2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Б.Ганхуяг : Тэтгэвэр, тэтгэмж, цалинг бодитоор нэмэгдүүлэх шаардлагатай

Б.Ганхуяг : Тэтгэвэр, тэтгэмж, цалинг бодитоор нэмэгдүүлэх шаардлагатай

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Б.Ганхуяг : Тэтгэвэр, тэтгэмж, цалинг бодитоор нэмэгдүүлэх шаардлагатай
МАН-ын Шинэчлэлийн хорооны нарийн бичгийн дарга, хуульч, улс төр судлаач Б.Ганхуягтай цаг үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Асуултаа Та бүхний одоо хийгээд улс төрийн суулт, тэмцлийн талаар асууж эхлэе. Ер нь ямар шаардлага тавьчихваа, яг ямар үр дүнд хүрч байна.

МАН-ын Шинэчлэлийн хорооноос 2014 оны 09-р сарын 24-ны өдрөөс эхлэн “Эдийн засгийн хямрал-Иргэний ядуурал” сэдэвт асуулгыг нийслэлийн 6 дүүрэг, 11 аймгийн иргэдийн дунд явуулсан. Асуулга 9 асуултаас бүрдсэн, гол нь Монгол улсын эдийн засаг хямраад байгаа юм уу, үгүй юм уу? гэдгийг тодорхойлох, нөгөө талаар иргэдийн амьдрал үнэхээр тийм сайн байгаад байгаа юм уу, үгүй юм уу? гэдгийг иргэдээс асууж, хариулт авахыг зорьсон. Судалгаанд 5837 иргэн хамрагдсан. Оролцогсдын 65 хувь нь эдийн засаг хямарсан гэдгийг хүлээн зөвшөөрч, 60 гаруй хувийнх нь худалдан авах чадвар эрс муудсан гэдэг хариултыг өгсөн. Тэгээд энэ үйлдлийн гол буруутан, хэргийн эзэн этгээд нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг болохийг оролцогсдын 57 хувь нь нэрлэж, Ерөнхий сайдад хариуцлага тооцох шаардлагатай гэдгийг онцолсон. Тэгээд ч батганы толгойг аваагүй цагт батгыг яаж ч доогуур, дээгүүр нь эмчлээд үр дүнд хүрэхгүйтэй адил, энэ хүн байгаа цагт эдийн засаг сэргэж, иргэн баяжиж, хүн шиг амьдрана гэдэг шиг худлаа зүйл байхгүй нь тодорхой.

-Та нарыг намынхаа удирдлагуудын захиалгаар энэ тэмцлийг хийж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ талаар.

Бид эдийн засгийн асуудлаар, иргэд яаж амьдарч байгаа талаар судалгаа явуулах санаачлагыг гаргасан. Судалгааны дүгнэлт үнэхээр харанхуй, хүнд байгааг харуулсан. Судалгааны дүгнэлтийг зүгээр харчихаад, орхичихож чадахгүй юм байна лээ. Тэгээд хийх ажлуудаа төлөвлөсөн. Энэ талаараа намын удирдлагадаа мэдээлсэн. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, бүлгийн дарга нар дэмжихээ илэрхийлсэн. Дэмжиж байгаа. Харин оролцоогүй. Энэ харилцааг юу гэж ойлгох нь таны асуудал. Бид цаашид ч хамтран ажилласаар байх болно. Харин биднийг энэ ажлыг хийх захиалгыг Монгол улсын 5837 иргэн өгсөн. Энэ тоо өдөр өнгөрөх тусам улам бүр өсөж, нэмэгдсээр байгаа.

-Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлсэн байна. Ямар ямар шалтгаан, үндэслэлүүдээр огцрох ёстой гэж үзэж байгаа вэ?

Маш энгийн. Нэгт нь: эдийн засаг хямарсан, хямралаас гарч чадахгүй байгааг иргэдийн худалдан авах чадвар 60 хувиар буурснаар тодорхойлж болно. Өмнө нь 4 ам бүлтэй өрх 7 хоногт 1.4 кг мах аваад идчихдэг байсан бол өнөөдөр 7 хоногт 500 гр хүрэхтэй, үгүйтэй мах, гэдэс дотор авч байна, жижиг хүнсний дэлгүүрүүд талхыг, байцааг таллаж зарж байгаагаас харахад хангалттай. Энэ нэг талаас валютын ханш өссөн, түүнийг дагаад бүх төрлийн барааны үнэ огцом буюу сүүлийн 3 сарын хугацаанд 500-1800 хүртэл төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой, харин иргэдийн цалин, орлого нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй нь иргэдийг шууд ядууралруу түлхсэн үйлдэл. Хоёрт нь: Дэлхийн аль ч ардчилсан орны улс төрчдөд заавал байх ёстой нэг зүйл, ялангуяа улс төрийн өндөр албан тушаалтны хувьд гэр бүл, ойр дотных нь хүн өөрийнх нь хамаарал бүхий албан тушаалыг хашчихаад, хээл, хахууль, хөрөнгө мөнгөний асуудалд холбогдсон тохиолдолд шударгаар хүлээдэг ёс зүйн дүрэм гэж байна. Гэтэл Н.Алтанхуяг гэдэг хүний охин, хүргэн, зөвлөх, найз нөхөд гээд асуудалд холбоогүй хүн цөөн үлдлээ дээ. Тэгэхээр хариуцлага хүлээлгэх нэг үндэслэл нь мөн, харин Ерөнхий сайд энэ асуудалд иргэний зориг гаргаад ядаж тэдний өмнөөс уучлалт хүсчих хэмжээний ёс суртахууны тэнхээтэй байх ёстой. Гуравт нь: Монгол улсыг өрийн дарамтанд бүрэн оруулчихлаа. Монгол улсын Үндэсний аюулгүй байдал гэдэг бол зөвхөн Ерөнхий сайдын биш, иргэн бүрийн санаа зовниж явах ёстой, тусгаар тогтнолын баталгаа байдаг. Тэгтэл одоогийн Засгийн газраас бидний үр хүүхэд, хойч үеийнхэнд үлдээж байгаа өрийн хэмжээ ДНБ-ны 65 хувиас хэтэрчихээд явж байна. Бас болоогүй 80 хувьд хүргэж, нэмж зээл авах хуулийн төсөл хүртэл санаачлаад батлуулах гээд явж байна. Энэ бол зүгээр яриад өнгөрчих асуудал биш, дараа жилээс эхлээд тавьсан өрийнхөө хүү, төлбөрийг төлөөд эхлэнэ. Гэтэл манай улсын эдийн засаг тартагтай тулчихаад байна, бүгд харлаа, Засгийн газрын оруулж ирсэн төсөвийн төслийг, арай ч дээ, дэлхийн нэн ядуу зэрэглэлд хамаардаг орны ч төсөв ийм арчаагүй, дорой байхыг олж үзээгүй л юм байна. Эдгээр шалтгаан бол нэг хүнд дэндүү ахадсан гэдгийг хэлмээр байна.

-МАН-ын Шинэчлэлийн хорооны оруулж ирсэн “Ерөнхий сайдыг огцруулах” тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлэг авч хэлэлцсэн гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Ямар шийдвэр гарсан бэ?

Бид УИХ дахь бүлэг, бүлгийн гишүүддээ хандаж уриалга хүргүүлсэн, мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягыг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж өгөх хүсэлтийг 2014 оны 10-р сарын 08-ны өдөр гаргасан. 2014 оны 10-р сарын 13-ны өдрийн Намын бүлгийн хуралдаанаар авч хэлэлцээд бидний хүсэлтийг дэмжсэн. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөл байдал, төсөвийн асуудалтай холбогдуулан цаг хугацааг шууд зааж товлоогүй ч, ажлын хэсгийн хэмжээнд эцэслэн шийдвэрлэхээр болсон. Бүлгийн олон гишүүн санал, байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ бидний хөндөж байгаа асуудал бол зөвхөн МАН-ын асуудал биш, харин улс орны ирээдүйн хөгжил урагшлах уу, зогсох уу? гэсэн түүхэн сонголтийн өмнө ирээд байгаа чухал цаг үед шийдвэрлэх ёстой хамгийн том асуудал болоод байгааг ойлгох хэрэгтэй.

-Бас л тодорхой шийдвэрт хүрээгүй, тодорхой бус хариулт гарсан юм биш үү? Ер нь бүлгийн ажлыг Та бүхэн яаж дүгнэдэг вэ? хуралдаан болгоноороо л асуудал оруулдаг, гэхдээ дандаа тодорхойгүй шийдвэр гаргаад байгаа харагддаг.

Намын бүлэг гэдэг чинь нэг хүн биш. Олон ургальч санаа, үзэл байр суурь илэрхийлэгдэж байж, шийдвэрт хүрдэг байгууллага. 2012 он манай намыг сөрөг хүчний байр сууринд аваачсан. Гэхдээ улс төрийн зоримог, хүчтэй, нийгмийг дагуулсан шийдвэр гаргахыг олон мянган иргэн, намын гишүүд хүлээж явдгыг бид мэднэ, бид ч тэгэж л хүсдэг. Сая хуралдсан бүлгийн хуралдаан дээр бүлэгт шударга гишүүд олон байгааг харсан. Өөрийнхөө Ерөнхий сайдыг хүртэл өргөн барьж байсан гишүүд ч бүлэгт байгаа, шударгаараа л байна лээ, юу гэх гээд байгаа нь мэдэгдэхгүй гишүүд ч хэд хэд байгаа. Гэхдээ эцсийн мөчид иргэдийнхээ хүсэл сонирхолын талд орох байлгүй дээ. Цаг хугацаа харуулна, хүлээхэд л болно. 

-Одоо цаашид ямар ажлуудыг зохион байгуулж, тэмцлийн ямар хэлбэрээр Засгийн газарт, Ерөнхий сайдад хариуцлага тооцох талаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

Намын Удирдах зөвлөл, бүлгийн төвшинд ажиллана. Мөн иргэний нийгмийн байгууллага, хөдөлгөөний хамт олонтойгоо ажиллана. Ерөнхий сайдыг өргөн барих хүртэл шаардлагаа нэхэж, дахин дахин шаардаж ажиллах болно. Шинээр орж ирээд байгаа төсөвийн хуулинд “Тэтгэвэр, тэтгэмж, цалин” нэмэгдүүлэх хүрээнд тооцоо судалгаа хийж эхэлсэн. Тэтгэвэр, тэтгэмж, цалин бодитоор нэмэгдэж байж л иргэдийн худалдан авах чадвар дээшилж, амьдралын өнгө өөрчлөгдөнө. Үүний төлөө явна. Шаардлагатай тохиолдолд Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар иргэдийн дунд асуулга явуулна. Бүр болохгүй юм бол УИХ-ыг тараах талаар санал асуулга явуулж, иргэдийнхээ дэмжлэгийг авах ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж, хэрэгжүүлэх болно.
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn