2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Монголын эдийн засгийн чуулган 2015”-ыг нээж хэлсэн үг

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Монголын эдийн засгийн чуулган 2015”-ыг нээж хэлсэн үг

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Монголын эдийн засгийн чуулган 2015”-ыг нээж хэлсэн үг

 

“Монголын эдийн засгийн чуулган 2015”-ыг нээсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хатагтай, ноёд оо, хүндэт зочид оо!

Энэ жилийн эдийн засгийн форумыг нээх хүндтэй үүрэг хүлээлгэж буйд талархаж байна.

Өнөөдөр Монгол Улсад тулгараад байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн давах талаар бид халуун яриа хэлэлцүүлэг өрнүүлж, бүгдээрээ гарц шийдлийг эрэлхийлж бодит шийдэл олсноор энэ форумыг үр дүнтэй зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.

Тулгамдсан бүх асуудлууд эдийн засгийн форумын ерөнхий болон салбар хуралдаанаар хэлэлцэгдэж, санал шийдвэр бүр бидний нэгэн ээдрээг тайлсан, даван туулсан арга зам болохыг хүсч байна.

Эдийн засгийн талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийхээр төлөвлөж байгаа бодлогын чанартай зарим асуудлаар, мөн томоохон төсөл бүтээн байгуулалтын талаар хамгийн шинэ мэдээллээ би энэ долоо хоногийн ням гарагт олон нийтэд телевизүүдээр дамжуулан хүргэх тул одоо түр хойш тавья.

Эдийн засгийн чуулганы энэ жилийн гол уриаг тохиолдлоор сонгоогүй юм. Итгэлцэл бий болгох гэсэн энэ үг өнөөдөр хэзээ хэзээнээс илүү бий болоод байна. Зөвхөн нэг талаас бий болсон итгэл хэзээ ч үр дүнд хүрдэггүй гэдгийг өнөөдөр бид мэдэж байгаа. Нэг талын итгэл хоёр талын итгэлцэл болж байж сая хамтын ажиллагааны хэлбэр тогтож харилцан ашигтай хамтын ажиллагаа болдог.

Итгэлцэл гэдэг эдийн засгийн бизнесийн төдийгүй бидний өдөр тутмын амьдралын бүхий л салбарт улстөр, хууль эрхзүйн орчин, нийгэм эдийн засаг, гэр бүлд ч хэчнээн чухал гэдгийг бид мэднэ.

Том том ордуудын сураг, эхний хоёр том ордыг ашиглах боломж, түүхий эдийн үнийн огцом өсөлт, зах зээлийн чөлөөт тогтолцоо гэсэн бүхэн 2010-2011 оны хөрөнгө оруулалтын их урсгалыг бидэн лүү соронз мэт татсан.

Монгол төгрөгийн чангарал, хөрөнгө оруулагчийн сонирхол, орлогын огцом өсөлт нь өөр өөрсдөө ингээд хөгжөөд байх нартай өдрүүд тасралтгүй  үргэлжлэх итгэлийг бидэнд  бидэнд төрүүлж эхэлсэн. Бидний энэ өөрөө хөрөнгө оруулагчийн Монголд дөнгөж дөвхнөж байсан  их итгэлийг итгэлцэл болгох замд гол саад болж ирсэн.

Өнгөрсөн бүхэнд хүн болгон цэцэн, махны шөл болгон хурц гэж монголчууд ярьдаг.  Гэхдээ бид цаашдаа дахин алдахгүйн тулд алдаанаасаа суралцах хэрэгтэй.

Стратегийн салбараа улс болгон өөрсдөө  өөрсдөө тодорхойлдог ч манай энэ хуулийн сурталчилгаа, зохицуулалт нь 180  хэм эсрэг үр дүн авчирсан гэдэгт хэн ч маргахгүй байхаа.  Оюутолгой дээр ил уурхайн хөрөнгө оруулалтаа, далд уурхайн бүтээн байгуулалтаа шууд залгуулж чадаагүйн дийлэнх буруу нь  бидэнтэй бас хамаатай.

Хууль тогтоомжийг ойр ойрхон өөрчлөлт, хайгуулын урт хугацааны хориглолт,  урт нэртэй хууль орсон цуврал савангийн дуурь, улс төрчдийн популизм нэвт ханхалсан хэвлэлийн хурал, бидний итгэлцлээ гээсэн үйл явдлын жагсаалтаа нэрлэвэл нэлээн урт болох байх.

Бидний сайн мэдэх Оюутолгой  төсөл дээр энэ итгэлцэл гэх юмны ямар ч үнэр  байхгүй байсныг  дараах  жишээ харуулна. 

Монголын засгийн газар нөгөө талдаа огт мэдэгдэлгүй шинээр өсөн нэмэгдэх рояалти татвараар 450 тэрбум төгрөг авна гэдгээ жилийнхээ төсөвт шууд тусгасан.

Татварын нэг байцаагч очиод компани дансыг шууд хааснаар бүх мөнгөн урсгал гадаад банкуудаар дамждаг болсон. Нөгөө талаас Рио Тинто компани Монголын засгийн газрыг буруутгасан ар араасаа цуварсан мэдэгдлүүд Монголд итгэх итгэлийг алдагдуулахад жинтэй хувь нэмэр оруулсан.

Манайд хийсэн, хийх гэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт хэдэн арван жилээр үргэлжлэх  хамтрагчийн үйл ажиллагаанд ийм зүйл удаан хугацаанд үргэжлжилсэн гэж бодохоор толгой сэгсэрмээр.

Төр засгийн энэ бодлогын үр дүнд хөрөнгө оруулагчдаа үргээсэн урт нэртэй хууль, 106 лиценз, ноён Капла гээд  үйл явдал шийдвэрүүд ар араасаа цуварч байхад  биднийг шүүмжилсэн, буруушаасан хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд гадна дотны олон хувь хүмүүс мэдээ мэдээлэл бэлтгэн тарааж сощиал ертөнц идэвхитэй ажиллаж байсан.

Энэ нь ч тухайн нөхцөлд  аргагүй таарсан байх. Өнөөдөр Монголын төр засгийн бодлого  хөрөнгө оруулагчдад татахыг тулд хуучнаасаа үндсээрээ эргэчихээд байхад  дээрх байгууллаг хүмүүс одоог хүртэл долгионоо сольж амжаагүй явна.

Өчигдөр стратегийн хууль, урт нэртэй хууль, 106 лиценз энэ тэр гээд л дэлхий даяар цан цохиод , цам хариагаад байсан хүмүүс энэ бүх асуудлуудыг шийдчихээд байхад  бүлх залгисан юм шиг, эсвэл газрын гаваар орсон юм шиг таг чимээгүй байсаар байна.

Дахиад  өнөө итгэлцэл гээч нь үүсэхгүй байна.  Стратегийн салбарын хөрөнгө оруулалтын алдарт хуулийг хүчингүй болгож цоо шинэ хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн хуулийг Монгол улс баталсан таг чимээгүй.

Урт нэртэй хууль, 106 лиценз зэрэг асуудлыг шийдвэрлэсэн хэдий ч л одоо бол сонирхол татах сенсацитай  сэдэв бишээ.

Гадны хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжин гэхээр Оюу толгой шийдэгдээгүй байхад сонин биш байна.  Бидний итгэлцэл өнөөдөр ийм түвшинд байна.  Өрнөж байгаа үйл явдлаас  зөвхөн сөрөг бүхнийг хайсан, шүүмж лэл муулахын зонтойнтой юм шиг аашилсан.  Бие даасан хараат бус тодотголтой эсвэл эх оронч элдэв гэрээ хэлэлцэлийг эсэргүүцэгч хүмүүсийн бизнес одоо эд цэцэглэж байна.

Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэрч гэсэн ээж минь гэж Монголчууд бид ярьдаг.  Эх орноо, өөрсдийгөө, Монголоо юм болгонд  муулан муулан байж өөрийгөө хараат бус бие даасан  эсвэл эх оронч гэж хэлүүлээд яах юм бэ.

Монголд хөрөнгө оруулах нь бага дан ганц засгийн газарт, зөвхөн Монгол улсад ашигтай биш ээ.

Хөрөнгө оруулалт хэн бэ гуай ч бас хэрэгтэй.  Олон улсад хэлж заншсанаар харилцан ашигтай  ойлгож хүлээн зөвшөөрөх , мөн ийм зарчмыг баримтлан ажиллах цаг иржээ.  Бизнесийн үйл ажиллагаа явж байхад бизнесийн байгууллагууд, засгийн газар ч ялгаагүй  арбитрийн шүүх дээр очих, маргаан таслуулах  нь хэвийн зүйл гэж үздэг.

Энд байгаа гадны хүмүүс ч гэсэн өөр өөрийнхөө засгийн газрын арбитрийн шүүх дээр хэдэн маргаантай байгааг сонирхоод  үзвэл хэдэн арваар, зуугаар тоологдох дүн мэдээг сонсоно.  Монгол улсын засгийн газар одоо арбитр дээр дөрөвхөн маргааны асуудалтай байгаа. Гэтэл Хан ресурс компанийг хэн ингэж хүлээж байна вэ?  Бусад улсууд энгийн хэвийн гэж үзэгддэг бизнесийн нэгэн үйл явц монголд болохоор микроскофоор өсгөж харагдуулах учир юунд байна вэ . Монгол улсыг ингэж харагдуулах ер нь хэнд ашигтай вэ гэдэг асуудлыг хаана хаана нэг бодож үзэцгээе.

Бид байгаа байдлыг өнгө зүс оруулж гоёч гойдох гэсэнгүй.  Бид байгаагаараа харагдахыг байгаагаа үнэлүүлэхийг хүсэж байна. Харин хэдхэн жилийн өмнөхөөс ялгаатай нь итгэлцэл гэдэг юмыг алдвал хэдэн нартай өдрүүд хуртай өдрүүдээр хурдан солигддог.  Хэрхэн түүний ханш унахад хүмүүсийн амьдралд хүнд тусдаг.  Дан ганц байгалийн баялагаараа бус бусдын техник технологи хүн хүч хөрөнгө мөнгөний тусламжаар хөгжлийг мэдэрсэн туулсан, улам хэрсүү , алдсан итгэлээ эргүүлэн олж авах хүсэлтэй сонирхолтой Монгол орон монголын төр засаг та бүхнийг хүлээж байна гэдгийг ойлгуулахыг хүсэж байна.  Энэ танхимд Монгол гэдэг бизнес нь хөгжөөсэй, ус нь хүсэлтэй хүмүүс цугласан гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол сайхан байвал бид хамтдаа сайхан байна. Монголчууд бид өөдрөг ард түмэн.  Байгалийн асар их баялагтай, хүмүүс нь найрсаг Монгол оронд хөрөнгө оруулалчийн сэтгэлийг татна гэдэгт  бид эргэлздэггүй.  Оюутолгойн далд уурхай төслийг урагшлуулахад бидэнд дахиад нөгөө итгэлцэл одоо хэрэг болж байна.  Бид сөрөгжилч биш  бид хамтрагчид . Хоёр тал нэг завин дээр явж байгаа хамтрагчид аа.

Энэ төслөөс Монгол улс  харилцан ашигтай гарах ёстой. Бид асуудалд хандах хандлагаа ингэж өөрчилж чадаж эхэлж байгаа учраас тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Монголын Эдийн засгийн форум болж байгаа энэ өдрүүдэд  Тавантолгойн консурцум хийж байгаа хэлэлцээр мөн төгсгөлийн шатандаа орж байна.

Оюу толгой төслийн араас хөтлөх Тавантолгой төсөл, шинэ төмөр замын бүтээн байгуулалтууд, Тавдугаар цахилгаан станц , Эгийн голын усан цахилгаан станц , Багануур , Шивээ овоо, Тавантолгойн цахилгаан станцуудын хөрөнгө оруулалтууд, шинэ үйлдвэрүүд, хурдны замууд, шинэ хорооллууд, орон сууцны барилга болон бусад бүтээн байгуулалтууд  ар араасаа олон олон шинэ хөрөнгө оруулагчдыг татах болно.

Монгол улсын зүгээс гарах, ар араасаа цуврах сайн мэдээнүүд Монголд итгэх итгэлийг эргэлт буцалтгүй  дахин бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.  Өнөөдрийн та бидний оролцож байгаа энэ форум ч  хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг хүлээж байгаа . Монгол оронд итгэж болох итгэлийг нэмэгдүүлсэн  арга хэмжээг болохыг ерөөж байна.

Харилцан яриа, ойлголцол дээр суурилсан итгэлцэл түншлэл хамгаас их өгүүлэгдэж байгаа энэ үед энэ жилийн форум ажлаа эхэлж байгаа нь шийдэл гарцыг авчирахыг  билэгдэл биз ээ. Монголын эдийн засгийн форум албан ёсоор нээгдэж  байна.

Монголын Эдийн засгийн форумын ажиллагаанд амжилт хүсье.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.