2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Ганбаатар: “Чингис хаан, хөдөө арал” гэж хоосон ярих бус бүтээлч, үлдэцтэй ажил хиймээр байна

С.Ганбаатар: “Чингис хаан, хөдөө арал” гэж хоосон ярих бус бүтээлч, үлдэцтэй ажил хиймээр байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 

 

 

С.Ганбаатар: “Чингис хаан, хөдөө арал” гэж хоосон ярих бус бүтээлч, үлдэцтэй ажил хиймээр байнаСониныхоо “Аврал эрэн мэлтрэх Аварга тосон нуур” нийтлэлтэй холбогдуулан Монголын үйлдвэрчний байгууллагыг олон жил удирдаж, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө тууштай тэмцэж яваа, УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цөөн хором ярилцаж санал бодлыг нь сонсов.

 

 

 

 

-Та, Хэрлэний хөдөө аралын талаар ямар ойлголт мэдээлэлтэй байна. Ер нь тэр нутгаар явж, үзэж танилцаж байв уу?

 

 

 

-Хэрлэний хөдөө аралын талаар би маш их мэдээлэлтэй байдаг. Ер нь монгол хүн бүр мэдэж, дээдлэн хүндэтгэж байх учиртай ариун дагшин сайхан газрын нэг. Би 2003 оноос хойш хүүхэд залуучуудад эх орныхоо байгалийн сайхан, түүхийн дурсгалт газрууд, өвөг дээдсийнхээ агуу их соёлтой танилцуулах  зорилгоор “Хөх цэрэг” аяллыг санаачлан зохион байгуулж байгаа.

 

 

 

Энэ ажлынхаа хүрээнд тус бүр зуу гаруй хүүхэдтэй аяллын баг зохион байгуулан Хэрлэний хөдөө аралд хоёр ч удаа очиж байсан. Нэгэнд нь бүр цаашаа Хар зүрхний Хөх нуур, Шилийн Богдоор аялсан.

 

 

 

Эх орныхоо ялангуяа Хэрлэний хөдөө аралын гайхамшгийг бид өөрсдөө үзэж бахархах, таашаал авах бус түүнийг хүүхэд залуучууддаа ойлгуулж ухааруулах нь чухал. Чингис хаан, Хэрлэний хөдөө арал, “Монголын нууц товчоо” гэж зүгээр нэг хий хоосон ярьж, цээжээ дэлддэг бус бүтээлч, үлдэцтэй ажил хиймээр байна. 

 

 

 

Энэ гайхамшгуудын нэрийг ашиглаж тав арван төгрөг олох гэхээсээ илүү Хөдөө аралын Монголын түүхэнд эзлэх байр суурь, байгалийн үзэсгэлэн, ховор нандин дурсгал, тэнд орших “Тосон нуур”-ын эмчлэн илааршуулдаг ач буяны утга учир, ач холбогдлыг хүн бүр гүнээ ухаарах, хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх талаар онцгой анхаарах учиртай.

 

 

 

 

-“Аварга тосон”, “Хужирт”, “Шаргалжуут”, “Оргил” зэрэг монголчууд бидэнд, байгалиас заяасан томоохон тэгэхдээ хуруу дарам цөөхөн рашаан сувиллыг хувьчилж төр, засаг гараасаа алдсан нь хэр зөв алхам болсон юм бол...?

 

 

 

-“Аварга тосон”, “Хужирт”, “Шаргалжуут”, “Оргил”, “Отгонтэнгэр”-ийн гээд олон рашааныг монголчууд олон зууны турш хайрлан хамгаалж ач буяныг нь хүртсээр ирсэн. Энэ бол байгалиас бидэнд заяасан өглөг.

 

 

 

Тэдгээрийг түшиглүүлэн байгуулсан хэдэн том амралт сувиллын газрууд нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн өмч, энэ байгууллагын мянга мянган гишүүдийн татварын орлого, хүч хөдөлмөрөөр боссон бүтээн байгуулалтууд байлаа. 

 

 

 

Олон түмний тэрхүү бүтээл баялгийг  төр, засгийн буруу менежментийн харгайгаар зөвхөн мөнгө бодсон цөөн хүнд өгснөөр эдүгээ бузартан бохирдож, устаж үгүй болдогийн ирмэг дээр очсонд би маш их харамсаж явдаг.

 

 

 

Хувьчлал дэндүү хариуцлагагүй байдлаар явж, тэр баялаг аймшигтай хүйтэн гараар орсон. Түүний нэг нь “Аварга тосон” рашаан сувилал. Энэ талаар надад олон хүн харамсан ярьдаг. Би тэдэнтэй санал нийлдэг, дэмждэг.

 

 

 

 

-Рашаан ус гэдэг бол зүгээр нэг тоосгоны завод, алтны орд, архины үйлдвэр биш. Хүн амын эрүүл мэндэд нэн ач тустай баялаг. Хайр гамгүй хайнга хандсанаас болоод ширгэж, устаж үгүй болох юм бол дахин бий болно гэж байхгүй. Тийм учраас төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй хэрэгтэй юм шиг санагддаг. Таны бодол? 

 

 

 

-Юуны өмнө нэг талаас төр, засгаас тэдгээр рашаан сувиллыг хувьчилж авсан эздэд байгалийн тэрхүү баялгийг хамгаалах үүрэг хариуцлагыг тодорхой болгож өгөх ёстой.

 

 

 

Нөгөө талаар тэр баялгийг хамгаалдаг, өөрсдөө ч хайрлаад орж ашиглаж чаддаггүй нутгийн ард иргэд, эрдэмтэн судлаачид, мөн аймаг, сумын нутгийн зөвлөл, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын төлөөлөл, ашиглаж байгаа эзэд бизнес эрхлэгчид гэхчилэн олон талын оролцоотой хамтын удирдлагын зөвлөл байгуулж ажиллуулах эрх зүйн орчин бүрдүүлж өгөх нь зүйтэй.

 

 

 

Түүнээс биш рашаан ус гэдэг баялаг бол эрх баригчид, улс төрчид найз нөхөд бие биедээ найр тавьж өгдөг, бизнес эрхлэгчид гар дамжуулан наймаалцдаг, мөнгө хийдэг хэрэгсэл биш. Бид энэ баялгийг үр хүүхэд, бүр хойч үедээ унаган төрхөөр нь үлдээх үүрэгтэй хүмүүс.

 

 

 

 

-Рашаан сувиллуудад олгодог магадлан итгэмжлэл гэж нэг юм байдаг бололтой. Та тэр магадлан итгэмжлэл гэдгийн талаар ямар ойлголттой явдаг, ер нь түүний зорилго, ач холбогдол нь юу юм бол...?        

 

 

 

-Тэр магадлан итгэмжлэл гэдэг тун ойлгомжгүй зүйлийн нэг. Чухам ямар ач холбогдолтой болох нь ч тодорхойгүй юм билээ. Үүнийг өөрчилж олон түмэнд ил тод болгож, үр нөлөөг нь дээшлүүлэх, холбогдох байгууллагууд магадлан итгэмжлэл өгсөн бол хойноос нь хөөцөлддөг, мөрөөр нь дорвитой ажил хийж, тэр магадлан итгэмжлэлдээ эзэн болж чадахгүй бол цуцалдаг, хүчингүй болгодог. Чухамдаа зүгээр нэг цаас биш, үүрэг хариуцлагын баримт бичиг болгох ёстой гэж бодож байна.

 

 

 

 

-“Үхэх хүн ханьсаг” гэдэг дээ, нэг зүйлийг танаас сонирхож асууя. “Аварга тосон”-гийн рашааны жаахан нуур ширгэж устах аюулд тулаад байгаа талаар хөндсөн асуудал, дэвшүүлсэн санааг минь ингэхэд та, хэрхэн хүлээж авч, ямар сэтгэгдэл төрөв?

 

 

 

-Рашаан сувиллуудын ялангуяа “Аварга тосон”-гийн талаар таны тавьж байгаа асуудал, дэвшүүлсэн санаа бол цаг үеэ олсон монголчууд бүгдээрээ санаа зовж, анхаарвал зохих чухал асуудлын нэг яах аргагүй мөн. Би бүрэн дүүрэн  дэмжиж байгаа. Хамтран тэмцэгч, дэмжигчдийн чинь нэг нь би байх болно.

 

 

 

Харамсалтай нь өнөөдөр үүнийг ганц хоёрхон хүн ярьж бичээд явж байгаа нь чамлалтай байна. Зүй нь үүнийг орон нутгийн төр, захиргааны байгууллага, нутгийн иргэд, тэр рашаанд орж буяныг нь хүртэж эрүүл саруул болж яваа хүмүүс, манай яам агентлагууд зэрэг төр засгийн ажил хариуцсан бүх хүн санаа зовох, анхаарал тавих ёстой. Гэвч тэгж чадахгүй байгаад сэтгэл зовниж байна.

 

 

 

 

-Хэрлэний хөдөө аралын цогцолбор нутаг, ялангуяа “Аварга тосон”  рашааны хамгаалалтыг сайжруулах, ашиглалтыг боловсронгуй болгох талаар та ямар бодолтой байна вэ?

 

 

 

-Хэрлэний хөдөө аралын цогцолбор нутаг, ялангуяа “Аварга тосон”  рашааны хамгаалалтыг сайжруулах, ашиглалтыг боловсронгуй болгохын тулд хамгийн гол нь нутгийн ард иргэд, орон нутгийн төр, захиргааны байгууллага, дээр нь манай Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Эрүүл мэндийн яам, Соёл спорт, аялал жуулчлалын яамд онцгой анхаарч тал талаас нь ярилцаж бодлогоо нэгтгэж оновчтой шийдэлд хүрч, дорвитой арга хэмжээг цаг алдалгүй авах ёстой гэж бодож байна. 

 

 

 

Нэг зүйлийг онцолж хэлэхэд ерөөсөө Хэнтий нутгийн ялангуяа Дэлгэрхаан сумын иргэд байгаа учраас тэнд сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид, Засаг дарга гэх мэт хүмүүс байгаа болохоос биш, төр засгийн эдгээр байгууллагууд орон нутгийн ард иргэдийг төрүүлээгүй шүү дээ. Тэгэхээр Сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид, Засаг дарга зэрэг нөхөд нутгаа хамгаалж, ард иргэддээ үйлчлэх ёстой. 

 

 

 

Түүнээс биш тэр нутгийн баялгийг аймаг, сумын удирдлагууд мөнгө олох хэрэгсэл болгож хэн дуртай хүнд ямарч хяналтгүйгээр найр тавин өгдөг, хүйтэн сэтгэлтэй хүмүүсээр нутаг орноо, байгалийнхаа баялгийг сүйтгүүлээд байж таарахгүй гэдгийг хатуу хэлмээр байна.

 

 

 

 

-Төр, засгаас Хэрлэний хөдөө арал дахь түүх соёлын дурсгалт газруудыг бүхэлд нь төрийн хамгаалалтад авах, улмаар дархан цаазтай газар болгож,  “Аварга тосон”-гийн рашаан сувилал, Аваргын усан рашаан, Ауруг хотын туур бусад түүх, соёлын дурсгалт газрыг хамруулан рашаан сувилал, аялал жуулчлалын “Хэрлэний хөдөө арал” цогцолборыг байгуулж болох уу. Таны бодол...?

 

 

 

-Хэрлэний хөдөө арал дахь түүх соёлын дурсгалт газруудыг бүхэлд нь төрийн хамгаалалт авах санаа бол миний мөрөөдөл. Хэзээ нэгэн цагт таны тавьж байгаа асуудал, та бидний хүсэл мөрөөдөл биелнэ гэдэгт итгэж байна.

 

 

 

Үүнийг би бүр олон жилийн өмнө хүүхэд залуучуудыг дагуулаад “Хөх цэрэг” аяллаа зохион байгуулж явахдаа л бодож мөрөөдөж явлаа. Энэ бол эцсийн эцэст хамгийн зөв оновчтой алхам байж магадгүй. Энэ санал бодлыг би дэмжиж байна. 

 

 

 

Харин санаачлаад, гардан зохион байгуулаад явна гэвэл миний хувьд эрхэлж байгаа ажлын болоод мэргэжил арга зүйн талаасаа учир дутагдалтай санагдана. Харин санаачилга гараад, асуудал дэвшээд ирвэл өөрөөсөө шалтгаалах боломжтой бүхнийг хийхэд бэлэн. Одооны хэллэгээр нөгөө лобби гэдгий чинь ёстой хийгээд өгнө дөө.

 

 

 

Тэгэхдээ энд мэдээж сайтар судлах, олон талаас нь харж боловсруулах, уялдуулан зохицуулах цөөнгүй асуудал бий. Гэхдээ бодож, хийж болохгүй ажил биш. Хамгийн гол нь холбогдох яам газрууд хялбар дөхөм, оновчтой хувилбарыг сонгож боловсруулан Засгийн газар,

 

 

 

Улсын Их Хуралд оруулж, асуудлаа тавих хэрэгтэй. Энд орон нутгийн ард иргэд, төр захиргааны байгууллага болон Нутгийн зөвлөл зэрэг олон нийт, иргэний байгууллагуудын санал санаачилга чухал ач холбогдолтойг онцлон хэлмээр байна. 

 

 

 

Энэ нь зөвхөн хэнтийчүүд, Дэлгэрхаан сумынхны асуудал биш нийт монголчууд, Монгол Улсын түүх, соёл, байгалийн баялгийг хамгаалах, хүүхэд залуучууддаа ойлгуулах, дотоод гадаадын иргэдэд сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэсэн маш чухал, бас буянтай ажил үйл гэдгийг онцлон хэлмээр байна.

 

 

 

 

С.Зэвсэг 

 

 

 

 Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.