2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Б.Энхбаяр: Ц.Элбэгдоржийн гар хөл гэж дуудагдах үе байсан

Б.Энхбаяр: Ц.Элбэгдоржийн гар хөл гэж дуудагдах үе байсан

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 Б.Энхбаяр: Ц.Элбэгдоржийн гар хөл гэж дуудагдах үе байсан

 

Төрийн тэргүүний улс орноо бодсон уучлал нь улсаа хохиролд оруулаад зогсохгүй, Үндсэн хуулиа зөрчсөн ноцтой алдаа талаар иргэн Б.Энхбаяр өмнө нь мэдэгдэж байсан. Улмаар тэрбээр дээрх асуудлаас гадна Ц.Элбэгдорж ажлын тайлангаа гаргаж өгөөгүй нь эцэг хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан юм. Энэ мэдээллийн дараахан Төрийн тэргүүн ажлын тайлангаа УИХ-д гаргаж өгөн алдаагаа зассан бөгөөд иргэн Б.Энхбаяр ч гомдлоо татсан билээ. Гэхдээ тэрбээр хоёр үндэслэлийнхээ нэгийг нь л эргүүлсэн татсан аж. Энэ талаар тодруулахаар түүнийг “Ярилцах танхим”-ынхаа зочноор ярьсан юм.

 

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн өргөдлөө эргүүлэн татсан байсан. УИХ-д ажлын тайлангаа гаргаж өгсөн ганц шалтгаанаар эргүүлэн татсан гэхэд эргэлзэх нэгэн байна. Үүнд тодорхой тайлбар хийхгүй юу?

 

-Анх гурван үндэслэлээр Ерөнхийлөгчийг Цэцэд өгөхөө би мэдэгдсэн. Үүнээс нэг нь буюу зарим шүүгч нарыг хуульд заасан үндэслэл, шалтгаан нэрлэлгүй чөлөөлсөн гэх асуудал нь одоо Улсын Дээд шүүх дээр маргаан нь дуусаагүй байгаа юм байна. Нэгэнт тухайн асуудал шүүхийн шатанд маргаан нь эцэслэгдээгүй байгаа бол Цэц хүлээж авдаггүй хуультай юм. Тийм учраас хоёр асуудлаар Цэцэд хандсан байсан. Эхнийх нь “Ерөнхийлөгч ажлаа УИХ-д хариуцна” гэх Үндсэн хуулийн заалтыг эс үйлдлээр хэрэгжүүлэхгүй байна гэж. Дараагийнх нь Ж.Капла нарт шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, хохирлоо барагдуулаагүй байхад нь уучлал үзүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж. Энэ хоёр асуудлын эхний гомдлын шаардлагаа өнөөдөр татаж авсан.

-Гол нь та хоёр үндэслэлээр Цэцэд хандсан байсан. Гэтэл Ерөнхийлөгч нэг гэмээ ухаарч, ажлын тайлангаа өглөө шүү дээ. Тэгэхээр үлдсэн асуудлыг нь юу гэж ойлгох уу?

-Уучлал үзүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж буруутгасан байр суурь маань хэвээрээ. Тэр асуудлыг би татаж аваагүй. Тэгэхээр Цэц маргаан үүсгэх эсэхийг судалж байгаа гэсэн үг. Ерөнхийлөгч ажлаа хариуцна гэх заалтыг хэрэгжүүлэхгүй байна гэсэн асуудлаа харин татаж авсан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д ажлын тайлангаа ирүүлээд, тэрхүү тайлан нь УИХ-ын вэб сайтад албан ёсоор тавигдаж олон нийтийн хүртээл болсонтой холбоотой. Нэгэнт тайлангаа ирүүлэхгүй байна гэсэн гомдлын шаардлага хангагдсан учир хаашдаа Цэц энэ асуудлаар маргаан үүсгэхгүй байх хууль зүйн нөхцөл байдал бий болчихлоо. Одоо Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэх асуудал нь Ерөнхийлөгчөөс бус УИХ-ын удирдлагаас хамаарах болчихсон тул ийм шийдвэр гаргасан юм.

-Магадгүй хэсэг нөхөд Ноён уулаар шоудаж байгаа шиг та ч гэсэн завшааныг алдалгүй өөрийгөө PR-дав уу гэх хардлага төрж байна?

-Үнэндээ наадах чинь надад бол зохихгүй асуулт байна л даа. Яагаад гэхээр би Ерөнхийлөгчийг ажлын тайлангаа УИХ-д ирүүлэх хуультай, Үндсэн хууль зөрчигдөөд байна гэдгийг гэнэт сая ярьчихсан асуудал биш юм. Аль хоёр жилийн өмнө буюу 2013 оноос ярьсан. Өдөр тутмын сонинд энэ тухай “Үндсэн хууль бол үндэсний зөвшилцөл” гэх нийтлэл бичиж гаргаж байсан. 5-6 сайтуудаар тухайн үедээ нийтлэгдэж л байсан. Хүмүүс анзаарахгүй, тоохгүй л байгаад байсан. Сая л Цэцэд албан ёсоор хандах үед л нэг юм нүд, чихээ нээж анзаарах шиг боллоо. Энэ дашрамд харин нэг зүйлийг хэлчихье. Миний Цэцэд хандаж тавьж буй асуудал бол Ц.Элбэгдорж гэдэг хувь хүний мууг үзэх тухай асуудал биш. Хэн байхаас үл хамаарч Ерөнхийлөгч гэдэг албан тушаалтан парламентын өмнө хариуцлага үүрч, түүний өмнө ажлаа хариуцдаг байх тухай юм. Том утгаараа манай улс парламентын засаглалтай бүгд найрамдах улс мөн юм шүү, Үндсэн хуулийн үзэл санаа тийм юм шүү, хууль шүүхийн өмнө Ерөнхийлөгч ч, жирийн иргэн хэнбугай ч эрх тэгш шүү гэдгийг л мэдүүлэх гэсэн л амбиц надад байгаа юм. Энэ хүсэл минь зохих ёсоор хожуу ч гэсэн хангагдаж эхэлж байгаад баяртай байгаа. Та бод л доо. 23 жилийн турш огт хэрэгжээгүй, мартагдчихсан, хэлээд сануулаад тоохгүй байсан Үндсэн хуулийн тэр заалт сая Цэцэд хандаж, ташуурдуулж байж хэрэгжиж эхэлж байна шүү дээ. Энэ чинь хуульч миний хувьд амжилт мөн биз дээ. Одоо УИХ Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцчихвэл тэгээд л болоод явчихна тэр.

-Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч тайлангаа ирүүлснээс хойш УИХ сарын дотор хэлэлцэнэ гэх хуулийн заалтыг яагаад УИХ-ын дарга хэрэгжүүлэхгүй байна гэх асуулт тавигдах боллоо. Магадгүй тайланг хав дарснаар Үндсэн хуулийн Цэцэд дуудагдана гэх. Энэ талаар та хуульч хүнийхээ хувьд тайлбар хийгээч?

 

-УИХ-д ирүүлсэн Ерөнхийлөгчийн тайланг УИХ-аар хэлэлцүүлэхгүй,  хуулийнх нь хугацааг хэтрүүлбэл УИХ-ын удирдлагын буруутай эс үйлдэхүйн асуудал яригдаж эхэлнэ. Одоогоор УИХ завсарлачихсан, хаврын чуулган эхлээгүй байгаа тул шууд Цэцэд хандах түвшинд зөрчил үүсээгүй байна. Тэгэж Цэцдүүлж байж хэлэлцэх байдлыг гаргахгүй байх гэдэгт итгэж найдаж байна.

-Төрийн тэргүүн “Ер нь Үндсэн хууль дээр ажлаа хариуцна гэж нэг үг бий. Ерөнхийлөгч ингэж ажиллалаа гэдэг тайланг жил бүр хүргүүлдэг. Үүний дагуу би тайлангаа хүргүүлж байгаа. УИХ дуудаад тайланг чинь сонсъё гэвэл очно шүү дээ” гэж хэлж байсан. Хууль зүйн талаас ийм байж болох уу?

 

-Ерөнхийлөгчийн хувьд тайлангаа хүргүүлснээр өөрөөс хамаарах үйлдлээ хийчихэж байгаа юм. Ер нь өмнөх төрийн тэргүүнүүд, УИХ бүгд л тодорхой хэмжээгээр буруутай. Хэрэв УИХ нь тайланг нь хэлэлцэхгүй байгаад байвал Ерөнхийлөгч хуульд заасны дагуу хэлэлцээч гэж шахаж шаардаж байхгүй юугаа ч хийж байсан юм. УИХ нь ч тэр хуулиа эс мэдэгч царайлаад дүмбийгээд яваад байдаг нь ч юу юм. Гэтэл энэ харилцаа нь зүгээр нэг Ерөнхийлөгч УИХ-ын дарга гэсэн хоёр хувь хүний хоорондын харилцаа биш. Харин үндсэн хуульчлагдсан төрийн дээд байгууллагуудын хууль ёсны харилцаа юм. Хувь хүмүүс бол яахав дээ. Нэг нэгнийхээ гэр орноор ороод, цай уунгаа ажил төрлөө ярьчихна. Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнаж байгаа нь үнэн хэрэгтээ ард түмэндээ тайлагнаж байгаа хэлбэр юм. Энэ бол хариуцлага, сахилгатай холбоотой асуудал. Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна уу, шийдвэр зарлигууд нь хууль ёсны дагуу байна уу, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хийгдэж буй томилгоо, шийдвэрүүд ард түмний нийтлэг ашиг сонирхолыг хангаж чадаж байна уу, гадаад улс оронд эх орноо төлөөлөх үүргээ хангалттай хийж байна уу үгүй юу гээд олон асуудлын зангилаа чухамхүү энэ тайлагналаар дамжиж тодорхой болох, улмаар буруу гажуу зүйл байгаа бол түүнийг нь УИХ засах, засахыг шаардах ийм өргөн асуудлыг ардаа багтаасан асуудал юм шдээ.

-ЕрөнхийлөгчЖастин Капла нарыг уучилсан ч Монгол Улсад учруулсан хохирлоо барагдуулах ёстой. Энэхүү шүүхийн шийдвэр нь хэвээрээ байгаа гэдгээ хэлсэн. Гэхдээ энэ нь хэр боломжит зүйл юм бол?

-Энэ асуудал нь шүүхийн шатанд одоо маргаан нь үргэлжилж байгаа учраас надад урьдчилж хэлэх зүйл алга. Чухамхүү энэ шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд дундаас нь оролцож гэм буруутнуудыг уучилсан нь буруу гэдэг миний байр суурь одоо ч хатуу байгаа. Цэц удахгүй энэ асуудлаар хариугаа өгөх биз дээ.

-Та өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хууль зөрчсөн асуудлаар Цэцэд мөн өгч байсан. Энэ удаад Ерөнхийлөгчийг өглөө. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гаргасан шийдвэрээ цуцлаж байсан бол Ерөнхийлөгч тайлангаа өглөө. Хэдийгээр энэ нь сайшаалтай ч нөгөө өнцгөөс нь харвал буугаа АН-ынхан руу чиглүүлсэн байдал ажиглагдаж байна?

-Би тэгж харж буй хүмүүсийг бол ойлгоно. Гэхдээ нэг зүйлийг та бод. Үндсэн хуулийн Цэцийн хараа хяналтанд байдаг хэдхэн албан тушаалтан бий. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд. Энэ албыг хашиж буй хүмүүс нь угаасаа одоо нэг л намын угшиглтай хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр наадах чинь тэгэж харагдах нь аргагүй. Таныг ингэж асуусантай холбоотойгоор би нэг түүх ярьчих уу. Жишээ нь, би 2005 онд Цэцэд хандаж байлаа. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байв. Мань хүн хоёр сайдтайгаа хамтарч ажиллахгүй гээд шийдсэн чинь нөгөө хоёр нь шүүхдээд шүүх тэрийг нь хүлээж авчихдаг байхгүй юу. Үр дүнд нь Ерөнхий сайд хэн гэдэг сайдтай хамтарч ажиллахаа өөрөө шийдэж чадахгүй болчихсон. Би тэр үед шүүх Засгийн газрын ийм улс төрийн шийдвэрийг хэлэлцдэг нь буруу байна аа, хэнтэйгээ ажиллах нь Ерөнхий сайдын бүрэн эрх, энд шүүх оролцох ёсгүй, сайд гэдэг бол цэвэр улс төрийн алба болохоос нас, мэргэжил, туршлага гээд шалгуур тавьдаг ийм ажил биш гээд Цэцэд хандан Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх хэлэлцдэг байсныг Үндсэн хууль зөрчсөн гээд хүчингүй болгуулж л байсан. Тухайн үедээ Ц.Элбэгдоржийн гар хөл болсон мэт зарим нь харддаг л байсан. Би зүгээр л Үндсэн хуулийнхаа зарчимыг өмөөрч хандсан тэр үед. Одоо ч тийм. Үндсэн хууль бол хэн нэгний өмчилдөг, өөрийнхөө таалалд нийцүүлэн ашигладаг зэвсэг огт биш. Энэ бол үнэт зүйл. Манаач нь Цэц. Нүдээ чилээж Үндсэн хуулийнхаа үзэл санааг биежүүлэхэд санаа тавих ёстой хүмүүс нь бид,  жирийн иргэд. Тэр дундаа Үндсэн хуулиар мэргэшсэн хуульчид. Үндсэн хуулийн Цэцэд очдог маргаанууд ердийн маргаан байдаггүй. Ихэнхдээ онолын, үзэл баримтлалын, эх сурвалжийн, олон улсын эрх зүйн харьцуулсан шинжтэй маргаан байдаг. Тийм болохоор үндэслэл нотолгоо нь ч өргөн хүрээг хамардаг. Ийм түвшний маргааныг бид хийж, ялж, Үндсэн хуулиа сахиулж байхгүй бол юу болох вэ дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн өөрөө хэлсэн байдаг биз дээ. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх нь өөрөө тэрнээс долоон дор гэмт үйл гэж. Ийм л байна.

-Хэдийгээр та иргэн хүн ч бас МАН-ын бүлгийн ажлын албаных гэх тодотголтой. Энэ утгаараа МАН-ын малгай тань энэ намынхны улыг шагайгаад байна уу гэх хардлагыг төрүүлэх юм?

-Миний хувьд МАН-ын 1996 оны гишүүн. Одоо 19 жил болж байна. Улс төрийн алба ч, төрийн алба ч хашиж байсан. Төрийн жинхэнэ албанд ажиллахдаа нэг зүйлийг алдаж буйгаа их мэдэрдэг байсан. Тэр бол үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөө. Арга ч үгүй юм байна лээ. Хүссэн хүсээгүй та төрийн жинхэнэ алба хашиж буй бол төрийн байгууллага, үйл ажиллагааны талаар чөлөөтэй байр сууриа илэрхийлэх эрхээ хязгаарлуулдаг. Тусгай албад бүр ажилт хаялт зарлах эрхийг нь хүртэл хорьсон байдаг. Энэ нь ч зүй ёсны юм. Харин улс төрийн алба бол та энэ эрхээ хуулиар хязгаарлуулахгүй. Эцсийн эцэст би оюун санааныхаа эрх чөлөөг илүүд үзэж сонгосон жирийн л хуульч. Жишээ нь, хүний ул шагайх сонирхолтой, нам ч байр суурьнаас ханддаг байсан бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дахин сонгуульд нэр дэвшихээс нь өмнө Цэцэд өгчих боломж надад байж л байсан. Тэгээгүй. Зүгээр нийтлэл бичээд тухайн үед нь хэвлэлээр сануулж, үүнийгээ засаарай л гэж сануулсан. Үнэхээр засахгүй, тэр нь хэтийдээд, хэм хэмжээнээсээ халиад ирэхээр нь арга буюу тэвчээр алдаад хандаж байх жишээтэй. Заримдаа гайхдаг юм. Миний хоёр жилийн өмнө бичиж сануулж байсныг уншсан дурын иргэн яагаад шүүрч аваад Цэцэд хандчихаагүй юм бол. Айдаг юмуу, араа боддог ч юм уу, эсвэл мэддэггүй ч юмуу бүү мэд. Би бол шипиг нь өгсөн. Тэгээд ч ер нь эрүүл, хууль ёсны шүүмжлэлийн буруу гэж юу байх вэ. Эрүүл шүүмжлэл өөрөө ухаалаг гарц шийдлийг хамт дагуулж явдаг юм шүү дээ. Харин тэр үзэн ядалт гэдэг чинь л дандаа хар барааныг ардаа чирж явдаг байх. Сүүлийн үед нам, намжлаа гэдгээс хүмүүс их цэрвэдэг болж. Би ойлгож байна. Намууд нь нам шиг нам байж чадахгүй, үзэл санаа, бодлогын нам байх хэв шинжээ алдаад, өнгө мөнгө, улс төрийн авилгад автаж ялзраад байхаар тэгж байгаа юм. Намуудыг сайхан шүүмжлээдэх гэвэл би бүр хэнээс ч илүү согогыг нь ил гаргаад шүүмжлээд хаяж чадна.

-Өөрийнхөө намыг ч уу?

-Өөрийнхөө намыг ч тэр. Энд бүү эргэлз. Өөрөө дотор нь ороод түүнийг илааршуулахын төлөө ажиллаж, үр дүн гаргахын төлөө чармайх гэдэг нь амар ажил гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Намгүй нийгэм гэж өнөөдөр хаана ч байхгүй. За хэдэн дарангуйлагч, хаад байж магадгүй. Тийм болохоор тэр нь бохир байгаа бол тэр хир буртагнаас ангижруулахын тухайд сэтгэл, мэдлэг, оюунаа чилээхийг илүүд үздэг.  Жишээ нь, хувь хүнийхээ хувьд эрсдэлд дуртай. Эрсдэл гашуун ч амттай байдаг. Ямар ч эрсдэлгүй, хэнтэй ч муудалцахгүй, цаад утгаараа дайсан нэмэхгүй сайхан яваад байж болно л доо. Би л лав ийм нэгэн хэмийн амьдралын хэмнэлд дургүй. Залуу халуун насан дээрээ л хүн нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа юмыг засахын төлөө дуугарч ажиллахгүй бол өтөл нас руугаа хэвийгээд ирэхээр тэр хир буртагаа анзаарахгүй байхад эсрэгээрээ суралцаж эхэлдэг гэдгийн байна лээ. Би л лав тэгж нүдээ аньчаад явмааргүй байна. Тэгж амиа хоохойлмооргүй байна. Миний ард үр хүүхдүүд маань жаахан ч атугай шударга нийгэмд амьдарч үлдээсэй гэж бодож байна. Яадгийн нэг хэсэг хүнтэй дайсан болно л биз. Шатаж амьдаръя л даа.

Л.НИНЖСЭМЖИД

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.