2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалыг цагаатгах тухай

Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалыг цагаатгах тухай

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалыг цагаатгах тухай 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр
 
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд бид Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбал хэлмэгдэж байсан эсэх асуудалтай холбогдох баримт материалуудыг судлан үзэв, Ю.Цэдэнбалтай холбогдох баримт материалуудтай танилцаж үзэхэд, тэрээр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөн хэлмэгдэж хохирсон болох нь тогтоогдож байна.


Үүнд:
 
Нэгдүгээрт. Иргэн Ю.Цэдэнбалын эх орондоо амьдрах эрхийг тухайн үеийн эрх баригчид бүдүүлгээр зөрчиж, гадаад оронд эмчлүүлнэ хэмээн хууран мэхлэх замаар явуулж, нас барах хүртэл нь долоон жил гэрийн хорионд хатуу хяналтан дор байлгаж, иргэний паспортыг нь Монгол Улсын Элчин Сайдын Яам хурааж авсан байна. Энэ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай" хуулийн: 3 дугаар зүйлийн 3.1.2-т: “Улс төрийн хэлмэгдүүлэлт" гэдэгт “Шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах" гэсэн заалттай тохирч байх тул Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар хэлмэгдсэн болохыг харуулж байна.
 
Хоёрдугаарт. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үндсэн хуулийн 19 дугаар зүйлийн “Иргэний хөдөлмөрлөж олсон орлого, хадгаламж, орон сууц, амины туслах аж ахуй, амины хэрэгцээт зүйл, гэрийн эд хогшлыг аминдаа өмчлөх эрх, түүнчлэн амины өмчийг өвлөх эрхийг хуулиар хамгаална" 87 дугаар зүйлийн “БНМАУ-ын иргэдийн орон сууц, захидал харилцааны нууц нь халдашгүй эрхээр хангагдана" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Ю.Цэдэнбалын гэр байшинд эздийнх нь зөвшөөрөлгүй, шүүхийн шийдвэргүйгээр халдаж, хувийн эд, хөрөнгийг нь хурааж, үрэгдүүлэн, түүх соёлын 30 мянга гаруй үзвэрийг шамшигдуулсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.
 
Гуравдугаарт. Аль ч шатны шүүхийн шийдвэр гараагүй байтал үндэслэлгүйгээр Ю.Цэдэнбалын улсын Хошой Баатар, Маршал цол болон одон, тэмдэгийг хураасан МАХН-ын шийдвэр нь хүний эрхийг ноцтой зөрчсөн, хохироож хэлмэгдүүлсэн үйлдэл байв. Тухайлбал, өөрийг нь байлцуулалгүйгээр, тодорхой үндэслэлгүйгээр намаас хөөсөн нь дүрмээ зөрчсөн, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг хөсөрдүүлсэн, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1990 оны дөрөвдүгээрдүгээр сарын 6-ны өдөр гаргасан “Нөхөр Ю.Цэдэнбалд БНМАУ-ын Маршал, Хөдөлмөрийн Баатар, Улсын Баатар цол олгох тухай гарсан тоггоолуудыг хүчингүй болгох тухай" 15 тоот тогтоол нь тухайн үеийн Үндсэн хуулийг зөрчсөн, төр, засгийн байгууллагуудад нөлөөлөх гэсэн оролдлого, хүний эрхийг ноцтой хохироож хэлмэгдүүлсэн хэрэг мөн байв.
 
Мөн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр “Юмжаагийн Цэдэнбалд олгосон цолуудыг хасах тухай" зарлиг гаргасан нь шүүхийн ямар ч шийдвэргүй бөгөөд тодорхой үндэслэлгүй, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл байв.
 
Гэвч Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлж, хохироосон үйл ажиллагааг засаж залруулах талаар зарим ажлууд хийгджээ. Үүнд:
 
Нэг. “Ю.Цэдэнбал ба түүнийг тойрон хүрээлэгчдийн хэрэг"-ийг хууль хяналтын байгууллагууд хянан үзэж Улаанбаатар хотын шүүх тус хэргийг 1992 оны наймдугаар сарын 10-ны 54 тоот магадлалаар хүчингүй болгожээ.
 
Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар “Зарлиг хүчингүй болгох тухай" 1997 оны 10 сврын 30-ны өдрийн Танилцуулга”-даа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 97 тоот зарлиг Үндсэн хууль зөрчиж, Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн болохыг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн байна. Танилцуулгад дурдахдаа,
 
1. БНМАУ-ын Ардын Их Хурал 1990 оны гуравдугаар сарын 23-ны өдөр "БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хууль гаргаж Үндсэн хуулийн оршил болон 82 дугаар зүйлээс МАХН бол төр, нийгмийн удирдах, манлайлах, жолоодох хүч болох тухай заалтыг хассан байна. Үндсэн хуульд ийм өөрчлөлт орсон байхад МАХН-ын бүгд хурлын шийдвэрийг удирдлага болгож, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1990 оны 15 дугаар тогтоолын заалтыг үгчлэн хуулж, зарлиг гаргасан нь Үндсэн хууль зөрчжээ".
 
2. "97 дугаар зарлигт намын гишүүд, хөдөлмөрчдийн саналыг үндэслэл болгож байгааг дурьджээ. Гэтэл Ю.Цэдэнбалын шагналыг хасах нь зүйтэй гэсэн санал, өргөдлийг албан ёсоор шалгасан ямар нэг материал Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн архивт алга байна".
 
3. “Ю.Цэдэнбал эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, төр, захиргааны байгууллагаас шийтгэл хүлээсэн зэрэг шагналыг хураах үндэслэл нэг ч үгүй байна. Ю.Цэдэнбал, түүнийг тойрон хүрээлэгчдийн хэрэг гэж нэршсэн эрүүгийн хэргийг 1990 онд үүсгэж, Улсын прокурорын газар мөрдөн шалгаад, Улсын Дээд Шүүх хянаж гэмт хэргийн бүрдэл байхгүйг тогтоож хэрэгсэхгүй болгожээ".
 
4. “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар зарлиг нь: а. Тухайн үөд хүчин төгөлдөр байсан БНМАУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн; б. Хууль зүйн ямар нэгэн үндэслэлгүйгээр шагналыг нь хасч, иргэнийг хэлмэгдүүлсэн байна" гэж тус тус тогтоожээ.
 
Гурав. Тамгын газрынхаа танилцуулгыг үндэслэлтэй хэмээн үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч 1997 оны аравдугаар сарын 31-ний 60 дугаар зарлигаар: “Ю.Цэдэнбалд олгосон цолуудыг хасах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар зарлигийг хүчингүй болгосугай" гэжээ.
 
Гэтэл хэлмэгдэн хохирсон Ю.Цэдэнбалыг цагаатгах заалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 60 дугаар зарлигт оруулж дурдаагүй байна.
 
Ажлын хэсгийн санал:
 
Ю.Цэдэнбалд холбогдох баримт материалыг судлан үзэхэд Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалыг улс төрийн талаар цагаатгах бүрэн үндэстэй гэж Ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй үзэв.
 
Юмжаагийн Цэдэнбалыг цагаатгуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлэхээр тогтов.

 

 


Эх сурвалж:

 

Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалыг цагаатгах тухай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.