2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » “Нүүрсний үнийг хятадууд л тогтоож байна шүү дээ”

“Нүүрсний үнийг хятадууд л тогтоож байна шүү дээ”

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг
-Нүүрсээ хямдхан үнээр өгөх гэж хоорондоо өрсөлдөх биш нэгдмэл нэг бодлоготой харилцах шаардлагатай байгаа юм- 

Монголын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн дарга Н.Энхтайвантай ярилцлаа.   

-Гуравдагч орны зах зээлээс БНХАУ-ын импорлож буй нүүрсний хэмжээ нэмэгдээд байдаг. Харин Монголоос БНХАУ-д экспортлож буй нүүрсний хэмжээ эсрэгээрээ буурч байна. Үнэ ч багагүй хямдарлаа.  Үүнийг нэг орны зах зээлээс хэт хамааралтай байгаагийн сөрөг үр дагавар гэж ойлгож болох уу? 

-Өнөөдөр Монгол Улс нүүрсээ ганцхан БНХАУ руу гаргаж байгаа. Хятадын нутгаар дамжуулаад Япон, Өмнөд Солонгост гаргах боломжийн талаар их ярьцгаадаг. Яг гаргахын төлөө тодорхой ажил хийж эхлээгүй л байна. Хятад улс өөрөө нүүрс үйлдвэрлэгч, импортлогч том орон. Тэгэхээр манай нүүрсийг өөрийн нутаг дээгүүрээ тээвэрлээд гадаадын зах зээлд гаргана гэдэг бол ойрын хэдэн жилдээ бүтэхгүй биз. Вагон хүрэлцэхгүй, төмөр зам ачааллаа дийлэхгүй, тээврийн стандарт шаардлага хангаагүй зэрэг нөхцөл, шалтгаанаар манай нүүрсийг тээвэрлэхгүй. Энэ утгаараа манай нүүрсний экспорт БНХАУ-аас бүрэн хамааралтай гэж хэлэх үндэстэй. Гэхдээ бид нэг орны зах зээлээс хамааралтай эсэх талаар маргалдахаасаа илүүтэйгээр энэ том зах зээлийг хэрхэн ашиглах талаар ухаан гаргах хэрэгтэй байгаа юм. Дэлхийн бүх улс орнууд БНХАУ-ын энэ том зах зээлд өөрийн гэсэн орон зайг олж авахын төлөө хатуу тэмцэл өрнүүлж байна шүү дээ. БНХАУ-ын хувьд Монголоос гадна Орос, Австрали, Индонез, Вьетнам, Канад гээд өөр олон орноос нүүрс авдаг тул сонголт ихтэй. Мөн жилд 4,5 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэдэг дэлхийн том гүрний хувьд дотоодоо зохицуулалт хийх бүрэн чадвартай. 2012 онд БНХАУ Австралиас 140 сая тонн коксжих нүүрс импортлож 2011 онтой харьцуулахад 35 хувиар, Оросоос 4,8 сая тонн коксжих нүүрс импортлож 30 хувиар, Канадаас 7,2 сая тонн коксжих нүүрс импортлож 123 хувиар тус тус нэмэгдсэн байдаг. Харин Монголоос 20 сая тонн коксжих нүүрс импортлож 5 хувиар буурсан байдаг. 2013 онд энэ үзүүлэлт улам буурах нь тодорхой болоод байна. 

-Өнөөдөр гадаад худалдаанд тулгамдаж буй ямар асуудал байна вэ? Нүүрсний худалдаа будраад байгааг юутай холбож үзэх вэ?
  
-Монгол улс үйлдвэрлэгч орон биш. Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай байдаг. Нүүрсний худалдаа буурч байгаа үндсэн шалтгааны нэг нь Монгол улс гадаад худалдааны хууль, худалдааны бодлого байхгүй байгаатай холбоотой. Монгол улс юуны өмнө Худалдааны тухай хуультай болох хэрэгтэй байна. Эдийн засаг нь худалдаан дээр суурилагдаж байгаа мөртлөө худалдааны хуульгүй, худалдаа хариуцсан яамгүй байж болохгүй. Дэлхийд худалдааны хуульгүй маш цөөхөн улсын нэг нь Монгол улс. Уг хууль гарвал нүүрсний худалдааны бодлогоо уялдуулан гаргах ёстой. Харамсалтай нь энэ асуудлыг хариуцсан яам, агентлаг алга байна. Үнэндээ манай нүүрсний худалдаа төрийн ямар нэгэн зохицуулалт, дэмжлэггүй зүгээр л урсгалаараа ямар ч зохион байгуулалтгүй хийгдэж байна. Тэгэхээр нүүрсний худалдаа буурч, үнэ нь уналгүй яах вэ дээ. 

-Хятадын эдийн засгийн хөгжил удааширч, нүүрсний зах зээлийн багтаамж багасаж байгаа мэдээлэл байгаа. Энэ нь манай улсын нүүрсний экспортод нөлөөлөх үү. Гадаад зах зээлээс болоод нүүрсний экспорт буурсан гэх мэдээллийг холбогдох албанхан өгч байгаа шүү дээ? 

-Хятадын эдийн засгийн өсөлт нь удааширч байгаа болохоос биш зогсоогүй, уналтад ороогүй байна. Том орны том эдийн засаг жилд найман хувь өснө гэдэг өөрөө их нөөц боломж байна гэсэн үг. Иймд манай нүүрсний экспортод эсрэг нөлөөлөл үзүүлэхгүй. Хэрвээ нөлөөлөл байсан юм бол бусад орноос Хятад улсад нийлүүлж буй нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй байх байсан шүү дээ. Энэ 2013 оны 4 дүгээр сард Хятадын нүүрсний хамгийн томд тооцогддог Жинтан боомтод Австралийн нүүрс 167-203 ам доллар, Оросын нүүрс 173-208 ам.доллар байсан. Үнэ нь ч харьцангуй боломжийн өндөр байна.  

-Манай нүүрсний компаниуд хоорондоо өрсөлдөж, үнэ буулгасаар байгаад өөрсдөө эхнээсээ хаалгаа барьж байна. Ер нь нүүрсний худалдаа эрхэлж буй компаниудыг нэгдсэн бодлогоор удирдах эрх зүйн орчин бий юу? 

-Эрх зүйн орчин маш дутмаг байна. Нүүрсний гадаад худалдаа, харилцааг зохицуулсан төрийн байгууллага байхгүй байна. 2011, 2012 онд 80 гаруй компани нүүрсний үйлдвэрлэл, гадаад худалдаа эрхэлж байсан. Одоо маш цөөхөн үлдээд үндсэндээ ашиггүй худалдаа хийж байна. Эдгээр олон компани тус тусдаа биш, нэгдэх нь их чухал юм. Нүүрсний худалдаатай холбоотой экспортлох нөхцөл, үнэ, тээвэрлэлт, байгаль орчинтой холбогдсон шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэвэл зохилтой, манай улсын эрх ашгийг хөндсөн олон асуудал байгаа. Мөн Монгол, Хятад хоёр улсын хооронд нүүрс нийлүүлэх ерөнхий хэлэлцээрийг байгуулах, нүүрсний экспортын хамгийн бага суурь үнийг тогтоож байх зэрэг ажлуудыг Засгийн газрын түвшинд хийх ёстой юм. 

-Орос, Австрали, Индонез, Вьетнам, Канад зэрэг орнууд бүгд нүүрсний экспортын гаалийн татвартай. Харин манай улс нүүсний экспортод гаалийн татвар ногдуулдаггүй. Гэтэл татвартай орны нүүрсний худалдаа нэмэгдээд байдаг. Манайх буураад байдаг?

-Буурч байгаагаа үндсэн шалтгааныг эхлээд бид дотооддоо хайх хэрэгтэй байна. Юуны өмнө хэлэхэд худалдааны бодлогогүй, хуульгүй, зохион байгуулалт сул оронд мэдээж гадаад худалдаа амжилтад хүрэхгүй нь тодорхой. Дээр нь дэд бүтэц сул хөгжсөн, төмөр зам байхгүй байна. Экспортод гаргаж буй нүүрснээс манай улсын авч буй татвар хураамж их биш шүү дээ. Уг нь зохих түвшинд гаалийн татвар ногдуулах нь зөв гэж би хувьдаа үздэг. Ашигт малтмал ашигласаны татвар, гаалийн бүрдүүлэлтийн хураамж, аж ахуйн нэгжийн ашгийн татвар гээд нэг тонн нүүрснээс ердөө 4,4 ам.долларын татвар авдаг. Гэтэл импортоор ороод ирсэн нүүрснээс Хятадын тал нэг тонн тутамд 25 ам.долларын татвар хураамж авдаг юм. Энэ нь эсрэгээр манай аж ахуйн нэгжид үнийн дарамт учруулж байна гэсэн үг. Хэрэв төмөр замтай байсан бол нүүрсний худалдаа арай өөр, ядаж Оростой өрсөлдөх бүрэн боломж байгаа юм.  

-Монголын хувьд нүүрсээ Хятадаас өөр зах зээл дээр гаргаж зарах боломж бий юу. Нэг хэсэг Хятадаас гадна Өмнөд Солонгос, Япон манайхаас нүүрс импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тэр асуудал юу болсон бол оо? 

-Зам тээврийн харилцааны боломж байхгүй учраас өнөөдөр манай улс нүүрсээ ганц улсад экспортлож байна. Япон жилд 200 орчим сая тонн, БНСУ 105  сая тонн, Энэтхэг 70 сая тонн, Тайвань 60 сая тонн, ХБНГУ 40 сая тонн нүүрс импортлодог. Гэхдээ эдгээр орнуудад нүүрс экспортлоход өндөр стандарт тавьдаг. Нүүрс экспортлогчид буюу манай өрсөлдөгчдөд Австрали гэхэд жилд 300 сая тонн, Индонези 260 сая тонн, ОХУ 125 сая тонн, Колумб 70 сая тонн, АНУ 70 сая тонн нүүрс экспортлодог.  Дэлхийд жилд дунжаар 645 сая тонн импортлодог. Харин нүүрс экспортлогч орнуудын боломж 960 сая тонн байгаа нь манай улсын өрсөлдөгчид их байгаа гэдгийг харуулж байна. Нүүрсээ бид дотооддоо боловсруулалт хийгээд өөр зах зээл дээр борлуулах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Манай экспортын нүүрс анхан шатны боловсруулалт хийгдээгүй, өөрөөр хэлбэл нэмүү өртөг шингээгүй, үүнээс үүдэн хол тээвэрлэгдэх өрсөлдөх чадваргүй байгаа нь Хятадаас өөр зах зээлд гарахад гол саад болж байна. Мөн Хятад улс өөрөө нүүрс импортлогч орон учраас бид өөр зах зээл дээр гарах боломжгүй болгож байгаа юм. 

-Нүүрсээ өндөр үнэ хүргэж зарахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ. Хятадаас өөр зах зээлгүй болохоор хэлсэн үнээр нь л нүүрсээ зарахаас өөр аргагүй байдалд орчихоод байна шүү дээ? 

-Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргахын тулд юуны өмнө төмөр замын сүлжээг нэн даруй бий болгох шаардлагтай. Магадгүй ОХУ зэрэг нүүрс экспорлогч орнууд Монгол улс төмөр замтай болохоос эмээж өөр өөрсдийн шугамаар ажиллагаа явуулж байж магадгүй. Одоо байгаа авто замын тээвэр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх нөхцөл боломжийг хангаж чадахгүй. Зам, тээврийн нөхцөл муу, хилийн боомтын нэвтрүүлэх чадвар хангалтгүй байгаагаас үүдэн тээвэрлэлтэд зарцуулж буй 30 ам.доллар бензин шатахууны зардал болон шатаагаад дуусаж байгааг бодох хэрэгтэй. Өнгөрсөн онд 20 сая тонн нүүрс  экспортлосон. Тээвэрт гэхэд л нийт 600 гаруй сая ам.доллар зарцуулсан тооцоо гарч байна. Манай нүүрсний экспортын үнийг тогтооход Хятадын талын, ялангуяа орон нутгийн зүгээс ихээхэн нөлөөлөлтэй байна. Энэ байдлыг арилгахын төлөө нүүрс экспортлогч манай компаниуд нүүрсээ хямдхан үнээр өгөх гэж хоорондоо өрсөлдөх биш нэгдмэл нэг бодлоготой харилцах шаардлагатай байгаа юм. 

-Монголын нүүрсний зах зээлийн ирээдүй тун бүрхэг болчихоод байна. Түүхии нүүрсийг авах зах зээл олдохоо болих нь. Дээрээс нь дэд бүтэц багатай манай улсны орон зайг эзлэхээр бусад орнууд улайрах боллоо.  Та нүүрсний салбарын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ? 

-Манай улсын нүүрсний гол зах зээл БНХАУ. Ирэх 20-30 жилд ч хэвээр байх бизээ. 2010 онд БНХАУ-ын эдийн засаг Японыг гүйцэж түрүүлсэн нь дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ хандлагыг бий болгосон. 2030 онд БНХАУ нь АНУ-ыг гүйцэн Дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болно. Эдийн засгийн хөгжлөө дагаад нүүрсний хэрэглээ улам их нэмэгдэнэ. Хятадын үйлдвэрлэлийн гол хэрэгцээт түүхий эдийн нэг бол нүүрс мөн. 2030 онд гэхэд эрчим хүч одоо байгаагаас даруй 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Өнөөдөр түлш, эрчим хүчний эх үүсвэрийн 33.2 хувийг газрын тос, 27.0 хувийг нүүрс, 21.1 хувийг байгалийн хийгээр хангаж байна. Дэлхий 200 жил ашиглах нүүрсний нөөцтэй гэж үздэг. Манай уул уурхайн бүтээгдэхүүний гол зах зээл нь Хятад улс бөгөөд 2011 онд манай улс  21.1 сая тонн, 2012 онд 20 сая импортлосон. Нүүрсний бодлого гаргаж түүнийгээ зөв хэрэгжүүлж чадвал цаашид жилд дунджаар 50 сая тонн, түүнээс ч их хэмжээгээр нүүрс экспортлох бүрэн боломжтой. Бид БНХАУ-д нүүрсээ тогтвортой удаан хугацаанд нийлүүлэх боломжит хувилбарыг олох ёстой. Стратегийн түншлэлтэй хоёр орны хувьд стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн дээрээ заавал тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна. 

-Нүүрс манай экспортын стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн мөн үү. Нэг хэсэг нь мөн гэдэг, нөгөө хэсэг нь биш гэдэг. Нүүрсийг стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнд тооцсоноор эдийн засагт ямар үр ашигтай байх бол?

-Та их чухал асуудал хөндөн асуулаа. 2010 онд нүүрс нь зэсийн баяжмалын экспортоос давж гарсан нь энэхүү бүтээгдэхүүний экспорт манай улсын гадаад худалдааны стртатегийг тодорхойлох хэмжээнд хүрснийг харуулж байна. 2011 онд манай нийт экспортын орлогын 30 гаруй хувийг дан ганц нүүрснээс олж байсан. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнд төрөөс зохицуулалт хийж, хамгаалалтад авах ёстой. Нүүрснээс олох орлого, ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хадгалахын тулд энэ салбарын зах зээл, хэрэглэгч, үнэ ханш, нийлүүлэлтийн суваг, сүлжээ, өрсөлдөгчдийн талаар сайтар судалж, тээвэр, логистикийн талаар төр, засгийн зүгээс бодлогын зохицуулалт хийх, хяналт тавих шаардлага зүй ёсоор гарч байна.  

-Хятадууд манай нүүрсний чанар сайн биш гэдэг нэрээр үнийг нь их буулгадаг . Энэ  байдлаас гарах боломж бий юм. Хүссэн ч эс хүссэн ч өнөөдөр тэдний хэлснээр өгөхгүй бол улсын төсөвт орж ирэх мөнгө байхгүй болно?  

-Хятадын стандартын байгууллагуудын гаргаж байгаа дүгнэлтээр манай нүүрсний чанар сайн бишэд тооцогддог. Австралийн нүүрсний чанар манайхаас нилээн олон үзүүлэлтээр илүү байдаг гэсэн дүгнэлт гаргадаг юм билээ. Монголын нүүрсний барьцалдах чанар муу, дэгдэмтгий, тоосжилт ихтэй, илчлэгийн үзүүлэлт доогуур гэдэг гэсэн.  Хамгийн гол нь бид өөрсдөө нүүрсний чанараа хөдлөшгүй баталгаажуулах ёстой. Түүнээс биш Хятадын стандартад хөтлөгдөх ёсгүй. Чанар дагаж үнэ тогтоодог шүү дээ. 

-Ер нь нэг тонн нүүрс экспортлоход  ямар хэмжээний зардал гардаг юм бэ?

-Нүүрсний уурхайн аман дээр нэг тонн нүүрсний үнэ хамгийн багаар бодоход 30 орчим ам. доллар болдог. Үүнд нүүрсний өөрийн өртөг, орон нутгийн татвар, байгаль орчны татвар, ажиллах хүчний зардал гээд олон зардал шингэсэн байдаг. Монголын хилийн боомтын зардал 7-10 ам. доллар болдог. Үүнд нүүрсний талбайн зардал, ачиж буулгах зардал, хорио цээрийн хураамж гэх мэт зардлууд багтана.  Монголын хил доторх тээвэрлэлтэд 20-25 ам. доллар, олон улсын тээвэр зуучын зардалд 8-9 ам.доллар гарна. Хятадын нутаг доторхи бүх зардал 20-25 ам.доллар байдаг. Ингээд тооцоход нийт хамгийн багаар тооцоход 80 ам.доллар хүрч байж дөнгөж гарсан зардлаа нөхөх хэмжээнд хүрч байна. 

-Орос, Австрали зэрэг орнууд нүүрсээ өндөр үнээр БНХАУ-д нийлүүлж байгаа талаар та сая ярьлаа. Монгол Улс БНХАУ-д нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээс маш хямд өгч байгаагийн шалтгаан юу вэ? 

-Нүүрсний үнэ ханш газрын тос, зэс, алт зэрэг ашигт малтмалтай адил дэлхий аль нэг томоохон биржийн үнээр тодорхойлогддоггүй. Хэрэгцээ, нийлүүлэлтийн байдлаас шалтгаалан бүс нутаг, улс орон, тэр бүү хэл нэг улсын дотор муж, аймгийн хэмжээнд өөр өөр байдаг. ӨМӨЗО нүүрсний асар их баялагтай. Манай нүүрсний үнэ Өвөрмонголд байгаа нүүрсний үнээс хямд байж Хятадын зах зээл дээр борлогдоно гэсэн үг. Мөн БНХАУ-ын бусад орнуудаас авч буй нүүрс эцсийн хэрэглэгчдээ очих хүртэл ямар зайнд, ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж, хэдий хирийн зардал гарч байж хүрч байна гэдгийг тооцох ёстой. Монголоос гарч буй нүүрсний үнэ доогуур байгаа, түүнийг өсгөх, зах зээлийн бодит үнэ тогтоох өрсөлдөөн байхгүй байгаа гол шалтгаан нь хятадын талын импортлогч нь зөвхөн нэг аймаг буюу ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн дэвсгэр дээгүүр дамжин тээвэрлэгдэж байгаагаас шалтгаалан тухайн орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүд өөр бусад муж, тухайн нүүрсийг авч хэрэглэдэг эцсийн хэрэглэгч аж ахуйн нэгжийг экспортлогч талтай /манай талтай/ шууд харилцах боломжийг хааж байна. 

-Нүүрсний худалдааг тогтворжуулах, нэмэгдүүлэхийн тулд төр, засгаас цаашид ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж?

-Юуны өмнө нүүрсний гадаад худалдааг хариуцдаг бүтэц зохион байгуулалтын ажил хийх ёстой. Монгол улсын хувьд БНХАУ нь нүүрсний хамгийн ойрын боломжит зах зээл буюу эцсийн хэрэглэгч байх болно. Үүнтэй уялдсан бодлогоо гаргаж хэрэгжүүлэх анхаарч ажиллах шаардлагатай. Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргахын тулд төмөр замын сүлжээг нэн даруй бий болгох хэрэгтэй юм. Монголын нүүрсний чанар стандарыг тогтоож Хятадын талаар хүлээн зөвшөөрүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй. Нүүрсний анхан шатны болон гүн боловсруулалт хийх ажлыг төрөөс дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч улмаар гуравдагч зах зээл дээр гарах боломжийг тасралтгүй эрэлхийлэх нь зүйтэй. Монголын нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн тоог цөөлөх, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг хийх ёстой. Монгол, Хятад хоёр улсын хооронд нүүрс нийлүүлэх ерөнхий хэлэлцээрийг байгуулах, нүүрсний экспортын хамгийн бага суурь үнийг тогтоож байх зэрэг ажлуудыг Засгийн газрын түвшинд тохиролцох ёстой юм. 

-2013 онд нүүрсний экспортын орлого тасрах нь тодорхой боллоо. Ер нь Монгол Улсын Засгийн газар 2013 оны эдийн засгийн хөгжлийн зорилтоо биелүүлж чадах болов уу? Монгол Улс тогтвортой хөгжихийн тулд юуг илүү анхаарвал зүгээр бол. Эдийн засагч хүнийхээ хувьд та юу гэж зөвлөмөөр байна?

-Төсвийн орлого тасрахаар төлөвлөсөн ажил гүйцэд хийгдэхгүй нь ойлгомжтой. Манай орон улс орныхоо эдийн засгийн хөгжлийг 2013 онд тийм үзүүлэлтээр хөгжүүлнэ гэсэн хатуу төлөвлөгөө байхгүй. Тэгэхээр 2013 оны төсвийн хууль хэр сайн хэрэгжихээс эдийн засаг, нийгмийн хөгжил хамаарна гэсэн үг. Эдийн засгийн макро түвшний үндсэн үзүүлэлтүүд бүгд буурсан дүнтэй байгаа талаар хэвлэл мэдээллээр байнга ярьж байна. Ер нь төлөвлөгөөгүй байж хөгжинө гэдэг асуудал байж болохгүй биздээ. Хувь хүн, байгууллага, компани бүгд маш тодорхой төлөвлөгөө, зорилттой байж хөгждөг. Гэтэл Монгол Улсад хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөгөө байхгүй байна л даа. Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр л төлөвлөгөө болж харагдаад байна. Ямар ч эдийн засгийн тооцоогүй, судалгаагүй, зөвхөн сонгуульд ялахын тулд зохиосон хөтөлбөр шүү дээ. Хамгийн гол нь энэ мөрийн хөтөлбөр, төсвийн хуулийг хэрэгжүүлж чадахгүй бол хэн ч хариуцлага хүлээхгүй. Хариуцлага тооцох тогтолцоо байхгүй. БНХАУ-ын хөгжлийн нэг нууц нь улс эх орноо тав таван жилээр төлөвлөж зах зээлийн зарчмаар хөгжүүлдэг. Төлөвлөгөөгүй хүнийг ойд төөрсөн сармагчинтай зүйрлэсэн үг байдаг. Үүнийг бид санаж бодож, төлөвлөж ажилламаар байгаа юм. 

Ж.НЯМСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.