2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Ламбаа: Хүлээлт үүсгэчихсэн тул ээлжит бус чуулган зарлах байх

С.Ламбаа: Хүлээлт үүсгэчихсэн тул ээлжит бус чуулган зарлах байх

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

С.Ламбаа: Хүлээлт үүсгэчихсэн тул ээлжит бус чуулган зарлах байх

 

 

УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаатай ярилцлаа.

 

-УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 3-нд хуралдах уу гэдэг асуу­дал анхаарлын төвд байна. Их хурлын дарга хаврын чуулганы хаалт дээр найм­дугаар сарын гурванд ху­рал­­дах товтой байгаа гэд­гийг хэлсэн. Одоогоор албан ёсоор шийд гарсан уу?

 

-УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэх асуудал нь хуулиараа УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал байдаг. Хэрэв ээлжит бус чуулган хуралдана гэвэл УИХ-ын дарга тусгайлан хэлэлцэх асуудлын дараалал бүхий захирамжийг гаргах ёстой. УИХ-ын дарга хаврын чуулганы хуралдаан дээр хоёр зүйлийг тодотгож хэлсэн. Нэгдүгээрт, Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг онцгой ач холбогдол бүхий хуулиуд батлагдаж амжсангүй. Тиймээс эдгээр хуулийг зайлшгүй, яаралтай батлах шаардлагатай. Нөгөө талаас хоёр намын хамтарсан Шийдлийн Засгийн газарт анх ороход байгуулсан гэрээний биелэлтийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь АН-ын бүлэг дүгнээд хангалтгүй гэж үзсэн. МАН Засгийн газраас гарахад бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс үүнийг шийдэх нь зүйтэй гэдэг утгаар наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуулганыг хуралдуулах товыг зарласан. Ээлжит бус чуулганаар хэлэл­цэгдэж амжаагүй дээрх хуулиуд болон МАН-ын зур­гаан сайдыг чөлөөлж, орны хүмүүсийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэнэ. Тиймээс наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн.

 

Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай Ажлын хэсэг ажлаа хийж дууссан гэж үзсэн тул ээлжит чуулган эхлэхээс өмнө тусгайлан ес­дүгээр сард ээлжит бус чуул­ган зарлан хуралдуулж хэлэл­цүүлэхээр төлөвлөж бай­на гэдгийг мессэж болгон өгсөн.

 

-Их хурлын дарга захирамжаа гаргасан юм уу?

 

-Өнөөдрийн байдлаар (өчигдөр) УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлан хуралдуулах захирамжаа гаргаагүй байна. Би хувьдаа наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах байх гэж ойлгож байгаа. УИХ-ын дарга хаврын чуулганы хаалтан дээр нэгэнт тэгээд хэлчихсэн болохоор ээлжит бус чуулган орох байх. Харин МАН-аас есдүгээр сард нэг мөсөн ээлжит бус чуулганаа хийе гэдэг санал тавьж байгаа сураг сонссон. УИХ-ын дарга үүнийг хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй байна. З.Энхболд дарга хаврын чуулганы хаалт дээр үг хэлэхдээ ээлжит бус чуулган хуралдуулна гээд хүлээлт үүсгэчихсэн тул ээлжит бус чуулганыг зарлах байх.

 

-Ээлжит бус чуулган хуралдах үгүй нь хэзээ тодорхой болох юм бэ?

 

-УИХ-ын дарга энэ сарын 24-26-ны хооронд Өвөрхангай аймагт болох Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойн арга хэмжээнд албан ёсоор оролцоно. Тэнд оролцоод ирэх долоо хоногийн даваа гаригт ирнэ. Үүний дараа л асуудал тодорхой болно.

 

-Их хурлын дарга ээлжит чуулган хуралдуулах үгүйг шийднэ гэлээ. Гэхдээ сүүлийн үед дийлэнх гишүүд есдүгээр сард ээлжит бус чуулганаа хийе гэсэн санал өгсөн гэх юм. Энэ нөхцөлд яаж шийдэх ёстой вэ. Хуульдаа юу гэж туссан бол?

 

-Ээлжит бус чуулганыг зарлах бүрэн эрх нь УИХ-ын даргад байгаа тохиолдолд УИХ-ын гишүүд юу ярих нь огт хамаагүй. Хууль бол хууль. УИХ-ын гишүүд санал гаргаж болох ч бүрэн эрх нь УИХ-ын даргад байгаа. УИХ-ын гишүүд ээлжит бус чуулган хуралдуулах уу, үгүй юу гэж кноп дардаг бол гишүүдэд эрх мэдэл нь байнаа гэж ойлгоно. Одоо захирамж гарсан л бол УИХ-ын гишүүд ямар ч саадгүй ажлаа хийх л ёстой.

 

Ээлжит бус чуулганыг зарласан тохиолдолд гишүүд ирдгээрээ ирнэ. Одоо бол хэлэлцэх асуудал нь ойлгомжтой байгаа. Засгийн газрын энэ асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй. Засаглалын асуудалтай холбоотой зүйлсийг эргэлзээтэй маягаар байлгаад байвал олон асуудалд эрсдэл үүсгэдэг. Өнөөдөр яамдуудын ажил хийгдэхгүй байгаа, ойлгомжтой. Тэнд байгаа хүмүүс нь яаж байгаа бол. Бидний үед мэдэгддэг л байсан. Тухайн үед биднийг гар гээд янз бүрийн зүйл болж байлаа. Сайд удахгүй явах юм чинь гээд ажил хийх хүнгүй болж асуудал цаашаа явдаг. Үүн дээр туйлбартай, богино хугацаанд асуудлаа шийдээд явах хэрэгтэй. Энэ чинь зарчмын асуудал байхгүй юу.

 

-Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ дахь намын бүлгийн дарга нар болон, намын дарга нарыг дуудаж уулзахдаа засаг тогтвортой байх ёстой. Ерөнхий сайд асуудлыг гартаа ав гэсэн. Харин Ерөнхий сайд зургаан сайдаа огцруулахаар өргөн барихгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ нөхцөлд яах ёстой вэ?

 

-Монгол төрийн тэргүүний хувьд, эв нэгдлийг илэрхийлэгч хүний хувьд Ерөнхийлөгчийн байр суурь зөв л дөө. Би ингэж л ойлгож байгаа. Гэхдээ Ерөнхий сайд бүх асуудлыг гартаа ав гэдэг хууль байхгүй. Монгол чинь парламентын засаглалтай орон. Одоо Үндсэн хуульд оруулах гээд байгаа өөрчлөлтөөр чинь Ерөнхий сайдад эрх өгнө гэж байгаа. Өнөөдрийн нөхцөлд одоо байгаа хуулиараа л явна. Монгол Улс парламентын засаглалтай. Тиймээс энэ парламент дээр бүх асуудал шийдэгдэнэ. Тогтвортой байдлыг алдагдуулах гээд Их хурлын дарга асуудалд хандаад байгаа юм биш. Харин ч тогтвортой байдлыг бий болгохын тулд яаравчилж байна. Нэгэнт намуудын болон бүлгүүдийн шийдвэр гарчихаад байхад үгүй гээд байвал юу болох уу.

 

-Харин юу болох бол?

 

-Юу ч болж мэднэ. Парламентын хямрал руу ч чирээд орж магадгүй. Ерөнхий сайд зургаан сайдаа өргөн барих эсэх нь өөрийнх нь асуудал. Гэсэн ч энэ нь зарчмын хувьд асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ Ерөнхий сайд АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс томилогдсон. Ерөнхий сайд чинь улс төрийн томилгооны хүн. Ерөнхий сайдыг дэвшүүлэгч анхны үндэс нь нөгөө л Ардчилсан нам байхгүй юу. Одоо Ерөнхий сайдын асуудал ярилаа гэхэд нам л ярихаас биш хэн нэгэн хүн болно гээд болчихдог юм биш. Ерөнхий сайд үүнийг ойлгож байгаа гэж бодож байгаа. Энэ бол намын шийдвэр, өөрөө энэ намын хүн. Ерөнхий сайд гэдэг бол Ерөнхийлөгчтэй адил намаас түтгэлздэггүй болохоор Ардчилсан намын л гишүүн.

 

Ч.Сайханбилэг сайд намын гишүүний батлахаа өвөртлөөд явж байнаа гэдэг чинь намын шийдвэрээ даганаа гэсэн үг. Манайхан ҮЗХ-ны шийдвэр гараагүй гэх гээд байдаг. Үнэндээ Шийдлийн Засгийн газар байгуулах, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох, дараа нь ямар нэгэн асуудал гарахад шийдэх бүх эрхийг нь Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлсэн. Тиймээс эцсийн шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөл гаргадаг.

 

МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргалаа ч гэсэн засгийн тогтвортой байдал алдагдахгүй. Харин бие биетэйгээ сөргөлдсөн, нам дотор мөргөлдөөн бий болгох ийм байдал руу түлхээд оруулчихвал харин ч Засгийн газрын тогтворгүй байдал бий болно. Өөрөөр хэлбэл энэ Засгийн газрыг огцруулах асуудлыг Их хурлын гишүүд яриад эхэлбэл яах вэ. Тиймээс АН-ын шийдвэр, бүлгийн шийдвэрээ шууд хэрэгжүүлээд зургаан сайдыг нь нөхөж томилоод яваасай. Харин эвсэх гэж байгаа “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчид ч гэдэг юм уу тэр хүмүүстэйгээ цаашид хамтарч ажиллах ажлаа их сайн хийсэн байх ёстой.

 

-Өмнө нь УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд эвслийн Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Хувь хүний байр суурийг сонсмоор байна?

 

-Яривал олон юм бий. Ний нуугүй хэлэхэд 2008-2012 онд АН-ын зургаан сайд Засгийн газарт орж ажилласан. Тэр үед Засгийн газарт орсон зургаан сайд, тэр үед ажиллаж байсан парламент, өнөөдрийн хамтарсан Засгийн газар, парламент хоёр тэнгэр газар шиг ялгаатай.

 

-Яг юугаараа ялгаатай байна гэж?

 

-2008-2012 онд УИХ нь Засгийн газраа маш тууштай дэмжиж ажилладаг байлаа. Түүнчлэн Засгийн газарт орж ажилласан АН-ын зургаан сайд үнэхээр сайн ажиллаж чадсан. Манай сайд нар үнэхээр том том ажлуудын ард гарсан. Засгийн газар дээрээ зөрчил байсан ч гэсэн гадна талдаа ямар нэгэн зөрчил байгаагүй. Бие биенийгээ маш их дэмжиж ажилласан.

 

Өнөөдөр олонх болоод байгаа АН-ын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал дээр хамтарч байгаа МАН-ын гишүүд дэмжлэг үзүүлэх биш харин ч эсрэгээрээ ажиллаад байна. Надад тэгж ойлгогдож байгаа. Өнгөрсөн дөрвөн жил Засгийн газрын эсрэг ямар нэгэн бодлогын үйл ажиллагаа явуулж байгаагүй шүү дээ. Аль болохоор уулзаж, ярьж зөвшилцдөг байлаа. Тэгж зөвшилцдөг байсан болохоор асуудлыг маш сайн шийддэг байсан. Гэтэл өнөөдөр МАН-ын Засгийн газрын гишүүд нь орон нутагт очоод АН-ынхаа парламент, Засгийн газрын гишүүдийг муулаад явж байна. Үүнийг яаж хамтарч байна гэж хэлэх юм. Энэ нь байдлыг улам хүндрүүлээд байна уу даа гэж улс төрчийн хувиар харж байна даа. Тиймээс АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Цаашид ингэж яваад нэмэргүй. Одоогийн байгаа энэ нөхцөл бол хамтарсан биш харин ч хэн хэндээ саад учруулсан, асуудлыг хүнд байдалд орох тийм зам руу явах гээд байна.

 

Э.Энхболд

 

С.Ламбаа: Хүлээлт үүсгэчихсэн тул ээлжит бус чуулган зарлах байх

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.