2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » 2015 оны Төсвийн тухай хуулийг хугацаанд нь баталж чадлаа

2015 оны Төсвийн тухай хуулийг хугацаанд нь баталж чадлаа

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

2015 оны Төсвийн тухай хуулийг хугацаанд нь баталж чадлаа Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.11.14.Баасан гараг/ нэгдсэн хуралдаан 12 цаг 10 минутад 59 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав. Тус байнгын хороо төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх явцад УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн бүх саналыг нэгтгэж тусгасан төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж нийт гишүүдэд тараасан байна.

Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого талд зарим сайд болон төсвийн зарим байгууллагын төсвийн багц дахь өөрийн орлогыг 387.7 сая төгрөгөөр, төсвийн байгууллагуудын урсгал зардлыг 118.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон байна. Ирэх оны төсвийн жилд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 29.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зардал дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан дээд хязгаараас 100 орчим тэрбум төгрөгөөр буурч дотоодын нийт бүтээгдэхүүний 31.7 хувь болж байгаа аж. Харин нэгдсэн төсвийн нийт алдагдал 489.9 тэрбум төгрөг байхаас 439.2 тэрбум төгрөг болж сайжирснаар дотоодын нийт бүтээгдэхүүний 1.8 хувьтай тэнцэхээр байгаа юм байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл асуулт асууж хариулт авснаар 2015 оны улсын төсвийн болон сангуудын төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгав.

Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг эхэлж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуралдаан даргалагч Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон тус бүрээр нь санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4 их наяд 708 тэрбум 510.1 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцсэн/ хэмжээг 5 их наяд 603 тэрбум 277.4 сая төгрөгөөр тус тус батлав. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2015 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 655 тэрбум 417.5 сая төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 195 тэрбум 556.8 сая төгрөгөөр баталлаа. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд ирэх оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 34 тэрбум 385.8 сая төгрөгөөр батлав.

 Энэ хуулиар ирэх оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1 их наяд 815 тэрбум 740.1 сая төгрөг хүртэл, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 277 тэрбум 460.6 сая төгрөг байхаар тогтоов. Харин ирэх оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 160 тэрбум 322.1 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээг 15 тэрбум 410.5 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 201 тэрбум 962.2 сая төгрөг байхаар баталлаа.

Мөн “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт”, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”, “Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-уудыг хавсралтаар батлав. Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 52 нь буюу 91.2 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.

Дараа нь Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлав. Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслөөр Нийгмийн даатгалын санд 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг 1 их наяд 772 тэрбум 816 сая, зарлагын хэмжээг 1 их наяд 484 тэрбум 960.9 сая, Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 400 тэрбум төгрөг байхаар тус тус батлав. Уг хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.5 хувь нь дэмжсэн юм.

Харин Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслөөр Хүний хөгжил сангийн төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 526 тэрбум 294.5 сая, зарлагын хэмжээг 342 тэрбум 325.4 сая төгрөг байхаар батлав. Уг хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.3 хувь нь дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Тус байнгын хороо чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны дараа хуралдан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргажээ.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул дээрх саналуудыг хангахад эрх зүйн талаас нь зохицуулалт хийх шаардлагын дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөл нь ажлын хэсгээс гаргасан саналуудыг ямар хүрээнд, хэрхэн шийдэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл болох юм байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан асуулт асууж хариулт авсны дараа тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжив. Улмаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.9 хувь нь дэмжлээ.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хуулийн хугацаанд нь баталсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын нийт гишүүд болон ажлын хэсэгт талархал илэрхийлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.