниар ажлаа гүйцэтгүүлсэн нь үр өгөөжөө тун сайн харуулжээ. Тэд стандартыг ягштал мөрдөхөөс гадна хоорондоо битүүхэндээ урал­даад байсан гэнэ. 

Энэ  зэргээр  Чойр-Сайншанд  чиг­­­лэлийн замын  бүтээн бай­гуу­лал­тад сонирхолтой бас авууштай тал олон байгаа юм билээ. 

 

Босоо тэнхлэг бүтэн болж, эдийн засагт нөлөөлнө

 

ММСС-гийн тавьсан энэхүү зам Монгол Улсын хойд, урд хилийн боомтыг холбох гүүр болж байгаа юм. Цаашлаад Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зам ашиглалтад ор­чихвол Ази Европыг холбоно гэ­сэн үг. Ингэснээр тээвэрлэлтийн хугацаа богиносож, ачаа тээврийн хэмжээ болон бараа бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж, эдийн засаг өснө. Хүмүүсийн аюулгүй зорчих байдал хангагдаж, ослын тоо буурна. Түүнч­лэн авто тээврийн байгаль ор­чинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл буурч, ойролцоох бүс нутгийн хөгжилд шууд болон дам байдлаар түлхэц болно хэмээн үзжээ. 

 

Биднийг явж байх зуурт Чойр-Сайншанд чиглэлийн зам дуус­сан ч дээрх компаниуд ажлаа хий­сээр л байв. Учрыг тодруулбал, Со­лонгосын компани нөхөн сэр­гээлтийн ажлаа хийж байгаа бол Хятадын компани дахин зам тавьж байсан юм. 

 

Дахин зам гэдэг нь Дорноговь аймгийн хоёр сумыг улсын ча­нартай, босоо тэнхлэгтэй холбож байв. Тус аймгийн Даланжаргалан, Айраг сумын иргэд Засгийн газарт “энэ замаа манай сумтай холбож өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Ха­­рин Засгийн газрын зүгээс ММСС-гийнханд уламжилснаар америкчууд хөрөнгө оруулалтаа нэ­­мэг­дүүлэн сумд руу зам тавьж өгчээ. 

 

Даланжаргалан  сум руу 1.1, Айраг сум 1.7 км зам тавьснаар сумынхаа төвөөр шороо тоос бос­голгүй засмал замаар зорчих бол­жээ. Тус сумдын иргэд засмал за­маар зорчих нь энгийн жишээ. Тэдний хувьд зам дагасан хөгжил бүрэн утгаараа ирнэ гэдэгт “замын хүмүүс” итгэлтэй байсан. 

Учир нь Айраг сум л гэхэд нийслэлээс 325 км, Замын-Үүд су­­маас 200 гаруй км-ийн зайд алс­­лагдсан байршилтай. Харин одоо бол хатуу хучилттай замаар хол­богд­соноор Айрагт зорчигч бо­лон ачаа тээвэр хөгжиж эхэлж байгаа юм. 

 

Ядаж л аймгийн төв, сумын хооронд машинаар нэг цаг хү­рэх­гүй хугацаанд ирж, очдог болж. Өмнө нь төмөр замаар нийслэлээс найман цаг явж ирдэг байсан Айраг сумынхан өдгөө автомашинаар 5-6 цаг давхиулаад л орчихно. Айм­гийн төв рүүгээ галт тэргээр гурван цаг ганхуулдаг байснаа одоо цаг хүрэхтэй үгүйтэй л сүнгэнээд оч­чихно. Ингэхээр тэдэнд хөгжил ирэхээс ч яах вэ. 

 

Ядаж л тус суманд үдлэж, цай­­­­лаад өнгөрөх аянчин, гийчин, ачаа­­ны тэрэгний жолооч нарт зо­риулсан дэн болон зочид буудлууд, цайны газар гэх зэрэг ойр зуурын үйлчилгээний төвүүд хэрэг болох нь тодорхой. Энэ мэтээр дээрх хоёр сумын иргэд ММСС-гийн бүтээн байгуулалтын ачаар эдийн засгаа хөгжүүлж, ахуй амьдралаа өөрчлөх боломжтой болж байгаа аж. 

 

Тууз хайчлах амархан, зам арчлах нь тавихаас хэцүү

 

Энэ замыг ММСС-гаас Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор маргааш хүлээлгэж өгнө. Мэдээж Ерөнхий сайд, салбарын сайдууд, аймаг, орон нутгийн удирдлагууд хүрэлцэн очиж, цагаан бээлий өмсөн, улаан тууз хайчилна. 

 

Тэр дундаа “Энэ жил зургаан аймгийн төвийг засмалаар хол­бох учиртай. Түүний нэг нь Дорно­говь аймаг бөгөөд энэ зам шүү дээ” гэж ирээд л хэн нэгэн дарга бүдүүн дуугаар хэлэх биз. Гэхдээ нэр нүүрээ бодоод “АНУ-ын санхүүжилтээр, ММСС-гийн төс­лийн хүрээнд бүтээгдсэн зам” гэдгийг хэлчихээсэй. 

Учир нь ирэх аравдугаар сард ММСС-гийн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцээд АНУ-аас манай улсад дахин төсөл хэрэгжүүлэх эсэхийг шийвдэрлэх юм билээ. 

ММСС-гийн ашиглалтад  өгч буй зам 15 жилийн насжилттай гэж байна лээ. Гэхдээ аливаа зүйлийн арчилгаа, тордлого хамгийн чу­хал байдаг хойно доо. Авто за­мын төслийнхөн хийсэн ажлаа олон жил ашиглуулахын тулд зам арчлах асуудлыг ч зохицуулсан гэнэ.         

 

Чойр-Сайншанд чиглэлийн зам Говьсүмбэр,  Дорноговь аймгуудын төвийг холбож, тэдгээрийн ну­таг дэвсгэрийг дайрч өнгөрдөг бө­­гөөд арчилж,  тордох ажил тэ­дэнд үлдлээ. Харамсалтай нь Говь­сүмбэр аймагт АЗЗА /Авто зам зас­вар арчлалт/ компани байхгүй, Дорно­говийнх нь тоног төхөөрөмж нь хуучирч муудсан гээд асуудал ихтэй байжээ. Тиймээс ММСС-гаас гурван тэр­бум төгрөгийг зарцуулан Сайн­шандын АЗЗА-ын тоног төхөө­рөм­жийг шинэчилж, Говь-Сүмбэр аймагт шинээр байгуулж, нутгийн ир­­гэдийг ажлын байраар хангаж, сургажээ. 

 

Өөрөөр хэлбэл тэд замаа барьж, арчлах тоног төхөөрөмжийг нь өг­чих­лөө, одоо бид 80 тоннын даацтай замыг тууз хайчлан хүлээж аваад, арчилгаа цэвэрлэгээг нь хийж 15 жил ямар ч асуудалгүйгээр ашиг­лах л үлдлээ. 

 

Ж.Нарангэрэл

Эх сурвалж: Өглөөний сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.