2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Bank of China-ийн салбарыг нээхийг дэмжиж буй УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгуулъя

Bank of China-ийн салбарыг нээхийг дэмжиж буй УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгуулъя

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга


Төмөр замын царигийн асуудлаар талцсаар зургаан жилийг үдэж буй Монголчууд, тэр тусмаа эдийн засагчид, банкны мэргэжилтнүүд Bank of China-г дэмжих, эсэргүүцэх асуудлаар мөн л талцаж эхэллээ. Төлөөлөгчийн газраа нээгээд нэг жил хагасын хугацаанд 25.4 сая ам.доллароор л гар сунгасан Bank of China-д монголчууд баярлаж талархаад байх шалтгаан үгүй. Гэвч Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, УИХ-ын гишүүн Д.Зоригт тэргүүтэй Bank of China-ийн үнэнч зүтгэлтнүүд нь “Бүү ай, Bank of China Монголын арилжааны банкуудыг залгичихгүй, тэд Монгол төрийн дүрмээр тоглох болно” хэмээн сурталдаж тайвшруулахаар оролдож байна.

Анхны бөгөөд одоо бүртгэгдээд байгаагаар “сүүлчийн” зээл болох тэрхүү 25.4 сая ам.долларын зээлийг дэлхийд нэр хүндтэй зочид буудал болох “Бест Вестерн”-тэй хамтран “Бест Вестерн Премьер Туушин” зочид буудлыг байгуулсан “Туушин” групп “хүртэж” байв. Тэд 2011 онд Худалдаа хөгжлийн банкнаас таван жилийн хугацаатай, 25.4 сая ам.долларын зээл авсан байдаг. Энэ зээлээ Хятадын банкинд шилжүүлэх хүсэлтийг“ Туушин” групп 2012 онд гаргаснаас хойш төд удалгүй Хятадын банкны төв салбар зөндөө удаан судалж байж Худалдаа хөгжлийн банктай гэрээ хийж, Токио дахь салбараар дамжуулан зээлийг дахин санхүүжүүлэх болжээ. Ингээд л Хятад банкны Монголын аж ахуйн нэгжид олгосон туслаж төгсөв.

Уг нь Bank of China-гийн Төлөөлөгчийн газрыг нээх үеэрээ Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шяолунг нарын хэлснээр бол “Хөгжлийн хурд нь саараад, эдийн засгийн өсөлт нь сааралтаад байгаа хөөрхий Монголд сайн судалгаа хийж байгаад салбараа нээчих юмсан” гэснээ илэн далангүй хэлсэн байдаг. Тэр ч байтугай Bank of China-ийн Төлөөлөгчийн газрын тэргүүн дэд төлөөлөгч Дай Шингжүн гэгч “Монгол шиг ийм жижиг зах зээлтэй улс  орнуудад Хятадын банк тэр бүр салбараа нээдэггүй” гэж ярвалзаж байсан нь саяхан. Харин одоо их гийгүүлж, харж үзээд нээхээр болж байгаа дүр эсгэж байгаа нь дэлхийг залгихаар мөрөөдөж буй хятад тактик гэлтэй.

Хөөрхий дөө, ядуу орны зовлон их хойно тус банкийг Монголд төлөөлөгчийн газраа нээснээс хойш уулуурхай, дэд бүтэц, барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын 40 гаруй компани нийт гурван тэрбум ам.долларын зээл авахаар тус банкинд хандсан гэсэн тоо байдаг юм билээ. Энэ нь Хятадын төрийн мэдлийн банкны хүслийг биелүүлж, салбараа нээнэ гэсэн санаагаа тулгахад дөхөм болж буй. Тэр ч байтугай өнгөрсөн он жилүүдэд далд холбоотой байсан түншүүд нь эдүгээ өөрсдөд нь хамгийн хэрэгтэй “мест”-ийг эзэлчихээд байгаа нь тохироо нэгэнт бүрдсэнийг сануулсаар байна.

Bank of China-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн дэд төлөөлөгч Дай Шингжүний анхны мэдэгдлийн бас нэгэн хурц өнцөг нь “Монголын зах зээлдэх Хятадын хөрөнгө оруулалттай санхүүгийн анхны эл байгууллага хэрвээ салбараа нээвэл дотоодын арилжааны банкуудад дарамт үүснэ гэж бид болгоомжилж буй. Гэвч манайд нээх салбар нь иргэдийн зээл, хадгаламж болон жижиг, дунд бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлэхгүй. Монголоос санхүүжилт авч чаддаггүй Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага болон дэд бүтэц, уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүдэд их хэмжээний зээлийг урт хугацаатай олгох зорилготой гэв. Тэр тусмаа төгрөгөөр бус ам.доллар, эсвэл юанийн зээл олгох юм байна. Мөн худалдааны санхүүжилт, юанийн клирингийн үйлчилгээ үзүүлэх гэнэ. Хадгаламжийн хувьд Монголын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, хөрөнгийн шаардлагаа олон улсын хөрөнгийн зах зээл болон банк хоорондын санхүүжилтээр шийднэ” гэсэн байдаг.

Түүний энэ үгээс хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Монголын бизнесмэнүүдийн зээл хүссэн өргөдлийг цуглуулж, шаардлагатай мэдээллээ цуглуулах, улстөрчдийг тандах, өөрийн салбараа нээхэд нь хэрэг болох хүмүүсийг нэгтгэх гэсэн ийм л ажлуудыг Bank of China-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар хийлээ. Магадгүй үүргээ сайн гүйцэтгэсэн байх. Лав л Монголын эдийн засгийг сайжруулахын төлөө хуруугаа ч хөдөлгөсөнгүй.

Ийм үр дүнтэйгээр Монголын эдийн засагчид, банкирууд, хамгийн гол нь яг одоо төрд өндөр алба хашиж буй хүмүүсээр иргэдийн “тархийг угаалгаж” салбараа нээх гэж байгаа Bank of China-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрыг харин ч хөөчихвөл яасан юм бэ. Тэр ч байтугай тус банкны салбарыг нээхээр улайран хөөцөлдөж буй УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтнуудын данс харааг сайтар шалгах хэрэгтэй. Учир нь тэд Монголын газар нутаг дээр Хятадын төрийн байгууллагад туслалцаа үзүүлэх ямар өртэй вэ гэдэг нь сонин байна.

С.Чулуун

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.