2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Учрал: Нийслэлийн НАМЗХ шинэ бүрэлдэхүүнээр их хуралдаа оролцоно

Н.Учрал: Нийслэлийн НАМЗХ шинэ бүрэлдэхүүнээр их хуралдаа оролцоно

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Н.Учрал: Нийслэлийн НАМЗХ шинэ бүрэлдэхүүнээр их хуралдаа оролцоно

 

МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, НАМЗХ-ны Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулган өчигдөр боллоо. Чуулганд 165 төлөөлөгч оролцож, тэдний 95.7 хувийн саналаар Нийслэлийн НАМЗХ-ны даргаар Шадар сайдын зөвлөх Н.Учрал сонгогджээ. Тиймээс түүнтэй уулзаж, цаг үеийн зарим асуултад хариулт авсан юм.

 

-НАМЗХ-ны “Их хурал” энэ амралтын өдрүүдэд болно. Үүнийг угтаж Нийслэлийн НАМЗХ өчигдөр ээлжит бус хурлаа хийлээ. Үүгээр ямар асуудал хэлэлцэж шийдвэрлэв?

 

-  НАМЗХ-ны V Их хурлын өмнө ээлжит бус чуулганыг хийх шаардлагатай байсан. Бэлтгэл хангагдсан учраас НАМЗХ-ны салбар байгууллага болох Нийслэлийн НАМЗХ ээлжит бус чуулганаа өчигдөр хийлээ. Чуулганд  Нийслэлийн МАН-ын хорооны дөрвөн даргын гурав нь оролцлоо. Өөрөөр хэлбэл,  Нийслэлийн МАН-ын хорооны дарга нар чуулганыг дэмжиж оролцлоо. Мэдээж чуулганд салбартаа манлайлагч залуучууд оролцож, Нийслэлийн НАМЗХ-ны Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлөө шинээр сонголоо. НАМЗХ-ны V Их хурлыг зохион байгуулах ажил ямар шатанд явна вэ гэдгийг ээлжит бус чуулганаар хэлэлцлээ.

 

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулган хууль бус боллоо гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн. Үүнд ямар тайлбар хийх вэ?

 

- Шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулган зарлах товыг ерөнхийлөгч Удирах зөвлөлд оруулж, олонхийн саналаар шийддэг дүрэмтэй. Энэ дагуу Г.Тэмүүлэн даргаар ахлуулсан Удирдах зөвлөл 11 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, дийлэнх нь ээлжит бус чуулган хуралдуулах хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс НАМЗХ-ны ерөнхийлөгч ээлжит бус чуулганы тов зарласан албан бичгийг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйд хүргүүлсэн юм. НАМЗХ-ны дүрмийн дагуу чуулган болсон учраас хууль бус гэж хэлэх үндэсгүй. НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ чуулган дүрмийн дагуу зохиогдсон болохыг ч чуулганы үеэр мөн илэрхийлсэн. Нийслэлийн МАН-ын хороо болон НАМЗХ-ны ерөнхийлөгчийн зарласан хүчин төгөлдөр чуулганы талаар сөрөг мэдээлэлд цацсанд манай олон залуус эмзэглэсэн. Ер нь сөрөг мэдээлэл их цацагдаж байгаа ч, НАМЗХ-ны V Их хуралд Нийслэлийн НАМЗХ-ынхон шинэ бүрэлдэхүүнээрээ оролцоно гэдгийг илэрхийлье. Хэвлэлээр талцуулаад, сөргөлдөлцүүлээд байх хэрэггүй.

 

- УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын зарим хүмүүс “Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны ерөнхийлөгч биш” гэж мэдэгдлээ?

 

- НАМЗХ-ны ерөнхийлөгчийг Их хурлаар сонгодог дүрэмтэй. Өмнөх их хурлаар холбооны ерөнхийлөгчөөр Л.Оюун-эрдэнэ сонгогдсон. Энэ хүн АНУ-ын Харвардын их сургуульд суралцах хугацаандаа түр чөлөө авсан байсан. Сургуулиа төгсч ирээд НАМЗХ-ны ерөнхийлөгчийнхөө ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны ерөнхийлөгч биш гэх яриа гаргах нь утгагүй. НАМЗХ ганцхан ерөнхийлөгчтэй, тэр хүн нь Л.Оюун-Эрдэнэ, V Их хурал энэ амралтын өдрүүдэд болно. V Их хурал хүртэлх хугацаанд түүний алба хүчин төгөлдөр үйлчилж, Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгчөөрөө ажиллана.

 

-Таныг Нийслэлийн НАМЗХ-ны даргаар томилоход ирц ямар байсан бэ. Чуулганд оюутнууд авчирч оролцууллаа гэх юм?

 

-Нийслэлийн НАМЗХ-ны чуулганд 210 төлөөлөгч оролцох ёстойгоос 165 нь ирж, хурал 76 хувийн ирцтэйгээр эхэлсэн. МАН болон НАМЗХ хоёр харилцаа холбоогоо сайжруулах анхны алхам энэ хурлаар тавигдлаа. Дүүргийн НАМЗХ-ны дарга гээд нэг нөхөр найз нараа чуулганд оролцуулдаг явдал гардаг байсан нь нууц биш. Тэгвэл энэ асуудал нэг мөр цэгцэрч, анхан шатанд ажиллаж байгаа энгийн залуус үүрээс сонгогдоод, чуулганд төлөөлөгчөөр оролцлоо. Нийслэлийн 8 дүүргийн 152 үүрийн төлөөллөөс гадна, холбоод клубудээс төлөөлөгч оролцлоо. Ийм байдлаар төлөөлөгчийг гаргаж ирсэнд үүрийн дарга нар маш их баярлаж байгаа. Тэд “Намын Залуучуудын холбоо бидэнтэй хамтарч ажиллахгүй байна” гэж өмнө нь ярьдаг байсан. Тэгвэл одоо хамтарч ажиллаж болох юм байна, залуучууд маань үүрт ирж ажиллах сайхан цаг ирлээ гэж баярлаж байна. Ийм байхад биднийгээ шүүмжлээд байх зохистой биш. Ер нь нам анхан шат руугаа орж, энгийн гишүүд дэмжигчдээ дэмжиж ажиллах ёстой. Залуучууд нь ч үүртээ очиж ухуулдаг, хэрэгтэй бол жагсдаг, үзэл бодлоо илэрхийлдэг, үгээ хэлдэг, шударга ёсны төлөө байх ёстой. Өөрөөр хэлбэл, залуучууд намын үнэт зүйл. Үнэт зүйл рүүгээ ойртсон чуулган сая болж өнгөрлөө.

 

- НАМЗХ-ны гишүүдийн насны дээд хязгаар 35 байдаг. Гэтэл сүүлийн үед зарим хүмүүс насны дээд хязгаарыг 40 болгох ёстой гэж ярих боллоо. Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулган “Хязгаар-35” нэрийн дор хуралдснаар талуудын маргаан Нийслэл дээрээ таслагдан НАМЗХ дүрмийнхээ дагуу ажиллаж эхэллээ гэж ойлгогдож байна?

 

- НАМЗХ-ны гишүүн 16-35 насны залуучууд байна гэж холбооны үндсэн дүрмэнд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, холбооны дүрмээр бол НАМЗХ-ны V Их хуралд энэ насны төлөөлөгчид оролцох ёстой юм. Тиймээс Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулган насны хязгаар буюу дүрмээ баримталлаа. Үүнээс дээш насныхан оролцвол залуучууд сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлж чадахгүй, нийслэлд төлөөлөх эрхээ алдах зэрэг ихээхэн хохиролтой. Залуучууд биднийг төлөөлөх хүмүүс 40 нас хүрчихсэн, V Их хуралд төлөөлөгчөөр сонгогдоно гэдэг байж боломгүй зүйл. Нэг зүйл онцолж хэлэхэд, НАМЗХ-ны үе үеийн ах нар нь дүү нартаа албаа өвлүүлээд явдаг байгууллага. Тиймээс ах нар дүү нартаа хариуцлагатайгаар ачаагаа үүрүүлэх цаг ирлээ. Тэд ёс суртахуунаа ухамсарлах хэрэгтэй байна. Бид их хуралдаа ах, эгч нарыгаа уръя гэж байгаа ч, санал таслах эрхгүйгээр оруулъя гэж ярьж байгаа юм.

 

- НАМЗХ-оо хоёр хуваагдаад байна. Хагарлыг Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр гэдэг хоёр хүн хийгээд байна гэх. Энэ тохиолдолд Нийслэлийн НАМЗХ-г удирдахад амаргүй байх болов уу?

 

-  Хэн хэн хагаралдаад байгааг мэдэх юм алга. Өөрөөс чинь энэ талаар сонсч байна. Ер нь НАМЗХ хоёр хүний төлөө ажилладаг байгууллага биш гэдгийг хэлэхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл, энэ холбоо Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн зэрэг таны сая нэр дурдсан хүмүүсийн байгууллага биш. НАМЗХ бол Монголын олон мянган залуучуудаас бүрдэж, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэдэг ийм байгууллага. 2012 оноос хойш миний бие Нийслэлийн МАН-ын хороонд Улстөрийн хэлтсийн даргаар ажилласан. Тэр үеэс залуучуудтайгаа хамтран ажиллаж байна. Одоо нийслэлийн залуучуудтайгаа илүү ойр, тулж ажиллах ёстой болж байна. Мөн ирэх сонгуульд МАН ялалт байгуулахад, нийслэлийн НАМЗХ-ны үүрэг оролцоо их байх учраас бидэнд том даалгавар оногдож байна гэж ойлгож байна.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.