2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » “Алтангадас”-ын төлөөллийг Ерөнхий сайдад дүрмээ мартан зүтгүүлэхийн учир

“Алтангадас”-ын төлөөллийг Ерөнхий сайдад дүрмээ мартан зүтгүүлэхийн учир

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

“Алтангадас”-ын төлөөллийг Ерөнхий сайдад дүрмээ мартан зүтгүүлэхийн учир Шөнөжин хуралдаж, арван хүнтэй тооллогын комисс 172 саналыг цаг гаруй тоолж байж 12 саналын илүүгээр “Алтангадас”-ын Ч.Сайханбилэгийг “МҮДН”-ийн Р.Амаржаргалын дээр аваачиж тавих гэж ҮЗХ-ныхон нэлээд зүдэрлээ. Гэхдээ намын дүрмээ дахиад л зөрччихлөө. Юу гэвэл Н.Алтанхуяг намын Гүйцэтгэх зөвлөл дээр Ч.Сайханбилэгийн нэрийг дэвшүүлсэн. Намын даргын эрх мэдлийнхээ хүрээнд шүү. Уг нь ҮЗХ “Намын дарга та, бүлгийнхээ шийдвэрийг бидэнд танилцуулаарай” гэж даалгасан юмсан. Ингээд ҮЗХ-ны хурал дээр “зодог тайлж” намын тамгаа З.Энхболдод өгчихлөө. Уг нь Их хурал бас ҮЗХ-ны саналыг “Жа” гээд зөвшөөрөх албагүй том эрх мэдэлтэй бүтэц.

Олон жил энэ тамгыг тэврэхсэн гэж тээж явсан сэтгэл нь хаачихав, З.Энхболд “Би намын дарга юм бол нэр дэвшүүлэх хүнээ УИХ дах АН-ын бүлэгт хэлэлцүүлэх ёстой” гэх гэснээ “ийм сайхан эв найртай ҮЗХ дээр тамгаа өгч байгаа даргаа хэрүүлээр үдээд яахав” гээд намын дүрмээ “залгиад” шууд экс намын даргын дэвшүүлсэн Ч.Сайханбилэг, өмнө нь бүлгээс тодроод торойгоод гараад ирсэн Р.Амаржаргал нар дээр санал хураахаар болов. Түүнээс биш намын дүрмээ дагасан бол З.Энхболд Р.Амаржаргалыг гээд л санал хураалт АН-ын даргыг сонгосон шиг ганцхан хүн дээр явагдах байв.

Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгийг хуучин намын дарга нэр дэвшүүлсэн.Шинэ намын дарга өөр хүн дэвшүүлэн хэлэлцүүлэх эрхтэй л байхгүй юу даа. Ингээд ямар ч учиртайг бүү мэд Н.Алтанхуягаас Ч.Сайханбилэгт нэгэн тамга гардуулсан зураг интернэтээр цацаж эхэлсэн.

Болоогүй шүү дээ. Ойрын хугацаанд АН-ынхны ярьж байгаагаар ирэх долоо хоногийн эхний хоёр өдрөөс хэтрүүлэлгүй ҮЗХ-ны хурлаас дэмжигдсэн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг парламентад суудалтай намуудтайгаа зөвшилцөөд, үр дүнг нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Дараа нь УИХ дахь АН-ын бүлгээр хэлэлцэнэ. Бүлэг бол Р.Амаржаргалыг дэмжчихсэн, Ч.Сайханбилэгийг хоёр дахь удаагаа ямар нүдээр харахыг таашгүй. Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр санал хурааж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилно. Энэ бол хуульд заасан гол зарчим. Дүрмээ зөрчдөг л юм байгаа биз, ядаж хуулиа дагах байлгүй дээ.

Гол зорилго нь ҮЗХ-г цуглуулсных “Дараагийн Ерөнхий сайд нь Алтангадас фракцийнх байх ёстой. Үүний төлөө би намын даргын суудлаа хүртэл өглөө шүү” гэсэн сигнал өгч байгаа аж. Энэ нь ч зорилгоо биелүүллээ. Харин бусад зөвшилцөл, хэлэлцүүлгийн шатанд бүдэрвэл гомдох юун.

Ч.Сайханбилэг, өөр хэн ч “Алтангадас” фракциас Ерөнхий сайдад томилогдсон өмнөх Ерөнхий сайдын хууль, дүрэм зөрчсөн” архив”-ыг ухахгүй, олон тэрбумын хэрэг шинээр дэлгэхгүй, авч үлдсэн хэдэн сайдыг нь танхимаас хөөхгүй, ялангуяа Хуульзүйн сайдыг хөөвөл өмнөх бүх шалгуураа ганцхан хөдөлгөөнөөр эвдчихнэ гэдгээ ойлгох учиртай. За тэгээд, шийдэж чадахгүй асуудлаа өмнөх Засгийн газар, Ерөнхий сайдын буруутай үйлдлээс ангид тайлбарлаад явчихдаг байхад л боллоо. Уг нь амархан байгаа биз. Ийм л хүнийг Алтангадас фракци дотроосоо Ерөнхий сайдаар тавих ёстой байсан. Хамгийн итгэлтэй бөгөөд даалгавраа “яс” биелүүлэх шалтгаантай Ч.Сайханбилэг байлаа.

Энэ бол Н.Алтанхуяг гэдэг хүний сүүдэр нь байсан бол одоо сүнс нь мэт, эгээ л тэр хүн хэвээрээ ажиллаж байгаа юм шиг гэхдээ шинэ Ерөнхий сайдын дүрээр харагдах учиртай. Үүнийг ойлгосон ҮЗХ-ны МҮДН, МоАХ фракцийнхан дургүйцэж байсан ч УИХ дахь бүлгээ ухаантай, учрыг нь олчих байх гэж найдсан хэрэг. Мөн дээрх фракцийнхан архидуулж, мөнгө тарааж найрах бохир аргад гаршаагүй тул цэвэр гарц хайсан. Шинэ, хуучин хоёр намын дарга инээж хөхрөөд тамга гардалцаад байхаар эв эеийг хичээж тэвчсэн биз.

Хамгийн гол нь яагаад Ерөнхий сайдыг огцруулсан шалтгаанаа бүү март. Дараагийн Ерөнхий сайдын томилгоо, сандал ширээнд анхаараад зарим нь мартчихсан бололтой. Энэ улс орны эдийн засгийг хямраасан, хууль зөрчсөн олон үндэслэлүүдийг сөрөг хүчин тавьж, үүнийг Баабарын “Мэргэжлийн Засгийн газрыг хүсэх хүсэлт”, Р.Амаржаргалын “Авралын Засгийн газар хэрэгтэй” гэсэн шаардлага ч баталгаажуулсан. Дээр нь АН-ын Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан найм, хурлаас бултсан долоон гишүүн ч дэмжсэн. Тэгэхээр өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан шалтгаанаа аврах хүнийг дараагийн Ерөнхий сайдаар томилж “цэвэрлэгээ” хийлгэх гээд байгаа хэрэг. Үүнийг Ч.Сайханбилэг хийж чадах уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулах, төрийн болон эдийн засгийн хямралаас аврах Засгийн газрыг толгойлох ажлыг түүнд итгэж даатгах нь гэнэн шийдвэр биш үү. ҮЗХ хараат шийдвэр гаргалаа гэхэд УИХ, түүний бүлэг, байнгын хороодоос том нэг намын ҮЗХ гэдэг бүтэц байж болдог юм уу.

Одоо бүх даалгавар Ардчилсан намын бодлого, дүрэм “ариун цэвэр” байх эсэх нь УИХ дахь АН-ын бүлэг шийдвэртээ үнэнч тууштай байж чадах эсэхээс хамаарна. Дээр нь зөвшилцөх багийнхан Ч.Сайханбилэгийг нүүрээр ирж буй Н.Алтанхуягтай дахин гар барих эсэхийг харж л байя. Хэнтэй ч гар барих даалгавартай МАХН-ынхан бол ойлгомжтой. Харин тэднээс арай дээр, цэвэр хүмүүс зөвшилцөөнд оролцоно, шийдвэр гаргана гэж л найдъя.

У.Оргилмаа

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.