2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Булганы онцгойд ял эдлэж буй хоригдол гэрээслэл бичээд хуурай өлсгөлөн зарлалаа

Булганы онцгойд ял эдлэж буй хоригдол гэрээслэл бичээд хуурай өлсгөлөн зарлалаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Булганы онцгойд ял эдлэж буй хоригдол гэрээслэл бичээд хуурай өлсгөлөн зарлалаа Эрх чөлөөгөө хасуулсан ялтнууд өөрт оноосон шийтгэл, хорих ангийн нөхцөл байдал, ажилтнуудын талаар гомдол гаргадаг ч хүлээж авдаг хууль хяналтын байгууллага байдаггүй аж. Тийм учраас өөрийн гомдлоо барагдуулах, хариу авахын тулд амь насаараа дэнчин тавьдаг юм билээ.

Булган аймгийн 439 дүгээр хорих ангид ял эдэлж байгаа Базарбай овогтой Аскар гэрээслэл бичин ирүүлсэн байна. Тэрээр өдгөө цагдан хорих 461 дүгээр ангид ачигдан ирээд өлсгөлөн зарлаад удаж байгаа гэнэ. Ээж нь ял авсан этгээд шиг хууль хяналтын байгууллагын үүд сахин үйлээ үзэж байгаа аж.

Б.Аскарын ээж хүүгийнхээ төлөө санаа зовон энэхүү гэрээслэлийг авчирч өгөн аргаа барж явна. Ингээд Б.Аскар ямар хэрэгт холбогдсон талаар товч өгүүлье.

Тэрээр 2008 онд хулгайн хэрэгт сэжиглэгдэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Жигжидсүрэнд байцаагдаж байсан байна. Тэгэхдээ "Надтай хамт хулгай хийсэн Дэмбэрэл овогтой Мөнх-Эрдэнийг шалгаж өгнө үү" гэсэн өргөдөл гаргаж байжээ. Нийслэлийн прокурор, Улсын мөрдөн байцаах газар хүсэлт гаргасан ч авч хэлэлцээгүй байна.

Тэр бүү хэл 461 дүгээр хорих ангийн тоо бүртгэл хариуцсан ажилтнууд түүний өргөдөл, хүсэлтийг цааш нь явуулдаггүй байжээ. Б.Аскар Улсын мөрдөн байцаах газрын даргад Д.Мөнх-Эрдэнийг шалгаж өгөхийг хүссэн өргөдөл гаргахдаа өөрийн үйлдсэн таван хулгайг "сайн дураараа" илчилсэн аж. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Н.Хайдав "Энэ таван хулгайн хэргийг Я.Мягмархүү, Б.Болдбаатар нар үйлдсэн байна. Чи үйлдээгүй гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон" гэсэн аж.

Б.Аскарын, бичсэнээр бол энэхүү хулгайн таван хэргийг Д.Мөнх-Эрдэнийн хамт үйлдсэн гэнэ. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас "Энэхүү хулгайн хэргийг Б.Аскар үйлдээгүй" гэсэн тогтоол гаргасан юм билээ. Улсын дээд шүүх, цагдаагийн хэлтэс, прокурорын газарт олон удаа өргөдөл гаргасан ч түүний таван хулгайн хэргийг авч үзсэнгүй. Ингээд Аскар бусад хулгайн хэрэгтээ ял аваад Булган аймгийн хорих анги руу ачигджээ.

Гэтэл 2011 онд нөгөө таван хулгайн асуудал сөхөгдөн Б.Аскарыг урьдчилан хорих төвд авчирсан байна. Нөгөө таван хулгайг Я.Мягмархүү, Б.Болдбаатар нар үйлдээгүй болох нь тогтоогдсон аж. Харин Б.Аскарын хувьд "Тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрхгүй" гэж үзсэн байна. Нэгэнт цагт "Би хулгайн таван үйлдлээ хүлээе" гэж байсан ч тухайн үед авч хэлэлцээгүй байж одоо сэргээлээ хэмээн гомдол гаргажээ.

Ингээд түүний хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхээс тасалж ял оноосон аж. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс "Иргэн Б.Аскарын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ хэрэгт Г.Энхболд, Д.Мөнх-Эрдэнэ нарыг шалгах шаардлагатай" гэсэн байна. Гэтэл Д.Мөнх-Эрдэнэ нь 2013 оны зургадугаар сарын 30-нд өөрийн амьдардаг байрандаа Мөнхтуяа гэдэг эмэгтэйг онц хэрцгийгээр хүчиндээд амь насыг нь хөнөөжээ.

Энэ талаар Б.Аскар "Миний гаргасан гомдол, баримтыг үндэслэн Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорьж шалгасан бол эрдэнэт хүний амь нас сүйдэхгүй байсан. Монгол Улсын иргэн Мөнхтуяагийн амь нас сүйдсэн асуудал болбоос хууль хяналтын байгууллагын ажилтнуудын хууль бус үйл ажиллагааны хор уршиг" хэмээн эрс шүүмжилсэн байна. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нарт "Нэр бүхий цагдаа, прокурорын ажилтнуудад хариуцлага тооцож өгнө үү" гэсэн өргөдөл гаргажээ.

Мөн тэрээр "Надад Г.Энхболд, Д.Мөнх-Эрдэнэ нарын гэм буруутайг нотлох баримт хангалттай бий. Мөн мөрдөн байцаагч, хяналтын прокурорын хууль бус ажиллагааг нотолсон баримтууд бий. Харамсалтай нь миний үнэн энэ дөрвөн хананаас цааш гарч чадахгүй байна. Тийм учраас үхлийг сонголоо. Намайг үхсэн хойно ял өгөөрэй, цагдаагийн хошууч Цогбадрах, ахмад Бэхбат, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхтөр нар аа" гэж гэрээслэл үлдээжээ.

Б.Аскарын хувьд тийм энхийн цагаан тагтаа биш бололтой. Хэд хэдэн удаа хулгайн хэргээр ял шийтгүүлж ээжийгээ шар махтай нь хатааж байгаа нэгэн аж. Тэрээр "2008 онд таван хулгайн үйлдлээ хүлээгээд байхад тоож үзээгүй хэрнээ арван жилийг арай гэж баран шоронгоос суллагдах дөхөнгүүт өнгөрсөн баларсан хулгайг сэргээж ял өглөө" хэмээн бухимдсан аж. Түүнд холбогдсон хэрэгт эргэж хармаар ч зүйл байгаа юм.

Шүүхээс гаргасан магадлалд "2007 онд иргэн С.Бурмаагийн гэрээс алдагдсан 13 сая төгрөгтэй сейф нь хүндрүүлэгчтэй байсан. Энэхүү сейфийг 4-5 хүн өргөдөг. Гэтэл Б.Аскар ганцаараа өргөсөн гэж үзсэн нь буруу юм. Тэрээр мэдүүлэгтээ Г.Энхболд, Д.Мөнх-Эрдэнэ нарын хамт өргөсөн гэдэг үнэн байх магадлалтай. Г.Энхболд, Д.Мөнх-Эрдэнэ нартай адил ял оноох нь зүйтэй" гэсэн аж.

Мөн "Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоо хүчингүй болгоогүй атлаа Б.Аскарыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн" гэж үзсэн байна. Ийм тогтоол, шийдвэр гардаг ч гэлээ Б.Аскарыг дахин яллахаар болсонд бухимдсан эр "Миний үхэлд нэр бүхий хууль хяналтын байгууллагын ажилтнууд буруутай" хэмээн нэр заан гэрээслэлдээ бичихээд эмч сувилагчид биеэ үзүүлэхгүй байгаа гэнэ.

Дал гарсан хөгшин эх нь "Өлсгөлөн зарлаж байгаад амь насаа алдчихвий дээ" хэмээн уйлаад гүйж явна. Энэ хөгшнийг зовоож ханадаггүй Б.Аскарын хувьд хуулийнханд гомдох үндэслэл бий. Тухайн үед таван хулгайн хэргийг нь авч үзээд шийтгэсэн бол арван жилийн яландаа багтаад явчихна. Шинээр үүссэн нөхцлөөр бол таван жил ч нэмчих магадлалтай юм билээ. Нийтдээ 15 жил ял эдлэх болчихоод буйд бухимдсан хэрэг.

Эх сурвалж Medee.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.