2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Бямбацогт: Монгол Улсыг урт, дунд, богино хугацаанд харилцан уялдаатай хөгжүүлэх тогтвортой бодлого хэрэгтэй

С.Бямбацогт: Монгол Улсыг урт, дунд, богино хугацаанд харилцан уялдаатай хөгжүүлэх тогтвортой бодлого хэрэгтэй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа

 

-Ирэх аравдугаар сарын 27-нд МАН-ын XXVII Их хурал болно. Энэ удаагийн хурлаар зөвхөн бүтцийн өөрчлөлт хийгдэх нь гэж харж байгаа хүмүүс олон байна?

 

-Намын их хурлаар бүтэц зохион байгуулалт, үзэл баримтлал болон дүрэм зэрэг олон асуудал яригдана. Тэр болгоныг хариуцсан ажлын хэсэг гаргасан байгаа. Тухайлбал намын дүрэм, мөрийн хөтөлбөр, санхүү, хэвлэл мэдээлэл, гадаад харил­цаа гэх мэт ажлыг хийж байна. Энэ удаагийн хурлаар дан ганц намын дотоод асуудлыг ярихгүй гэсэн үг. Нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асууд­­­луудыг ч авч хэлэлцэнэ. Мөн өнөөгийн нөхцөл байдалд үнэ­лэлт дүгнэлт өгч цаашид ямар арга хэмжээ авах талаар санал бодлоо солилцож, улсынхаа хөгжлийн хөтөлбөрийг бо­ловс­руулна.

-Өнөөгийн Засгийн газарт МАН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа. Үнэхээр таны ярьж байгаа шиг дээрх алхамуудыг хийж чадах болов уу?

 

-Бид ард иргэдээ сайн сайхан амьдруулах гэсэн нэг зорилготой. Тиймээс бидний саналыг хүлээж авна гэж найдаж байна.
2008 оны нэгдүгээр сард мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталсан. Харин зур­гаадугаар сард нь сонгууль болж МАН, АН хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулсан.

Тэр үед Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт урт хугацааны хөгжлийн бодлого тусгаагүй. Түүнийг хэрэгжүүлэх тал дээр ч нэг их анхаарал хандуулаагүй. Тухайн үед манай намын зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах талаар санал гаргасан ч сөрөг хүчний санал гээд авч хэлэлцээгүй. Харин бид энэ тухай өнгөрсөн зургаадугаар сард УИХ-ын тогтоолын төсөл санаачлаад явуулсан хэдий ч одоог хүртэл хариу ирээгүй байна.
Түүнчлэн 2008-2010 онд эдийн засгийн том хямрал болсон. Харин 2012 онд УИХ, энэ онд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Гэсэн хэдий ч нөгөө л урт хугацааны бодлогыг анхаардаггүйгээс болж одоо эдийн засаг хямарч байна. Үүнийг хэрхэн даван туулах талаар бэлтгэлгүй байна.

Хэрвээ бид урт хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг ингэж хөгжүүлнэ, улстөрийн тогтвортой байдлыг бий болгоно гээд үүний тулд улстөрийн намууд, засаг төр нь тодорхой бодлого, зорилттой байж түүнийхээ төлөө хичээж ажилладаг байсан бол өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэхгүй байх байсан. Улстөрийн тогтворгүй байдал үүсчихсэн, эдийн засгийн хувьд ч хүнд байдалд орчихсон байна. Иймээс бид Монгол Улсыг урт, дунд, богино хугацаанд харилцан уялдаатай хөгжүүлэх тогтвортой, тодорхой бодлого гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүний тулд сөрөг хүчин, эрх баригч нам гэж хуваагдахгүйгээр хоорондоо зөвшилцөж, ойлголцон ажил­лах хэрэгтэй. Энэ ч утгаараа МАН сөрөг хүчин гээд байдлыг хараад суулгүйгээр асуудлыг санаачлаад явж байна.

-Үүний тулд хийх эхний алхам нь юу байх вэ?

 

-Энэ хүрээнд Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрийг Их хурлаараа батлах гэж байна. Өмнө нь ард түмний хөгжлийн хөтөлбөрийг бага хурлаараа баталсан. Тиймээс энэ удаа ард түмний хөгжлийн хөтөлбөртөө тодотгол хийж цаашид УИХ-аар батлуулж Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр болгоё гэсэн саналтай байгаа. Үүний тулд ажлын хэсэг байгуулаад залуу эрдэмтэн, судлаачдын дунд эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарласан.

-МАН Их хурлаараа зарим нэг гишүүнээ шахан гаргах гэж байна гэх яриа, хардлага иргэдийн дунд байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?

 

-МАН угаасаа ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн хэлхээтэй. Өөрөөр хэлбэл уламж­лал, шинэчлэлийг хос­луулж явдаг. Хэн нэгнээ буруутгах биш болж байвал сайшаагаад, болохгүй бол засаад явах ёстой. Ялангуяа манай 1970-аад оны залуус хэт туйлшрахгүйгээр асуудалд хандаж байна.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар ямар асуудлыг хэ­лэл­цэх бол. Нэн тэргүүнд ямар шийд гаргах шаард­лагатай гэж үзэж байна?

 

-Засгийн газар ээлжит бус чуулганаар ямар асуудлыг хэлэлцэх вэ гэдгээ мэдэгдэх ёстой. Гэхдээ одоогийн байдлаар тийм асуудал хэлэлцэнэ гээд оруулаад ирсэн зүйл алга. 2009, 2010 онд бид эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөө баталж байсан.
Гэтэл өнөөдөр Засгийн газраас тийм бодлого оруулж ирэхгүй байна. Хэрвээ асуудлыг оруулж ирвэл бид эхлээд дотроо цаашлаад гадагшаа ойлголцдог болох шаардлагатай.
Эрх барьж байгаа на­мын дарга энэ асуудалд хариуц­лагатай хандахгүй байгаа нь хийж дийлэхгүй байна гэсэн ойлголтыг төрүүлж байна.

-Эдийн засаг хямарсан нь юунаас үүдэлтэй гэж үзэж байна вэ. Шуудхан хэлэхэд эрх баригч намын буруу үйл ажиллагаанаас болсон гэж ойлгож болох уу?

 

-Чиний зөв, миний буруу гэх нь илүүц. Угаасаа ард түмний ходоод, халаасанд мэдрэгдэж байгаа зүйл. Тиймээс иргэд элдэв мэдээлэлд итгэхээсээ өмнө дүгнэлт хийх хэрэгтэй. Өөрсдийн амьдралаасаа харах ёстой. Цахилгаан, шатахуун, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үү, үгүй юу гэдэгт дүгнэлт хийх боломжтой. Түүнээс биш бараа бүтээгдэхүүний үнэ буулаа, амьдрал сайхан байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг ярихаар нээрээ ч тийм гэж харахаасаа илүү өөрсдийн бодит дүгнэлт хийх нь чухал.

Өнөөдөр дэлхий нийтээрээ нийгэм, эдийн засгийн байдал сайнгүй байна. Европ, Хятад ч гэсэн ер нь адилхан. Түүнтэй холбоотой манай улсын экспортын бараа бүтээгдэхүүн буурч байна. Нөгөөтэйгүүр нэгэнт эдийн засаг нь хүнд байгаа энэ үед нь Засгийн газрыг нь нухчин дарах гэсэн гадаадын хөрөнгө оруулагчдын башир арга ч байж болох юм. Гол шалтгаан нь энэ болов уу. Одоо энэ байдлаас л гарах хэрэгтэй. Мэдээж зохицуулах ёстой шаардлагууд байж болно. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэг гол салбар болох ашигт малтмал, уул уурхайн салбарын тухай хууль өнөөдөр тодорхой бус байдалд ороод хоёр, гурван жил болж байна.

Тиймээс яаралтай ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж, найруулан батлах шаардлагатай байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас болоод гадны хөрөнгө оруулалт буурчихсан гэж яриад байгаа. Оюу толгойн хувьд ч тэр. Ер нь бид Рио тинтог Монголд хөрөнгө оруулаад ашиггүй ажилла гэсэн зүйл байхгүй. Нэг талдаа бус харилцан ашигтайгаар хамтран ажиллая гэж байна. Учир нь байгалийн баялаг ард түмний өмч. Тиймээс ард түмнийг төлөөлж төр засагт гарсан хүмүүс тэднийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө үйл ажиллагаагаа явуулах ёстой.

-Тэгвэл төмөр замын асуудалд МАН хэрхэн хандаж байна вэ?

 

-2010 онд зам тээврийн сайд байсан Х.Баттулга энэ бичиг баримт батлагдах юм бол хоёр жилийн дотор Таван толгойгоос Сайншанд, Дорнод Таван толгойгоос Гашуун сухайт гэсэн чиглэлд төмөр замтай болгоно гэсэн. Гэтэл өнөөдөр хийсэн ажил алга. 2010 онд төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогод зааснаар Монгол Улсын үндсэн төмөр зам өргөн царигтай байна. Салбарлах төмөр замын хувьд Засгийн газар шийдвэрлэнэ гээд тодорхой заачихсан байгаа. Үндсэндээ Цагаан хаднаас цаа­шаа нарийн царигтай төмөр зам барих асуудал нь УИХ-ын тогтоолыг зөрчөөгүй гэж харж байна.

 

Эх сурвалж : Өглөөний сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.