2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Ч.Энхбат: Улсын өрийг 90 хувьд хүргэж болохгүй

Ч.Энхбат: Улсын өрийг 90 хувьд хүргэж болохгүй

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 Ч.Энхбат: Улсын өрийг 90 хувьд хүргэж болохгүй
Манай улс өр авахаас эхлээд төлж дуусах хүртэл бүхий л үйл явцыг хянадаг хуультай болох гэж байна. Өмнө нь өртэй холбоотой зохицуулалтуудыг олон салангид хуульд тусгасан байсан. Харин цаашид өрийн удирдлагын харилцааны бодлого, зохицуулалт нэгдмэл байдлаар Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулагдах юм. Уг хуулийн төсөл УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэцэгдэж буй. Тиймээс энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Ч.Энхбаттай ярилцлаа.
 
-Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд ямар зүйл заалтууд тусгасан байна вэ?
 
-Засгийн газраас Өрийн удирлагын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хууль манай улсад байх зайлшгүй шаардлагатай. Хуулийн төсөл хэлэлцэх шатандаа явж байгаа тул зарим зүйл заалтыг нь засч сайжруулах шаардлага бий. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан “улсын өр” гэсэн тодорхойлтыг шинэ хуулийн төслөөр өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, улсын өрд багтдаг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өрийг тодорхойлтоос хассан байна. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл энэ оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өр 1.8 их наяд төгрөг байгаа. Шинэ хуулиар энэ дүн улсын өрөөс хасагдахаар байна. Өрийн эрсдэлийг аж ахуйн нэгжүүд Компанийн тухай хуулиар өөрсдөө үүрээд явна гэсэн үг. Гэтэл энэ компаниудыг татвар төлөгчдийн мөнгөөр байгуулсан шүү дээ. Өрийн нэр томъёог ийн өөрчлөх замаар улсын өрийн хэмжээг багасган шинээр өр, зээл авах боломж бүрдүүлж байгаа юм. Үүнээс гадна улсын өрийн дээд хэзгаарыг нэмэгдүүлэх зүйл заалт оруулсан байна лээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т  2014 оноос эхлэн улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Шинэ хуульд Засгийн газрын өрийн хэмжээг 70, Засгийн газрын баталгааг 20 хувиас хэтрэхгүй байхаар тусгаж. Нийлээд 90 хувь болно гэсэн үг. Одоогийн мөрдөгдөж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын өр дотор Засгийн газрын өр,  баталгаа, төрийн өмчит компаниудын өр зээл, хүү, алданги бүгд багтдаг байсан. Харин Өрийн удирдлагын тухай хуулиар үүнийг өөрчлөхөөр зүйл заалтууд оруулж.
 
-Хэрэв энэ хууль батлагдвал улсын өрийн хэмжээ хэд болно гэсэн үг үү. Нөгөөтэйгүүр төрийн өмчит компаниуд эрсдэлээ үүрээд эхлэхээр тогтвортой ажиллахад нь нөлөөлж эхлэх байх.
 
-Энэ тооцоогоор явбал 2016 он гэхэд Монгол Улсын өр 24 их наяд төгрөгт хүрнэ гэдгийг Засгийн газар хийсэн байна лээ. Төрийн өмчит компаниудын өр орохгүйгээр шүү дээ. Хоёрхон жилийн дараа ийм том тоо гарна. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын нэлээдгүй хувь нь  алдагдалтай ажиллаж байгаа. Ийм байхад дахиад эрсдэлийг нь үүрүүлэх нь. Улсын өр хуулиар заасан дээд хязгаарт тулсан энэ үед Засгийн газар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдээр дамжуулж гадаад дотоодоос зээл авах боломж нээгдэж байгаа юм. Олон улсын стандартаар улсын өрд Засгийн газрын өр, баталгаа, Төв банкны өр, орон нутгийн засаг захиргааны болон төрийн болон орон нутгийн  өмчит аж ахуйн нэгжийн өр бүгд багтдаг юм билээ.
 
-Өрийн босгыг нэмэгдүүллээ гэхэд хаанаас зээл авахаар төлөвлөсөн талаар мэдээлэл байна уу. Энэ хууль батлагдвал нэг хүнд ноогдох өрийн хэмжээ өмнөхөөсөө дахиад нэмэгдэх нь ээ?
 
-Засгийн газар энэ хуулийг олонхиороо түрүү барин яаж ийж байгаад батлуулъя гэсэн зорилготой байна. Үүний дараа зээл авах газар олдоно гэсэн байр суурьтай байгаа байх. Монгол Улсын нийт гадаад өр энэ оны эхний байдлаар 19 тэрбум орчим ам.долларт хүрээд байна. Үүнээс Засгийн газрын гадаад өр 4.5 тэрбум ам.доллар. Засгийн газрын өр 2016 онд ойролцоогоор 24 их наяд төгрөгт хүрвэл нэг хүн найман сая төгрөгийн өртэй болох нь. Шинээр төрсөн хүүхэд ч мөн адил. Өр тавьж болно. Гэхдээ үүнийгээ зөв зохистой зарцуулах ёстой. Гадны орнууд өр тавихаасаа илүүтэй хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгон гадаадын компаниудад эрсдэлийг нь үүрүүлэх замаар хөгжиж байна. Гэтэл манайх хувийн хэвшил хийх ажилд төр оролцоод эрсдэлийг нь үүрч яваад байгаа нь буруу. 
 
-Өрийн удирдлагын тухай хуульд сайн зүйл заалтууд бас байгаа байх. Энэ тухайд?
 
-Өр авахаас эхлээд төлөх хүртэлх зохицуулалт, үүрэг хариуцлагыг тусгаж өгсөн нь сайн хэрэг. Хэзээ өр үүсгэж болох вэ гэсэн заалт байгаа. Одоогийн хуульд өр үүсгэх зориулалтууд Төсвийн хуулийн 49.1-т заасан байдаг. Төсвийн тухай хуулийн 49.1.4, 49.2 –т өрийг зөвхөн түүний хүү болон зардлыг бууруулах зорилгоор дахин санхүүжүүлэх боломжтой. Дахин санхүүжүүлэх шаардлагатай бол хугацааг сунгахыг хориглоно гэж заасан. Харин Өрийн удирдлагын тухай хуулийн төслөөр дээрх зарчмууд тодорхой хэмжээгээр алдагдсан байна лээ. Өөрөөр хэлбэл, өрөө төлж чадахгүй бол ямар ч хамаагүй үнээр, хугацаа харгалзахгүйгээр  дахин санхүүжүүлэх боломж нээгдэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2017 онд бид “Хөгжлийн банк”-ны 580 сая ам.доллар, 2018 онд “Чингис” бондын 500 сая ам.долларыг төлнө. Үүнийг заасан хугацаанд төлж чадахгүйд хүрвэл дахин санхүүжүүлэх хэрэг гарна. Дахин зээл авч, төлнө гэсэн үг шүү дээ. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар хүүг бууруулаад хугацааг сунгахгүйгээр дахин санхүүжүүлж болох байсан. Шинэ хуулиар тэр хязгаарлалт байхгүй болох нь. Өөрөөр хэлбэл, өндөр үнэтэй ч зээл аваад өмнөхийгээ төлөөд явж л байвал боллоо гэсэн агуулга харагдаж байна.
 
-“Эдийн засгийг эрчижүүлэх 100” хоногийн хүрээнд 70 ажил хийхээр төлөвлөгөө гаргасан байна лээ. Уг ажлуудыг та үзсэн үү. Эдийн засагч хүний нүдээр харахад хэрэгжилт нь ямар байх бол?
 
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил орчим болж байна. Энэ хугацаанд эдийн засаг яаж муудсаныг ард иргэдийн амьдрал хэрхэн доройтож байгаа, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, хумигдаж байгаагаар харж болох байх. Үүнийг 100 хоногийн дотор сэргээнэ гэдэгт итгэл төдийлэн төрөхгүй байна. Хямрал нэрээр хуулийн төслүүдийг “бөөндөж” батлах гээд байна. Тухайлбал, саяхан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ хуульд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих нь гэж байтал эсрэгээрээ байна. Одоо хэрэг үүсгэгдсэн, илэрсэн, шалгагдаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг өршөөлд хамруулахгүй юм билээ. Авлига авсан, гадаад, дотоодод хөрөнгөө нуусан, хүний нэр дээр бүртгүүлсэн орлогоо сэмхэн очоод хэлчихвэл түүнийг нь бүртгээд өршөөлд хамруулах нь. Ингэхдээ тухайн хүний 2006-2013 он хүртэл мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдээллийн санг устгах юм байна. Нэг ёсондоо баталгаажуулж өгч байна гэсэн үг. Хамгийн ноцтой нь, дараа нь тэр талаар хэрэг үүсгэх, хэвлэл мэдээллээр бичвэл хувь хүн таван сая, албан байгууллага 50 сая төгрөгөөр торгуулна. Зээлээс зээлийн хооронд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж яваа баялаг бүтээгчдэд нуусан хаасан хөрөнгө яаж байх юм бэ. Байгаа хөрөнгөө эргэлтэд оруулан баялаг болгох гээд явж буй хүмүүс шүү дээ.
 
-2008 онд эдийн засгийн өршөөлийн тухай ийм хууль баталж байсан. Тэр хуулиас тэс өөр бизнес эрхлэгчдэд наалдацгүй хуулийн төсөл гэж ойлгож болох уу?
 
-Тухайн үеийн хуулиуд аж ахуйн нэгжүүдэд зориулсан байсан. Харин энэ хууль авлигын эсрэг өршөөлийн хууль болчихоод байгаа юм. Олон улсад ч гэсэн ийм хууль гарч байгаагүй. Тухайлбал, Германд өршөөлийн хууль байнга үйлчилж байдаг. Ингэхдээ тухайн хүн хөрөнгөө нуун дарагдуулсан байж байгаад түүнийгээ хэлсэн бол тухайн үед төлөх байсан бүх татвараа төлөөд эрүүгийн хариуцлага хүлээхээс мултардаг. Харин дээрх хуулиар шударгаар татвараа төлөөд явсан хүмүүст урамшуулал байхгүй хэр нь хөрөнгөө нуусан нь өршөөгдөх төдийгүй улсад ямар ч хүү, торгууль, алданги төлөхгүй.
 
-Энэ хуулийн төсөлд эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө тодорхой хэмжээгээр байгаа байлгүй дээ.
 
-“Чингис”, “Самурай”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс шамшигдуулсан хөрөнгөө ил болгох гэж байж магадгүй. Нэг талаар далд эдийн засгийг ил болгох санаа агуулж буй ч өнөөгийн нөхцөл байдалд төдийлэн нийцэхгүй байгаа. Наад захын жишээ хэлэхэд, 5000 орчим аж ахуйн нэгжид татварын асуудлаас болоод хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Тэд өршөөлд хамрагдахгүй. Дансыг нь нээгээд, үйл ажиллагааг нь эхлүүлсэн бол тодорхой хэмжээгээр бизнес эрхлэгчдийг дэмжих байсан.
 
С.Заяа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.