2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Х.Булгантуяа: Бид хөгжлийн хөтөлбөрөө хөрш орнуудын бодлоготой уялдуулах хэрэгтэй


Х.Булгантуяа: Бид хөгжлийн хөтөлбөрөө хөрш орнуудын бодлоготой уялдуулах хэрэгтэй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

 

-МАН-ын шинэчлэлийн хорооноос Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 14 хоногийн дотор огцрох шаардлага тавилаа. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал үнэхээр Ерөнхий сайд огцрох хэмжээнд хүртлээ дордчихоод байна гэж үзэж байна уу?

 

-Манай улсын эдийн засгийн байдал яахын аргагүй хүндэрчихлээ. Өнгөрсөн онд манай эдийн засаг 14 хувийн өсөлттэй гарч байсан бол 2011 онд 17.8 хувь хүртэл өссөн. Бид эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байлаа. Гадны хөрөнгө оруулагчид манай улсыг сонирхож, томоохон компаниуд салбараа нээж байсан. Гэтэл одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Манай улсын эдийн засаг өсч байгаа юм шиг боловч ачир дээрээ байдал өөр байна шүү дээ. Аж ахуйн нэгжүүд үнэхээр хүнд байдалд орж байна. Хөрөнгө оруулалт буурч, ам.долларын ханш чангарлаа. Хэрэглээнийхээ ихэнх хэсгийг импортоор авдаг манай орны хувьд ам.долларын ханш чангарч байгаа нь хүндрэл юм. Үүнийг дагаад бүх зүйлийн үнэ өснө. Энэ байдлыг ойрын хугацаанд засахгүй бол манай эдийн засаг удаан хугацаанд хямралын байдалтай байж болзошгүй шүү дээ. Тухайлбал 2008 оноос хямарсан АНУ-ын эдийн засаг өнөөдөр ч хөл дээрээ босч чадаагүй л байна. 

 

-Ерөнхий сайдыг огцрууллаа гээд асуудал шийдэгдэх үү?

 

-Н.Алтанхуягийг огцруулахаас илүү дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг нь чухал. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг Н.Алтанхуягийн дараагийн хүн бас л адилхан байвал бид гадныхны өмнө бүр өрөвдөлтэй харагдана. Тиймээс дараагийн ерөнхий сайд энэ асуудлыг шийдвэрлэж чадах хүн байх ёстой. “Нийгэм эдийн засгийн байдал хэвийн байна” гээд хээв нэг сууж байгаа нь иргэдийнхээ амьдралыг мэдэхгүй, эдийн засгаа мэдрэхгүй байна гэсэн үг шүү дээ. Н.Алтанхуяг сайдын эдийн засаг хямраагүй байж болно, ард иргэдийн амьдрал хэцүү байна шүү дээ гэж хүмүүс ярьж байна. Ямар нэг зүйлийг болохгүй байна гэж харж байгаа хүн л болгож, бүтээхийн төлөө ажиллана. Гэтэл болохгүй байгааг нь ч харж чадахгүй байгаа юм чинь юу хийх вэ.

 

-Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн одоо гарч байна. Ер нь хийсэн ажлын үр дүн боломжийн байна л гэж байгаа шүү дээ?

 

-Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ бага шүү дээ. Оюутолгой төслийн нэгдүгээр үе шатны хөрөнгө оруулалттай бараг адил.  Гэтэл бид төмөр зам гэх мэт томоохон төслүүдээ дангаараа хийж чадахгүй. Гадны хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Бид гадны хөрөнгө оруулалтыг аль аль талдаа ашигтай байдлаар татахын тулд манай улсын улс төр, эдийн засаг тогтвортой байх ёстой. Гэтэл ингэж чадахгүй байна. Бид Хятад шиг бүх хэрэгцээгээ дотооддоо хангаж чаддаг болох хүртэл их хугацаа шаардлагатай. Мөн гаднаас их хэмжээний мөнгө зээлчихээд хөрөнгө оруулах төслүүд нь бэлэн болоогүй л сууж байна. Бизнесийн ямар ч байгууллага зээл авахад бизнесийн төлөвлөгөө нь гарчихсан байдаг. Гэтэл хөрөнгө оруулах төслүүдийн ТЭЗҮ одоог хүртэл бэлэн болоогүй байгаа нь үнэхээр харамсалтай. Ядаж тавдугаар цахилгаан станцын ТЭЗҮ дуусчихсан ажлаа эхэлж байгаа бол, Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгаа бол болж байна гэж хэлж болно. Гэтэл гаднаас их хэмжээний мөнгө зээлчихээд нэг жил өнгөрч байхад хэдэн зам тавьснаас өөр юу ч хийсэнгүй. 1.5 тэрбум ам.доллар гэдэг бол манай улсад их мөнгө шүү дээ.

 

-Эдийн засгийн байдал ингэж хүндэрсэн үед МАН сөрөг хүчний хувиар эрх баригчдыг хянаж, алдааг нь засч залруулахын төлөө цаашид яаж ажиллахаар төлөвлөж байна вэ?

 

-МАН Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд манай нам ард түмний хөгжлийн хөтөлбөрийн боловсруулж байсан. АН, МАХН гээд улс төрийн намууд мөн хөгжлийн хөтөлбөрөө боловсруулж байсан. Гэтэл нам болгон өөрийн гэсэн хөгжлийн хөтөлбөртэй байхын оронд Монгол Улсыг хөгжүүлэх ганц хөтөлбөр л байх ёстой юм. Зорилго зорилтод хүрэх аргачлал нь эрх барьж буй намаас шалтгаалаад өөр байж болох ч хөгжлийн хөтөлбөр нь ганц байх хэрэгтэй. Бид хөгжлийн хөтөлбөрөө боловсруулаад бусад улс төрийн хүчнүүдтэй зөвшилцөж төрийн эрхийг аль нам нь барьж байгаагаас үл шалтгаалан улсын хэмжээнд нэгдсэн бодлоготой байх нь чухал.

 

-МАН-аас Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх цогц бодлого хэрэгжүүллээ гээд бусад улс төрийн хүчин хэр хүлээж авах бол. Нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэхэд намууд нэгнээсээ ялгарах зүйлгүй болчих биш үү?

 

-Бидэнд тууштай байдал л хамгийн чухал байна. Бидний давуу тал бол энэ, бид үүнийгээ ашиглаж ингэж хөгжинө. Уул уурхайгаас олсон хөрөнгөөрөө энэ салбарыг хөгжүүлэн гэх мэтийн бодлого байхгүй байгаа нь алдаа болж байна. Тухайлбал Оюутолгойн ажилчдын дийлэнх нь гадыхан гэж байна. Уул уурхай тэргүүлэх салбар гэж мэдэж байсан хэрнээ яагаад энэ салбарт ажиллах ажилтнуудаа бэлтгээгүй юм бэ гээд л хөгжлийн бодлогогүй явж ирсний жишээ олон байна. МАН-аас хөгжлийн бодлого боловсруулахын тулд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

 

-Энэ ажлын хэсэгт та орсон уу?

 

-Орсон. С.Бямбацогт гишүүнээр удирдуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Бид саяхан хэд хэдэн орны хөгжлийн хөтөлбөрийг судалж үзлээ. Бид өөрийн орны хөгжлийн хөтөлбөрийг Хятад гэх мэт худалдааны түншүүдийнхээ хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах ёстой. Хятад улс манай хөгжлийн хөтөлбөрийг харж өөрсдийн хөтөлбөрөө боловсруулна гэж байхгүй шүү дээ. Засгийн газар, Н.Алтанхуяг сайд Хятад улсын эдийн засгийн өсөлт саарч байгаа учраас манай эдийн засагт нөлөөлж байна гэж тайлбарлаж байгаа. Гэтэл тус улсын 2011-2015 онд баримталж байгаа 12 дугаар таван жилийн хөгжлийн хөтөлбөрт эдийн засгийн хөгжлийг долоон хувь орчмоор өсгөнө гэж заасан байна. Учир нь тус улсын эрх баригчид энэ онуудад байгаль хамгаалал, өндөр технологи, нийгмийн хамгаалал зэргийг илүү дэмжих бодлого барина гэж байгаа юм. Хятад улс ийм хөгжлийн хөтөлбөр боловсруулчихсан байхад бид мэдэхгүй байж болохгүй. Уг нь Хятад улс ийм бодлого бариад эхэлчихсэн юм чинь бид хөгжлийн хөтөлбөрөө үүнтэй уялдуулах ёстой байсан.

 

-Хөгжлийн хөтөлбөр хэзээ бэлэн болох вэ?

 

-Бид МАН-ын 27 дугаар их хурлаас өмнө энэ хөгжлийн хөтөлбөрийг боловсруулна.

 

Н.Санжаасүрэн

Х.Булгантуяа: Бид хөгжлийн хөтөлбөрөө хөрш орнуудын бодлоготой уялдуулах хэрэгтэй

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.