2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Ш.Түвдэндоржийн томилгоонд Ерөнхийлөгч хориг тавих уу

Ш.Түвдэндоржийн томилгоонд Ерөнхийлөгч хориг тавих уу

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 Ш.Түвдэндоржийн томилгоонд Ерөнхийлөгч хориг тавих ууМанай Улсын бүрэн эрх бүхий одоогийн Парламентад хамгийн “урт нэртэй” нэгэн хүн өчигдөр мэндэллээ. Тэр нь Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороон дарга Шаравдоржийн Түвдэндорж юм. Түүний асуудлыг өчигдөр буюу УИХ-ын пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар бүтэн 9 цаг хэлэлцэж дуусгасан. Улмаар эцсийн шийдвэр гарахад санал хураалтад оролцсон 40 гишүүний 34 нь томилгоог дэмжиж тогтоолын төсөл баталгаажлаа.

Гэхдээ бүх асуудал өчигдөр болсон хуралдаанаар дуусаагүй гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын нэр дэвшүүлж, санал болгосон хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эсэргүүцэн, дэмжихгүй гэсэн саналаа бичгээр явуулсан бөгөөд “давхар дээл”-ийг дан болгох нь зүйтэй хэмээн үзсэн хэвээр байгаа юм.


Тодруулбал, Ерөнхий сайдын илгээсэн албан бичигт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Шаравдоржийн Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн албан бичигтэй танилцлаа. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгож хэрэгжүүлэх ажлыг энэхүү томилгооноос эхлэх боломжтой. Үүний учир Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй.Иймд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох таны саналыг татгалзаж байна. Монголын төрд бий болсон дээрх шаардлага, сургамж, боломжийг харгалзан Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” гэсэн хариуг илгээсэн.

Тэгэхээр давхар дээлтэй байх асуудлыг хатуу эсэргүүцэж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ш.Түвдэндоржийн томилгоонд хориг тавих магадлал бий гэдгийг хэлье. Сөрөг хүчний гишүүд ч үүнийг ярьж байна. Жишээ нь, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Одоо Ерөнхийлөгчийг л харах үлдлээ. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашихгүй байх тогтолцоо Ш.Түвдэндоржоос эхлэх ёстой гэж өөрөө хэлсэн. Тэгэхээр давхар дээлийг эсэргүүцэж, хууль хүртэл санаачилсан Ерөнхийлөгч энэ томилгоонд хориг тавина гэж найдаж байна” гэсэн юм. Тэгэхээр анх оруулж ирсэн давхар дээлийн тухай хуулийн төсөл 2014 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэж батлагдвал хориг тавьж магадгүй гэгдэж байсан Ерөнхийлөгчийн шийдвэр энэ удаад биеллээ олж мэдэхээр байна.

Харин эрх баригч намынхан сөрөг хүчний гаргаж буй дээрх мэдээлэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байгаа бөгөөд харин Ш.Түвдэндоржийн томилгоог дэмжиж буйгаа хэлсэн. Жишээ нь, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “АН өөрийн шийдвэрээ гаргаад нэр дэвшүүлж оруулж ирсэн. Харин хүнийг ингэж олны нүдэн дээр худлаа үнэн үгээр доошоо хийхээ боль. МАН-ынхан хүн муулахыг яруу тодоор үзүүллээ. Ядаж доромжлохгүй дуугүй байж сур. Үнэхээр энэ Засгийг ажлыг нь хийлгэмээр байна. Энэ хэдэн ач холбогдолтой хуулиудаа баталж, эдийн засгийг сайжруулъя л гэж бодож байна. Нэг хоног, нэг цаг хэрэгтэй байгаа энэ үед эдийн засгийн хуулиудаа ярих ёстой байсан ч, бүтэн өдөр ганц сайдын асуудлыг ярьлаа. Бүх юмыг хараар битгий буд” гэв.

 

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ш.Түвдэндорж даргатай уулзаж би өөрийн байр сууриа илэрхийлсэн. Хэрвээ их хурлын гишүүнээс татгалзвал түүнийг дэмжинэ гэж хэлсэн. Давхар дээлийн хувьд хуучин барьсан бодлого дээрээ байгаа. Ш.Түвдэндоржийн хувьд энэ салбарыг удирдаад явах бүрэн боломж бий. Дайчин ажиллаарай гэж хэлье” гэлээ.

Ямартай ч ихэнх хүмүүсийн таамаглаж байснаар Ш.Түвдэндорж салбарын сайд боллоо. Харин сөрөг хүчний ярьснаар Ерөнхийлөгч хориг тавих эсэхийг одоохондоо хэн ч мэдэхгүй.

Хуулиараа бол Ерөнхийлөгч аливаа хуулийн төсөл батлагдсаны дараа ажлын тав хоногт багтаан хориг тавих эсэхээ шийддэг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.