2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Д.Ганхуяг: Уул уурхай, эрчим хүчний зэрэг бодит эдийн засгийн салбарын ажлыг улстөржүүлэхээ болимоор байна

Д.Ганхуяг: Уул уурхай, эрчим хүчний зэрэг бодит эдийн засгийн салбарын ажлыг улстөржүүлэхээ болимоор байна

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

 УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 25 жилийн ойн баяр тохиолоо. Таны хувьд гурван парламентад суусан туршлагатай улстөрчдийн нэг.Тэгэхээр  25 настай Монголын парламентийн ахиц дэвшил, ололт, амжилтыг хэрхэн дүгнэдэг вэ?

 

- Хорин таван жил гэдэг бол багагүй хугацаа. Парламентын тогтолцоо бол ардчиллын баталгаа юм. Монголчууд 25 жилийн өмнө шинэ Үндсэн хуулиа баталж ардчилсан чөлөөт сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллага дахь төлөөлөлөө сонгодог болсон. Өнгөрсөн хугацаанд Монголын парламент эрийн цээнд хүрч төлөвшсөн, алдсанаасаа оносон нь илүү байсан. Бид 25 жил явж ирсэн парламентын үйл ажиллагаандаа судалгаанд үндэслэн үнэлэлт өгөх хэрэгтэй. Энэ бол түүхэн боломж. Үнэлэлтэнд суурилж парламенттай холбогдсон эрх зүйн орчноо сайжруулж боловсронгуй болгох нь зүйтэй. Үндсэн хуулийн хүрээнд авч үзэх юм бол Монгол улс хагас парламентын буюу, хагас ерөнхийлөгчийн засаглалтай. Цаашид парламентын засаглалаа төгөлдөржүүлэх, чиг үүрэг эрх мэдлийг нь байх ёстой түвшинд нь тодорхой болгох шаардлагатай. Гол нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн гэсэн төрийн институцүүдийн хариуцах ажлын чиг, эрх үүргийн хуваарилалт, уялдааг сайжруулж, зааг тогтоох шаардлага байгаа гэж үзэж байна. Нөгөө талаас гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах, ерөнхий сайдын эрх мэдлийг тодорхой түвшинд нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Ийм асуудлуудыг оновчтой шийдвэрлэхийн тулд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах бэлтгэл хийгдэж байгаа гэж ойлгож байна.

 

-Энэ удаагийн парламентад улс төрийн хариуцлага гэгч зүйл байхгүй болжээ гэх шүүмжийг олон хэлдэг. Та ямар бодолтой явдаг вэ?

 

-Энэ удаагийн парламент олонхигүй, иймээс олонхийг парламентад бүлэгтэй үзэл баримтлал өөр намууд бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Гэхдээ энэ удаагийн УИХ-ыг хариуцлагагүй гэж хэлж болохгүй. Үндсэн ажлаа сайн хийж байгаа.   Эдийн засгийн, нийгмийн болон шүүх, захиргаа, хууль сахиулах байгуулагуудын үйл ажиллагааны зэрэг чиглэлд эрх зүйн орчныг шинэчилж, олон хууль боловсруулж баталсан. Парламентын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг сайтар нэвтрүүлсэн нь энэ байгууллагын ажлыг богино хугацаанд үр дүнтэй ажиллахад нөлөөлсөн шүү.  Харин парламент Үндсэн хуульд зөв өөрчлөлт оруулж чадвал, парламентын түүхэнд онцгой явдал болно.

 

-Ямар учраас хариуцлагагүй гээд байна вэ гэвэл улс төрийн амьдрал нэлээн тогтворгүй байна.  өнгөрсөн хавар, зуны турш л улстөржсөний эцэст сая л нэг Засгийн газар бүрдэж байна. Одоо дэд сайд нар томилогдоогүй гээд л асуудал ургасаар л байна шүү дээ?

 

-Намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө ээлжит бус чуулганаар Засгийн газраа бүрдүүлж амжлаа. Харин одоо ирэх сард эхлэх ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудаа шууд хэлэлцээд явах боломжтой боллоо.

 

-Ерөнхийлөгч “давхар дээл”-ийн талаар хамгийн их хөнддөг. Гэтэл шинэ сайд нар бүгд “давхар дээл” өмсчихлөө. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

 

-УИХ-ын гишүүдээс Засгийн газрын гишүүн томилох уу, эсвэл гаднаас өөр хүнийг Засгийн газрын гишүүн болгох уу гэдгийг Ерөнхий сайд шийддэг. Энэ нь Монгол улсын холбогдох хуулиар нээлттэй байгаа шүү дээ. Парламентын засаглалтай ихэнх оронд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байдаг нь нийтлэг зүйл. Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй сонгогдсон парламентын гишүүдээс Засгийн газрын гишүүн болох нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд илүү эерэг үр дүн авчирдаг. Нөгөө талаас нь харвал улс төрийн харуцлагатай холбогдож энэ нь ч ардчиллын үндсэн зарчимд нийцдэг юм. Гэхдээ Засгийн газрын гишүүдийн тодорхой хувь гаднаас байж болно. Манай парламентын гишүүдийн тоо цөөхөн учир Засгийн газрын бүх гишүүд нь парламентаас томилогдохоор УИХ Засгийн газарт тавих хяналт сулардаг гэж ярьдаг нь ч үндэслэлтэй. Энэ асуудалд УИХ-д хүчтэй цөөнхтэй үед бол санаа зовохгүй байж болох талтай.

 

-Мөн шинэ сайд нарыг мэргэжлийн бус хүмүүс томилогдлоо гэсэн шүүмжийг хэлдэг. Таны хувьд Засгийн газрын танхимд байсны хувьд шинэ сайд нарт хандсан шүүмжийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

 

-Мэдээж тухайн салбарын сайд тэр чиглэлээр мэргэшсэн, салбартаа ажилласан туршлагатай байвал илүү сайн байх нь ойлгомжтой. Гэхдээ сайд гэдэг бол улс төрийн албан тушаалтан. УИХ бол улс орны бүхий л салбарын асуудлыг авч хэлэлцдэг. Энэ утгаараа УИХ-ын гишүүн сайд болоод салбарын яамны мэргэжлийн багтай хамтраад ажиллаад явах бүрэн боломжтой. Хамгийн гол нь шинэ сайд нар салбарын яамны мэргэжлийн багтай хамтраад ажиллах нь чухал. Шинэ сайд нар шүүмжлэлээс айх биш, шүүмжлэлийг сонсож хурдан, шийдэмгий зоригтой ажиллах нь чухал байна.

 

-Арайхийж элэг бүтэн болсон Засгийн газрын нэг гишүүнийг огцруулахаар О.Баасанхүү гишүүн тогтоолын төсөл өргөн барьчихлаа. Энэ асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхийг ч шаардаж байна. Дахиад л сандал, ширээний асуудал яригдах нь?

 

-Тийм ээ. Ямар учраас огцруулах болсон талаар төсөл өргөн барьсан гишүүнээс тодруулсан нь дээр байх.

 

-Яг энэ асуудалтай зэрэгцээд Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулахаар тогтоолын төсөл өргөн барьж болохгүй гэсэн шийдвэр гаргасан байсан. Үүнийг С.Баярцогт гишүүнийг огцруулах төсөл өргөн барьсантай холбон тайлбарлах нь бий. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

 

- Энэ асуудал дээр бодитой мэдээлэл алга. Ер нь бол аль нэг хүнээс хамаарч хууль тайлбарлах, тийм шийдвэр гаргах нь ихэд зохисгүй үйлдэл байх. Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилохтой холбоотой асуудал Үндсэн хуулиас гадна Засгийн газар, УИХ-ын тухай хуулиар нилээд нарийн зохицуулагдсан байдаг.

 

Д.Ганхуяг: Уул уурхай, эрчим хүчний зэрэг бодит эдийн засгийн салбарын ажлыг улстөржүүлэхээ болимоор байна

 

 

-Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авахаар боллоо. Гэтэл ажлын хэсгээс хуудуутай нэмэлт өөрчлөлт оруулж ирсэн талаар Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх хэлсэн. Ер нь таны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

 

- Миний хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар кноп дарсан. УИХ хууль ёсны дагуу уг хуулийг баталсан. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. АН-ын бүлэг хоригийг яаралтай хэлэлцэн шийдвэрлээд холбогдох нэмэлт өөрчлөлтөө хийгээд явах нь зүйтэй гэж үзсэн.

 

-Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал захиргааны хэрэг хийсэн хүмүүс л  өршөөгдөнө. Өөрөөр хэлбэл, төр 2000 гаруй хүнийг өршөөнө гэсэн Өршөөлийн хуулийн утга учир үгүй болно гэдгийг зарим гишүүн хэлж байгаа?

 

-Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д. Ганбаттай мэдээлэл солилцсон. Улс төрийн албан тушаалтны хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахгүйгээр  шийдвэрлэх боломж байгаа гэж байсан.Тиймээс энгийн иргэд Өршөөлийн хуульд заасны дагуу өршөөгдөх нь хэвээрээ гэж ойлгож байна.

 

-Монголын эдийн засгийг аврах том төслүүд дээр хэтэрхий их улстөржсөнөөс болоод урагшлахаа болилоо. Энэ тал дээр Уул уурхайн сайд байсан хүний хувьд  ямар бодолтой явдаг вэ?

 

-Энэ бол харамсалтай явдал. Уул уурхай, эрчим хүчний зэрэг бодит эдийн засгийн салбарын ажлыг улстөржүүлэхээ болимоор байна.

 

-Тавантолгойн төсөл дээр гэхэд УИХ, Засгийн газар хоёр тал болоод байлдаж байна. Энэ төслийн ажил юу болж байгаа вэ?

 

-Энэ Засгийн газрын Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох, хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээний төсөл нь маш тааруу төсөл байсан. Өөрөөр хэлбэл тэр гэрээний төсөл нь Монголчуудын эрх ашгийг ноцтой зөрчсөн, энэ ордыг ашиглахтай холбогдсон өмнө нь гарсан УИХ-ын шийдвэрт үл нийцэх төсөл байсан. Энэ төслийг урагшлуулах талаар УИХ-ын ажлын хэсгээс Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Энэ зөвлөмжийн дагуу Засгийн газар ажиллаж байгаа гэж ойлгож байна. Хэсэг гишүүдээс Ерөнхий сайдад энэ ордод хөрөнгө оруулалт татахтай холбогдуулж саналаа хэлсэн. Ерөнхий сайд судалж үзнэ гэсэн. Тэр нь эхний ээлжинд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 10 хүртэлх хувийг дотоодын хөрөнгийн биржээр  стратегийн хөрөнгө оруулагчдад худалдах нь зохистой. Ингэснээр гол маргааны сэдэв болдог энэ компанийн, дам утгаараа ордын үнэлгээ ойлгомжтой болно. Ер нь Засгийн газрын хөтөлбөрт орсон уул уурхайн компаниудыг хувьцаат, нээлттэй компани болгох зорилтыг хэрэгжүүлэхгүй удаад байгаа нь анхаарал татсан асуудал болж байна. Эдгээр компаниудад арилжаа хийдэг, тодруулбал хөрөнгийн зах зээл дээр тоглох эрхийг нь нээж өгөхгүйгээр засаглалыг сайжруул, үр ашгийг дээшлүүл гэж шаардах нь зохимжгүй юм.

 

-Та  Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгох хэлэлцээр дээр гэрээний төсөл маш тааруу байсан гэдэг. Үнэхээр хөрөнгө оруулагчийг сонгох сонголт муу болов уу?

 

-Энэ асуудал хөрөнгө оруулагч талд хамааралгүй л дээ. Яагаад нэмэлт хоёрхон хувийн нөөц ашигласны төлбөрөөр  татвар төлсний дараах бүх ашгаа 60 жилийн хугацаанд авахааргүй хэлэлцээр хийсэн бэ гэдэгт асуудал байгаа юм. Хоёр хувийн нөөц ашигласны татвар авснаас, өнөөгийн Тавантолгойн ордын төрийн эзэмшлийн 80 гаруй хувьд оногдох ноогдол ашгаа авахад 4-5 дахин илүү ашиг оногдохоор тооцоо гарсан байсан.Тиймээс энэ хоёр хувийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж хэлэх байна. Нөгөө талаас улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ ордыг хөрөнгө оруулалт нэртэй зээлийн барьцаанд тавьж байхаар,тодорхой хувийг нь хөрөнгийн биржээр зарж жинхэнэ хөрөнгө оруулалт санхүүжилт татах боломж нээлттэй байгаа.

 

-Ерөнхий сайд удахгүй Тавантолгойн гэрээг хийнэ гэсэн мэдэгдэл хийсэн. Тэгэхээр энэ намрын чуулганаар Тавантолгойн төслийн гэрээний талаар яригдах болов уу. Эсвэл УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй юу?

 

-Гэрээг хурдан хийх нь зөв. Гэхдээ Эрдэнэс Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолоор гэрээний төслийг Засгийн газар УИХ-д танилцуулах үүрэгтэй байгаа. Нөгөө талаас бүх ард түмэн хувьцааг нь эзэмшдэг, стратегийн ач холбогдол бүхий орд биз дээ.

 

-Намрын чуулганаар төсөвт тодотгол хийнэ гэж байгаа. Ер нь энэ эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн харж байгаа вэ?

 

-Уул уурхайн салбар нь эдийн засагт нь нөлөө ихтэй орнуудын санхүү, төсөв сайнгүй байна. Монгол улсын тухайд эдийн засаг, түүнчлэн төсвийн орлогод голлох нөлөө бүхий нүүрс, алт, зэсийн баяжмал , төмрийн хүдрийн бүс нутгийн болон олон улсын зах зээлийн огцом бууралттай байгаа нь төсөвт тодотгол хийх нөхцөл, байдлыг бий болгоод байна. 2015 оны төсвийн тухай хуулийг баталж байхад нүүрсний үнэ муу байх нь бол ойлгомжтой байсан. Харин зэсийн баяжмалын үнийг ийм байдлаар огцом унана гэж тооцоогүй. Энэ төсөөллийг Сангийн яам гаргадаг. Гол нь ашигт малтмалын бүтээгдэхүүний  өртөгт голлох нөлөөтэй нефтийн зах зээлийн үнэ буурсан нь ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ буурахад нөлөөлж байна. Иймээс төсөвт тодотгол хийж тэвчих боломжтой зардлуудыг царцааж, ер нь төсвийн реформыг хийх нь зүйтэй. Төсвийн шинэчлэлийн тухайд улсын төсвөөс шийдэх шаардлагагүй олон төрлийн зардлуудыг хасч, хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй байна. Мөн олсныхоо хирээр зарцуулдаг үрэлгэн тогтолцооноос салж, хуримтлал бий болгох, хуримтлалыг өсгөж үржүүлэх тогтолцоонд шилжих цаг нь болсон. Болж өгвөл юмны үнэ өссөн үед цалин, тэтгэврийг бага ч гэсэн нэмэх нь зүйтэй.  Эдийн засгийн тухайд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт явж эхэлж байна. Гашуун сухайт Тавантолгойн төмөр замыг Тавантолгой ордын ашиглалттай холбохгүйгээр бариад дуусгачихмаар байна. Энэ төмөр зам бол өөрөө ашигтай төсөл. Тиймээс санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагч олдоно. Бараг бэлэн болж байгаа болов уу гэж бодож байна. Ингэснээр Таван толгойн ордын үнэ цэнэ нэмэгдэнэ. Түүнчлэн Эрдэнэс Тавантолгой ХК-ий хувьцааны үнэ нэмэгдэх болно. Мөн тэр Гацууртын ордыг хурдан хөдөлгөмөөр байна. Өмнө нь дээр нь байсан ойг нь аваад шороон ордыг нь олборлочихсон, нөхөн сэргээгүй байгаа орд шүү дээ. Археологийн хайгуулаар соёлын биет өв байхгүй нь тогтоогдсон гэсэн мэдээлэл гарч байна. Энэ ордыг ашиглаж эхэлснээр гадаад валютын нөөцийг 800 орчим сая ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо гарч байсан. Гол нь шийдвэр гаргах УИХ, Засгийн газар хурдан шийдвэрээ гаргамаар байна.

 

-Нүүрсний үнийн уналт доод цэгтээ хүрсэн энэ үед хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх нь манай талын ашиг орлого, эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэх прогнозыг эдийн засагчид гаргасан байсан?

 

-Энэ бол мэдээжийн асуудал. Гэхдээ ашиг, орлогыг таагүй ба өөдрөг хувилбарын дундуур нь тооцож болох хувилбар байдаг.

 

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ. Одоо шинэчлэгдэж амжихгүй болов уу. Арай л оройтоод байгаа юм шиг?

 

-Сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулиа өөрчилдөг нь сайн зүйл биш. Зүгээр зайлшгүй сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай зүйл байвал хийх нь зөв.

 

-Танай намын дотоод зөрчил их байна. Дотроо учир зүйгээ ололцохгүй байна гэх мэдээлэл их гардаг. Ингэж ихээр зөрчилддөг нь олон фракцийн нэгдлээс бүрддэгтэй холбоотой юу?

 

-Нэг их зөрчлийг олж харахгүй байна. Ер нь бол АН-ын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байдаг. Тийм болохоор л ингэж харагдаж байгаа байх. Энэ байдал эрх барьж байгаа үед ч хэвээрээ байна.

 

                                                                                                                                                                                                               Улс төрийн тойм 2015.09.17

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.