2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » 9-р сарын 1-ний босгоор 54641 зургаан настан алхлаа

9-р сарын 1-ний босгоор 54641 зургаан настан алхлаа

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Монгол орны уудам тал нутагт хүүхдийн инээд цуурайтаж, мөнгөн хонхны жингэнэх чимээ өнцөг булан бүрээс сонордсон хичээлийн шинэ жилийн баяр өчигдөр тохиолоо. Хэдийгээр амралтын өдөр таарсан ч “Есдүгээр сарын 1” бол эрдмийн баяр гэдэг агууллагыг хадгалж, Монгол Улсын Ерөнхий боловсролын бүх сургууль 8.00-8.40 цагийн хооронд хичээлийн шинэ жилийн нээлтийг хийж, 9.00-9.40 хооронд 12 дугаар ангийн бүх сурагчид “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн хичээлийг заасан байна. 10.00-10.40 хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо сэдвээр сурагчдад теле хичээл зааж, тус хичээлийг уламжлалын дагуу МҮОНРТ-ээр шууд дамжууллаа. 2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 504233 сурагч суралцана. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 8110 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Харин Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 54641 “Зургаан настан” суралцахаар энэ өглөө ээж, аавынхаа гараас хөтлөн сургуулийнхаа зүг алхсан. Тэгвэл өнгөрсөн онд манай улс 48092 “Зургаан настан” хүлээж авсан байх юм. Ийнхүү Ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэгчдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа. Гэвч тэднийг хүлээж авах, анги танхим, сургууль хүрэлцдэггүй гэсэн аль хуучин цагийн зовлон мөн энэ хичээлийн жилд манай боловсролын салбарыг тойрсонгүй. Үнэндээ “Есөн сарын нэгэн боллоо, Ерөөсөө бидний баяр даа” хэмээн цангинатал дуулж, хичээлийн шинэ жилтэйгээ золгодог боловч нөхцөл байдал бага ангийн сурагчдын дуулдаг энэ дуу шиг нь амархан биш гэдгийг хүн бүр л мэддэг. Хамгийн наад зах нь нэг ангид дөрвөн ээлжээр тус бүрт нь 50 хүүхэд чихэж суулгаад хичээл заадаг байдал нь ч энэ жил хэвээрээ аж. Харъяа дүүргийнхээ цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхийн тулд халуун савтай цайгаа бариад харанхуй шөнөөр гарч алхдаг байдал ч энэ жил урьдын адил янзаараа. Мөн цаашлаад нурах дөхсөн сургууль, цэцэрлэгүүдийн мөн чанарыг хужаа будгаар өнгөлөн далдалсан он жилүүд хэдий болтол хөврөх тухай хариултыг энэ хичээлийн шинэ жил аав, ээжүүдэд өгсөнгүй. Чингэлтэй дүүргийн Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар дунд сургуулийн Нийгмийн ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгт Г.Эрдэнэчимэгийн хэлж буйгаар тус сургуульд 301 зургаан настан бүртгүүлсэн ажээ. Тус сургууль хичээлийн шинэ жилийн нээлтийн баяраа Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Гэвч багш, сурагчдын энэ баяр бүхний цаана нэг багшид ногдох ажлын ачаалал, нэг танхимд суувал зохих хүүхдийн тоо гэх мэт бэрхшээл мөн л байсаар байна. Ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд энэ жил 301 шинэ сурагч элсэн орсон нь тэдний тооцоолж байснаас илүү гараад байгаа гэнэ. Тиймээс нэг бүлэг нэмж, хичээллэхээр болсон хэдий ч анги дүүргэлт нь нэг ээлжинд 45-50 хүүхэдтэй байхаар болоод байгаа тухай тус сургуулийн Нийгмийн ажилтан, Г.Эрдэнчимэг өгүүлсэн. Уг нь Боловсролын газраас нэг ангид 30- 35 хүүхэдтэй хичээллэх чиглэлийг Ерөнхий боловсролын сургуульд өгсөн байдаг. Гэтэл нийслэлийн бараг л бүх сургууль, болон аймаг хот суурин газарт энэ дүрэм журам хэрэгжих ямар ч боломжгүй байгаа. Нөхцөл байдал хэдий ийм байлаа ч Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсээс 2013-2014 оны хичээлийн жилийг “Чанар шинэчлэлийн цөм” уриатайгаар эхлүүлж байгаа аж. Харин Нийслэлийн 23 дугаар дунд сургууль энэ хичээлийн жилд “Эрүүл Монгол хүүхэд” аяны хүрээнд “Хүүхэд бүрийн төлөө багш, Хүүхэд бүр өөрийнхөө төлөө” гэсэн уриаг дэвшүүлэн ажиллахаар болоод байгаа гэдгийг Г.Эрдэнэчимэг инээд цацруулан өгүүлсэн. Түүгээр ч барахгүй “Манай сургууль нь гадаад харилцаа болон гадаад хэлний сургууль гэдгээрээ Хятад улсын Тунлин хот, Солонгосын Кимпо хот, Орос улс руу хүүхдүүд маань амжилттай сураад ирсэн. Хятадын Тунлин хоттой манайх бүтэн жилийн гэрээтэй учир байнга сурагчиддаа явуулдаг” хэмээн цаанаа л нэг бахархсан өнгө аястайгаар хэлсэн юм. Түүний энэ байдлаас л багш, сурган хүмүүжүүлэгч хүний ухааныг, ямар энэрэнгүй зөөлөн сэтгэлтэн гэдгийг бага ч болов мэдэрч болох мэт.

С.ИЧИНХОРЛОО

Unen.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.