2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Э.Батбаяр: Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлдэг эрх зүйн ухамсар, соёл дутагдаж байна

Э.Батбаяр: Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлдэг эрх зүйн ухамсар, соёл дутагдаж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 Э.Батбаяр: Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлдэг эрх зүйн ухамсар, соёл дутагдаж байна Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хууль зүйн ухааны доктор, хурандаа Э.Батбаяртай ярилцлаа.


-Шийдвэр гүйцэтгэлийн албаны ажил хүнд хүчир мөртлөө хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба өнгөрсөн онд хэрхэн ажиллав?


-Бид өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилт, зорилго, төлөвлөсөн ажлаа дүгнэхэд олон ажилд ахиц, дэвшил гаргасан байна. Албаны зүгээс 2014 онд үйл ажиллагаандаа шинжлэх ухаан, техник,  технологийн дэвшлийг ашиглах, байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгаж төрийн үйлчилгээг  иргэдэд чирэгдэлгүй, хүртээмжтэй, шуурхай хүргэх, албан хаагчдын мэдлэг боловсрол, ур чадвар, нийгмийн асуудлыг дээшлүүлэх, сайжруулах зэрэгт тодорхой ахиц гаргахыг зорьж ажилласан нь зохих үр дүнд хүрсэн. Тухайлбал, Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн бүртгэл, хяналтын системийг энэ онд бүрэн хэрэгжүүлж дууслаа. Энэ системийн дагуу тус албанд ирсэн шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг цахим бүртгэлд оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баяжилтыг дор бүр нь хийлгэж хэвшүүллээ.
2014 онд улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байсан хэдий ч гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлтийг өнгөрсөн оны түвшинд биелүүлж, албаны хэмжээн дэх түдгэлзүүлсэн гүйцэтгэх баримт бичгийн тоог бууруулж, хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг өмнөх оны мөн үеэс өсгөж ажилласан. Зөвхөн манай албаны үндсэн ажил болох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар товч дурдахад ийм байна.


-Иргэдийн дунд ялангуяа шүүхийн шийдвэрээр эд хөрөнгөө хураалгаж байгаа эсвэл ямар нэгэн эрхээ хязгаарлуулж буй иргэд шийдвэр гүйцэтгэж байгаа алба хаагчийг буруутгах, биед нь халдах зэрэг тохиолдол цөөнгүй байдаг. Мөн алба хаагчдыг ёс зүйгүй хэмээн шүүмжлэх нь ч бий.


-Мэдээж эрхээ хязгаарлуулж буй хүн дуртай байхгүй нь лавтай. Энэ утгаараа манай алба хаагчид эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Иймд алба хаагчдын аюулгүй байдлыг хангах тал дээр энгэрийн камер, тусгай хэрэгслээр хангах, мөн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах шаардлагатай.
Манай алба хаагчид төрийн үйлчилгээг анхан шатанд нь иргэдэд шууд үзүүлдэг тул ёс зүй, зан харилцааны өндөр соёлтой, мэдлэг чадвартай байж төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжтой тул алба хаагчдын ёс зүй болоод харилцааны тал дээр гардаг гомдол, саналууд дээр онцгойлон ач холбогдол өгч, алдаа дутагдлыг засаж, сайжруулахыг зорилгоо болгож байна. Хүмүүсийн зан байдал, хандлагыг өөрчлөх асуудал бол мэдээж цаг хугацаа шаарддаг хүндрэлтэй ажил, гэхдээ бид энэ тал дээр хатуу шаардлага тавин ажиллаж байгаа.


-Иргэд өргөдөл, гомдол, асуудал шийдэгдэхгүй удаж байна гэдэг. Уг ажил яг ямар учраас саатаж, цаг хугацаа шаарддагыг тэр бүр мэддэггүй. Энэ талаар тодорхой ойлголт өгвөл?


-“Хууль зүйн салбарын нээлттэй бодлого” баримт бичгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх, байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хангаж баталгаажуулахад онцгой анхаарч тодорхой үүрэг, чиглэлээр тогтмол хангаж ирсэн.
Энэхүү үүрэг, чиглэлийн дагуу иргэдийн гаргасан өргөдөл гомдол, санал хүсэлтийг бид болж өгвөл газар дээр нь, эсвэл ажлын 5 хоног, зарим зайлшгүй шаардлагатай нягтлах зүйлсийг 14 хоногт багтаан шийдвэрлэж эхэлсэн. Үүнийг дагаад өргөдөл гомдлын тоо ч мөн буурсан байгаа. Гэхдээ манайд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлт 60 гаруй хувьтай байдаг. Гадны улс оронд бол ийм байхгүй шүү дээ. Шүүхийн шийдвэр гарсан л бол шийдвэр гүйцэтгэл биелэгдэнэ.
Харин манайд төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэдэн ч удаа гомдол гаргаж, ажиллагааг удаашруулах боломжтой хуулийн орчинтой. Үүнийг бид засах хэрэгтэй. Үгүй бол нэг хэрэг 10 жил болох тохиолдол цөөнгүй бий. Мөн төлбөр төлөгчийн төлбөрийн чадваргүй байдал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах нэг гол шалтгаан болдгийг дурдахгүй өнгөрч болохгүй байх.
Ажлын ахиц дэвшил гарахад байгууллагын ил тод, нээлттэй байдал маш чухал нөлөө болдгийг бид анзаарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, албаны цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр албаны үйл ажиллагааг нээлттэй сурталчилж, өргөдөл гомдол, санал хүсэлтийг цахим хаягаар авч хэвшлээ.
Мэдээллийн чанартай нэг зүйл хэлэхэд манай албаны болон БХЗХТБАА-ны үйл ажиллагаа, албадан дуудлага худалдаатай холбоотой зарыг www.courtservise.mn, www.decisionservice.mn хаягуудаар орж авах бүрэн боломжтой.


-Алба хаагчдын ажлын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр ахиц гарсан гэж байсан. Тодорхой дурдвал?


-Ер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажилтан, албан хаагчдынхаа ажлын байрны нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр үргэлж анхаарч ирсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зориулж, дүүрэг бүрт нэг шинэ автомашин өгсөн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Үүнээс гадна алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэвшил гарсан нэг чухал зүйл бол өнгөрсөн жил манай албаны долоон албан хаагчийг хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр орон сууцтай болгосон явдал юм.


-Ингэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, бүр тодруулбал танай албаны талаар иргэд олон нийт ямар мэдээлэлтэй, ямар сэтгэгдэлтэй  байдаг вэ?


-Ний нуугүй хэлэхэд манай байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалаад иргэд, олон нийт тус албаны талаар эерэг хандлагагүй байдаг. Энэ ч үүднээс манай алба өнгөрсөн жил албаны үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах үүднээс үндсэн ажлаас гадуур нийгэм, олон нийтэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулж ирлээ. Зарим нэгээс нь товч дурдахад тус албаны дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсгүүд өөрийн нутаг дэвсгэрт байрлах хуулийн их, дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн оюутнуудад тус албаны үйл ажиллагаа, шийдвэр гүйцэтгэгч мэргэшлийн талаар яриа, танилцуулга хийж, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд тусламж хандив үзүүлж, авлагагүй цусны донорын эгнээнд нэгдсэн зэргийг дурдаж болно.


-Хууль, шүүхийн шинэчлэлийн явагдаж байна. Танай салбарын хувьд ямар шинэчлэл хийгдэж байна вэ?


-Манай салбарын хувьд ч ялгаагүй шинэчлэлт, өөрчлөлтүүд хийгдэж байна. “Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт албанаас төлөөлөл орж ажиллаж байна. Алба хаагчдаас санал авсан. Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны биелэлтийг хувиар илэрхийлдэг биш шүүхийн шийдвэр гармагцаа биелэгддэг, бүрэн биелэгддэг байх зарчмыг хэрхэн хангах вэ гэдэг тал дээр анхаарал тавьж эрх зүйн шинэчлэл хийх нь зүйтэй гэж санагддаг юм.
Мөн саяхан УИХ-аар батлагдсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль, Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөнд албанаас саналаа өгсөн болно. Дээрх өөрчлөлтүүд хэрэгжиж эхэлснээр тус албанаас зохион байгуулдаг албадан дуудлага худалдаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, төлбөр төлөхөөс зайлсхийх үйлдлүүдийг арилгахад тодорхой хэмжээний ахиц дэвшил авчирна гэж үзэж байгаа.


-Сүүлийн асуултыг танд үлдээе. Миний асуугаагүй, таны ярья гэж бодож явдаг зүйлийнхээ талаар хариулахгүй юу?


-Шүүхийн шийдвэр гарсан бол биелэгдэх зарчимтай. Гэхдээ төлбөр төлөгчийн дансыг нь, эд хөрөнгийн эрхийг нь, хил нэвтрэхийг нь, үйл ажиллагааг нь гээд бүх зүйлийг нь хааж боогоод, буланд шахаж хоосон халаасыг ухаад мөнгөө төл гэж шаарддаг арга барилыг өөрчилж аль болох төлбөр төлөх эдийн засгийн боломжийг хангаж өгч төлүүлдэг болмоор санагддаг. Ингэхэд мэдээж хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шийдвэр гүйцэтгэгчдийн хандлага, арга барилыг өөрчлөх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай.
Түүнчлэн иргэдийн ямар нэг маргаан, асуудал байвал шүүхэд ханддаг, нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол түүнийг заавал биелүүлэх ёстой гэдгийг ухамсарлаж, зөвшөөрдөг эрх зүйн соёл, ухамсрыг төлөвшүүлэх хэрэгтэй. Эцэст нь нэг зүйлийг нэмж хэлэхэд захиргааны шүүхийн шийдвэр, ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийн биелэлт үнэхээр хангалтгүй байна.
Шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй албан тушаалтнуудад ногдуулдаг албадлага, хариуцлага сул байдаг нь дээрх явдлыг өөгшүүлдэг. Тийм болохоор шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлдөг, учруулсан хохирлыг өөрсдөөр нь төлүүлдэг, өндөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг болох шаардлагатай.


-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
 
“Нийслэл таймс” сонины сэтгүүлч Б.Отгон

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.