2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хуулийнхан “бай”-гаа оносон уу?

Хуулийнхан “бай”-гаа оносон уу?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 

“Ноёд констракшн” компанийн шинэ, хуучин эздийн өрнөсөн маргаан хуулийнхны шандсыг сорисоор удаж байгаа. Шалгаж, шалгуулаад, хорьж цагдаад, суллагдан чөлөөлөгдсөн хэдий ч цэг тавигдаагүй тэдний тэмцэл олны анхаарлыг Солонгос савангийн дууриас дутуугүй татаж байгаа нь үнэн. Хамаатан садан, хамсаатантайгаа нэгдэн нийлж, нэг нэгнээ голгүй луйвардан, хэтэвчийг нь хоосолж, хөрөнгийг нь дээрэмдээд чинээлэг амьдарч буйг харуулдаг савангийн дуурийн амьд жишээ Монголын нийгэмд нутагшиж байгаа юм биш биз. Ийм харгис нийгэм бүрэлдэж байгааг өөгшүүлэгчид байна уу гэх бодлыг эрхгүй төрүүлэх хэргийн тухай сонирхон, холбоотой мэдээлэл цуглуулж байтал тодорхой баримтууд олдов. Тиймээс тэдгээрийн талаар уншигчдадаа дэлгэн харуулахыг үүргээ гэж үзэв. Ингэхдээ тэрний зөв, энэний буруу гэх буюу нэгийг нь өмгөөлж, нөгөөг нь харлуулахыг зорилго болгосонгүй. Энэ бол зөвхөн баримт билээ.

 

“Ноёд констракшн” компани 2010 онд Баянзүрх дүүргийн нутаг дахь газартаа “Сэлэнгэ-888” төсөл хэрэгжүүлж, орон сууцны хороолол босгох ажлаа хөөцөлдөж эхэлжээ. Эдийн засгийн хямралтай зэрэгцэн эхэлсэн энэ төсөл урагш муутай болмогц компанийнхан хөрөнгө оруулагч хайж яваад С.Билэгттэй уулзжээ. Баримтаас харвал С.Билэгт нь тус компанийн удирдлагуудад “Зургаан тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө” гэж хэлээд тэднийг Д.Наранхишигт гэгчтэй уулзуулсан байна. С.Билэгт Д.Наранхишигтийг “Хөгжлийн алдар” төслийн хэрэгжүүлэгч бөгөөд тэдэнд жилийн гурван хувийн хүүтэй зээл олж өгч чадах хүн хэмээн танилцуулж байжээ. Харин С.Билэгт зээл авахад зуучилсныхаа хөлсөнд “Ноёд констракшн” компанийн Зайсан дахь орон сууцнаас төрсөн хүүдээ зургаан өрөө байр авч өгчээ. Энэ бол 2011 оны төгсгөл хавьд болсон үйл явц. Гэвч Д.Наранхишигт, С.Билэгт нарын ярьсан зээл “Ноёд констракшн” компанид хугацаандаа ирээгүй аж. Зээл гаргаж өгөхөөр амласан хүмүүсийн сураг тасарч, Д.Наранхишиг нь нарийн дээрээ Д.Хишгээ гэдэг хүн. С.Билэгттэй хамт залилан хийсэн хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж буй этгээд болж таарсан байдаг. Гэвч С.Билэгт “зээл удахгүй бүтнэ” гэж хэлсээр 2012 он гаргасан байх юм. Ийн цаг хугацаа өнгөрсний дараа С.Билэгт “Зээл бүтэх гэж байна. Гэхдээ миний дээр орж ирнэ. Надад хөрөнгийн баталгаа хэрэгтэй байна” гэсээр “Ноёд констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батжаргалаас тус компанийг өөрийн нэр дээр шилжүүлж авчээ.

 

Компани болон хөрөнгө шилжүүлэх үйлдлүүд 2012 оны эхний улиралд болсон байна. Энэ түүх үнэн гэдгийг цугларсан баримт харуулж байгаа төдийгүй маргалдагч талуудын өгсөн ярилцлага, мэдэгдэл, мэдүүлэгт цагаан цаасанд хараар бичигдэн үлдсэн байх юм. Тухайлбал, Д.Батжаргал “Ноёд констракшн” компанийг С.Билэгтэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх гэтэл Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд “Компанийн захирлын албан тушаалыг нэг нь нөгөөдөө бэлэглэнэ гэсэн заалт байхгүй, хөрөнгө бэлэглэж болно” хэмээн заасан тул зөвхөн “Эрх шилжүүлэх гэрээ” хийгдсэн. Ингэхдээ нэг сая төгрөгийн эрх шилжүүлсэн. Цаана нь байх үл хөдлөх болон үндсэн хөрөнгийг шилжүүлээгүй” гэдэг бол С.Билэгт “Ноёд констракшн” компанийг 2012 онд Д.Батжаргалаас 514 сая төгрөгөөр (худалдаж авсан он зарим баримтад 2012 хэмээн тэмдэглэгдсэн, харин компани худалдаж авсан мөнгө 540 сая төгрөг хэмээн зөрүүтэй байв) худалдаж авсан хэмээн мэдэгдсэн байдаг.

 

Үнэн хаана нуугдав?

 

Энэ түүх өнөөдөр нэг талаас алдартай дуучны нөхөр нийгэм дэх гэр бүлийнхээ нэр хүндээр нэг ядарсан эмэгтэйг сүрдүүлж байгаа шиг. Нөгөө талаас нэг сүрхий зальтай эмэгтэй алдартай дуучны гэр бүлийн хөрөнгийг дээрэмдэхээр улайрч байгаа шиг адармаатай хэрэг болон өрнөж буй. Аж ахуйн нэгжийг худалдсан, худалдан авсан бол талууд үүнийгээ яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ. Ийм дуулиан үүсгэж, олныг төөрүүлэх нь хэнд ашигтай вэ. Энэ муу жишиг олон олон гэмт үйлдлийг ар араасаа төрүүлбэл яах вэ. Ийм муу үр дагаварыг бид ирээдүй цагийнханд өвлүүлж үлдээх үү. Хуулийнхан маргааныг шийдэж амжихгүй байгаа шалтгаан юу байв. Үнэн хаана нуугдаж хоцров. Энэ бол сэтгүүлчийн хувьд харсан өнцөг байв.

 

Үйл явдал руу эргэн оръё. Баримтаас харвал 2012 оны хавар гурав, дөрөвдүгээр сар “Ноёд констракшн” компанийн эрхийн төлөө “өрсөлдөж” байгаа хоёр талын тэмцэл шүүх, цагдаагийн байгууллагаар шалгуулах хүртэлээ нэлээн ширүүн өрнөсөн байв. Маргаан, гомдлыг анхлан шалгасан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар энэ үед Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн газарт хандан “Ноёд констракшн” ХХК-ийн өмч хэний нэр дээр байгааг нотлох лавлагаа авчээ. Лавлагаа компанийн хөрөнгө С.Билэгтийн нэр дээр шилжээгүйг нотолж, Сэлэнгэ аймгийн Сум дундын нэгдүгээр шүүх 2013 оны нэгдүгээр сард дээрх баримт болон С.Билэгт, Д.Батжаргал, Г.Буяндорж нарын дунд үзэглэсэн Эвлэрлийн гэрээг нотолгоо болгон С.Билэгтийг “Ноёд констракшн” компанийн захирлын эрх эдлэхгүй байхыг даалгасан захирамж гаргажээ. Гэвч энэ эвлэрэл цаг зуурын юм байсан гэдэг нь удалгүй харагдаж, С.Билэгт шүүхийн шийдвэрийг үл тоожээ.

 

Шүүхээс гарсан энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн ШШГЕГ 2013 оны зургаадугаар сарын 13-нд Шийдвэр гүйцэтгэх ажил явуулж, С.Билэгтээс “Ноёд констракшн” ХХК-ийн тамга, тэмдэгийг хураан, “Сэлэнгэ-888” хотхоныг битүүмжилсэн байна. Энэ бол тэдний дунд эхэлсэн заргатай зэрэгцэн баригдаж байсан Баянзүрх дүүргийн Маахуур толгойд баригдаж буй хотхон. Одоо энэ хотхон “Таривлин” нэртэй болчихоод байгаа. Харин энэ өдрийн маргааш УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан Шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн 1107 тоот бүхий бичигтэй очиж, шийдвэр гүйцэтгэгчдийн үйл ажиллагааг зогсоожээ. Компанийн эздийн маргаан яагаад Төрийн байгууллага хоорондын асуудал шиг болж өрнөв. Тэд яагаад нэг нэгнийхээ шийдвэрийг үгүйсгэв гэх асуулт эндээс ургадаг.

 

Хуулийнхан “бай”-гаа оносон уу?

 

 

“Эвлэрлийн гэрээ” мартагдсан нь

 

Зөвхөн хууль сахиулах болон тусгай албадын албан хаагчдыг шалгах эрхтэй УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба ганц нэг аж ахуйн нэгжийн өмчлөгч, эздийн маргаанд хөндлөнгөөс оролцсон нь тухайн үедээ олны гайхал төрүүлж байсан. Гэвч хэргийн учир өөр зүйлд байсан аж. Учир нь С.Билэгт УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд “Компанийн захирлын үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан Сэлэнгэ аймгийн Сум дундын нэгдүгээр шүүгчид болон зарим мөрдөн байцаагч, прокурорыг шалгах” гомдол гаргасан учраас тус алба Эрүүгийн 201301000192 тоот хэрэг үүсгэн, Нийслэлийн ШШГА-ны үйл ажиллагааг зогсоожээ. Харин С.Билэгт Сэлэнгийн шүүгчид болон өөрийнх нь хэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөн байцаагч, прокурорыг шалгуулах, байцаалгахаар өгсөн гомдолдоо Сэлэнгэ аймгийн шүүхэд нотлох баримт болгон өгсөн өөрийн гарын үсэгтэй “Эвлэрлийн гэрээ”-г огт дурдалгүй УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхныг төөрөгдүүлжээ. Ийнхүү тус газар энэ хэргийг нэлээн удаан хугацаанд шалгаж байгаад түтгэлзүүлсэн байна.

 

УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны хуулийнхныг шалгахаар нээсэн Эрүүгийн 201301000192 тоот хэрэг болон Сэлэнгэ аймгийн Сум дундын Нэгдүгээр шүүхэд хэлэлцэгдсэн иргэний хэрэг С.Билэгт, Г.Буяндорж, Д.Батжаргал нарыг холбогдуулан шалгасан нийт хэргийн зөвхөн хоёр нь. Хэрэг явдлын үзүүр гэсэн үг. Үүнээс гадна ЦЕГ-ын харьяа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн найман хавтаст хэрэг нээгдсэн ба тэдний зарим нь түтгэлзэж, зарим нь хэрэгсэхгүй болж, зарим нь өнөөг хүртэл шалгагдаж байгаа юм байна. Харин Сэлэнгэ аймаг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд ирсэн нийт зургаан гомдлын зарим нь хэрэгсэхгүй болж, зарим нь хэлэлцэгдэж байгаа аж. Эдгээр хэрэг, маргаан бүгд “Ноёд констракшн” компанийг өмчлөх эрх хэнд байх ёстойг тогтоох зорилготой, хэн нь хэнийгээ залилсан болохыг илрүүлэх зорилготой нээгдсэн. Ийм олон хэрэг хуулийн байгууллагад зэрэг зэрэг шалгагдаж, нэлээн зузаан хэд хэдэн боть ном гарах баримт цугларчээ. Өнгөрсөн хугацаанд үе үе аль нэг хэрэг нь шүүхээр хэлэлцэгдэж байсан тул “Ноёд констракшн” компанийн өмчлөгчдийн маргаан олны анхааралд өртөж, нийгмийн гайхшийг барах болсон.

 

Хэрэг “өндөглүүлж”, хуулийнхныг төөрүүлэх санаа хэнийх вэ?

 

Эдгээр хэргийн дунд нийтлэг асуудлаас ялгаатай нэг хэрэг бий. Энэ бол Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст нээгдсэн Эрүүгийн 201301041244 тоот хэрэг. Тодруулбал, 2013 оны зургаадугаар сарын 16-нд “Ноёд констракшн” ХХК-ийн өмчийг битүүмжилсэний маргааш өглөөний 09.20 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэгэн урилгагүй зочин ирсэн нь С.Билэгт байв. Тэрээр шийдвэр гүйцэтгэгч Ч.Урангоотой уулзахаар ирсэн. Ингээд Шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан “Ноёд констракшн” компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг хулгайлж, нарийн бичгийнхээ цүнхэнд хийсэн байна. Энэ үйлдэл нь тус албаны телекамерт бичигдэн үлдсэн.

 

Эд мөрийн баримтаа хулгайд алдсан тус газрын дарга нь С.Билэгтийн гар утас руу залгахад энэ бүсгүй мөнөөх даргад “Би гэрчилгээг авсан, цагдаагаа дуудаад авахгүй юу” гэж хэлсэн байгаа юм. Энэ яриаг мөнөөх дарга нотлох баримт болгон гар утсанд бичиж авсан гэнэ. Дээрх өгүүлбэрүүд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2013 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн 1/7470 тоот албан бичигт байж байх юм. Тус газрын дарга нь аргаа бараад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт “С.Билэгт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгөд үзлэг хийж авсан баримтыг хулгайлсан” хэмээн гомдол мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг үүсгэж байжээ.

 

Цугларсан баримтаас харвал С.Билэгт болон түүний өмгөөлөгч нарын Хэвлэлийн хуралд хийсэн мэдэгдэл, Иргэний шүүхэд гаргасан өргөдөл, гомдол болон бусад олон баримтад С.Билэгтийн мэдэгдэл, мэдүүлэг байнга зөрсөн байх юм. Хэрэг тус бүрт нотлох өөр өөр баримт очсон төдийгүй зарим хэрэгт огт хамааралгүй баримт очсон байх жишээтэй. Бодит баримтууд ийн тасарсан тул энэ хэрэг хуулийнхны гараас тийм хурдан салахгүй нь бололтой. Өөрт ногдсон хэргийн ард гарахаар зүтгэж буй шүүгч, прокурор, мөрдөн байцаагчид өөр газарт, өөр мөрдөн байцаагчид шалгагдан, өөр прокурорт хянуулж, өөр шүүгчээр шийдүүлж байгаа бусад маргааныг хөндлөнгөөс хянаж, үзэх боломжгүй. Тиймээс хэргийн гол эзэд байдал бишдээд эхэлмэгц цагдаа, шүүхийн байгууллагад үнэн худал нь мэдэгдэхгүй гомдлыг шинээр гаргаж, нэг талхыг арав хуваан Эрүүгийн болон иргэний хэрэг шинээр нээлгэн, нэг хэргийг дахин дахин “өндөглүүлж”, цаг хожоод байна уу. Тэд хэрэг тус бүрт зориулж өөр зүйл ярьж, өөр баримт өгч төөрөгдүүлэн Төрийн байгууллага тэр тусмаа хууль сахиулах байгууллагаар тохуурхаж суугаа юм биш биз.

 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.