2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын тамгын газар чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ

УИХ-ын тамгын газар чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

УИХ-ын тамгын газар чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ

 


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2015 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.04.08/ 10 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт танилцуулсан юм.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдМянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогоос 14, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 80 арга хэмжээ тусгагджээ. Үндсэн чиглэлд тусгагдсан нийт 6 бодлого, 25 зорилт, 104 арга хэмжээний биелэлт 2014 оны жилийн эцсийн байдлаар 63.7 хувьтай гарч, өмнөх оныхтой харьцуулбал 3.4 пунктээр буурсан байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 104 арга хэмжээний 49 нь хөрөнгийн эх үүсвэртэй хэрэгжихээр батлагдсан. Харин 20 арга хэмжээ нь дутуу буюу хангалтгүй хэрэгжилттэй гэсэн дүнтэй байгааг сайд танилцуулгадаа дурдав.

Үндэсний аудитын газраас үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар гаргасан зөвлөмжид үндсэн чиглэлийг төлөвлөх, хэрэгжилтэд нь хяналт тавих, тайлагнахад зарчмын өөрчлөлт гараагүй гэж дүгнээд цаашид үндсэн чиглэлд тусгах зорилт, арга хэмжээний төлөвлөлт, түүнд тавих хяналт, хэрэгжилтийг тайлагнах, үнэлж дүгнэх талаар стандарт боловсруулж ажиллах, шалгуур үзүүлэлтийг оновчтой болгох шаардлагатай гэж үзсэн байна.

Сайдын танилцуулга, аудитын байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсэн гишүүд үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүд нь төсөвтэй уялддаггүй, хэрэгжилтэд нь тавих хяналт, тооцох хариуцлага тодорхойгүй явж ирсэнд шүүмжлэлтэй хандаж, цаашид үндсэн чиглэлийг төлөвлөх, хэлэлцэж батлах, тайлагнах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг онцолж байв. Иймээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг төлөвлөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, хэрэгжилтийг хангах, тайлагнах, үнэлж дүгнэх болон хариуцлагын асуудлыг цогцоор нь шийдэх асуудлыг хэлэлцүүлгийн шатанд байгаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай,Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгуулах тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, хэрэгжилтийг үнэлж дүгнэх одоогийн практикийг боловсронгуй болгох саналыг тус байнгын хорооноос санаачлан УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганд оруулж хэлэлцүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

Дараа нь Улсын Их Хурлын Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааны тайлангсонсов. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Тамгын газрын хэлтсийн дарга нар байнгын хорооны хуралдаанд оролцлоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны тайланг гишүүдэд цаасаар тараасан учраас цаг хэмнэх үүднээс асуулт асуун хариулт авч, саналаа хэлье гэсэн горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм. Ингээд УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Алтанхуяг, Н.Батцэрэг, Л.Цог, С.Дэмбэрэл нар УИХ-ын Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Тамгын газрын хэлтсийн дарга нараас асуулт асууж тодруулав.

Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангахад үзүүлэх мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцааг шинэ шатанд гаргахад Тамгын газар гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ үндсэн дээр 2013 оны гуравдугаар сард бүтэц, зохион байгуулалтаа өөрчилж, Байнгын хороодын ажлын албыг бэхжүүлэхэд анхаарсан. Одоо энэ албанд мэдлэг, ур чадварын хувьд зохих чадавхитай ажилтнууд ажиллаж байгаа. Тамгын газар 2012 онд 227 орон тоотой байсан бол одоо 197 хүн ажиллаж байна. Шинээр орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт зарлаж бүрдүүлдэг.

Тамгын газрын үйл ажиллагааг оновчтой болгох, хэлтэс, нэгжүүд болон ажилтнуудын ажлын давхардал, хийдэгдлийг арилгах, шат дамжлагыг багасгаж шуурхай үйл ажиллагааг хангах үүднээс Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвийг шинээр байгуулан ажиллаж байна гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Батцэрэг, С.Дэмбэрэл нар УИХ-ын гишүүд болон байнгын, дэд хороодын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргээ Тамгын газар сайн гүйцэтгэж байгааг онцлоод цаашид Тамгын газрын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой зарим саналаа хэлэв. Гишүүдийн санал, байр суурьтай холбогдуулан байнгын хорооны дарга А.Бакей Тамгын газрын үйл ажиллагааны талаар гишүүд сайн үнэлттэй байгааг тэмдэглээд цаашид анхаарах асуудлын талаар байнгын хорооны хуралдаанаас Тамгын газарт тэмдэглэлээр үүрэг зарим үүрэг өгөх болно гэлээ.

Байнгын хорооны хуралдааны дараа Нутгийн удирдлагын дэд хороо хуралдаж тус дэд хорооноос 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг шинэчлэн баталлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.