2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Тулаанч Есүй Монголын эмэгтэй тулаанчдын холбоог байгууллаа

Тулаанч Есүй Монголын эмэгтэй тулаанчдын холбоог байгууллаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Тулаанч Есүй Монголын эмэгтэй тулаанчдын холбоог байгууллааЯпон улсад эх орныхоо нэрийг дуурсгасан Монголын анхны бөгөөд цорын ганц эмэгтэй тулаанч бүсгүй бол Э.Болормаа буюу Есүй билээ. Тэрээр 2007 оноос хойш арлын Япон улсад “pro-wrestling” буюу нохой зодооноор , 2010 оноос дүрэмгүй зодоон гэгддэг “fighting” –аар, холимог тулааны төрлөөр тус тус хичээллэж байжээ. Японд байх хугацаандаа олон олон тэмцээнд амжилт үзүүлэн төрийн дуулал эгшиглүүлж байх тэр үе хамгийн үнэ цэнэтэй мэдрэмж байсан хэмээн ярих Есүйгээс сэргэлэн хурц нүд, энгийн хэрнээ ухаалаг яриа, царайлаг дүр төрх, зоригтой, дайчин зан чанар ажиглагдаж байсан юм. Тэрээр эх орондоо ирээд жил гаруй болж байгаа бөгөөд Монголдоо анх удаа эмэгтэйчүүдийн холимог төрлийн тулааныг 10 сарын 12 нд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Ингээд түүнтэй ярилцснаа хүргэе. 

 

 
-Өдрийн мэнд хүргэе. Монголдоо ирээд жил гаруй болжээ. Улаанбаатар хэр өөрчлөгдсөн байна?
Баярлалаа. Нийт уншигчдадаа өдрийн мэнд хүргэе. Үнэхээр өөрчлөгджээ. Залуус нь боловсролтой, соёлтой болсон байна. Зам талбай нь сайхан болоод гоё машин давхиад л… Гэхдээ хөгжихийн хэрээр баян хоосны зааг их гарч байна уу даа гэж харж байна.
-Анх удаа эмэгтэйчүүдийн холимог төрлийн тэмцээн зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон гэж дуулсан. Тэмцээнийхээ талаар ярихгүй юу?
Монголд анх удаа эмэгтэйчүүдийн холимог төрлийн тулааны тэмцээнийг 10 сарын 12 нд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Тэмцээний гол онцлог нь Монголд анх удаа эмэгтэйчүүдийн тулаан болох гэж байна. Нөгөөтэйгүүр Халимаг, Буриад, Өвөрмонгол, Тува үндэстнүүдээс тамирчид ирж оролцохоос гадна урилгаар Японоос 6 хүний бүрэлдэхүүнтэй тамирчид ирж оролцоно.

 

-Яагаад тус тэмцээнийг зохион байгуулахаар болов?
Би 2007 оноос хойш “pro-wrestling” буюу нохой зодооноор , 2010 оноос дүрэмгүй зодоон “fighting” –аар, мөн холимог тулааны төрлөөр хичээллэж байсан. Тиймээс хичээллэж байсан гурван төрлөө аль алийг нь Монголчууддаа тайлан болгон хийж байгаа. Учир нь хүмүүс намайг зодолддог гэдгийг мэдэхээс юугаар, яаж зодолддог гэдгийг үзээгүй. Тэмцээнд маань хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөнө. Тулааны шоу ямар байдгийг л үзүүлэхийг зорьж байна.

 

-Тэмцээний бэлтгэл хэр хангагдаж байна? Хаана зохион байгуулагдах вэ? 
Анх удаа томоохон хэмжээний тэмцээн зохион байгуулах гэж байгаа учраас мэдэхгүй чадахгүй асуудал тулгарч л байна. Гэхдээ Монголчууддаа сайхан зүйл үзүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Энэ тэмцээнийг ирж үзснээрээ охидуудын тулаанаас гадна үндсэрхэг үзэл, омогшил өөрийн эрхгүй төрнө. Одоогоор зохион байгуулагдах газар тодорхойгүй байна. Үндэсний Аса цирк, Бөхийн өргөөний аль нэгэнд хийхээр төлөвлөж байгаа.
-Өөрөө яагаад заавал тулааны спортоор хичээллэх болсон бэ? Эмэгтэй хүн хичээллэхэд хүнд төрөл шүү дээ. Шантрах тохиолдол гарч байв уу?
Японоос 2007 онд тулааны урлагийн багш ирж хүүхэд шалгаруулж авах гэж байгааг сонссон юм. Тэгээд шалгаруулалтад ороод тэнцэж Японд суралцахаар явсан. Японд очоод холимог тулааны төрлөөр хичээллэх болсон. Хүнд хэцүү шантарх зүйл гаралгүй л яахав. Гэхдээ шантралаа, хүнд хэцүү байна гээд орхиод явж болохгүй. Монголоос ганцаараа учраас маш том ачаа миний нуруунд үүрэгдсэн. Хэрвээ би тулалдахаа болчихвол энэ спортоор Монголын нэрийг гаргах эмэгтэй тамирчин байхгүй болно гэж боддог байсан.

 

-Клубдээ ганцаараа эмэгтэй тамирчин байсан гэсэн. Эрэгтэй хүмүүстэй бэлтгэлээ хийдэг байсан уу?
Тиймээ. Монголдоо ч гэсэн эрэгтэй тамирчидтай бэлтгэл хийж байна. Яагаад ч юм тэгж таараад байдаг юм.
-Холимог тулааны гайхамшиг нь юунд байдаг вэ?
Холимог тулаан бүх л спортыг багтаадаг. Самбо, жудо, китбокс, бокс зэргийг базаснаараа холимог тулаан болж байгаа юм. Охидууд маань бүгд янз янзаар тулалдана. Хүнд, хэцүү спорт гэхдээ тэмцээий дараа ялалт байгуулаад эх орныхоо нэрийг гаргаад далбаагаа өргөөд зогсож байх тэр агшин хамгийн үнэ цэнэтэй санагддаг. Үнэхээр гайхамшигтай, сайхан мэдрэмжийг өгдөг.

 

-Монголдоо холимог тулааны спортыг хөгжүүлэх боломж байна уу? 

 

Мэдээж хөгжүүлэхийн төлөө өөрийнхөө чадах бүхий л зүйлсийг хийх болно. Монголын эмэгтэй тулаанчдын холбоо байгуулж байгаа. Энэ холбооны хүрээнд хийгдэж байгаа хамгийн анхны тэмцээн 10 сарын 12 нд болох тулаан юм.

 

-Эмэгтэй хүн тулааны спортоор хичээллэнэ гэхээр хүмүүс өөр өөр өнцгөөс хардаг. Харин хичээллэснээр ямар давуу талтай вэ?
Тэвчээр хатуужил, бие бялдрын өв тэгш байдлыг бий болгохоос гадна өөрийгөө гадны нөлөөнөөс хамгаалах гэх мэтийн олон давуу талтай.

 

-Энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүд таньд хандвал яах вэ?
Мэдээж охидууд маш их хүсэлт тавьдаг. Тохироо нь бүрдвэл клуб нээж магадгүй. Гэхдээ би амлаж чадахгүй. Аль болох туслах юмсан гэсэн эрмэлзэл байгаа.

 

-Та Монгол охидуудаа ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Хамгийн гол нь Монгол эмэгтэй хүн цусаа цэвэр байлгах ёстой. Яагаад гэвэл эмэгтэйчүүд биднээс маш олон зүйл шалтгаална. Наад зах нь эхнэртэй хүнтэй битгий холбогд л доо. Цаана нь гэр бүл, үр хүүхдүүд адилхан эмэгтэй хүн байгаа. Мөн Монголоо гэсэн чин сэтгэлтэй байгаасай л гэж боддог.

 

-Япон руу буцах бодол байгаа юу?
Монголдоо суурьшаад ажиллаж, хөдөлмөрлөхөөр шийдсэн. Залуу насныхаа 5 жилийг Японд өнгөрөөсөн. Одоо болсон гэж бодож байна.
Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Ярилцсан Б.Цэнд

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.