2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Чинзориг: Би улстөржөөгүй, хууль хэрэгжүүлэхийн тулд дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн

С.Чинзориг: Би улстөржөөгүй, хууль хэрэгжүүлэхийн тулд дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

С.Чинзориг: Би улстөржөөгүй, хууль хэрэгжүүлэхийн тулд дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн

 

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг салбартаа “сэлэм” эргүүлж, төрийн албан хаагчдыг ажлаас нь халсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл энэхүү мэдээлэлд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнгөрсөн баасан гаригт тайлбар хийлээ. Түүний хэлж буйгаар 21 аймгийн МСҮТ, бүх аймаг, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга гээд нийт 50 гаруй хүнийг хууль хэрэгжүүлэхийн тулд ажлаас нь чөлөөлжээ. Учир нь , өмнөх Засгийн газрын үед Төрийн албаны тухай хууль, Түр орлон гүйцэтгэгчийг томилох тухай журмыг зөрчиж, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг 2013 онд хууль бусаар томилсон байдаг аж. МСҮТ-ийн захирлуудыг ч сонгон шалгаруулалтын журмаар томилох ёстойг цагаан дээр хараар бичсэн атал үүнийг харгалзаж үзээгүй юм байна. Дээрх албан тушаалтнуудыг 2013 онд түр орлон гүйцэтгэгчээр томилсон мөртлөө өнөөдрийг хүртэл жинхлээгүй байж. Ийм хариуцлагагүй байдал “Шийдлийн” Засгийн газар байгуулсны дараа Төрийн нарийн бичгийн дарга нарын маргаанаар үргэлжилсэн гэдгийг С.Чинзориг сайд хэлж байлаа. Тиймээс хуулийг хэрэгжүүлэхийн тулд сонгон шалгаруулалтгүй, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Үүнд улстөржиж, намчирхсан зүйл огт байхгүй хэмээсэн юм. Ажлаас нь халсан МСҮТ, хөдөлмөрийн хэлтсийн удирдлагууд удахгүй зарлах сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй гэнэ. Хэрвээ Хөдөлмөрийн сайдын ажлаас халсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл хуулийн байгууллагад хандах эрх ч бий гэлээ. Мэдээллийн үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
 
-Ч.Сайханбилэгийн Засгийн газраа байгуулаад гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хууль зөрчсөн шийдвэрийг яагаад одоо залруулж байгаа юм бол?
 
-Засгийн газар Төрийн албаны зөвлөлд хандаж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах санал гаргасан. Үүний дараа манай яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэн гэдэг хүн томилсон. Энэ оны хоёрдугаар сарын дундуур сонгон шалгаруулалт зарлаж, Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгосон. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөл гуравдугаар сарын 12- нд тогтоол гаргаж, манай яамны Төрийн албаны салбар зөвлөл эрхзүйн чадамжтай болсон. Энэ бүхний дараа тушаал гаргахаас өөр аргагүй байлаа. Нөгөө талаас эдгээр хууль бус томилгоог хүчингүй болгохдоо өмнөх шиг нь хууль зөрчсөн зүйл байхгүй. Түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо Төрийн албаны хууль, журмын дагуу ажилласан. Тодруулбал, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг ажлаас нь чөлөөлж, тухайн хэлтэст ажиллаж байгаа мэргэжилтнийг шинэ даргыг нь томилох хүртэл түр орлон гүйцэтгэж байх тушаал гаргасан. МСҮТ-ийн захирлуудыг чөлөөлөхдөө оронд нь гаднаас хүн томилоогүй. Одоо төвдөө ажиллаж байгаа сургалтын албаны дарга нарыг сонгон шалгаруулалт болтол байгууллагаа удирдах үүрэг өгсөн.
 
-Ажлаас нь халсан дарга нар “улстөржсөн” гэж тайлбарлаж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
 
-Намчирхсан бол сайдаар очсоныхоо маргааш хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоод түр орлон үүрэг гүйцэтгэгч нарыг томилж болох байсан. Би энэ асуудалд яагаад нухацтай хандсан гэхээр хуулийнх нь дагуу Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилж, Төрийн албаны салбар зөвлөл чадамжтай болохыг хүлээсэн. Энэ бүхэн хууль ёсны дагуу болж, эрх зүйн чадамж бүрдсэн учраас тушаал гаргасан. Хуулийг хүндэтгэж, дотор нь ажиллаж байгаа ажилчдаар даргыг нь томилох хүртэл түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэр гаргасан юм.
 
-Ажлаас нь чөлөөлсөн хүмүүс улс төрийн томилгоогоор очсон дарга нар байв уу?
 
-Би шийдвэр гаргаж, нийслэл, аймгийн нийт 30 хөдөлмөрийн хэлтсийн дарга, МСҮТ-ийн 30 захирлыг ажлаас нь чөлөөлсөн. Эдгээрийн олонхийг нь гаднаас томилсон. Дотор нь төрийн албанд ажиллаж байсан хүн ч бий. Төрийн албаны зөвлөл дээрх дарга нарын материалыг хянаж үзнэ.
 
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлагуудад 15 хувийн цомхотгол явуулах чиглэл өгсөн. Одоо хэчнээн төрийн албан хаагч цомхотголд өртөөд байна вэ?
 
-Төсвийн тодотгол хэлэлцэж байх үед 11 мянган төрийн албан хаагчийг цомхотгох тухай асуудал ярьж байсан. Гэхдээ эдийн засаг хүндэрсэн ийм цагт 11 мянган хүнийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэх нь эргээд илүү их дарамт болно гэж үзсэн. Иймд 1600 хүнийг цомхотгох шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар 1000 орчим хүнийг цомхотгоод байна. Ажлаас чөлөөлсөн төрийн албан хаагчдад зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын сангаас 76 хоногийн тэтгэмж олгож байна. Түүнээс гадна хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр шинэ ур чадвар эзэмших сургалтад үнэ төлбөргүй хамруулж байгаа. Яг одоогоор хэдэн төгрөгийн тэтгэмж олгосон талаар нарийн мэдээлэл алга.
 
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж магадгүй гэсэн мэдээлэл байна. Яамны төвшинд энэ тухай ярьсан зүйл бий юү?
 
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх асуудлыг бид судалж байна. Гурван талт хэлэлцээрийн үндэсний хороогоор хэлэлцээд шийдвэр гаргана. Ирэх сараас энэ ажлыг эхлүүлэх байх. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэмэх ёстой гээд шууд автоматаар нэмнэ гэсэн үг бас биш. Эдийн засгийн өсөлт, ажилгүйдлийн төвшин, үнийн өсөлт, инфляци гээд олон зүйлийг харгалзан үзэх шаардлагатай болдог.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.