2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Багануур дүүргийнхэн хэдий болтол “толгойгүй мэт” явах юм бэ


Багануур дүүргийнхэн хэдий болтол “толгойгүй мэт” явах юм бэ

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

Багануур дүүргийнхэн хэдий болтол “толгойгүй мэт” явах юм бэ

Орон нутгийн сонгууль дуусаад жил гаруй болж байгаа. Гэтэл Багануур дүүрэг өнөөг хүртэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа нэг ч удаа албан ёсоор хуралдуулж чадаагүй, томилогдсон Засаг дарга нь хууль зөрчсөн, төсөв төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө өнөөг хүртэл батлаагүйн улмаас огцорчихсон байдалтай байна. Намар хаяанд ирж сургууль цэцэрлэгийн хичээл эхлэх болчихоод байхад нийслэлийн дулааны 60 хувийг хангадаг Багануур дүүргийн өвөлжилтийн бэлтгэл дөнгөн данган 40 хувьтай, дээр нь иргэдийн талцал бухимдал дээд цэгтээ хүрчихсэн хүндхэн байдалтай байгааг тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын төлөөллүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллэсэн юм. Хэвлэлийн бага хурлын өмнө МАН-ын нарийн бичгийн дарга М.Оюунчимэг орон нутгийн сонгуулиас хойш бүтэн 11 сар өнгөрчихөөд байхад Багануур дүүрэгийн иргэдийн хаан сонголтыг баталгаажуулахгүй улс төржүүлж, эзэнгүй айл шиг нөхцөл байдалд байлгаж байгааг төр засгийг удирдлагууд анхаарч, арга хэмжээ авахгүй жилийн нүүр үзэх гэж байгааг хэллээ.  

 

2012 оны орон нутгийн сонгуулийн дараа МАН-аас 13, АН-аас 12 хүн иргэдиийн төлөөлөгчөөр сонгогдсон. Ингээд иргэдийн хурлаа хийх гэтэл АН-ын төлөөллүүд хуралдаа ирээгүй. Иргэдийн хурал хуралдаж Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаа сонгосны дараа хууль зөрчсөн хэмээн Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Энэ хэрэг нь 12 удаа хойшилсоор өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа аж. Тиймээс Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал албан ёсоор хуралдах боломжгүй байгаа гэдгийг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хэлж байсан юм. Удалгүй АН Засаг даргын суудлыг авах шалтаг хайж, шүүхдэж эхэлсэн байна. Ингээд эцэст нь хоёр тал гэрээ хийж АН-аас Засгийг, МАН-аас  ИТХ-ыг даргалахаар болжээ. Гэтэл удалгүй АН ИТХ-ын эрх мэдлийг авахаар улайран дайрч эхэлсэн байна. Тухайлбал, Иргэдийн төлөөлөгчдийн даргынх нь эзгүй хойгуур хаалга эвдэж орсон, тамга хулгайлах гэж оролдсон хэрэг дөрөв таван удаа гарчээ. Тэр ч бүү хэл Иргэдийн төлөөлөгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, тамга тэмдэг алдагдаагүй, ажлын байран дээрээ хадгалагдаж байгааг Цагдаагийн байгууллага шалгаж үзээд гурван ч удаа тогтоосон байхад “алдагдсан” хэмээн хуурамч бичиг үйлдэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баттулгад танилцуулж, тамга шинээр хийлгэн хууль зөрчсөн байна. Мөн хууль зөрчсөн гэх янз бүрийн шалтгаанаар Багануур дүүргийн ИТХ дахь МАН-ын төлөөллүүдийг Захиргааны хэргийн шүүхэд өгөөд байсан ч шүүх үндэслэлгүй хэмээн үзэж АН-аас гаргасан нэхэмжлэхийг хүчингүй болгоод байгаа юм. 

 

Тэд энэхүү үйлдлээ Багануур дүүргийн ИТХ ажлаа хийхгүй байна гэсэн үгээр хаацайлж байгаа боловч үнэн хэрэгтээ тус дүүргийн АН, түүнээс сонгогдсон төлөөлөгчдийн иргэдийн сонголтыг хууль бусаар авах гэсэн энэ мэт оролдлого хэрээс хэтэрч, үүнтэй холбогдсон маргаанууд шүүхийн шатанд шийдэгдэхгүй удааширснаас орон нутаг төсөв төлөвлөгөөгөө баталж, ИТХ-аа ч хуралдуулж чадахгүй байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй. 

 

Харин энэ хугацаанд АН-аас сонгогдсон Засаг дарга нь удаа дараа хууль зөрчсөн үйлдэл гаргажээ. Тухайлбал, төрийн албан хаагчдыг олноор нь халж, оронд нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр танил тал, хамаатан саднаа авсан, үүрэг даалгавар биелүүлээгүй гэх шалтгаанаар зарим төрийн албан хаагчдын дансыг хааж хоёр сар цалин олгоогүй, дүүргийн өнгөрсөн онд хэмнэсэн зардлыг хайр гамгүй зарцуулж, зах зээлийн үнээс хэтэрсэн машин худалдан авч байгаа аж. Түүнчлэн Засаг даргын орлогчын орон тоог гурав болгон нэмж, зөвлөх хүртэл авсан байна. Ингэж төсвийн үргүй зарж байгаа нь эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа энэ үед улам нэрмээс болж байгааг Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хэлж байлаа. Сонгууль дуусаад жил болчихсон байхад орон нутагт ямар ч төсөв төлөвлөгөө батлагдаагүй, мөрийн хөтөлбөргүй, эрх зүйн чадамжгүй  Засаг даргатай өнөөг хүртэл явж ирсэн нь төрийн албаны хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм. Тиймээс дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид чадамжгүй Засаг даргыг огцруулсан байна. 

 

Монгол Улсад эдийн засгийн хямрал болж байгаа бол орон нутагт засаглалын хямрал түүнээс ч их нүүрэлчихээд байгааг Багануур дүүргийн ИТХ дахь МАН-ын төлөөллүүд хэлж байлаа. “МАН төрийн ажлыг хамтарч хийе гэсэн байр сууринаас хандаж ирсэн бөгөөд өдгөө ч гэрээ хэлцэл ёсоор Засгийн эрхийг АН-д хэвээр үлдээж, Багануур дүүргийн Засаг даргад хариуцлагатай хүн томилохыг хүлээж байна” хэмээн Багануур дүүргийн МАН-ын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлсэн юм. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл гээд ид ажил ихтэй байдаг энэ үед Засаг дарга ч үгүй, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хийж чадалгүй төрийн ажил цалгардаж байгаа учраас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хотын захиргаа энэ асуудлыг анхааралдаа авч, яаралтай шийдэж өгөхийг хүсч буйгаа уламжиллаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.