2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » О.Эрдэнэбулган: Хүрэн нүүрснээс жилд 15 тэрбум шоо метр байгалийн хий боловсруулна

О.Эрдэнэбулган: Хүрэн нүүрснээс жилд 15 тэрбум шоо метр байгалийн хий боловсруулна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 


Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын чуулганы хаалтаас урьдаж УИХ Ашиг малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Газрын тосны тухай хуулийг шинээр баталлаа. Эдгээр хуулийг баталснаар  хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзсэн. Жишээ нь, танай яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсанаар хамгийн багадаа 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ тооцсон байсан. Тэгвэл энэ хууль батлагдаад нэг сар болох гэж байна. Ер нь хөрөнгө оруулалтын хандлага хэр байна. Та ойрын хугацаанд ямар нэгэн хөрөнгө оруулагчтай уулзав уу?

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбоотойгоор энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж нэгж байгууллагууд, хөрөнгө оруулагч нар бүгд хөдөлгөөнд орж байна. Уул уурхай эрчимтэй хөгжсөн орнуудын хууль эрх зүйтэй өрсөлдөх, хөрөнгө оруулалт татах хэмжээний эрх зүйн сайн орчин бүрдсэнийг хуулийн томоон компаниуд мэдэгдэж байгаа. Ялангуяа хөрөнгө оруулагч нар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүлээж байгаагаа хэлж байгаа. Хуулийг баталсан. Одоо манай яам дагаж мөрдөх үйл ажиллагааны журмыг Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна.

-Хайгуулын лиценз олгож эхлэхээр лицензийн наймаа гэдэг хууль бус үйл ажиллагаа ихээр гардаг. Энэ байдлыг яаж зохицуулахаар тусгаж байгаа вэ?

-Өмнө нь хайгуулын лиценз ойлгож эхлэх үйл ажиллагаатай зэрэгцэн төрийн хүнд суртал гаргадаг, хууль бус аргаар лиценз  худалдаг зүйл гарч байсан нь үнэн. Хуулийн дагаж мөрдөх журамд ийм асуудал гаргахгүй байхаар зохицуулж байна. Тодруулбал, хайгуулын лиценз олгохдоо хүний үйл ажиллагаанаас хамаарахгүйгээр онлайнаар хүсэлт хүлээн авч нээлттэй сонгон  шалгаруулах замаар лиценз олгоно. Мөн хаана талбай олгохыг нь зохицуулж өгнө. Хуулиараа бол төрөөс тогтоож өгсөн талбайд хайгуулаа хийнэ гэж заасан байгаа. Үүний дагуу талбайн солбилцлыг нь Засгийн газраас батлуулахаар ажиллаж байна.

-Ер нь Монгол Улсын газар нутгийн хэдэн хувьд хайгуул хийсэн байгаа юм бэ. Цаашид хэдэн хувьд нь геологийн хайгуул судалгаа хийх боломжтой вэ?

-Манай улсын нийт газар нутгийн  65.5 хувь нь ямар нэгэн байдлаар дархлагдан, хамгаалагдсан байдаг. Ой, усны сав газар, дархан цаазат газар гэх мэт. Тэгэхээр үлдсэн 35 хувь нь геологийн хайгуул судалгаа хийх боломжит талбай гэсэн үг. Гэхдээ үүний 15-20 хувьд нь л хайгуул хийнэ. Өнөөдрийн байдлаа 7.8 хувьд нь хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэдгийг ямар тооцооллоор гаргаж ирээд ярьж байгаа юм бэ?

-Жилд геологийн хайгуул, судалгаанаас 300 гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг статистик тоо бий. УИХ-д Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаас өмнө Ашигт малтмалын газарт геологи хайгуул судалгааны компаниуд хэдийн хэрийн хөрөнгө оруулж чадах талаарх мэдээллээ өгсөн. Өөрөөр хэлбэл, хэрвээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлбэл компаниуд нэмэлтээр ийм хэмжээний хөрөнгө оруулна гэдэг тооцоогоо уламжилсан. Энэ статистик тоог үндэслэн энэ тоог гаргасан байгаа.

-Шүүхээр шийдвэрээр 106 хайгуулын лицензийг хүчингүй болгосон. Эдгээр лиценз дээр дахин сонгон шалгаруулалт зарлана гэж ярьж байгаа. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Төрийн албан хаагчдын алдаа дутагдлаас болж компаниудын эзэмшиж байсан 106 лицензийг Шүүхийн шийдвэрийн газраас хүчингүй болгосон байгаа. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Эдгээр 106 лиценз эзэмшигч компани ойролцоогоор 28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тиймээс эдгээр компанийн зарим нь гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Аргагүй л дээ, хөрөнгө оруулалт хийчихсэн шүү дээ. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газраар тусгай журам батлуулсан. Хуулийн дагуу эдгээр лиценз дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулна. Ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл болгон дээр өмнө хийсэн ажлын нийт зардлыг нь суурь үнэ болгож байгаа.  Энэ босгыг давж 30 хувийг нь тухайн лиценз эзэмшиж байсан компанид өгч, эдгээр компаниудаас илүү ажил хийнэ, ашигтай ажиллана гэвэл нээлттэй сонгон шалгаруулалтад орно. Шалгарсан компани өмнө хайгуулын хийсэн компанийн төлбөрийг төлж барагдуулах заалтыг хэрэгжүүлнэ гэсэн үг.

-Газрын тосны тухай хууль 1991 оноос хойш анх удаа шинэчлэгдэн батлагдлаа. Энэ хуулийн гол өөрчлөлт нь юу вэ?

-Газрын тосны тухай хууль бол Бүгд Найрамдах Монгол ард улсын үед, шинэ үндсэн хуулиас ч өмнө батлагдаж байсан хууль л даа. Тиймээс энэ хуулийг шинэчлэх шаардлага яалт ч үгүй байсан.  Наанадаж бусад хуулиудтайгаа уялдуулахгүй бол зөрчилдөж байсан. Шинэчилсэн найруулга балтагдсанаар үүнийг нэг мөр шийдсэн гэсэн үг л дээ. Хоёрт, Газрын тосны тухай хууль нь зөвхөн уламжлалт газрын тосны салбарын үйл ажиллагааг зохицуулж байсан. Гэтэл манай улсад уламжлалт бус газрын тосны нөөц асар их байна. Нүүрснээс хий гаргах, занар, байгалийн тос зэрэг уламжлалт бус газрын тосны салбарыг хөгжүүлэхгүй өдий хүрсэн. Сүүлийн жилүүдэд уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхол гаднынханд давамгайлж байна. Тиймээс Газрын тосны хуулийг шинэчлэн найруулгыг баталсан. Ингэснээр уламжлалт бус салбарыг илүү хөгжүүлэх, хөрөнгө оруулах боломж нээлттэй болсон гэсэн үг.

 -Газрын тосны үйлдвэр барина гэж олон жил ярилаа. Шинэ хуулиар үйлдвэр барих эрх зүйн орчныг нь илүү тодорхой болгов уу?

-УИХ-аас газрын тосны уламжлалт ба уламжлалт бус бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр барих чиглэлд анхаарч ажиллаж байна.  Жишээ нь, 2018 он хүртэл газрын тосны чиглэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжөөс Нэмэгдсэн өртгийн албан татвар, Гаалийн татвараас чөлөөлсөн. Энэ нь өөрөө эрх зүйн хүрээнд үйлдвэрлэлийг дэмжиж байна гэсэн үг. Нөгөө талд уламжлалт бус газрын  тосыг боловсруулах чиглэлээр компаниуд эрчимтэй ажиллаж байна. Одоогоор дөрвөн компани тусгай зөвшөөрөл авсан байгаа. Дархан газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ, үйл ажиллагаа эхлүүлэх бүх зүйлийг нь хийчихсэн байсан. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвхөн өөрийнхөө түүхий эд дээр тулгуурлан боловсруулах үйлдвэр барих ёстой гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу хаана барих вэ гээд байршлыг нь дахин судалж байна. Төрийн оролцоотой үйлдвэрийн хувьд ярьж байгаа шүү. Хувийн хэвшлийн томоохон компаниудын барихаар ярьж байгаа газрын тосны үйлдвэрүүд нэлээд бий. Мөн уламжлалт бус чиглэлд олон төсөл хэрэгжиж байгаа. Жишээ нь, занарын чиглэлээр Америкийн "Жэни Ойл" гэдэг компани хайгуул, судалгааны ажил хийж байгаа. Ойрын хугацаанд нөөцөө тогтоож, үйлдвэр барих үйл ажиллаагаа эхлэх боломжтой. Үүнээс гадна нүүрс шингэрүүлэх төрөлд нэлээд хэдэн компани үйл ажиллагаа явуулж байна.

-"МАК", "Энержи ресурс" тэргүүтэй компаниудын нүүрс шингэрүүлэх төслүүдийг ярьж байгаа биз дээ?

-Тийм. "МАК", "Энержи ресурс", "Цэцэнс майнз" зэрэг компани нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах томоохон төслүүдээ хэрэгжүүлэхээр судалгааны ажлаа хийж байна. Эдгээр компанийн үйл ажиллагааг дэмжиж байгаа. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлсөн. Эдгээр компаниудын өгсөн төслийн урьдчилсан ТЭЗҮ-гээр 2018-2019 онд эхний газрын тосны үйлдвэр ашиглалтад орж дотоодынхоо зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой байгаа юм. Цаашлаад бүх үйлдвэрүүд ашиглалтад орвол зөвхөн дотоодынхоо зах зээлд биш Хятад улс руу экспортлох боломж бий.

-Хятадын "Синофек" гэдэг компанитай хамтран хүрэн нүүрснээс байгалийн хий гаргах төсөл хэрэгжүүлэхээр болсон гэж байсан. Энэ ажил юу болов?

-2013 онд Ерөнхий сайд Хятад улсад айлчлах үеэр гарын үсэг зурж хамтран ажиллахаар болсон томоохон төслийн нэг л дээ. Хятадын "Синофек" гэдэг корпорацитай хамтран Монгол Улсад элбэг байдаг хүрэн нүүрсийг боловсруулж  байгалийн хий гаргах төслийг хэрэгжүүлэхээр болсон. Одоогоор Дорноговь, Дундговь, Төв аймгийн бүсэд байгаа 4-5 бүлэг орд дээр судалгаа хийж 2-3 орд дээр нь хүрэн нүүрсийг боловсруулж байгалийн хий гаргахаар төлөвлөж байна. Эл төслийн урьдчилсан ТЭЗҮ-г хүлээн авсан. Жилд 80 сая хүрэн нүүрсийг боловсруулж 15 тэрбум шоо метр байгалийн хийг боловсруулна гэж тооцсон. Нийт хөрөнгө оруулалт нь 30 орчим тэрбум ам.доллар. Гурван мянган ажлын байр шинээр бий болгож, дотоодынхоо агаарын бохирдлыг буруулах чиглэлд ашиглаж, үйлдвэрээс гарсан ихэнх илүүдэл, дайвар бүтээгдэхүүнийг Хятадад экспортолно. Азидаа томоохонд тооцогдох төсөл л дөө.

-Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн. Тэр дундаа 40 гаруй хувийг нүүрсний орлого дангаараа эзэлдэг. Нүүрсний экспортын хувьд өмнөх онтой харьцуулахад биет хэмжээгээрээ өссөн ч үнийн хувьд маш бага үнээр экспортолж байна. Мөн оны эцэс гэхэд төлөвлөсөн хэмжээндээ экспортолж чадах эсэх нь тодорхойгүй байгаа. Үлдсэн хугацаанд нүүрсний экспортоо хэрхэн эрчимжүүлж, яаж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Нүүрсний экспортыг эрчимжүүлэхээр Засгийн газраас тодорхой  олон арга хэмжээг авсан. Нэгд, нүүрсний компаниудаас авдаг Нэмэгдсэн өртгийн албан татварыг гэрээний үнэ дээр суурилан авдаг боллоо. Хоёрт, хилийн боомтын нэвтрэх чадварыг сайжруулахад анхаарсан. Хуучин хилийнхээ хоёр талдаа удаан хугацаанд амарч экспортод гарах давтамж бага байсан бол одоо уртасгасан цагаар ажиллаж байна. Дээр нь, нэвтрэх чадамжийг нэмэгдүүлсэн.

-Төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй "Эрдэнэс-Тавантолгой" компани өрөндөө л борлуулт хийж байна. Энэ компанийн үйл ажиллагаа сэргээх тал дээр хэрхэн анхаарч байна. Ирэх намар гэхэд өрнөөсөө бүрэн гарах боломж байна уу?

-"Эрдэнэс-Тавантолгой"-н хувьд өрөндөө нүүрс нийлүүлж байгаа нь үнэн. Урьдчилаад мөнгийг нь аваад идчихсэн учраас төлөхөөс өөр арга байхгүй. Хятадын  зах зээл дээр нүүрсний үнэ унаснаас болж манай нүүрсний экспорт ямар ч ашиггүй болж байна. Биет хэмжээгээр өмнөх оноос илүү байгаа ч үнийн хувьд өмнөх оноос 50 орчим хувиар унасан. Энэ жилийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээндээ хүрэхгүй байгаа. Засгийн газраас боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, дамжин өнгөрөх татварыг чөлөөлсөн ч компаниуд зардлаа нөхөж чадахгүй байгаа. Тэгэхээр цаашид тээврийн зардлыг л багасгах тал дээр анхаарч ажиллах шаардлага бий. Төмөр зам барих ажлыг шуурхайлж бүтээгдэхүүнээ бага өртгөөр тээвэрлэх нөхцөлийг хангамаар байна. Чалькод өнөөдрийн байдлаар өрөө гүйцэт төлж амжаагүй л байна. Ирэх намар гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Энэ жил зэс, газрын тос, алтны экспорт өсөлттэй байна гэж ярьж байна. Энэ хэрээр цааш явбал нүүрсний орлогыг нөхөх хэмжээнд экспортолж чадах нь уу?

-Чадна. Учир нь эхний хагас жилийн экспортыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 22 хувийн өсөлттэй гарсан. Өнгөрсөн жилийн өдийд хоёр тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон байсан.  Харин энэ жил 2.5 тэрбумын бүтээгдэхүүн экспортолсон. Үүнд гол нөлөө үзүүлж буй бүтээгдэхүүн бол зэсийн  баяжмал, түүхийн газрын тосны экспорт. Хэдий нүүрс, төмрийн хүдрийн экспорт мөнгөн дүнгээрээ буурсан ч зэс, газрын тосны орлогоос нөхөж байна. Мөн дээр нь Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж байгаа.

-Уул уурхайн яам энэ жил төсөвт хэчнээн төгрөгийг төвлөрүүлэх юм. Эхний хагас жилийн байдлаар хэдийг нь төвлөрүүлээд байна вэ?

-Уул уурхайн яам энэ жилийн төсвийн орлогод 1.4 их наяд төгрөгийг  төвлөрүүлэхээр ажиллаж байгаа. Үүнийг задалбал, алт 189, нүүрс 610, зэсийн баяжмалаас 390 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэх зэргээр тооцсон. Хагас жилийн байдлаар 481 тэрбумыг оруулсан байна.

-Хагас жилд гуравны нэгийг л төвлөрүүлсэн байна шүү дээ. Сүүлийн хагас жилд гуравны хоёрыг нь төвлөрүүлэх боломжтой гэж үү?

-Уул уурхайн салбар бол улирлын циклтэй ажилладаг. Сүүлийн хагас жил бол хамгийн гол цикл нь. Гол үйлдвэрлэл, борлуулалт нь явагддаг. Тэгэхээр төсөвт төвлөрүүлэх орлогоо хангалттай биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа. 

-Уул уурхайн салбарт яалт ч үгүй  холбогдож яригддаг зүйл бол Оюутолгой төсөл.  Энэ төслийн явц ямар байна вэ. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг хүлээхийн зэрэгцээ ямар яриа хэлэлцээ хийж байна вэ?

-Монгол Улсын хувьд Оюутолгой бол хамгийн чухал, амжилттай цааш явах төсөл. Монгол Улсын Засгийн газар хувьцаа эзэмшигч учраас компанийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллаж байгаа. Оюутолгой компанийн хувьд далд уурхайн ажлыг эхлүүлэхийн тулд хоёр дахь шатны санхүүжилтийг олон улсын банк санхүүгийн байгууллагаас хүссэн байгаа. Одоогоор далд уурхайн ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаа.

-Далд уурхайн ТЭЗҮ-тэй танилцсан уу?

-Танилцуулаагүй байгаа. Уг нь өнгөрсөн сарын 30-нд ирүүлэх ёстой ч одоо хүртэл ирээгүй байгаа. Удахгүй танилцуулах байх.

-Ер нь хоёр дахь шатны санхүүжилт орж ирэхээс өмнө ТЭЗҮ-тэй танилцсан байх ёстой биз дээ. Та бүхэн ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

-Бид шаардлага тавихгүй.  Учир нь, компаниуд  аливаа ТЭЗҮ-ээ уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хянаж, батлуулах ёстой байдаг. Хэзээ ирүүлнэ тэр үед нь хянаад батална. ТЭЗҮ санхүүжилттэй шууд нөлөөлөхгүй.

-Оюутолгой компани Татварын ерөнхий газар 130 гаруй сая ам.долларын татварын өртэй байгаа. Татварын Ерөнхий газар Оюутолгой компанийг Арбитрын шүүхэд өгнө гэсэн яриа гарсан. Энэ асуудлаас болж хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, цаашлаад далд уурхайн ажилд сөргөөр нөлөөлж магадгүй гэж зарим хүн ярьж байна. Энэ асуудалд та бүхэнд яаж хандаж байгаа вэ?

-Татвартай холбоотой 130 сая ам.доллар бол далд уурхайн санхүүжилттэй ямар ч холбоогүй байх ёстой. Монголд ч дэлхийд ч татварын асуудалд орж байгаагүй компани бараг байхгүй гээд хэлчихвэл худлаа ярьсан болохгүй. Татварын алба татварын өртэй байгааг нь нийтэд зарлаж болно. Нөгөө талд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж татвараа төлөх нь хуулиараа хүлээсэн үүрэг шүү дээ. Нотлох баримтаа гаргаж ирээд л хоёр талаасаа сууж байгаад л шийдэх асуудал. Арбитрийн шүүхэд ч хандах шаардлага байхгүй гэж бодож байна. Хоёр талаасаа сууж байгаад л шийдэх хэрэгтэй. Монголчууд бид Оюутолгой гэдэг компанийн чинь эзэн шүү дээ. 100 хувь гадаадынхан эзэмшээгүй бид 34 хувь эзэмшигч шүү дээ. Тэгэхээр энэ компанийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй.

-Дахиад лавлаж асуухад, энэ асуудлаас болж далд уурхайн ажил зогсохгүй биздээ?

-Дахин хэлье, татвартай холбоотой үүссэн асуудал далд уурхайн асуудалтай ямар ч холбоогүй. Гэхдээ ний нуугүй хэлэхэд, зарим үед нөгөө талд  энэ асуудал нь шалтаг ч байж болно шүү дээ. Ер нь манай талаас далд уурхайн ажлыг 100 хувь дэмжиж байгаа. Далд уурхайн хөрөнгө оруулалт хоёр, гурван удаа хойшилсон ч компанийн үйл ажиллагаа зогссон зүйл байхгүй. Ил уурхай болон баяжуулах үйлдвэр хэвийн ажиллаж бүтээгдэхүүнээ гаргаж байна.

-Эрдэс баялгийн түүхий эдийн бирж байгуулахаар ажиллаж байгаа тухай мэдээллэсэн. Эрдэс баялгийн бирж байгуулснаар бүтээгдэхүүнээ зах зээлийн жишигт нийцсэн үнэхээр нийлүүлэх боломж бүрдэнэ гэж ярьж байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Бид нүүрсээ ямар үнээр хаана зарж байгааг тийм сайн мэдэхгүй байгаа. Аливаа нэг худалдан авагч компани үнээ хэлээд авдаг. Тэрийгээ бид дэлхийн зах зээл үнэ гэж ярьдаг. Тэгэхээр биржийн гол онцлог бол худалдааны хэлцлийг ил тод хийдэг болгох юм. Жишээгээр тайлбарлавал, нүүрс экспортлогч Дорж хэдэн төгрөгөөр бүтээгдэхүүнээ зарахаа бирж дээр зарлана. Ингэсний дараа Доржийн бүтээгдэхүүнийг сонирхсон компаниуд ийм үнээр, ийм хэмжээний бүтээгдэхүүн авъя гэдэг хэлцлээ тохирох ийм л хэлбэр. Хоёрт, манайд экспортын нэг цонхны бодлого гэдэг зүйл алдагдсан байгаа. Бүтээгдэхүүнээ л зарж байвал ямар үнээр борлуулж, хэдий хэр хэмжээтэй гаргаж байгаа нарийн тоо баримт байхгүй. Эрдэнэ зэсээ хэдэн төгрөгөөр нийлүүлж байгааг хүн бүр мэдэхгүй байна. Үүнийг ил болгож байгаа юм. Бирж байгуулснаар бүртгэлийн ажил сайжирна, үнийн хэлбэлзэл байхгүй болно гэж ойлгож болно. 

 

Э.Мөнхцэцэг

 

О.Эрдэнэбулган: Хүрэн нүүрснээс жилд 15 тэрбум шоо метр байгалийн хий боловсруулна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.