2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » "Барилгын хөгжлийн төв"-ийн Б.Баярсайхан иргэдээс мөнгө сааж байгаа нь илэрчээ

"Барилгын хөгжлийн төв"-ийн Б.Баярсайхан иргэдээс мөнгө сааж байгаа нь илэрчээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 

"Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар" татан буугдаж түүний суурин дээр Засгийн газрын 2012 оны 47 тоот тогтоолоор аж ахуйн тооцоотой төрийн өмчийн “Барилгын хөгжлийн төв”-ийг байгуулсан.

 

Өөрчлөн байгуулалт хийсэн үндэслэл нь төрийн захиргааны ажил үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, олон шат дамжлагыг цөөрүүлж, төрийн албанд амь бөхтэй оршсоор байгаа  хүнд суртлыг арилгах явдал байлаа.

 

Гэтэл Барилга, хот байгуулалтын яам өнөөг хүртэл өөрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх нь байтугай  хэрхэн зохион байгуулах аргаа тодорхойлоогүйн гайгаар өнөөх “Барилгын хөгжлийн төв” нь аливаа асуудалд яамнаас дээгүүр эрх мэдлээр хандах болсон байна.

 

Учир нь Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 сарын 25-ны 37 тоот тушаалаар барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг “Барилгын хөгжлийн төв”-д олгосон байна. Гэтэл уг аж ахуйн нэгж нь Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар нэртэй өмнөх агентлагийн бүх чиг үүрэг, эрх мэдлийг өөрт нь шилжүүлсэн мэтээр ташаа ойлгож, Засгийн газрын шийдвэрийг гуйвуулан хэмжээгүй эрх дарх эдэлж, дур зоргоороо авирлах нөхцөл боломжийг олгосон хэрэг байв.

 

 “Барилгын хөгжлийн төв”-ийг тойрсон хэл ам, гомдол санал тасрахгүй хөвөрсөөр. Барилгын зураг төсөлд магадлал хийхээр хүлээн авахдаа шаардлагатай, шаардлагагүй хэдэн арван бичиг баримт шаардах, ашигтай талбайнх нь хоёр хувийг нэхэх зэргээр элдвийн нөхцөл болзол тавьдаг гээд тэдний хүнд суртал хэрээс хэтэрч байгаа талаар зураг төслийн байгууллага, аж ахуйн нэгж болон захиалагч хувь хүмүүс холбогдох төрийн байгууллагад мэдүүлдэг ч элс рүү ус хийсэнтэй адил нам жим дарагдаад өнгөрдөг нь нууц биш.

 

Тэгвэл, “Барилгын хөгжлийн төв”-ийн энэ мэт үйл ажиллагаанд шалгалт хийхээр Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн ажилласан байна. Салбартаа "Б.Баярсайханы Вант улс" нэрийг хэдийнэ аваад байгаа тус төвд хийсэн шалгалтаар Барилгын хөгжлийн төв нь тусгай зөвшөөрөл олгохдоо иргэдээс баримт бичиг бүрдүүлэх нэрийдлээр хууль бус 20 мянган төгрөг хурааж авдаг нь тогтоогджээ.

 

Энэ хураамжийг хөгжлийн төв дээр зөвшөөрлөө хүлээн нам царцсан 800 төсөлтэй холбож бодвол багадаа л 16 сая төгрөгний хохирол улсад учруулсан байгаа юм.

 

Иймд иргэдээс үндэслэлгүй хурааж байгаа 20 000 төгрөгийн хураамжийг таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэх иргэн, аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалттай холбогдох журмыг ил тод мэдээлэх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, гэрчилгээний олголт, сунгалт, нэмэлт ажил бүхий мэдээллүүд хугацааны хамт нээлттэй болгох зэрэгт анхаарч ажиллахыг даалгасан байна.

 

Гэвч үүгээр Барилгын хөгжлийн төвд хийх шалгалт өндөрлөж болохгүй. Үүнийг тус байгууллага барилгын зөвшөөрлөө зардаг гэх яриаг баталсан 16 давхар барилгын хазайлттай холбон ойлгож болох билээ. 

 

Б.Хишигдэлгэр

 

Эх сурвалж : ZALUU.com

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.