2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Өндөр үнэтэй шатахуун ”шахаж” улсын төсвийг ингэж дэмнэдэг

Өндөр үнэтэй шатахуун ”шахаж” улсын төсвийг ингэж дэмнэдэг

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

Олон улсын зах зээл дээр Брэнт маркийн газрын тосны үнэ буурсаар байна. Өчигдрийн байдлаар гэхэд дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 48 ам.доллар байлаа. Ингэснээр сүүлийн зургаан жилийн хамгийн доод төвшиндөө хүрээд байна. Энэ нь жилийн өмнөхөөс 2.3 дахин буурсан үзүүлэлт юм. тэгвэл одоогоос гурван жилийн өмнө газрын тосны үнэ дунджаар 111.67 ам.долларт хэлбэлзэж байжээ. Энэ амжилтаа ч хоёр жил орчим хугацаанд тогтвортой хадгалсан байх юм. Шинжээчид үүнийг “занарын хувьсгал”-тай холбон тайлбарлаж байгаа. Энэ үзүүлэлт бол дотоодод нефть бүтээгдэхүүний жижиглэн­ гийн үнэ буурах нөхцөл бүрдээд жил гаруй хугацааг туулсан гэсэн үг юм.

 

Гэвч эрх мэдэлтнүүд одоог хүртэл хэлсэн амандаа хүрсэнгүй. Маш товчхондоо, тэд “Шатахууны үнийг тогтвортой барина” гэж амласандаа хүрлээ. Ингэхдээ “Үнэ тогтворжуулах” гэсэн сайхан нэртэй хөтөлбөр гаргаж, нефть импортлогч компаниудад зах зээлийн үнээс зургаа дахин бага буюу 3.8 хувийн хүүтэй зээл өгсөн. Мөн ам.долларын ханш тухайн үед 1900 төгрөг байхад 1380­ 1400 орчим төгрөгөөр форвард хэлэлцээгээр тооцож компаниудад олгодог байв. Өмнө нь манай улс нефтийн бүтээгдэхүүний хувьд цор ганц хойд хөршөөс хамааралтай байв. Харин одоо 5­7 улсаас энэ төрлийн таваараа хангадаг болжээ. Уул уурхайн сайдын хэлж буйгаар өмнөд хилээр шатахуун нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлсэн гэж байгаа. Энэ бүхний эцэст дан ганц үнэ өсгөхгүй гэсэн ойлголтыг эрх баригчид өнөөг хүртэл иргэдийн дунд бий болгосоор байгаа нь гайхмаар зүйл болж байна. Цөөн үгээр хэлбэл, шатахууны үнийг өсгөхгүй байх нь л өнөөгийн эрх баригчдад хамгаас чухал ажээ.

 

Тиймээс тун удахгүй “Ам.долларын ханш 2000 төгрөг даваад байхад бид шатахууны үнийг тогтвортой барьж чадсан” хэмээн бахархах биз. Гэтэл үнэндээ АИ92 литр шатахуун 1670 төгрөг гэдэг бол байж боломгүй ханш юм. Учир нь нефть импортлогч компаниудад Засгийн газраас 1400 орчим төгрөгөөр бодож зээл олгосон. Тэгэхээр ам.долларын зөрүү үүсэх эрсдэл нь бага гэсэн үг болж байна. Тэгвэл энэ талаар албаныхан “Компаниудаас авах татварын хэмжээг нэмсэн. Тиймээс үнэ буулгах боломжгүй” гэсэн тайлбарыг өгдөг. Гэтэл өнгөрсөн хугацаанд стратегийн бүтээгдэхүүн гэдэг шалтгаанаар авах ёстой татвараас нь хөнгөлж, чөлөөлж иржээ.

 

Уг нь хуульд “Шатахууны импортын тонн тутамд онцгой албан татварт 15.950­17.400 төгрөг ногдуулна” гэсэн заалт бий. Үүнийг л урт хугацаагаар ногдуулахгүй байснаа саяхнаас авч эхэлсэн талаар ч учир мэдэх нэг нь өгүүлсэн. Тэгэхээр компаниуд зөвхөн хуулийн дагуу л ажил, үйлчилгээ эрхэлж байна гэсэн үг болж таарч байна. Гэвч энэ байдал шатахууны үнийг өндөр байлгах үндсэн шалтгаан болох ёсгүй. Эдийн засагч, олон улс судлаач Х.Батсуурь “Шатахууны онцгой албан татвар өмнө нь хөнгөлөлттэй байсан.

 

Харин одоо хуулийн дагуу авдаг болсон байх. Үнэндээ том компаниуд тэр дундаа шатахуун импортлогчид төрийг атгаж байдаг шүү дээ” гэсэн. Тэгвэл шатахууны үнэ яагаад буурахгүй байгаа талаар Уул уурхайн сайд Ж.Жигжид “Шатахуун нь манай стратегийн бүтээгдэхүүн. Одоогоор Монгол Улс нефть бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж эхлээгүй, 100 хувь гаднаас хамааралтай байгаа… Үнийн хувьд дотоодын зах зээлд хэт давалгаа үүсгэхгүй байх бодлогын үүднээс тогтвортой бариад байгаа юм. Зах зээл дэх үнийг хэвээр нь барьж байгаа боловч компаниудаас авах татварын хэмжээг нэмсэн. Үнийн зөрүү нь татварын нэмэгдэл болж улсын төсөв рүү орсноор буцаад иргэдэд зарцуулж байгаа” гэж ярьжээ. Түүний хэлж буйгаар өнгөрсөн онд газрын тосны бүтээгдэхүүнээс улсын төсөвт 284.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Харин энэ жил 288 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж. Тухайлбал, бидэнд литр тутмыг нь 1600 төгрөгөөр борлуулах зах зээлийн зарчимтай шатахууныг 1670 төгрөгөөр худалдаж, зөрүү 70 төгрөгөөр нь бидний бусад асуудлыг шийдэж байгаа энэ Засгийн газрын мэргэн санаа бололтой юм. Энгийнээр бол эдийн засгийн бүхий л үзүүлэлт сайнгүй байгаа энэ үед жирийн иргэндээ санаа зовохдоо литр шатахуунаас ойролцоогоор 70 төгрөг нэмж авч, ирээдүйн хуримтлал үүсгэдэг болж таарах нь.

 

Гэтэл энэ бүх мэргэн шийдвэрийн ард ойлгомжгүй байдал мөн урган гарсаар байгаа юм. Хамгийн ойрын жишээ л гэхэд яг ямар төрлийн татварыг хэдэн хувиар хэрхэн нэмэгдүүлсэн нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Мөн хуулиас гадуур ямар татвар нэмэх онцгой эрх хэнд байсан эсэх нь бүр ч ойлгомжгүй. Тэгвэл одоогоос жил гаруйн өмнө ОХУ­ын Санкт­Петербург хотод болсон Олон улсын эдийн засгийн чуулганы үеэр манай улсын Газрын тосны газар ОХУ­ ын газрын тосны “Роснефт” компанитай түлш, эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаар болсон. Энэ хүрээнд тус компани манай улсын газрын тосны бүтээгдэхүүний томоохон импортлогч “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай” компаниудтай нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан билээ. “Роснефт” компанийн зүгээс Сингапурын биржийн үнэ дээр тулгуурласан үнийн санал хэлсэн нь манай улсад ашигтай шийдэл болохыг ч тухайн үед Г.Өлзийбүрэн дарга үгээр илэрхийлж ядаж байв.

 

Олон улсын биржийн үнээр манай улсад шууд арилжаална гэдэг үнэхээр том боломж мэтээр ярьсан сайд дарга нар ч цөөнгүй бий. Гэтэл энэ давуу тал, “Роснефт” компанитай байгуулсан гэрээний ач тусыг одоо хүртэл иргэд мэдэрсэнгүй. Хойшид ч мэдрэх эсэх нь тодорхойгүй байна. Угтаа сүүлийн гурван жил орчмын хугацаанд автобензин, дизел түлшний үнэ тогтвортой байгаа гэдэг муу үзүүлэлт яав ч биш. Харин дэлхий нийтээр газрын тосны эрэлт буурч, нефтийн бүтээгдэхүүний үнэ буурч байхад оргил дээд “хурдаа” хасахгүй байгаа нь содон байгаа юм. Тэгвэл “Занарын хувьсгал”­ийн нөлөөгөөр газрын тосны үнэ буурч байгаатай холбогдуулан Их Британид нефть бүтээгдэхүүний литр тутмын үнэ анх удаа нэг паундаас буурч, 99.7 пенни стерлинг болжээ. Түүнчлэн Азийн бусад оронд ч нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ буурч эхэлсэн аж. Ийм байтал манай улсын эрх баригчид улсын төсвийн алдагдлыг шатахууны үнийн зөрүүгээр нөхөж, жирийн иргэнээ мөлжсөөр байна. Энэ бүхний хамгаалтад тэд “Шатахууны үнийг тогтвортой барьсан” гэсэн ганцхан гоё өгүүлбэрээр бүх булхайгаа нууцлахыг хүсч байна. Үүнээс цаашлаад “Чингис” бондын үр ашиггүй зарцуулалтыг ч тэд давхар хамгаалахыг санаархаж байна.

 

 

 

Д.Булган

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.