2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Оргон зайлсныг нь өршөөж, очиж байцаагдсаныг нь ялладаг шударга ёс

Оргон зайлсныг нь өршөөж, очиж байцаагдсаныг нь ялладаг шударга ёс

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт шүүхээс ял оноосноор авлигийн хэрэгт холбогдсон хэн бэ гуайд ч төрийн хуулийн өмнө байцаагдах өдөр ирнэ гэдгийг хатуухан мэдрүүлсэн. Үүнээс хойш олон томоохон авилгийн хэргийг шүүхээс таслан яллаж аавийнд нь хүргүүлээд байгаа. Олон нийтийн зүгээс ч авлигийн хэрэгт ямарваа хүлцэл уучлалын сэтгэлээр хандахгүй болсон.

Үүн дээр дөрөөлж хууль хяналтын байгууллага ч авилгийн хэргийг хамгийн чанга зүйл заалтаар нь шийтгэж цээрлэн олны амнаас алдрыг сонсох замруу явж байна. Гэвч хууль хяналтын байгууллага алдрын хойноос хөөцөлдөж авлигийн хэргээр дагнах болсноор эрх боломжоо овжин ашиглаж эргээд баялаг бүтээгчид, улстөрийн хүрээнийхнийг айлган дарамтлах аварга бороохойг атгаад авчээ. 1930-аад онд “эсэргүү” нарт ямар ч өршөөл байхгүй байсан шиг өнөө цагт “авлигач”-д ямар ч хүлцэл алга. Нийгмийн бүтэн үеийг хамарсан энэ үзэгдлээс ангид цагаанаар хуримтлал бий болгож, баялаг бүтээсэн хүн бараг үгүй. Ийм өнөр өтгөн өгөөжтэй нуураас дурын загасаа дэгээдэж наранд хатаан хурсан олны нүдийг баясгахад хууль хяналтынханд дэгээ салам дутахгүй. Гурван загас шүүрдэхэд нэгийнх нь түрсийг шахаж сороод өршөөнө. Харин нөгөө хоёрыг нь хурсан олны нүдэнд ил гарган хатаана.

Авлигтай тэмцэх нэрээр бизнес эрхлэгчдээ дээрэмдэж, хуулийг хувийн бороохой болгон ашиглагчдын зам мөр нэгэнт нээгдэж Монголын төр, бизнес нэгэнт хуулийнханыг хувьчлагчдын гарт орсон гэвэл хилсдэхгүй болов уу? Жекист маягийн авлигийн тэмцлээс гадаадын хөрөнгө оруулагчид ч болгоомжлоод эхэлжээ. Энэ тухай дэлхийд нэртэй томоохон хэвлэлүүд ч бичээд авсан. Харин ард түмэнд товлож тогтсон цагтаа нэг авлигчийг шонд дүүжлэн харуулаад байхад л хангалттай. Түмний хорслыг дарж, атаа сэтгэлийг нь тавируулах авлигчдаар Монгол дутахгүй. Авлигтай тэмцэх тэмцэл үнэхээр шударга явагдаад байна уу? Эсвэл ангийн дайснаа нухчин дарагчдийн жекист бороохой болоод байна уу? Тэр цагт хэн ч өмгөөлж зүрхэлдэггүй байсан “эсэргүү” энэ цагт хэн нь хүлцэхгүй “авлигач” болсон уу? Үнэхээр ийм асуулт өөрийн эрхгүй тунгаал эрэх болсонд анхаарах цаг болж.

Уржигдар нийслэлийн засаг дарга асан Ц.Батбаяр, Иргэдийн хурлын дарга байсан Т.Билэгт нарыг шүүх хурал болж өнгөрөв. Тэдэнд хоёуланд нь эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэж удаан хугацаанд шалгасан. Ингээд Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ял оноож харин Т.Билэгтийг өршөөлд хамруулсан байх юм. Хотыг удирдаж байсан эдгээр эрхмүүд хоёулаа Н.Энхбаярт үйлчилж, өмч будлиулсаныхаа төлөө ял авч байгаа нь энэ. Гэтэл яг ижил зүйл ангитай хор хохирол нь онц их хэмжээнд хамаарах хэргийг шүүх таслахдаа нэгийг нь өршөөлд хамруулж, нөгөөг нь аавийнд аваачихаар шийдсэн байх юм.

Тэр тусмаа хэргийн мөрдөн байцаалтанд удаан хугацаагаар саад учруулж, эх орноо орхин гадаадад зугтаж яваад визийн хугацаа нь дуусахад арга буюу буцаж ирсэн Т.Билэгтийг өршөөж, харин мөрдөн байцаалтанд очиж мэдүүлгээ өгч орон гэрээсээ олигтой холдоогүй Ц.Батбаярт хорих ял оноосон нь туйлын хачирхалтай. Эрүүгийн хуулийн зарчмаар бол хэргийн мөрдөн байцаалтанд саад учруулсан бол хүндрүүлэх нөхцөл болдог. Гэтэл хүндрүүлэх нөхцөлтэйг нь хөнгөлж, хүчгүй мөхөсийг нь ташуурдаж байгаа нь шударга ёс мөн гэж үү?

 Асуудлын гол нь Ц.Батбаярыг өмгөөлөхдөө биш, Т.Билэгтийг зүхэхдээ биш. Хуулийн байгууллага ямар зарчмаар хэний дохио зангаагаар ажиллаад байна вэ гэдэгт л байгаа юм.

Т.Билэгт бол Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад тамгын газрын даргаар нь ажиллаж явсан тун ойрын хүн. Харин Ц.Батбаяр М.Энхболдын тэргүүлдэг хотын фракцаас гаралтай ч нам дотроо солгой хоолойгоор дуу аялсаар яваад хамт олноосоо “жийгдэж” хамгаалж хаацайлах хүнгүй болсон ядарсан нэгэн. Н.Энхбаярын тэргүүлсэн МАХН төр хуваалцан барьж байгаа бол Ц.Батбаярын нам сөрөг хүчин. Сөрөг хүчин байгаа ч Ц.Батбаярыгаа бараг албан бусаар хөөчихсөн.

Ард нийтээрээ алга нижигнүүлэн ээлжит авлигчаа төрхмөнд нь илгээхээс өмнө шударга ёсоо шинжиж нэг харья. Тийм зүйл ер нь байна уу? гэж...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn