2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Хонон өнжин дугаарласан эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлж чадахгүйд хүрээд байна


Хонон өнжин дугаарласан эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлж чадахгүйд хүрээд байна

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Хонон өнжин дугаарласан эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлж чадахгүйд хүрээд байна

Жил бүр л хичээлийн шинэ жил эхлэхээр эцэг эхчүүд цэцэрлэгийн гадна хүүхдээ бүртгүүлэхийн тулд урт дараалал үүсгэж, олон хоногоор нойр хоолгүй тэмцдэг болжээ. Өнөө жил ч мөн уламжлал ёсоор цэцэрлэгүүд гаднаа урт дараалалтай өдөр шөнийг өнгөрөөж байна. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд энэ сарын 19-23-ны хооронд өмнө нь явж байсан хүүхдүүдээ бүртэж, харин 26-28-ны хооронд шинээр элсэгчдээ бүртгэж байгаа аж. Гэхдээ олонхи цэцэрлэг дунджаар 60 орчим хүүхэд л шинээр авч байгаа юм байна. Тиймээс бүртгүүлж чадалгүй үлдсэн эцэг эхчүүд бухимдаж, зарим нь сонин хэвлэл дуудах дээрээ тулж байгааг цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүд халаглан ярьж байна. Энэ талаар сурвалжлахаар бид өчигдөр нийслэлийн БЗД-ийн 17 дугаар хороо буюу Шар хадны эцэст байрлах гуравдугаар цэцэрлэгт очлоо. Биднийг очиход 40 орчим эцэг, эх урт дараалал үүсгэн дугаарлаж байлаа. Тэдний зарим нь 2-3 хоног дугаарласан ч хүүхдээ бүртгүүлж чадахгүй нь хэмээж байв. Ер нь л эцэг эхчүүд бухимдан цэцэрлэгийн багш, ажилчдыг буруутгах ажээ. Тухайлбал, нэгэн эмэгтэй “Цаагуураа бизнес хийгээд байх шиг байна. Мөнгөтэй бол би энд хонохгүйгээр л бүртгүүлэх юм шиг санагдлаа” гэхэд нэг залуу “Хоёр цагийн өмнө л миний урд 10 орчим хүн байсан нь бараг хэвээрээ л байна. Гэтэл урдуур хэчнээн ч хүн оров доо. Би энд гурван өдөр дугаарлаж байна. Арай л биш ээ” гэв. Мөн нэг залуу “Танилтай бол утсаар яриад л бүртгүүлчихдэг юм билээ. Мань мэт ингэсээр байгаад хүүхдээ сарынхаа 250 мянган төгрөгийн цалингаар төлбөртэй хувийн цэцэрлэгт өгөх юм шиг байна” хэмээн бухимдаж байлаа. Шөнө хоноглон үүдийг нь сахиж буй залуу хүмүүс бүртгүүлээд явдаг бололтой. Харин ахмадууд нь орой гэртээ харьж өглөө ирээд л дахин шинээр дугаарладаг учир бүртгүүлж чаддаггүй бололтой. Тус цэцэрлэг 17 дугаар хорооны бүх хүүхдийг авдаг ч 24 дүгээр хороо цэцэрлэггүй учраас нийслэлийн Боловсролын газраас цөөн тооны хүүхэд авах үүрэг өгсөн юм байна. Гуравдугаар цэцэрлэгт өнгөрсөн жил 450 хүүхэд хүмүүжсэнээс ахлах бүлгийн 80 орчим хүүхэд төгссөн юм байна. Гэхдээ 40 орчим нь сургуулийн насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар эргэж ирсэн аж. Тиймээс энэ жилийн хувьд шинээр 45-50 хүүхэд л бүртгэж байгаа аж. Биднийг тэнд байх үед шинэ хүүхдийн элсэлтийн бүртгэл дуусч хаалгаа барилаа. 

 

Ингээд тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Алтанцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа. 

 

“1300 ХҮҮХДЭЭС 225- ЫГ НЬ Л АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ” 

 

-Энэ жил танай цэцэрлэг хэчнээн хүүхэд шинээр бүртгэх гэж байна вэ? 

 

-Нийслэлийн боловс- ролын газрын өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 19-23-ны хооронд хуучин хүүхдээ бүртгэсэн. Харин 26-28-нд шинэ хүүхдүүдээ бүртгэж эхэлж байна. Манай цэцэрлэг БЗД-ийн 17 дугаар хорооны цэцэрлэгийн насны нийт хүүхэд, 24 дүгээр хорооны хэсэг хүүхдийг цэцэрлэгтээ авах ёстой. Энэ хоёр хороонд манай цэцэрлэгт хамрагдах ёстой 2-5 насны 1300 хүүхэд байна. Гэтэл манай цэцэрлэг 225 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Энэ жилийн хувьд нэмэлтээр 394 хүүхэд авахаар болсон. Одоогийн байдлаар таван настай 25 хүүхэд бүртгүүлсэн байна. Тэднийг бүгдийг нь үндсэн ангидаа авах боломжгүй. 10 хүүхдийг нь л авна. Харин үлдсэн 15 хүүхдийг гуравдугаар сараас хувилбар сургалт буюу хичээлийн өмнөх боловсролын сургалтад хамруулна. 

 

-Нэг ангид хэдэн хүүхэд байдаг вэ? 

 

-Боловсролын газраас нэг анги 30-40 хүүхэдтэй байх чиглэл өгсөн. Хуулийн дагуу бол 20-25 хүүхэд байх ёстой байдаг. Өнөөгийн нөхцөл байдлаас болоод манайх ер нь жил бүр 45-60 хүүхдээр анги дүүргэлтээ хийж байгаа.

 

 -Хүүхэд олон болохоор бүлгүүд нэмэгддэг үү, ангийн хүрэлцээ хэр байдаг вэ?

 

 -Хүүхэд олон байх тусам багш, ажилчдын ачаалал нэмэгддэг. Анги танхимын хүрэлцээ ч муу. Бас хоолны мөнгөний хүрэлцээ тааруухан, хүүхдүүд унтах газар ч үгүй болдог.

 

 -Төсвөөс хэдэн хүүхдийн хоолны ХОНОН ӨНЖИН ДУГААРЛАСАН ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ БҮРТГҮҮЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЭЭД БАЙНА М.НАРАНБОЛД Э.БОЛОРЦЭЦЭГ мөнгө өгдөг вэ, хүүхэд нэмэгдэхэд төсөв нэмж олгодог уу?

 

 -Есдүгээр сарын хоолны мөнгө гэж 12 сая төгрөг батлагдсан. Нэг хүүхдийн хоолны мөнгө 1600 төгрөг байдаг. Тэгээд 390 хүүхдийн мөнгийг бодоход 13 сая төгрөг болсон. Бид одоо нэг сая гаруй төгрөг дахин батлуулах хэрэгтэй байгаа. 

 

-Бүртгүүлээгүй үлдсэн хүүхдүүд энд өөр цэцэрлэгт орох боломж байна уу? 

 

-17, 24 дүгээр хорооны хүүхдүүдийг өөр цэцэрлэг авах боломжгүй, хувийн цэцэрлэгүүдэд л орох боломжтой. Гэхдээ хувийн цэцэрлэгүүд их өндөр төлбөртэй байдаг юм билээ. Тиймээс эцэг эхчүүд улсын цэцэрлэгт өгөх гэж тэмцдэг. Харамсалтай нь багтахгүй учраас олонхи нь хохироод л үлддэг. Бид нэг ч гэсэн хүүхдийг сургая гээд нэмж аваад байвал юу болох билээ дээ. Одоогийн байдлаар 150 орчим хүүхэд илүү авчихаад байна. Гэтэл зарим эцэг эх энэ байдлыг ойлгодоггүй. 

 

-Зарим газар бүртгэлээс хоцорсон гээд хүүхдийг нь хүлээж авахгүй байна гэж эцэг эхчүүд ярьж байсан. Танайд хуучин явж байсан хүүхэд бүртгүүлээгүй хоцорсон тохиолдол гарсан уу?

 

 -Хуучин хүүхдүүд бүртгэлээс хоцорсон ч ирвэл шууд л бүртгээд авч байгаа. Одоогоор шинэ хүүхдийнхээ бүртгэлийг дуусаад байна. Тиймээс цаашид өмнө явж байсан хүүхдүүдээ бүртгэж авна. Багшаар нь ч яриулж, сураглуулж байгаа. Зарим нь хөдөө, зарим нь сувилалд байна гээд л байгаа. Ер нь бол өмнөх хүүхдээсээ нэг ч хүүхэд орхихгүйг хичээнэ. 42 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ 40 ОРЧИМ ХҮҮХЭД ШИНЭЭР БҮРТГЭЖЭЭ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутагт байрлах 42 дугаар цэцэрлэгт очлоо. Тус цэцэрлэгийн гадна 20 орчим хүн бүртгүүлэхээр дугаарлаж байлаа. Гэвч өнөөдөр / өчигдөр/ шинээр элсэгчдийн бүртгэл дууссан бөгөөд мөн л хуучин хүүхдүүдээ бүртгэхээр хүлээж байгаа ажээ. Тиймээс эцэг эхчүүдийн бухимдал тэдний гадаа бас л их байв. Эднийх нийт 200 хүүхдийн хүчин чадалтай буюу найман ангитай гэнэ. Гэсэн ч өнгөрсөн жил ачааллаа хэтрүүлж нийт 358 хүүхэд хүлээж авсан байна. Түүнээс 40 гаруй хүүхэд сургуульд оржээ. Тиймээс энэ жил хоёр настай 40 орчим хүүхэд шинээр бүртгэж авсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийнх шигээ л 358 хүүхэдтэй найман анги хичээллэх гэнэ. Уг нь энэ цэцэрлэгт хамрагдах 2-5 насны хүүхэд наймдугаар хороонд 700 гаруй байгаа аж. Нөгөө талаар тус цэцэрлэг албан газруудын дунд байрладаг учраас тойргийн бус ажилчдын хүүхдүүд суулгадаг юм байна. Өмнөх хүүхдүүдээ авах ёстой гэсэн журам гарсны дагуу энэ жил ч тэдний хүүхдийг авч байгаа аж. Арга зүйч Ж.Амарзаяа “Өнгөрсөн жил хоёр ангийн 80 гаруй хүүхэд төгсгөсөн. Тэднээс тал хувь нь сургуульд суух насанд хүрээгүй гээд эргэж ирсэн. Тиймээс энэ жил шинээр 40 орчим хүүхэд авч байна. Хүүхдээ оруулмаар байна яах вэ гэсэн эцэг эх олон байгаа. Нэгэнт л манай ачаалал хэтэрсэн тул ямар ч арга байхгүй” гэсэн юм. Энэ мэтчилэн цэцэрлэгүүдийн ачаалал хэтэрсэн ч эцэг эхчүүд яаж ийгээд хүүхдээ өгөх гэж үүдэнд нь жагссаар байна. Хувийн цэцэрлэгт өгөх гэхээр сарынхаа цалинг өгөөд ч заримд нь хүрдэггүй аж. Өөрөөр хэлбэл, хувийн цэцэрлэгүүд сард дунджаар 250-300 мянган төгрөгийн төлбөрөөр хүүхэд хүлээн авч байгаа юм байна. Харин мөнгө, хөрөнгөтэй нэг нь хүүхдээ өгдөг ч ядуу буурай айлын хүүхэд цэцэрлэгт орж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаагүй 31 мянга 300 гаруй хүүхэд байгаа бол цэцэрлэггүй 42 хороо байгаа ажээ. Түүнчлэн сургуульгүй 31, сургууль, цэцэрлэгийн аль аль нь байхгүй 14 хороо байдаг байна. Нийслэлийн хэмжээнд нийт 240 хүүхдийн 220 цэцэрлэг, 640 хүүхдийн 97 сургууль нэмж барих шаардлагатай байгааг албаныхан хэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд 185 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тиймээс ирэх онд нийслэлийн есөн дүүргийн 86 байршилд бага сургууль, цэцэрлэг барихаар болсон байна. Түүнчлэн 2014- 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөлд нийт 140 цэцэрлэг шинээр барихаар тусгаад байгаа ажээ.

 

М.НАРАНБОЛД

Э.БОЛОРЦЭЦЭГ

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.