2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Батсүмбэрэл: НАМЗХ хэдхэн хүний өмч биш учраас насны асуудлаа ил тод ярилцах ёстой

Н.Батсүмбэрэл: НАМЗХ хэдхэн хүний өмч биш учраас насны асуудлаа ил тод ярилцах ёстой

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Н.Батсүмбэрэл: НАМЗХ хэдхэн хүний өмч биш учраас насны асуудлаа ил тод ярилцах ёстой

 

“Хязгаар 35” нийгмийн зорилтот хөдөлгөөний зохицуулагч, НАМЗХ-ны Бага хурлын гишүүн, ээлжит V их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Н.Батсүмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

-Та бүхний харж буйгаар “Хязгаар 35” хөдөлгөөнийг үүсгэн байгуулах нийгмийн шаардлага нь юу байв?

 

-Энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулах нийгмийн шаардлага гэхээсээ илүү залуучуудын итгэл үнэмшил, санаа бодлын нэгдэл байлаа. МАН-ын залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны Их хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахтай зэрэгцээд гишүүнчлэлийн насны дээд хязгаарыг эвдэж, одоо байгаа хувилбарыг өөрчлөх асуудал тодорхой хүрээнд яригдаж эхэлсэн. Харин залуучууд дотроо ярьж байгаад насны хязгаарыг өгсгөлгүй, залуучуудын байгууллагыг залуучууд нь удирдах ёстой юм гэсэн санал дээр нэгдсэн. Тиймээс залуучуудын байгууллага өөрөө залуусын дуу хоолой, итгэл үнэмшил, оролцоо илэрхийллээр ажил нь үргэлжилж байх зарчмыг хадгалж үлдэх үүднээс “Хязгаар 35” хөдөлгөөнийг байгуулсан. Энэ бол үзэл бодлоороо нэгдсэн залуусын нэгдэл гэсэн үг. 

 

-Дан ганц МАН гэлтгүй, дотоод зохион байгуулалт бүтцээ өөрчлөх сонирхолтой намын залуу үеийн төлөөллүүд үгээ хэлж эхэлсэн. Залуусын эдгээр үйлдлүүд эргээд нийгэмдээ замбараагүй байдал үүсгэх, үзэл санааны зөрчил өрнүүлэх зэргээр сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй юу?

 

-Залуучууд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байх ёстой гэж бий боддог. Аль ч намын хувьд залуучуудын идэвхтэй оролцоо нэн чухал. Түүгээрээ дамжиж нийгэмд идэвхтэй хөдөлгөөнийг бий болгодог ч гэж хэлж болох юм. Харин манай намын хувьд НАМЗХ-ны залуучууд Их хурлаа хийх бэлтгэл ажлаа хангаж буй үе тохиож байна. Сонгууль ч дөхөж байгаа. Мэдээж ийм чухал цаг үеэр МАН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, залуусын байгууллагын үйл ажиллагааг доголдуулах үйлдэл хийж болохгүй. Харин ч ийм үйлдэл гарвал таслан зогсоох ёстой. Гэхдээ дүрмийнхээ хүрээнд залуус нэгдэх, зарчмын асуудлуудаар маргаан мэтгэлцээн өрнүүлэх нь муу зүйл биш.

 

-Саяхан МАН-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж өнгөрлөө.  Мэдээж энэ үеэр намын удирдлагуудын зүгээс НАМЗХ-ны хуваагдалд өөрсдийн санал дүгнэлтээ өгч, тодорхой асуудлуудад чиг өгсөн болов уу гэж бодож байна.

 

-Энд нэг зүйлийг тодруулж хэлэх ёстой. НАМЗХ бол өөрөө бие даасан төрийн бус байгууллага. Тэр утгаараа өөрийн дүрмийнхээ хүрээнд харьцангуй бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас намын удирдлагын зүгээс холбооны үйл ажиллагаанд шууд оролцох эрх нь хязгаарлагдмал. Гэхдээ мэдээж МАН-ын дэргэдэх байгууллагын хувьд намынхаа бодлогыг дэмжих, үйл ажиллагаанд нь залуучуудыг татан оролцуулах зэрэг зарчмын үүрэг хүлээдгийн хувиар Их хурлаа сайн зохион байгуулах цаашлаад залуучуудын дундах эв нэгдлээ хадгалж үлдэх чиглэлийг өгсөн. Хэрэв НАМЗХ дотор асуудал байвал түүнийгээ дотроо яриад нийтийн эрх ашгийн талд шийдэх учиртай.

 

-Намын удирдлагын зүгээс залуусын талцлын тухайд шууд хэн нэгнийг нь зөвтгөх байр суурь илэрхийлэлгүй, нийтлэг чанартай чиглэл өгсөн гэж ойлгож болох уу?

 

-Тийм ээ. Тэгж ойлгож болно. 

 

-Та бүхэн  насны хязгаарыг нэмэх тухай асуудлыг эсэргүүцэж байгаа. Гэтэл нөгөө талд хэсэг нөхөд “Бид насны хязгаарыг нэмнэ гэж огт яриагүй”  гэж байгаа. Тэгэхээр насны хязгаар нэмэх тухай асуудал ер нь яригдсан юм уу, зүгээр л хэдэн нөхөд “дэвээд” байгаа юм биш үү гэх хардлага үүсчихээд байна. Энэ тухайд? 

 

-Гишүүнчлэлийн насны хязгаарыг нэмэх, өөрчлөх санал ил яригдаж, нэгдсэн шийдвэрт хүрсэн асуудал одоогоор байхгүй. Гэхдээ намын залуучуудын байгууллагын насны хязгаарыг дээшлүүлэх санал тодорхой хүмүүсийн дунд яригдсан. Гэвч санал хараахан нэгдээгүй. Өөрөөр хэлбэл, энэ асуудал тодорхой бус байдлаар залуучуудын байгууллагын удирдлагын төвшинд яригдаж байгаа гэсэн үг. Тийм учраас энэ нас нэмэх эсэхтэй холбоотой асуудлыг бид ил гаргаж, тодорхой ярих санал дэвшүүлээд байгаа юм. Яг ямар үндэслэлээр насны босгыг дээш нь өгсгөх юм,  тэр нь үнэхээр зөв юм уу, эсвэл одоо байгаа насны босгоо авч үлдэх үү, үлдсэнээр ямар давуу талыг хадгалж үлдэх вэ зэрэг асуудлуудаа ярилцъя л гэсэн саналтай байна. Хамгийн гол нь энэ асуудал тодорхой хэдэн хүмүүсийн лобби маягаар далд явах нь зохимжгүй. Ил тод яригдах хэрэгтэй. Хэлэлцүүлэг өрнүүлэх, нийт залуучуудынхаа санаа бодлыг сонсох ёстой.

 

-Лоббидоод  явахад дэмж­лэг хүлээх магадлал үүсэх үү?

 

-Их хурлаар шийдэх ёстой асуудал. Өмнөх Их хурал дээр ч энэ асуудал хөндөгдөж байсан. Миний харж байгаагаар бол аль ч Их хурлын үед буюу залуучуудын байгууллагад үе шилжих мөчид энэ асуудал илүү хүчтэй яригддаг бололтой. Гэхдээ залуучуудын нийтлэг эрх ашгийн өнгөрсөн 18 жилийн түүхэнд үүнийгээ өөрчлөлгүй хадгалаад явсан байдаг. Энэ удаад ч мөн ялгаагүй залуусынхаа ирээдүйн хөгжил, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх алсын хараатай шийдвэр гарна гэж найдаж байна. 

 

-Яг ингээд харахаар 35, 40 насны хооронд таван насны зөрүү л харагдаж байгаа. Гэтэл залуусын байгууллагад энэ таван насны зөрүү үйл ажиллагаанд нь доголдол үүсгэх хэмжээнд хүртэл сөрөг нөлөө  үнэхээр үзүүлдэг юм уу. Яагаад та нар энэ 35 насны хязгаар дээрээ ийм хатуу байр суурьтай зогсоод байгаа юм?

 

-Одоогийн мөрдөж байгаа дүрмээр бол гишүүнчлэлийн насны дээд хязгаар 35 байгаа. Гэхдээ 34, 35 настай залуу холбооны удирдах албан тушаалд сонгогдсон тохиолдолд ажлаа бүрэн эрхийнхээ дөрвөн жилийнхээ хугацаанд хашиж, 38, 39 настайдаа дараагийн залуустаа өгдөг зарчим ч хадгалагдаж байгаа. Дүрэмд энэ эрх нь хангагддаг. Ийм жишиг одоо ч хэрэгжиж байна. Харин насны хязгаарыг 40  болгочихоор тухайн хүн 44 хүртлээ албан тушаалаа хаших эрх нь нээгдэнэ. Тэгэхээр намын залгамж халаа бэлддэг, шинэ залууст боломж олгодог тогтолцоо үгүйсгэгдэж эхэлнэ ээ дээ. Нөгөө талаас 44 настай хүн залуусын байгууллагаас гараад төд удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насны эрх нь хуулиар нээгдэнэ. Ингээд бод доо. Асар буруу зүй тогтол үүсэхээр харагдаж байгаа биз. Залуучуудын байгууллагын утга чанар алдагдана. 

 

-Утга чанар гэснээс та өөрөө хэдэн настай хүн бэ?

 

-Би 32 настай. Цаг нь болохоор би ч бас залуучуудын байгууллагаас явна. Үеийн үед ийм л байсан. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хэрэгжиж байгаа дүрэм нь өөрөө залуучуудын байгууллагын сэлгээг үүсгэдэг, өөрчлөх шаардлагагүй зөв нийцэлтэй явж байгаа юм. Тийм учраас би насны хязгаарыг 35 байлгах асуудал дээр хатуу байр сууриа илэрхийлсээр байх болно. Нэгдүгээрт, энэ бол залуучуудын байгууллага. Ялангуяа намын дэргэдэх залуучуудын байгууллага намдаа шинэ залуу үеийг нь бэлдэж, төлөвшүүлж өгч байх учиртай. Хоёрдугаарт, ийм зөв зарчмыг 18 жил баримтлаад ирсэн. Үүнийгээ уламжлал талаасаа хадгалах учиртай. Гуравт, хүний залуу насыг дэлхий дахинд 35 наснаас доош үеийнхнээр ойлгож хардаг олон улсын жишиг байна. Дөрөвт, НАМЗХ бол СоцИнтерний дэргэдэх олон улсын залуу­чуу­дын байгууллагын гишүүн.Залуучуудын насны дээд хязгаарыг 35 гэж үздэг тус байгууллагын гишүүний хувьд үүнийг дагаж мөрдөх ёстой. Хэрэв энэ насны хязгаарыг дээшлүүлсэн тохиолдолд Олон улсын байгууллагын гишүүнч­лэлээс түдгэлзүүлэх асуудал үүсэхийг ч үгүйсгэхгүй. 

 

-Гэтэл нөгөө талд дүрэмд өөрчлөлт оруулах цаг нь ирсэн гэх байр суурьтай хүмүүс ч байгаа. Цаг үе өөрчлөгдөж байна, ер нь яагаад дүрмээ өөрчилж, тодорхой шинэчлэлүүдийг хийж болохгүй гэж. Та хэд хэтэрхий туйлшираад байгаа юм биш үү? 

 

-Дүрэмд тодорхой өөрчлөлт орж болно шүү дээ. Таны хэлдгээр цаг хугацааны хувьслаа ч бид дагах ёстой. Нийгмийн хэрэгцээ шаардлага ч гарч болно. Гэхдээ дүрэм дотор өөрчилж болдоггүй зарчмууд гэж байх ёстой. Үүний нэг бол насны хязгаар. Үнэхээр дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол Их хурал дээрээ нээлттэй ярилцах л хэрэгтэй. Бидний энэ үйлдлийг туйл­ширал гэж харахаасаа илүү­тэйгээр залуучуудын байгуул­лагын нийт гишүүдийн эрх ашгийн төлөөх дуу хоолой, үзэл бодлын нэгдэл гэж дүгнэх хэрэгтэй.

 

-“Хязгаар 35” хөдөлгөөнөөс та бүхэн яг ямар үр дүн хүлээж байна? 

 

-Залуучуудын байгууллагыг залуучуудын байгууллага хэвээр нь үлдээхийн тулд л бид дуу хоолойгоо нэгтгэсэн. Энэ бол нийт гишүүдийн эрх ашигтай хамаатай зүйл. Энэ байгууллага цөөн хэдэн хүний эрх ашгийн төлөө цаашид үйл ажиллагаагаа явуулж болохгүй. Залуучууд нэгдэж, нийгэмдээ дуу хоолойгоо хүргэдэг байх ёстой. Нийгэмд тодорхой зөв нөлөөллийг үзүүлэх үүрэгтэй гэж боддог хүнийхээ хувиар энэ хөдөлгөөнийг чиглүүлж байгаа. 

 

-НАМЗХ-ын залуу үеийн төлөөллийн талаар байгууллагадаа олон жил зүтгэж үзээгүй, дунд үеэс нь гэнэт давшин гарч ирчихээд удирдах шат руу ахихын тулд тоглолт хийгээд байна гэх яриа явж байгаа. Тухайлбал, танай  “Хязгаар 35” нэгдлийнхэн холбоондоо хэдий хугацаанд ажилласан залуус байгаа бэ?

 

-Өглөө нь холбоонд элсээд, өдөр нь ямар нэг хөдөлгөөн байгуулаад явж болохгүй л дээ. Хэнд ч тодорхой асуудал. Энэ бол зарчим. Бид ч энэ зарчмыг баримталж байгаа. Тэр ч утгаараа манай нэгдлийн хувьд залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд тогтмол оролцож, цаг зав, сэтгэл зүрхээ зориулсаар ирсэн залуучууд удирдаж байгаа. Залуу хүмүүс залуучуудын байгууллагад орж өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн хүрээллээ тэлэх, боловсрох нь өөрөө ямар чухал юм бэ гэдгийг мэдэрсэн улсууд л ийм ажлыг хийнэ биз дээ. Ер нь залуучуудын байгууллага дээр хэн ч байсан үгээ хэлэх бүрэн эрхтэй. Эцсийн дүндээ энэ байгууллага өөрөө энд тэнд нэр нь дурдагдаад байгаа цөөхөн хэдхэн хүний өмч биш. МАН-ыг дэмждэг, гишүүнчлэл үүсгэсэн олон мянган залуучуудын нийтлэг нэгдэл. Шаардлагатай асуудлаа цөөхүүлээ биш олуулаа, гишүүнчлэлээрээ, хамтаараа хэлэлцэх ёстой. 

 

-Та Их хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсгийн гишүүн. Одоогоор Их хурлын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна бэ?

 

-Ажлын хэсэг дээр зарчмын зөрүүтэй цөөнгүй асуудал бий. Миний хувьд бол аль болох асуудлуудаа ойлголцлын аргаар нийтийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Одоогоор хурлын бэлтгэл ажил ямар төвшинд явж байгааг шууд дүгнэх боломжгүй байна.

 

-Та бүхэн сард таван удаа хуралдахдаа нэг ч нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй гэдэг нь үнэн юм уу?

 

-Зарим шийдвэрүүд хүлээгдэж байна. Ер нь цаасан дээр буусан хамтын шийдвэрт хүрч чадаагүй нь үнэн. Гэхдээ Их хурал товлогдсон хугацаандаа болно. Мандатын эрхтэйгээр оролцох гишүүдийн тоо, мэдээлэл одоохондоо нэгтгэгдэж ажлын хэсгийн гишүүдэд ирээгүй байна.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn