2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хэнтийн тариаланчид Б.Батзориг сайдаас ганцхан зүйл хүслээ

Хэнтийн тариаланчид Б.Батзориг сайдаас ганцхан зүйл хүслээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Хэнтийн тариаланчид Б.Батзориг сайдаас ганцхан зүйл хүслээ

 

Улаанбуудай бол улс орны стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний нэг. Энэ утгаараа улс орнууд тариаланчдаа бодлогоор дэмжиж иржээ. Монгол Улсын хувьд ч ялгаагүй. 2003 онд газар тариалан, мал аж ауйн салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж байв. Үүний дагуу 2007 онд одоогийн МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлж байсан Засгийн газар санаачилга гарган тариаланчдад улаанбуудайн урамшуулал олгож эхэлсэн байдаг. Үр дүнд нь газар тариалангийн салбар цэцэглэн хөгжиж чадсан. Өнөөдөр л гэхэд Монгол Улс улаанбуудайн хэрэгцээгээ дотооддоо 100 хувь бэлтгэн эх орныхоо хөрсөнд ургуулсан буудайн гурилаа хэрэглэж байгаа юм. Үүгээр зогсохгүй багагүй хэмжээний буудайг экспортод гаргах боломжтой болсон. Төмсний хэрэглээгээ бас дотоодоосоо100 хувь ханган нийлүүлж байгаа гээд 2003 онтой харьцуулахад багагүй дэвшил энэ салбарт гараад байна. 20 сая хүрэхтэй үгүйтэй байсан мал 2014 оны байдлаар 51.9 саяд хүрсэн гээд тоочвол газар тариалан, мал аж ауйн салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулснаар гарсан ахиц дэвшил их. Аливаа зүйл хугацаа, үечлэлтэй байдгийн адил 2003 онд боловсруулсан баримт бичгийн хугацаа удахгүй дуусна. Шинийг боловсруулах хэрэг гарах нь хэнд ч ойлгомжтой зүйл.

Харин шинэ баримт бичгээ хэрхэн боловсруулахаас энэ салбарын цаашдын зорилт, хөгжилд ихээхэн хамаатай. Сайныг боловсруулбал дэвжинэ саар бол хөгжиж буй салбараа татаж унагана. Мэдээж салбарын яам нь бодлогын баримт бичгээ боловсруулан Засгийн газар, УИХ-д танилцуулах ёстой. Малчид тариаланчдаасаа саналыг нь авч баримт бичигт тусгах нь зүйн хэрэг. Энэ ч утгаараа ХХАА-н дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногоос хөдөө орон нутгийнхны саналыг авч сэтгэгдлийг нь сонсч иржээ. Дэд сайд Б.Батзориг өнгөрсөн долоо хоногт Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймагт ажилласан бол өнгөрсөн лхагва гаригт Хэнтий аймгийн тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнд зорьж очин оролцлоо. Хэнтийг зорих болсон шалтгаан нь ийм.

Социалист нийгмийн үед Хэнтий аймаг 30 орчим мянган га-д улаанбуудай тарьж, түүнийгээ боловсруулан зүүн аймгуудыг гурил тэжээлээр хангадаг байж. Гэтэл ардчиллын салхи сэвэлзсэнээр бүх зүйлийг хувьчлан гурилын үйлдвэр нь зогсч, алтан буудай халиуран байдаг талбай нь хоосорч, атаршиж эхэлжээ. Үүнийг дагаад хүн ам цөөрч, мал аж ахуй ч уналтад оров. Энэ байдал 20 шахуу жил үргэлжилж. Харин сүүлийн жилүүдэд байдал дээрдэж байгаа аж. Энэ нь их хааны өлгий нутгийнхан тариаланчдыг хадаг барин угтах болсонтой холбоотой гэнэ. Ингэж байж тэд хүн амаа 71 мянгад хүргэж, өнгөрсөн жил 3.3 сая толгой мал тоолуулан таван хошуу малаа тэнцвэртэй өсгөж, 108 мянгат малчныг төрүүлжээ. Дээр нь 2014 онд сүүлийн 20 жилд байгаагүй арвин их ургац хураан авсан байна. Үүндээ урамшин энэ онд нийт тариалангийн талбайнхаа 70 хувийг ашиглан 22.7 мянган га-д тариалалт хийх зорилт тавьжээ.

Энэ бол хэнтийхний дэвшил бас амжилт. Амжилтаа тэд ирэх намар ахиулахыг зорьсон. Тиймдээ ч тариалангийн салбарын зөвлөгөөнөө зохион байгуулж, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсч, тариаланчдынхаа туршлагыг солилцсон нь энэ. Үүний дээр салбарын сайд нь ирж, төрөөс тэднийг хэрхэн дэмжиж болох цаашид ямар бодлого баримтлахыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн нь зөвлөгөөнд оролцогчдод урам болсон. Хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, “Хүнс ХАА, газар тариалангийн бодлого шинээр боловсруулах гэж байгаатай холбогдуулан та бүхэн саналаа хэлээрэй. Та бүхний санал үнэтэй хувь нэмэр оруулах болно. Тэгж гэмээнэ бид чанартай бодлогын баримт бичиг боловсруулна. Чанартай бодлогын баримт бичиг гарснаар цаашид энэ салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна. Бид дуу хоолойгоо нэгтгэж байж, Засгийн газар, УИХ-д үгээ хүргэж чадна” гэсэн юм.

Зөвлөгөөнд оролцогчид Б.Батзориг дэд сайдад хандан “Ерөнхий сайд хэлсэн үгэндээ улаанбуудай, гурилын үнийг чөлөөлж, төрөөс олгодог урамшууллыг зогсооно гэсэн. Энэ байж болохгүй зүйл. Дөнгөж сэргэж ирж байгаа, эрсдэл өндөртэй салбарт урамшууллыг зогсоох нь буруу. Бидний энэ саналыг бодлогын баримт бичигтээ заавал тусгаарай” хэмээсэн юм. Зөвлөгөөнд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, ХХААЯ-ны Буудай сангийн захирал болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.

Урамшууллыг цаашид ч олгох нь зөв байх

Зөвлөгөөний дараа Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригтой ярилцлаа.

-Газар тариалангийн улирал эхэллээ. Удахгүй хаврын тариалалт эхлэх нь. Яамнаас барьж буй бодлого юу байна?

-Манай салбар үнэхээр том. Монгол Улсын ХАА-н салбар улс орны амьжиргааны зүрх нь юм. 2014 он малчид, тариаланчдын хувьд сайхан жил байв. Энэ бол салбарын яамнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зөв байсных. Гэхдээ малчид, тариаланчдын нөр их хөдөлмөр гол нь гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай. ХХАА-н яам 2003 онд “ХАА-н талаар баримтлах бодлого” боловсруулж хэрэгжүүлсэн. Энэ нь 12 жилийн хугацаатай богино, дунд хугацааны хөтөлбөр байлаа. 2003 онд энэхүү хөтөлбөр гарахад манайх үр тариагаа гаднын дэмжлэгтэй бүрдүүлдэг, гурил будаагаа урд, хойд хөршөөсөө авдаг байв. Хөтөлбөр зөв байсны үр дүнд өнөөдрийн амжилтад хүрсэн. Дотоодын түүхий эдээр гурилаа 100 хувь үйлдвэрлэж байна. Улаанбуудайгаа тариалж байна. Энэ бол том амжилт. 2015 оны тухайд бид ХАА тэр тусмаа газар тариалангийн салбарт нэлээд ажил хийхээр төлөвлөж байна.

-Улсын хэмжээнд хэдий хэр талбайд тариалалт хийх бол. Ямар дэмжлэг, бодлого барьж хаврын тариалалтад оролцох вэ?

-Энэ жил нийт 339.2 мянган га-д тариалалт хийнэ. Нарийвчлан тооцвол улаанбуудай 300.0 мянга, төмс 13.9 мянга, хүнсний ногоо 8.3 мянга, малын тэжээл16 мянга, тосны ургамал 33,0 мянга, бусад үр тариа 28.6 мянган га-д тариалахаар бэлтгэлээ хангаж байна. Дараа жилийн тариалалтад зориулж 338.0 мянган га-д уринш бэлтгэнэ. Өнгөрсөн оны ургацаас үрийн буудайгаа нөөцөлсөн. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгж, иргэнд 42.2 мянга, Тариалан эрхлэлтийг дэмжих сан/ ТЭДС/-д 1.9 мянга, Онцгой байдлын газарт3,9 мянган тонн үрийн нөөц байна. Тариалалтад нийт 5.7 мянган тонн дизель түлш шаардлагатай. ТЭДС-гаас2.7 мянган тонн дизель түлшийг 20 хувийн урьдчилгаа төлбөрөөр үлдэх хэсгийг намрын ургац хураалтын борлуулалтаас төлүүлэх нөхцөлтэйгөөр олгохоор шийдсэн. Ирэх долоо хоног гэхэд техник засварын ажил үндсэндээ дуусна. Энэ жил ургамал хамгааллын бодис 430 гаруй, бордоо500 тонныг олгохоор болсон.

-Монгол Улсын Газар тариалангийн талаар баримтлах бодлогоо шинэчлэн батлуулах ажил ямар шатандаа байна. Энэ хаврын чуулганаар батлуулах уу?

-2003 онд энэ бодлогыг батлуулж байсныг би хэлсэн. Бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн. АтрынIII аяныг зарлан хэрэгжүүлсэн. Үр дүн нь сайн байсныг амьдрал харууллаа. 2007 онд М.Энхболдыг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн тариаланч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Шаравын Мардааны санаачилгаар улаан буудайд олгох урамшуулын тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн нь газар тариалан эрхлэгчдэд ихээхэн дэмжлэг, урам өгсөн. Анх тушаасан улаанбуудайн тонн тутамд 60000 төгрөгөөр тооцож урамшуулал олгож байв. Энэ нь явсаар 100000 төгрөг болсон. Урамшууллыг жил бүр хэрэгжүүлж байна. Цаашдаа ч хэрэгжүүлэх болно. Энэ жил Газар тариалангийн үйлдвэрлэлд баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж, УИХ-аар батлуулах ёстой. Яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Улаанбуудайгаар дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортлох, стандарт чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлд сортын бодлогоо чангаруулж, төмс мэтийн дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж буй таримлыг мөн экспортлох хууль эрх зүйг баталгаажуулах ажилд ч төрөөс анхаарал хандуулах нь зүйтэй. “Тариалангийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл, “Таримал ургамлын генетик нөөцийн тухай” хуулийн төсөл зэргийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.Мөн “Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсруулж батлуулах, “Санхүүгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх, баталгаа гаргах тухай”, “Сорт сорилтын төвүүдийн талаар авах арга хэмжээний тухай” зэрэг Засгийн гзарын тогтоолын төслүүдийг шат шатандаа боловсруулж байгаа. Эдгээр эрх зүйн баримт бичиг төвшин төвшинд нь баталбал газар тариалангийн салбарын цаашдын хөгжилд томоохон өөрчлөлт гарна. Тариаланчдын нэг хүсдэг зүйл бол Газар тариалангийн бүс нутгаа зарлаач ээ гэдэг. Үүнийг зайлшгүй хууль эрх зүйн зохицуулалтаар шийднэ. Тариалангийн талбай гэж юу юм, бүс нутгийн зохицуулалт гэж юм юм гээд. Ийм болохоор дээрх бичиг баримтад энэ талаар тусгаж өгнө. Төрөөс газар тариалангийн тухай баримтлах бодлогын бичиг баримтад энэ туссан.

-Нийслэл болоод томоохон суурингийн хүн амын хүнсний хэрэгцээнд ХАА-н бүтээгдэхүүн нийлүүлэх талаар та юу гэж боддог вэ?

-Нийслэлийн төр, захиргааны байгууллагад би арав гаруй жил ажилласан. Хөдөө аж ахуйн салбарт ороод ажиглаж байхад нийслэлийн хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангахад анхаарах зүйл их байна. ХАА тэр дундаа газар тариалангийн салбартай холбоотой борлуулалт, эрэлт нийлүүлэлт зах зээлийн үнэ ханшаас эхлээд бодолцох, бодлого болгож хэрэгжүүлэх зүйл нэлээд байх юм. Мах, сүү, төмс, хүнсний ногоо хадгалах түгээх сүлжээ, зоорь сав гээд зохион байгуулах, зохицуулах ажил байна. Мэдээж нийслэл тойрсон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл хэрэгтэй. Эрчимжсэн мал аж ахуйн нэн шаардлагатай зүйл болох малын тэжээл үйлдвэрлэл, бордоо, усалгаанаас эхлээд нэмж байгуулах бүтээн байгуулалт хэрэгтэй байна. Хорших хэлбэр ч чухал. Нийлүүлэлтийн аргаа сайжруулахад ч олон шинэ зүйлийг хиймээр санагддаг.

-Хэнтий аймгийн тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнд та оролцлоо. Зөвлөгөөнийг хэрхэн дүгнэх вэ?

-Зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө. Хэнтийчүүд өнгөрсөн жил түүхэндээ байгаагүй их ургац авч урам зоригоор дүүрэн байна. Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргатай уулзаж, ярилцлаа. Зөвлөгөөнд оролцсон тариаланчдын сэтгэгдлийг бас сонслоо. Тэдний хамгийн их хүсч буй зүйл нь буудай агуулах сав буюу элеватор. Үнэхээр энэ аймагт элеватор байдаггүй. Монгол Улсын Засгийн газар, ХХААЯ-наас БНХАУ-ын буцалтгүй тусламжаар таван аймагт нийт 91 мянган тоннын элеватор барихаар төлөвлөсөн. Үүний 20 мянган тоннын агуулахыг Бэрх тосгонд барихаар төлөвлөөд байна. Хөрөнгө оруулагч талтай урьдчилсан байдлаар тохирсон.

-Хэнтий аймагт мал төллөлт хэдэн хувьтай явна вэ?

-Энэ жил Хэнтий аймагт 1.2 сая мал төллөхөөс 10 орчим хувь нь төллөжээ. Ер нь зүүн зүгийн нутгаар мал оройтож төллөдөг. Нялх төл шинэ ургасан ногоо шууд иддэг энэ сайн хэрэг. Одоогоор төл бойжилт 90 хувьтай яваа мэдээ байна.

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.