2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ч.Хүрэлбаатар: Хямралаас гарахын тулд шинээр дугуй зохион бүтээх шаардлагагүй

Ч.Хүрэлбаатар: Хямралаас гарахын тулд шинээр дугуй зохион бүтээх шаардлагагүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Ч.Хүрэлбаатар: Хямралаас гарахын тулд шинээр дугуй зохион бүтээх шаардлагагүй УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн тодотголыг та хэрхэн дүгнэж байна вэ. Ерөнхий сайдын хэлсэнчлэн сайн төсвийн тодотгол болж чадсан уу?


-2015 оны төсвийн тодотголд бодлогын алдаа хэд хэд байна. Нэгдүгээрт, эдийн засаг хямралтай байна гэсэн мөртлөө таван төрлийн татварыг нэмэх санал оруулж ирж байна. Аж ахуйн нэгж, ард иргэдийн өр зээл нэмэгдчихсэн, барааны үнэ өсчихсөн, ард иргэдийн бодит орлого буурчихсан өнөө үед татвар нэмэх санал оруулж ирж буй нь бодлогын алдаа.  Аж ахуйн нэгж, ард иргэдээсээ худалдааны татвар авах нь хямралыг давахад хэрэгтэй гэсэн онигоо шиг зүйлийг зарим хүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ярьж байна.  Хоёрдугаарт, Засгийн газраас 2015 оны төсвийг өргөн барихдаа эдийн засгийн өсөлтийг 7.1 хувь гэж тооцсон байсан. Харин 2015 оны төсвийн тодотголыг өргөн барихдаа татвар нэмнэ, нийт зардлыг 900 гаруй тэрбум төгрөгөөр бууруулна, төсвийн хөрөнгө оруулалтыг бууруулна гэчихээд эдийн засгийн өсөлт яг хэвээрээ 7.1 хувь байна аа гээд л оруулаад ирж байна. Энэ нь татвар нэмэх, зардал хасах нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхгүй гэж Засгийн газар үзэж байгааг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газарт хямралыг давах бодлого үгүй, бодлогын аливаа арга хэмжээ эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг тооцоо байхгүй байна гэсэн үг. Эдийн засагт нөлөөлөхгүй юм бол яах гэж төсвийн тодотгол хийж байгаа юм бэ? Гуравдугаарт, Монгол Улсын өрийг ДНБ-ий 70 хувьд хүргэнэ гээд дахиад зүтгэж эхэллээ. Өрийн босгоо нэмэгдүүлж, зээл аваад яг ямар төсөл, яаж хэрэгжүүлэх вэ, тэр нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг асуултад Засгийн газар хариулж чадахгүй л байна шүү дээ.   Хариулж чадахгүйдээ бус, бодлого нь байхгүйг л харуулж байгаа хэрэг. Товчхондоо, юу хийхээ мэдэхгүй байж өр тавина гээд гүйгээд байгаа хүнийг хэн дэмжих юм бэ? Дөрөвдүгээрт, дахиад л алдаатай төсөв орж ирлээ. 2014 онд ажил нь хийгдэж байсан, 2015 он руу шилжиж орох ёстой 210 тэрбум төгрөг буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтын 30 орчим хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгө оруулалтыг хасаад оруулаад ирсэн.  Энэ бас л алдаа. Ийм төсвийг сайн төсөв гэж хэлэхэд хэцүү.


-Хэрвээ өрийн босгыг ДНБ-ий 70 хувьд хүргэхгүй бол Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр лүү чиглэнэ хэмээн хэлсэн. Үнэхээр ийм байдалд хүрэх үү?


-Зээл бус хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжиж байж хямралаас гарна. Өрийн хэмжээг нэмэхгүй бол “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй гэж хэлж байгаа нь өөрөө логикгүй. “Стэнд бай” хөтөлбөр гэдэг чинь ОУВС-гаас бага хүүтэй зээлийг алдаатай бодлогоо засах нөхцөлтэйгээр авна гэсэн үг. ОУВС-гаас мөнгө авна гэдэг нь өрөө нэмэгдүүлнэ гэдэгтэй адил зүйл. Өндөр хүүтэй зээл авах уу, төсвийн болон мөнгөний бодлогоо зөв, сахилга баттай явуулж, бага хүүтэй зээл авах уу гэдгээс Засгийн газар сонголт хийх болоод байгаа юм.


-ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг өмнө нь манай улс хэрэгжүүлж байсан туршлагатай. Гэхдээ зугтах хандлагатай байдаг нь ямар учиртай юм бэ?


-2008-2009 онд дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын үед Монгол Улс хямралыг хатуу арга хэмжээ авсны үр дүнд давсан. Тухайн үед эдийн засгийн хямралаас гарахын тулд нэгдүгээрт, төсвийн үргүй зардлуудыг хассан. Гэхдээ ард иргэдийн халаасанд ордог мөнгийг хасахгүйгээр Засгийн газрын зарим урсгал зардал, нэн ялангуяа захиргааны зардлыг бууруулсан. Зарим хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хэмжээг багасгасан. Хоёрдугаарт, мөнгөний бодлогын хүүг дөрвөн нэгжээр нэмсэн. Гуравдугаарт, арилжааны банкууд хүндэрч, иргэд банкнаас хадгаламжаа татаж эхэлсэн учир бүх төрлийн хадгаламжийг төр даатгасан. Энэ мэтчилэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байж эдийн засгийн хямралыг даван туулсан. Тухайн үед ОУВС-гаас “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцож, төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор зээл авсан. “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд бодлогын сахилга жигдэрч, ойлгомжтой болдог. Бас ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэдэг нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлдэг. 2012 оны сонгуулиас хойш бүрдсэн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж дууссан шүү дээ. Дээрх арга хэмжээ болон “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс хямралаас жил хагасын дараа л гарсан. Иймд ОУВС-гийн хөтөлбөрөөс айгаад, зугтаад байх шаардлагагүй.


-Танай нам өрийн босгыг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгийн хямралаас гарч болно гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Шийдлийн Засгийн газарт хамтарч байгаа намын хувьд эдийн засгийн хямралаас гарах гарцыг тусгаж болохгүй байгаа юм уу?


-Хямралаас гарахын тулд шинээр дугуй зохион бүтээх шаардлагагүй. Бидэнд 2008-2009 оны хямралыг даван туулсан С.Баяр, Сү.Батболд нарын тэргүүлсэн Засгийн газрын бэлэн туршлага байна. Мөн Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй, манай орныхтой ижил төстэй хямралыг даван туулсан туршлагууд бас байна. Үүнийг ойлгож, ном журмынх нь дагуу зөв арга хэмжээ авбал хямралыг даван туулж болно. Хямрал ёроолдоо очоогүй байгаа гэдгийг энэ Засгийн газар ойлгомоор байна. Томоохон төслүүддээ зохиомол саад тээг тавьдгаа бас болих хэрэгтэй.


-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ татварын бодлогыг уян хатан болгохыг, өрийн таазаа өөрчлөхийг хүсч, бүтээгч үндэстэн болох, хариуцлагатай байхыг уриаллаа. Үүнийг та юу гэж харж байна вэ?


-Би тэр хуралдаанд байгаагүй учир юу хэлснийг нь сонсоогүй. Долоо хоногийн өмнө Дэлхийн банкны нэгэн судалгааны тайланд өрийн хэмжээ дунджаар байгалийн баялагтай орны хувьд ДНБ-ий 40 хувь, байгалийн баялаггүй орны хувьд ДНБ-ий 60 хувьд байна гэсэн байна лээ. Манай улсын ирээдүйн хөгжил дэвшлийг бодож өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй гэж баталсан шүү дээ. Өрийн хэмжээ өндөр байна гэдэг нь эдийн засгийн эрсдэл нэмэгдэж, улмаар Монгол Улсын зээлжих зэрэглэл буурна гэсэн үг. Зээлжих зэрэглэл буурахаар хүү өснө. Ингэснээр Монгол Улсад хийгдэх хөрөнгө оруулалт буурна. Мөн өрийн хэмжээ өндөр байна гэдэг нь ирээдүйд татвар нэмэгдэнэ гэсэн үг. Ирээдүйг хүлээхгүйгээр энэ Засгийн газар татвараа нэмнэ гээд зүтгээд эхэлчихлээ шүү дээ. Дараа дараагийн жилүүдэд татвар нэмэх асуудал байнга яригддаг болно. Ийм учраас өрөө нэмнэ гэж ярихын оронд хөрөнгө оруулалтыг, баялаг бүтээгчдийг ингэж дэмжье гэж ярих ёстой.


-Төсвийн тодотголд Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдээс  орж ирэх мөнгийг орлогод суулгаагүй байсан. Тэгэхээр эдгээр  төслүүд энэ жил  урагшилна гэж найдахгүй байгаа юм болов уу?


-Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт зогссон. Харин ил уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Ил уурхай үр өгөөжөө өгөөд эхэлчихсэн. Зээлээр боссон бүтээн байгуулалт учраас зээлээ төлөх процесс үргэлжилж байна. Оюутолгойгоос өндөр үр ашиг одоо нэхэх шаардлагагүй, зээлээ л төлж байгаа биз. Харин Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд Засгийн газар хөрөнгө оруулагчидтай ойлголцох ёстой. Өөр гарц байхгүй. Тавантолгойн хувьд гэрээ хэлэлцээр хийж байгаа нь зөв өө. Одоо шийдвэрээ гаргаад ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй.


-Зарим татварыг нэмэгдүүлэхээр боллоо. Татвар нэмэгдүүлж, хямралаас гардаг практик бий юү?


-Эдийн засгийн хямралтай буюу ард иргэдийн худалдан авах чадвар муудсан, баялаг бүтээгчид нь өр зээлэнд баригдчихсан, эдийн засгийн идэвхжил буурсан ийм цаг үед татвар нэмж байгаа нь буруу. Өнгөрсөн пүрэв гаригийн чуулган дээр татвар нэмэгдүүлэх нь эдийн засгийн хямралаас гарахад дэмжлэг болно хэмээн хэлж байна шүү дээ. Амьдралаас тасарчихсан, хэвийн сэтгэхээ больчихсон хүмүүсийн үг гэж би ойлгож байгаа. Татвар нэмэгдүүлж, эдийн засгийн хямралаас гарч байсан түүх байхгүй.


-Төсвийн тодотголын төслийг харж байхад нийгмийн халамж нэлээд танагдах бололтой. Зорилтот бүлэг рүү чиглэсэн эдгээр мөнгөнүүдийг хасах нь хэр зөв юм бол?


-Төрийн данхайсан бүтцийг бууруулахад гол анхаарлаа тавих ёстой байсан юм. Харилцаа холбооны асуудлыг хариуцдаг олон байгууллагаа цөөлөх, одоо шаардлагагүй байгаа Тахарын албаа татан буулгах, улсын үйлдвэрийн зарим газрыг хувьчлах, дарга нараа цөөлөх гээд олон арга хэмжээг авах байсан. Харамсалтай нь, эхчүүд, хүүхдийн мөнгө рүү түрүүлж дайрч байна даа.


-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихаар боллоо. Энэхүү хууль эдийн засгийн хямралаас гарахад дэмжлэг болж чадах болов уу. Далд эдийн засгийг ил болгож чадах уу?


-Хуулийг төслийг өргөн бариагүй байгаа учир танилцаагүй байна. Харин өмнөх хуулийн төсөл бол эрх барьж буй цөөн хэдэн хүнд зориулагдсан байсан. Сонин сонин заалтууд их байсан даа, тухайлбал хэн нэгэн өршөөлд хамрагдаж, хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ өөрчлөлт оруулсныг олон нийтэд мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгөн торгууль ногдуулж, сэтгүүлчид нь эрүүгийн хариуцлага ногдуулна гэх мэт. Ийм байсан учраас Өршөөлийн хуулийн төслийг дэмжээгүй юм. Дахин өргөн мэдүүлж байгаа хуулийн төсөлд ямар өөрчлөлт орсныг мэдэхгүй байна. Хэрвээ баялаг бүтээгчдэд хамаатай хуулийн төсөл болж чадсан бол дэмжинэ. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй компанийн эзэд шалгагдаж, хоригдож байгаа гэсэн мэдээлэл надад байгаа

Б.Даваатогтох

 

Ч.Хүрэлбаатар: Хямралаас гарахын тулд шинээр дугуй зохион бүтээх шаардлагагүй

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.