2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны анхдугаар их хуралд УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хэлсэн үг

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны анхдугаар их хуралд УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хэлсэн үг

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

Эрхэмсэг  хатагтай ноёдоо Та бүхний энэ өглөөний амар амгаланг ирье!

 

Баялаг бүтээгчидийг дэмжих холбооны Анхдугаар хурлыг зохион байгуулагчид, хурлын төлөөлөгчид Та бүхэнд талархал илэрхийлье.

 

Энэ хуралд баялаг бүтээгчдийн төлөөлөл,тухайлбал ЖДҮ эрхлэгчид ихэвчлэн оролцож байгаа болов уу гэж бодож байна. 

 

Анх 2007 онд ЖДҮ-ийн тухай хуулийн төслийг  санаачлан боловсруулж УИХ-аар батлуулж байснаа санахад таатай байна. Мөн 2012 онд ЖДҮ-ийн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн төслийг боловсруулах, санаачлах, УИХ-аар батлуулахад гар бие оролцсон. Мөн УИХ ЖДҮ-ийн импортын тоног төхөөрөмжийг  импортын гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталсан билээ. Ийм байдлаар төрөөс ЖДҮ эрхлэгчдийг дэмжих эрх зүйн орчин тодорхой түвшинд бүрдсэн байна. 

 

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид үндэсний  эдийн засгийн түүчээ болон хөгжиж байна.

 

Монгол улсын хувийн хэвшил өнөөгийн байдлаар ДНБ-ний 70 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа бол, ЖДҮ эрхлэгчид ДНБ-ний 20 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Мөн Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн 82.1 хувь ЖДҮ эрхлэгч байна. Эндээс манай ЖДҮ эрхлэгчид үндэсний эдийн засгийн хамгийн нөлөө бүхий гол ачааг үүрэгч түүчээ болон хөгжиж байгаа нь харагдаж байна.

 

ЖДҮ-г дэмжих эрх зүйн орчин бүрдсэнээс хойш өнөөг хүртлэх хугацаанд төрөөс ЖДҮ-ийг дэмжих сангаар дамжуулан 700 гаруй тэрбум төгрөгийн хямд үүсвэртэй санхүүжилт буюу хөнгөлөлттэй зээлийг  7300 орчим ЖДҮ эрхлэгчид олгосон байна. Хөнгөлөлттэй зээлийн үүсвэр нь улсын төсөв, хөгжлийн банк, Засгийн газрын дотоодын бонд, Чингис бонд, Японы засгийн газрын хоёр удаагийн хоёр шаттай зээл байсан байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд ЖДҮ эрхлэгчийн 18 мянган ажлын байр хадгалагдаж, шинээр 27.5 мянган ажлын байр бий болсон байна. Мөн ЖДҮ-ийн зээлийн батлан даалтын сангаас 102.2 тэрбум.төгрөгийн зээл олгож,  энэ зээлийн 45.4 хувьд нь зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргасан байна.Энэ зээлийн батлан даалтын арга хэмжээнд 690 орчим ЖДҮ эрхлэгч хамарсан байна. Холбогдох хууль батлагдсанаас хойш 2014 оны байдлаар ЖДҮ-ийн 680 орчим тэрбум.төгрөгийн тоног төхөөрөмжийг импортолж, 17 мянга орчим ЖДҮ эрхлэгч 90 гаруй тэрбум.төгрөгийн гааль болон НӨАТ-н хөнгөлөлтийг эдэлсэн байна.

 

Өнөөгийн хөгжилтэй орнууд баялагийн болон баялагийн дахин хувиарлалтын орлогоос ЖДҮ эрхлэгчдээ дэмжсэнээр дундаж орлоготой иргэд нь олонх болсон чинээлэг иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлж байгаа билээ.

 

Иймээс Монгол улсын төр засгаас ЖДҮ эрхлэгчдээ дэмжих арга хэмжээгээ илүү үр өгөөж өндөртэй болгоход анхаарах хэрэгтэй юм.

 

 

 

Том зорилт амжилт арвинтай байдаг. Монгол улсын Баялаг бүтээгчид, ЖДҮ эрхлэгчидийн цаашдын зорилт бол бүс нутгийн болон олон улсын зах зээл дээр эх орондоо үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ өрсөлдөх үйл ажиллагаа байх болно.

 

Өнөөдөр Монголчууд, ЖДҮ эрхлэгчид, улмаар Монгол улсын хувийн хэвшил  гадаад орнуудын худалдан авагчийн эрэлт хэрэглээг хангасан, мэдлэгт суурилсан нэмүү өртөг шингэсэн бүс нутгийн болон олон улсын зах зээл дээр  өрсөлдөх чадвартай хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн экспортыг тогтвортой нэмэгдүүлэх цаг хугацаа, хөрөнгө, хөдөлмөр, эрч хүч, тэвчээр, итгэлцэлд суурилсан бүтээлч хамтын ажиллагаа шаардсан томоохон зорилтыг  хэрэгжүүлэх  түүхэн цаг үе дээр ирээд байна.

 

Монгол улсын хүн ам зах зээл талаасаа нь харвал жижигхэн зах зээл юм. Өнөөгийн байдлаар манай зах зээл дээрх өрсөлдөөн хангалттай түвшинд хүрсэн байна.

Өнөөгийн байдлаар бид хэдхэн төрлийн ашигт малтмалыг түүхий эдийн байдлаар нь экспортолж байна. Олон улсын зах зээл дээрх эдгээр түүхий эдийн үнэ байнгын хэлбэлзэлтэй байдаг. Тиймээс манай улсын эдийн засгийн өсөлт тогтворгүй, огцом хэлбэлзэлтэй явж ирлээ. Ашигт малтмалын түүхий эдийн үнэ огцом өссөн үед төр, засаг төсвийн зарлагаа орлогоосоо ихээр нэмэгдүүлэн тэлээд зогсохгүй, сонгуулийн амлалтаас улбаалж бэлэнчлэх сэтгэлгээг хөөрөгдөн байж их хэмжээний бэлэн мөнгийг тарааж импортын хэрэглээг дэмжсэн нь томоохон алдаа болж, өнөөгийн эдийн засгийн энэ хүндрэлийг бий болгосон юм.Төр, засгийн тухайд алдаанаасаа суралцах, алдаагаа дахин давтаж болохгүй хариуцлагатай үед дээр байгааг ухамсарлах шаардлагатай байна.

 

Зах зээл дээр түүхий эдийн үнэ байнга хэлбэлзэлзэж байхад, тэр түүхий эдийг боловсруулж хийсэн эцсийн бүтээгдэхүүний үнэ маш бага хэлбэлзэлтэй, бараг үнэ нь өсөх хандлагатай байдаг.Тухайлбал үндсэн түүхий эд нь эрдэс баялаг, тодруулбал төмрийн хүдэр, химийн аж үйлдвэрийн түүхий эд болох машин тоног төхөөрөмж, мэдээлэлийн технологийн тоног төхөөрөмж зэрэг бэлэн бүтээгдэхүүний үнэ тогтвортой, загвар, хэрэглээний үзүүлэлт зэргээсээс хамаарч үнэ нь өсдөг хандлага байдаг нь тодорхой байна.

 

Монгол улсын тухайд сүүлийн таван жилийн ДНБ-ийг тооцож гаргасан статистикаас харахад газар,малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийн хэмжээ ДНБ-ний 12 орчим хувь, уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн баяжмал, бүтээн байгуулалт, эрчим хүч зэрэг үйлдвэрлэлийн хэмжээ 32 орчим хувь, зөвхөн дотоодын зах зээлийн  хэрэглээг хангадаг нэмүү өртөг бага шингэдэг бөөний болон жижиглэнгийн худалдаа, тээвэр ложистик, банк, санхүү, даатгал, зочид буудал, нийтийн хоол, мэдээлэлийн технологийн зэрэг үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 56 орчим хувийг эзэлж байна. Мөн нийт ажиллах хүчний 31.8 хувь нь ХАА-н салбарт, 46 орчим хувь нь дотоодын зах зээлд чиглэсэн үйлчилгээний салбарт ажиллаж байна. Сүүлийн 5 жилийн байдлаас харахад    мэдлэгт суурилсан нэмүү өртөг шингэсэн боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний ДНБ-д эзлэх хувь, хэмжээ дунджаар дөнгөж 7.5 орчим  хувьтай, энэ хэмжээнд бараг өсөлт ажиглагдахгүй байсаар байна. Эндээс  харахад хэрэв экспортын гол нэрийн ашигт малтмалын түүхий эдийн үнэ өсөхгүй бол эдийн засгийн өсөлт улам саарах нь ойлгомжтой байна. Эндээс гарах гарц нь ойрын хугацаанд бол ашигт малтмалын олборлох үйлдвэрлэлийн биет хэмжээ, тодруулбал экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих, урт, дунд хугацаанд бол боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх явдал юм.

 

Мэдлэг, мэдээлэлд суурилсан дэвшилтэд техник,технологи бүхий аж үйлдвэр хөгжсөнөөр эдийн засгийн өсөлт тогтворжино. Нөгөө талаас нь хэлбэл Том зорилт амжилт арвинтай байдаг. Монгол улсын Баялаг бүтээгчид, ЖДҮ эрхлэгчдийн цаашдын зорилт бол бүс нутгийн болон олон улсын зах зээл дээр эх орондоо үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр өрсөлдөх үйл ажиллагаа байх болно. Өнөөгийн аж үйлдвэржсэн хөгжилтэй орнуудын туршлага энэ бүхнийг бэлхэнээ харуулж байна.

 

 Өнгөрсөн 7 хоногт УИХ 2030 хүртэл төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталллаа. Энэ бодлогыг төр, хувийн хэвшлэлийн түншлэлд суурилан хэрэгжүүлэх учиртайг тэмдэглэх байна. Энэ бодлогод ихэнх хөгжилтэй орнууд улс орнууд өөрийн орны онцлог болох газар зүйн байршил, түүх, соёл, баялаг, уламжлалт ахуйдаа тулгуурлан хөгжиж ирснийг харгалзан соёлын болон бүтээлч аж үйлдвэрийг хөгжүүлэхийг төрөөс дэмжих зохицуулалтыг орууллаа. Мөн энэ бодлогод шинэ аж үйлдвэрлэлийн салбар, шинэ технологийг байнга судлах, эдийн засгийн өсөлтөнд голлох нөлөө бүхий үйлдвэрлэлийн салбарын тогтвортой өсөлтийг хадгалах, үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалах, ирээдүйтэй салбарыг хүчтэй дэмжих зэрэг зорилтуудыг тусгасан. Мөн аж үйлдвэрийн бүтцийг төрөлжүүлэх, бэхжүүлэх зорилтын хүрээнд мал аж ахуйн болон газрын баялаг, техникийн хүчин зүйлд суурилсан аж үйлдвэрээс хүний хөгжил, тэргүүний технологид суурилсан боловсруулах аж үйлдвэрт шилжих зорилтуудыг бодлогод тусгаж өгсөн. Мөн бүх салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд мэдээлэл боловсруулах, мэдээлэл, харилцаа холбооны салбарын дэвшлийг түлхүү ашиглах зорилтыг тусгасан. Түүнчлэн эдийн засаг, аж үйлдвэрийн  асуудал эрхэлсэн бодлогын яамны дэргэд ДНБ-ний статистикд үндэслэн эдийн засгийн бүх ангилалын аж үйлдвэрийн бүтэц, түүний бүтээмж, өрсөлдөх чадварын байдал, хүний нөөц, технологийн хөгжлийн түвшинд үнэлэлт өгөх, зөвлөмж гаргах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий төр, хувийн хэвшил, мэрэгжлийн байгуулагын оролцоотой бодлогын зөвлөлийг байгуулж ажиллахаар болсныг Та бүхэнд мэдээлэхэд таатай байна.

Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд кластер, аж үйлдвэрийн цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс гэж баахан ярьсан ч үр дүн сайнгүй байсаар байна.Тиймээс төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод хувийн хэвшлийн санал, санаачлага болон оролцоог дэмжиж, аж үйлдвэржсэн орнуудтай хамтран харилцан ашигтай байх зарчимд үндэслэн тохирсны үндсэн дээр эдгээр арга, хэмжээний жагсаалтыг батлаж зарлахыг Засгийн газарт үүрэг болгох заалтыг оруулсан.

Гэхдээ баялаг бүтээгчид Та бүхэн нэгэн зүйлд сэтгэл дундуур явааг ойлгож байна. Энэ нь дараагийн сонгуульд чиглэсэн хий хоосон улс төржилт. Сүүлийн жилүүдэд Та бүхнээс "төрийн түшээд нь эх орноо муулдаг, муу байхыг хүсээд байгаа юм шиг ойлгогдох болсон, түүнчлэн хууль тогтоох буюу оновчтой бодлого тодорхойлоход мэдлэг оюунаа уралдуулах эрх үүрэгтэй УИХ-ын индэрийг улс төрчид ажил хэрэгч шүүмжлэл, мэтгэлцээн өрнүүлэхэд бус, харъяалагддаг намдаа болон хувьдаа улс төрийн оноо цуглуулах зорилго бүхий утга агуулга болон шинжлэх ухааны үндэслэл муутай маргааны талбар болгох тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдсон" санал, гомдлыг нилээд сонсох болсон. Энэ байдлыг засахад, тухайлбал улс төрчдөөс  төрийн ажилд судалгаатай, үлгэр дууриалалтай, ирэх жил болох сонгуулиа бодолгүйгээр ажил хэрэгч хандахыг шаардах эрх нь та бүхэнд байгаа тул, энэ үйл хэрэгт Та бүхний дуу хоолой маш чухал гэдгийг тэмдэглэх байна.

 

Өнөөдөр Монгол улс эдийн засгийн өсөлт саарсан мөчлөгийн үед дээр байгаа нь бодит байдал. Гэхдээ энэ хүндрэлийн нөгөө талд томоохон боломж байгаа. Тэр нь бол аж үйлдвэржилт. Бусад орны туршлагаас харахад Аж үйлдвэржсэнээр л эдийн засаг нь урт хугацаанд тогтвортой өссөөр байна. Эдийн өсөлтийг бий болгодог гол гурван хүчин зүйл нь бол хөрөнгийн хуримтлал,ажиллах хүчний ур чадварын хөгжил, технологийн хөгжил билээ.Гэхдээ аж үйлдвэржсэн орон болоход олон даваа, гөвөө давах шаардлагатай болдог.

Иймд Баялаг бүтээгчид Та бүхнийг Монгол улсыг түүхий эдийн үйлдвэрлэлийн экспортын орноос эх орондоо үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ бүс нутгийн болон олон улсын зах зээл дээр өрсөлддөг, аж үйлдвэржсэн орон болгон  хөгжүүлэх түүхэн бөгөөд, нэр хүндтэй, хариуцлагатай ярвигтай томоохон ажил хэрэг хүлээж байна. Энэ зорилтыг ажил хэрэг болгоход төр, засгийн зүгээс бараа, үйлчилгээ экспортолж байгаа баялаг бүтээгч бүрийг боломжит бүх хувилбараар дэмжих учиртай гэж Миний бие ойлгож байна.Энэ үйлсийг ажил  болгоход төр, хувийн хэвшлийн түншлэл ,гадаад худалдааны өрсөлдөх чадвартай нэгдсэн бодлого, баялаг бүтээгчдийн харилцан нөхсөн, бүтээлч хамтын ажиллагаа чухал гэдгийг дахин тэмдэглэх байна.

 

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье!

 

Монгол улс улам хөгжин дэлгэрэх болтугай.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.