2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Алдагдсан үеийнхэн

Алдагдсан үеийнхэн

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Латин Америкийн орнуудын удирдагчид 1970 оноос эхлэн улс орноо "галзуу хөгжүүлэх"-ээр мөрөөдөж богино хугацаанд их хэмжээний зээл авчихжээ. Харамсалтай нь улсаа диваажин болгож чадсангүй. Богино хугацаанд авсан их мөнгөөрөө бүтээн байгуулалт хийх гэж зорихоосоо илүү тухайн үеийн эрх баригчид нь нам, бүлэглэл, бизнесээ санхүүжүүлэх их лобби явуулж. Ингээд Латин Америкийн орнуудыг "мөрөөдлийн диваажин" болгох учиртай их өр зээл олон үеэр нь ядууруулах эх сурвалж болжээ. Үр дүнд нь олон үеэрээ баяжсан хөрөнгөтөн улстөрчид шинээр төрөн гарав. Баян ядуугийн ялгаа гаарч, нийгмийн хямрал гүнзгийрэв. Энэ хямрал одоо болтол үргэлжилж, зэвсэглэл, хүний наймаа, хар тамхины хэрэглээний нэг хөшүүрэг болон ард түмэн нь ядуу хэвээрээ үлджээ. Ирээдүйгээ бодолгүй, гарах үр дагаврыг тооцолгүй их хэмжээний өр зээл авсан энэ үеийг өөрсдөө "алдагдсан арван жил" хэмээн тодорхойлон гасалдаг байна.

    Өрийн хязгаараа давуулж дуулиан тарьсан өөр нэг орон бол Грек. Энэ улс дааж давшгүй өр зээлийнхээ "ид шид"-нд Европын орнуудыг тэргүүлнэ гэсэн дэврүүн мөрөөдөлтэй байсан юм. Гэвч их өр зээлийнхээ буруу зарцуулалтын "ач"-аар улсаа сүйрүүлэв. Уг нь Грек Европын холбооны Маастрихтын хэлэлцээрийн дагуу төсвийн алдагдлыг гурван хувь, өрийн хэмжээ нь ДНБ-ийхээ 60 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээсэн байв. Улс төрийн сахилга батыг уландаа гишгэж, урт хугацааны үр дүнг тооцолгүй явснаар олон жил төсвийн алдагдал нь 10 хувиас хэдийнээ давжээ. Ингээд Грекийн өрийн хэмжээ ДНБ-ийхээ 143 хувьд хүрэв. Төсвийн алдагдал нь 16 хувьтай тэнцэв. Өр зээл нь Европын холбоог донсолгов. Эцэст нь ОУВС, Европын холбооноос Грекийг төсвийн зарлагаа их хэмжээгээр танахыг шаардав. Шаардаад зогсохгүй "Austerity measure", "Austerity policy" гэсэн эдийн засгийн хатуу бодлогыг хэрэгжүүлжээ. Грек бүхий л төвшиндөө "хэмнэлтийн горим"-д шилжиж хамгийн түрүүнд залуучууд ажилгүй болов. Грекийн залуучуудын ажилгүйдлийн төвшин 60 хувийг давж гарав. Ажилгүй залуучуудын эгнээ Грект төдийгүй өрийн хямралд орсон Европын бусад оронд ч хил хязгаараа тэлжээ. Харин өр зээлийн буруу бодлогоос үүдэн ажилгүй болсон залуучуудыг нь "Алдагдсан үеийнхэн" (Lost generation) хэмээн нэрлэх болжээ. Учир нь хийж бүтээх ид насан дээрээ байгаа, хүн амын хамгийн идэвхтэй, санаачилгатай, улс орны хөгжлийн эх сурвалж болох ёстой залуу үеэ өр зээлийн буруу бодлогын золионд гаргасан үйл явц нь улс орны хөгжлийг ч алдагдуулахад хүргэжээ. Тиймээс хөгжлийн боломжоо ч нэг хэсэгтээ алджээ.

    Монголын залуучууд ч өр зээлийн буруу бодлогын золионд гарч "алдагдсан үеийнхэн" болоход ойрхон байна. Учир нь манай улс сүүлийн хоёрхон жилд ардчиллын 22 жилийнхнээс ч илүү их өр зээл авч түүхэн дээд амжилт тогтоов. Ардчиллын 22 жилд 12 Ерөнхий сайд нийлээд 2.2 тэрбум ам.доллар л зээлж авсан юм. Харамсалтай нь шинэчлэлийн Засгийн газар хоёр хүрэхгүй жилд 3 орчим тэрбум ам.долларын зээл авчихав. Нэмээд энэ жилдээ багтаагаад 3.5 тэрбум ам.долларын зээл авах эрхтэй. Ийм эрхийг олонхиороо түрий барин нээсэн. Түүнийгээ ажил хэрэг болгохын тулд өрийн хэмжээг ДНБ-ий 70, Засгийн газрын баталгааг 20, нийлээд 90 хувьд хүргэх хуулийн төсөл өргөн барьчихаад зүтгүүлж эхлэв. Ингэж их өр зээл авчихаад эдийн засаг хямрав.

Өр зээлийн хэмжээ нэмэгдээд байдаг. Улсын төсөв алдагдалтай гараад байдаг урвуу хамааралтай болчихов.  17.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 11.7 хувь болж буурлаа. Өр зээлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн өсөлт саарч 2017 он гэхэд 5.9 болж огцом буурна гэж эдийн засагчид сануулав. Төсвөөс гадуурх хөрөнгийн зарцуулалтыг оруулж тооцвол манай улсын төсвийн алдагдал 10.1 хувьд хүрснийг ОУВС тайландаа онцлон сэрэмжлүүлэв. Нийт бүртгэлтэй 90 гаруй мянган аж ахуйн нэгжийн 24 мянга нь өнгөрсөн жил дампуурлаа зарлав. Эдийн засгаа хямралаас гаргахын тулд 100 хоногийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж эхлэв. Тэгээд эдийн засгаа бүхэлд нь "хэмнэлтийн горим"-д шилжүүлэхийг уриалав. Үүний эхний золиос нь залуус болж эхлэв. Энэ оны эхний улирлын статистикийн мэдээ харахад бүртгэлтэй ажилгүй иргэдийн 62 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг болж хүрээгээ тэллээ. Манай улс Латин Америкийн орнууд, Грекийн түүхийг давтаж байна. Залуус "алдагдсан үеийнхэн" болоход ойртлоо. Залуусаа "алдагдсан үеийнхэн" болгомооргүй байна.

Нийтлэлч Г.Өнөрбаяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn