2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Трасс өөрчлөх нэрийдлээр Туул голоо булшлах нь

Трасс өөрчлөх нэрийдлээр Туул голоо булшлах нь

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин

 


Нийслэлчүүд Хатан Туулдаа их хайр найргүй ханддаг улс. Адаглаад амралт, зугаалгаар буугаад мордохдоо эрэг орчмыг нь хогоор будаж орхичихоод явах нь энүүхэнд. Уг нь өөрсдийнхөө өдөр тутмын байнгын хэрэглээ болсон ундны усыг хангадаг гэдгээр нь Туул голдоо бид хамгийн хүндэтгэлтэй хандмаар. Наад зах нь амарч яваа нэгэндээ хогоо уутлаад явахыг сануулдаг, түүнийгээ бусдадаа үлгэрлэдэг сэтгэхүй бидний ой тоонд байх учиртай. Харамсалтай нь, Хатан Туулдаа хайр найргүй хандаж ирсний бэлээхэн жишээг Зайсанд боссон хорооллууд, эрэг дагуухь амралт сувиллын газруудаас төвөггүйхэн харж болно.

 

Өнөөх “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол, мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоож, барилга байгууламж барихыг хориглоно” гэх хуулийн заалт ч тэнд бараг мартагдаж байна. Хэдийгээр цэвэр, бохир усаа төвийн шугамтай холбож хог хаягдлаа гол руу хаяахгүй байгаа гэх ч аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр голын ус бохирдож, чанарт нь нөлөөлдгийг холбогдох албаныхан болон эрдэмтэн судлаачид халаглан хэлж буй. Энэ мэт шалтаанаар нийслэлийнхний ундны усны хэрэглээг хангадаг Туул гол өдрөөс өдөрт урсгалаа хумьж, чадан ядан урссаар байгаа юм. Бүр амь тавьж байна. Холбогдох албаныхан нь ч өдрөөс өдөрт даамжирсаар байгаа энэ асуудлыг зогсоохоос илүүтэй хэн нэгэн албан тушаалтны ашиг сонирхол, өнгө үзэмжид нийцүүлэн ажилласаар байгаа нь даанч эмгэнэлтэй биш гэж үү. Бүр сүүлдээ Туул голд өрнөж буй хууль бус үйл ажиллагаанд төрийн эрх барих дээд байгууллага Засгийн газар нь хүртэл гар дүрдэг гаж тогтолцоо бий болж байгаа бололтой. Тэд энэхүү хууль бус үйлдлээ бүтээн байгуулалт гэх гоёмсог нэрээр халхавчилж байна.


Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 он хүртэл дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор “Гудамж” төслийн нэгжийг Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд байгуулан түүгээрээ дамжуулж нийслэл, хөдөө орон нутагт замын болон гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах ажлыг эхлүүлээд хоёр жилийн нүүрийг үзэж байна. Эдгээр төсөлдөө ч “Чингис” бондын хөрөнгөөс нэлээд хувийг хуваарилж харамгүй мөнгийг зарцуулж байгаа. Үүнээс энэ онд ажлыг нь эхлүүлэх томоохон бүтээн байгуулалтын нэг нь “Туулын хурдны зам” төсөл. Замын ажлыг өнгөрсөн онд эхлүүлэх байсан ч Туул гол орчмын байгаль орчны нөлөөллөөс үүдэж хойшилсон юм. Нэг ёсондоо хурдны зам эхлэх Туул гол орчимд нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр, бут сөөг ихтэй газар учир дахин нарийн төлөвлөлт хийх шаардлагатай болсон байдаг. Сүүлд Туулын хурдны замын трасс, төлөвлөлтийг боловсруулж дууссантай холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газраас манайд олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 193 саяыг нь Туулын хурдны зам болон Яармагийн гүүр барихад зарцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Одоогийн байдлаар замын зураг төсөл, трасс нь бэлэн болсон ч гүйцэтгэгч компани шалгараагүй байгаа учраас төслийг хэрэгжүүлж эхлээгүй гэх тайлбарыг албаныхан өгч байна. Гэхдээ замын ажил эхлэхгүй удаашралтай байгаа нь өөр шалтгаантай бололтой. Энэ талаар ч мэдээлэл гарсан нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулаад байна.


Тэр нь юу гэхээр Туул голын хурдны зам дагуухь гаргасан трасстай холбоотой. Өөрөөр хэлбэл, өмнө нь боловсруулаад бэлэн болчихсон газар шорооны ажил нь үлдээд буй Туул хурдны замын трасст зарим өөрчлөлтийг оруулахаар холбогдох албаныхан нь ажиллаж эхэлсэн гэх. Мэдээж Монголд тэр дундаа нийслэлд анх удаагаа томоохон хөрөнгө оруулалттайгаар хурдны зам барихаар болсон нь сайн хэрэг. Хотоос гарах, буцаж орох гэж хаа саагүй нүхэлсэн зам дээгүүр машинаа эвдчих шахам үйл тамаа цайдаг жолооч нар ч үүнийг алга ташин хүлээж авах тодорхой. Гэхдээ бүтээж байна сөнөөж болохгүй. Тэр тусмаа нийслэлийнхний цэвэр усны эх үүсвэр болсон Туул голыг сүйтгэж бүр ч болохгүй. Хэрвээ замын трасст өөрчлөлт оруулбал Маршалын гүүрээс зүүн тийш нэг км, баруун тийш хоёр км газарт газар шорооны ажлыг хийх юм билээ. Нэг ёсондоо хурдны замаа тавихын тулд Туул голын эрэг дагуухь гурван км бургасыг газрын хөрстэй нь тэгшилнэ гэсэн үг. Ингэж өөрчлөх болсон ч шалтгаантай.


Тодорхой хэлбэл, боловсруулаад бэлэн болчихсон замын трасст нь Зайсан орчмын зарим хэсэг орчихсон байдаг. Газрын трасст орсон бол газраа чөлөөлөх л учиртай. Тэр тусмаа аль нэг дүүргийн бус Засгийн газрынх нь хэмжээнд ач холбогдол өгч томоохон санхүүжилтээр хийх бүтээн байгуулалтын ажил хэн нэгэн хүний эрх ашгийн үүднээс гацах ёсгүй. Хачирхалтай нь, Их тэнгэрээс Зайсангийн ам хүртэл газрын чанх урд барих хурдны замын трасст нөлөө бүхий улстөрчдийн эзэмшлийн хаус, амралтын газрууд орчихсон учир ийм өөрчлөлтийг хийхээр зэхэж байгаа бололтой юм. Хурдны замын ажил өнөөдрийг хүртэл эхлэхгүй байгаа нь энэ асуудалтай ч холбоотой байж болох. Үнэндээ нийслэлийн хамгийн ашигтай байрлал гэгддэг Туул голын эрэг дагуухь эзэмшлийн газраа ямар хүн зүгээр сууж байгаад өгчихгүй. Тэр тусмаа улстөрчид, албан тушаалтнууд. Гэвч хэдхэн хүний эрх ашгийн үүднээс замын трассаа өөрчлөн байж гурван км газарт байгаа бургасыг устгаж болохгүй билээ. Гурван км талбайд ургасан бургас гэдэг тийм ч бага тоо биш. Энд ургасан нэг бургас нь дор хаяж 40-50 жилийн настай. Өөрсдөө ногоон хөгжил ярьж, мод тарих гэж үйлээ үздэг атлаа байгалийн тогтолцоогоор нь ургасан зүйлийг бүтээн байгуулалт нэрийн дор устгах нь тийм сайхан санагдахгүй л байх. Бидэнд олдсон мэдээллээр анхны замынх нь трассыг нийслэлээс өөрчлүүлэхээр зураг төсөл боловсруулж Засгийн газарт өргөн барих гээд байгаа юм билээ. Харин “Гудамж” төслийн зүгээс анхныхаа зураг төслөөр явна гэсэн байр суурьтай байгаа аж. Гэхдээ энд аль нэгнийх нь зөв буруу гэж шүүх гэсэнгүй. Харин гурван км газарт ургасан бургасаа устгахгүй байх гарцыг олох талаар л ярих гээд байгаа юм. Мэдээж нийслэлээс өргөн барих гээд байгаа болон “Гудамж” төслөөс боловсруулсан зураг төслийн аль нэгийг нь эцсийн байдлаар баталж ажлаа эхлүүлэх нь тодорхой. Харин ажил эхлээд аль ч зураг төслөөр нь явсан бургас сэндийчэх учиргүй. 


Хурдны зам барих нь сайхан ч түүнээс гарах үр дагаврыг нь бодолцох хэрэгтэй. Хатуухан хэлэхэд хэдхэн хүний эрх ашгаас нийслэлчүүд нийтээрээ уух усгүй болох ёсгүй. Тэгээд ч голын эрэг дагуу ургасан мод ямар нэгэн хэмжээгээр өөртөө ус хуримтлуулж замаар голоо хамгаалж байдаг байгалийн зүй тогтол гэж бий. Тал талаас нь газрыг нь хумсалсан ч Хатан Туул маань амь тавьчихгүй өдийг хүртэл урсч байгаагийн шалтгаан нь ч хажуугаар нь ургасан бургастай холбоотой. Гэтэл гурван км газарт ургасан бургасыг нь тайрчихаар юу болох вэ. Хатан Туул урсгал татарч, тасарвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Хэсэг хүний эрх ашгийн үүднээс замын трассыг өөрчилсөн хүмүүс нь хүлээх үү. Эсвэл зураг төслийн дагуу ажлаа хийсэн гэж ярих гүйцэтгэгч компанийнхан уу. Эцсийн дүндээ хурдны зам тавих гээд Хатан Туулаа ширгээчихлээ гэж яриад суувал бид өөрсдөө л ичгэвтэр байдалд орно. Тэр үед хүний эрх ашгаа хамгаалж үлдсэн хэсэг хүмүүсийн нэр гарахгүй нь тодорхой. Эсрэгээрээ нийт монголчуудын нэр гарч тэр хэрээр дэлхий биднийг харна бас үнэлнэ.


Энэ асуудлаар “Гудамж” төслийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ч.Дашдэлэгээс зарим асуултад хариулт авлаа.


-Туулын хурдны замын трасст өөрчлөлт оруулахаар болж шинээр трасс боловсруулж байгаа талаарх мэдээлэл байна. Үнэхээр өөрчлөлт оруулахаар болсон юм уу?


-Энэ асуудлаар хүмүүс маш их асууж байна. Туулын хурдны замын зарим хэсэгт өөрчлөлт оруулахаар болсон юм уу гэж. Тийм зүйл байхгүй. Энэ бол хэсэг хүмүүсийн явуулга гэж бодож байна.


-Туулын хурдны замын төслийг яг хэзээнээс ажил хэрэг болгох юм бэ. Удаашраад байгаа шалтгаан нь замын трасст өөрчлөлт оруулах гээд байгаатай холбоотой юм биш үү?


-Замын трасст өөрчлөлт оруулах гээд ажлаа эхлэхгүй байгаа юм биш. Ажил эхлэхэд бэлэн болчихсон байгаа. Харин замын ажлын гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах ажил үлдээд байна. Гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулсны дараа замыг хэрхэн тавих, трасс нь хаагуураа яаж явахыг албан ёсоор танилцуулна.


-Туул голын эрэг дагуухь зам тавих байгаль орчны үнэлгээг нь хийлгэсэн юм уу?


-Өнгөрсөн жил хийлгэчихсэн гэв.

 

Трасс өөрчлөх нэрийдлээр Туул голоо булшлах нь

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.