2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АБГББХ-ны дарга Ж.Энхбаяр мэндчилгээ дэвшүүлээ

АБГББХ-ны дарга Ж.Энхбаяр мэндчилгээ дэвшүүлээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

АБГББХ-ны дарга Ж.Энхбаяр мэндчилгээ дэвшүүлээ

 

 

Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа,

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,

Энхийн цэрэг, цэнхэр дуулгатнууд аа,

Монгол Улсын маань сүр хүч, эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл болсон Та бүхэндээ Монгол цэргийн өдрийн болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж байна.

Орчин цагийн Монгол Улсын Зэвсэгт хүчний туулж ирсэн зам бол 1911, 1921 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтыг авчирсан Богд хаант Монгол Улсын цэргүүд, Ардын хувьсгалын партизанууд, Ардын намын цэргүүд, 1939, 1945 оны дайн, 1940-өөд оны Баруун хязгаарын зэвсэгт тулгаралтад оролцож ялалт байгуулсан цэрэг, дайчид, хүйтэн дайны он жилүүдэд болон төр, нийгмийн шинэчлэлийн амаргүй цаг үед цэрэг, армиа шинэчлэн байгуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн- Зэвсэгт хүчний хэмжээнд хүргэсэн манай генерал, офицер, ахлагч нарын эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан баатарлаг гавьяаны түүх юм.

Зэвсэгт хүчний уламжлалт энэхүү баярыг тохиолдуулан эх орноо хамгаалах ариун үйл хэрэгт ганц олдох амьдралынхаа гал дөл бадарсан залуу нас, эрч хүч, эрдэм боловсролоо харамгүй зориулсан ахмадууд болон өнөөдөр Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, хүчний бусад байгууллагад алба хааж буй бүх генерал, офицер, ахлагч нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Монгол цэргийн олон зууны уламжлал, орчин цагийн Зэвсэгт хүчний түүх нь манай ард түмний ашид мөнх орших, мандан бадрахын билэг тэмдэг, үндэсний үнэт зүйлсийн охь манлай билээ. Энэхүү үнэт зүйлсээ өвлөж, дэлхий дахины цэргийн хэргийн ололттой хослуулан, нийт ард иргэдийн оролцоонд тулгуурласан батлан хамгаалах тогтолцоог хөгжүүлэн, улс үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын энхийг сахиулах их үйл хэрэгт идэвхтэй оролцож байгаа Та бүхэндээ чин сэтгэлийн, гүн талархал илэрхийлье.

Мэргэжлийн чиг баримжаа бүхий Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхи, боломжийг нэмэгдүүлэх, цэргийн албан хаагчид, ахмад дайчдын нийгэм, эрх зүйн баталгааг бүрдүүлэх зорилгоор төр, засаг, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, хүчний бусад байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо байнга, тууштай дэмжин ажиллаж байна.

Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Жадамбын Энхбаяр

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.