2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Тайландын “Банпу” компани АМГ-т хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн нь илэрчээ

Тайландын “Банпу” компани АМГ-т хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн нь илэрчээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

Тайландын “Банпу” компани АМГ-т хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн нь илэрчээ

 

Тайландын эрчим хүчний “Банпу” компани австралиудын эзэмшиж байсан “Хүннү коал” компанийг худалдаж аваад гурван жил болж байгаа. Нүүрсний томоохон хэдэн ордыг эзэмшдэг, уул уурхайн олон тооны лицензтэй энэ компани өдгөө Монголд “Хүннү ресурс” нэрээр үйл ажиллагаа явуулдаг.

 

Тэгвэл “Хүннү ресурс”-ийн нэг охин компани болох “Голден гоби майнинг” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна.

 

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр хайгуулын ажилд хуульд зааснаас багагүй хэмжээний хөрөнгө зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, эзэмшиж буй талбай дээрээ хайгуулын ажлыг заавал хийх ёстой. Хийсэн ажлынхаа тайланг жилийн эцэст АМГ-т өгнө гэсэн үг.

 

2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд “Эс Би Ди Эй” ХХК-иас АМГ-ын Эрх зүйн тасагт албан бичиг ирүүлжээ. Үүний дагуу 2012 оны  эцэст ирүүлсэн “Голден гоби майнинг” ХХК-ийн хайгуулын тайланг АМГ-ын Геологийн алба шалгасан байна.

 

Хоёр талбайн нэг нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дахь Хавцлын худгийн хөндий нэртэй 14289Х дугаартай лиценз байдаг. “Голден гоби майнинг” ХХК-ийнхан уг хайгуулын талбайд 2012 онд геофизикийн диполь аргаар 618490.05 төгрөг нэгжийн өртөгтэй 7.73 тууш км, нийт 4780928.1 төгрөгийн ажил хийсэн гэж тайландаа бичжээ. Энэ хайгуулын ажлыг мөн оныхоо тавдугаар сарын 18-нд “Дашмаг инж” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байна.

 

Тайлангийн 23 дугаар хуудсанд “Хүннү ресурс” компанийн захиалгаар 2012 оны тавдугаар сарын 17-21-нд “Дашмаг инж” ХХК-ийн инженер-геофизикийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг хэмжилт хийсэн гэж тэмдэглэжээ. Энэхүү ажлын гэрээ байгуулагчийг “Хүннү ресурс” ХХК, тусгай зөвшөөрлийн дугаарыг 14049Х, талбайн нэрийг Нарийн худгийн хөндий, байршлыг Өмнөговь аймгийн Хүрмэн сум гэж тэмдэглэсэн байж. Товчхондоо, 14289Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2012 оны жилийн тайланд хавсаргасан геофизикийн хайгуулын гэрээ нь “Голден гоби майнинг” ХХК болон “Дашмаг инж” ХХК-ийн хооронд байгуулсан. Мөн талбайн байршлыг Өмнөговь аймгийн Хүрмэн сум, тусгай зөвшөөрлийн дугаарыг 14049Х гэж тэмдэглэсэн байна.

 

Түүнчлэн нөгөө талбай нь болох Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий нэртэй 14490Х тоот хайгуулын талбайд 2012 онд талбайн геофизикийн соронзон зураглалын ажил 626502.86 төгрөг нэгжийн өртөгтэй 12 тууш км, нийт 751803.4 төгрөгийн ажил хийсэн гэж тусгажээ. Уг геофизикийн ажлыг 2012 оны тавдугаар сарын 18-нд “Дашмаг инж” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Тэр жилийнхээ тайланд хавсарган өгсөн геофизикийн хагуулын ажлын гэрээнд тусгай зөвшөөрлийн дугаарыг 14049Х, талбайн байршлыг Өмнөговь аймгийн Хүрмэн сум гэж тэмдэглэжээ.

 

Ингэж хоёр тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын тайланд шал өөр нэг гэрээг хуулбарлан хавсаргасныг АМГ-ын Геологийн албаны дарга Д.Болдоор ахлуулсан ажлын хэсэг тогтоосон байна. Тэд 2014 оны тавдугаар сарын 21-нд ийм дүгнэлт гаргажээ.

 

Ингээд “Голден гоби майнинг” ХХК-иас дээрх хоёр тайланд тусгагдсан геофизикийн хайгуулын ажлын тайлан болон анхдагч материалыг ирүүлэхийг хүссэн аж. Гэтэл тавдугаар сарын 9-ний өдөр дээрх компанийг төлөөлөн АМГ дээр ирсэн хуульч М.Гэрэлмаа, геологич н.Бат-Үнэн нар “Материалуудыг байгууллагын архив, бичиг хэргээс хайгаад олсонгүй” гэж гараар бичсэн тайлбар үлдээгээд явжээ.

 

Ер нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийсэн геофизикийн хайгуулын ажлыг хйисэн эсэхийг дараа нь тогтоох хэцүү. Ул мөр үлддэггүй. Тиймээс хайгуул судалгаа хийсэн анхдагч материал хийгээд орон нутгийн засаг захиргааны тодорхойлолтыг үндэс болгодог байна. Уул уурхайн ямар ч компани ингэж ажилладаг бөгөөд анхдагч материалаа хадгалах нь тэдний үндсэн үүрэг гэж болно.

 

Гэсэн атал “Голден гоби майнинг” ХХК-ийн хоёр тусгай зөвшөөрлийн 2012 оны жилийн тайлангийн маягт 07-д Байгаль орчны улсын байцаагч Ж.Зулбаатар нь 2012 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр “…14289Х, 14490Х лиценз бүхий талбайн эзэмшигч “Голден гоби майнинг” ХХК нь 2012 оны хайгуулын ажлын хүрээнд уул өрөмдлөг, суваг шуудуу ухаагүй, гадаргуугийн, гүний судалгаа, зураглал  явуулсан. Ажлын явцдаа байгаль орчинд нөлөөлөх хортой нөлөө үзүүлээгүйг харгалзан талбайг хүлээн авав” гэсэн тодорхойлолт гаргаж өгчээ. Үүнээс гадна 2014 оны тавдугаар сарын 5-нд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг дарга С.Ганхуяг, байгаль орчны улсын байцаагч Ж.Зулбаатараас “Голден гоби майнинг” ХХК-тай холбоотой ирүүлсэн 01/225 тоотод хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд хийгдээгүй гэжээ. Харин гадаргуугийн судалгаа, геофизикийн ажлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

Эцэст нь уг хяналтыг хийсэн АМГ-ын Геологийн албаны дүгнэлтэд “…Тайланд хавсаргасан гэрээнд дэх тусгай зөвшөөрлийн дугаар, байршил буруу байгаа. Компаниас хийсэн ажлын талаарх нотолгоо буюу анхдагч материал, компани хооронд байгуулсан гэрээ зэргийг ирүүлэхгүй байгаа нь хайгуулын ажлыг хийсэн гэдэг үнэмшил төрүүлэхгүй тул компанид дахин гэрээ, анхдагч материалуудыг авирч шалгуулах талаар сануулсан боловч ирүүлээгүй. Иймээс эдгээр ажлыг хийсэн нь нотлогдохгүй байгаа учраас холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

 

Юутай ч Тайландын “Банпу” компанийн эзэмшлийн “Голден гоби майнинг” ХХК-иас АМГ-т хуурамч материал бүрдүүлж өгсөн нь ийн нотлогдсон байна. Асуудал ингээд зогссонгүй.

 

Үргэлжлэл бий…

 

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.