2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Цэцэрлэг цэгцэрсэнгүй....

Цэцэрлэг цэгцэрсэнгүй....

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Цэцэрлэг цэгцэрсэнгүй....

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн ам, ажил хоёр асар хол зөрж эхэллээ.

 

Уг нь тэрбээр сайдын сандалд сандайчсан даруйдаа, үүрэг гаргаж, “Иргэн аль дүүргийн хэддүгээр хороонд харьяалагдаж байгаагаас хамааран хүүхдээ тухайн оноосон цэцэрлэгт бүртгүүлнэ” гэж байв.

 

Улмаар хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд цэцэрлэгийн үүдэнд хонож дараалдаг хачин тогтолцоог алга болгоно хэмээн сайрхаж ч явсан. Гэтэл түүний “уянгын халилтай” төлөвлөгөө агаар мандлаас буусангүйгээр барахгүй уршгаар нь цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо харин ч эрс багасав. Тиймээс хөрсөн дээрх хүүхдүүд хаана хүмүүжих вэ, гэдгийг асууя сайд аа. Өнөөдөр улсын хэмжээнд цэцэрлэгийн бүртгэл эхэллээ.

 

Энэ сургаар эцэг эхчүүд аль хэдэн сарын өмнөөс хүүхдээ цэцэрлэгт өгөх бэлтгэл ажлыг хангаж, танил тал, садан төрлийн сүлжээгээ ашиглаж ирсэн. Гэсэн ч өнөөх хонож дугаарладаг жишиг энэ жил ч үйлчилж байна. Өчигдөр өдрийн 12.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээний бүх цэцэрлэгийн гадна тал хар зах болж хувираад байсан.

 

Харин оройн 21.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 158 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн гурван удаагийн аварга гэгддэг Улсын тэргүүний 70, Хан-Уул дүүргийн 72, Баянзүрх дүүргийн 118, 52 болон 128 дугаар цэцэрлэгийн үүдэнд хүүхдээ цэцэрлэгт өгөх хүсэлтэй, орон тоо горилсон эцэг эхчүүд эрс нэмэгдсэн байв. Нөгөөтэйгүүр, өгсөн үүрэг, чиглэлд тусгагдсан “харьяа хорооны” гэх үг эцэг эхчүүдийг хорлосон талаар ам уралдан шуугьж байна. Тодруулбал, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гэхэд л цэцэрлэггүй хэд хэдэн хороотой.

 

Тиймээс өөр харьяаллын цэцэрлэгт хүүхдээ өгөх, аль эсвэл өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт хүүхдээ хүмүүжүүлэх сонголттой зайлшгүй тулгарч байна. Аргаа барвал хүүхдээ энгэртээ тэвэрсээр энэ жилийг үдэх бололтой. Тиймээс эцэг, эхчүүд өмнөх хувилбартаа шилжихийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд эцэг, эхчүүд харьяа дүүрэг гэлтгүй ажлын ойр аль эсвэл сургалтын чанар, орчинг харж хүүхдээ цэцэрлэгт өгдөг байсан.

 

Гэтэл Л.Гантөмөр сайд үүнийг нь хонож дараалахад хүрч байгаа шалтгааны нэг хэмээн халсан. Гэвч дээрх тогтолцоог өөрчлөөд ч өнөөдөр сургуулийн өмнөх боловсрол эзэмших насны хүүхдүүд цэцэрлэгтээ багтахгүй сагаж байна. Тиймээс салбарын сайдын дэвшүүлсэн хувилбар тэгтлээ газар авсангүй. Гарах ганцхан гарц нь цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх буюу шинээр цэцэрлэг барих гэдгийг ч эцэг эхчүүд дуу нэгтэй зөвшөөрч байна.

 

Түүнчлэн Л.Гантөмөр сайдын салбараас соёолсон үүрэгт “Бүртгэлтэй холбоотой мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагчдад нээлттэй хүргээгүй, эсвэл харьяаллын бус хүүхэд бүртгэсэн, бүртгэлийн үеэр төлбөр хураамж, хандив өгөхийг шаардсан зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох” талаар дурдсан байдаг. Харин хүүхэд олширч, цэцэрлэг ховордсон энэ цагт дээрх үүрэг үлгэр болов.

 

Ёстой л өнөөх хаалгачаасаа эхлээд хаан нь хүртэл “авлигач” болж хувираад байна. Гэсэн ч эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд энэ хувь заяатай аль хэдийн эвлэрч сайд аа. Угтаа зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтох ховор аз завшаан нь хүн болж мэндлэх гэдэг.

 

Гэтэл өдгөө цэцэрлэг, сургуульд орох нь ёстой л зүүний үзүүр дээр тогтож үлдэхийн дайтай болж дээ.

 

А.Чилүгэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.