2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ш.Ганболд хурандаа Х.Тэмүүжинг шинэчлэлд саад болж байна гэлээ

Ш.Ганболд хурандаа Х.Тэмүүжинг шинэчлэлд саад болж байна гэлээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

Ш.Ганболд хурандаа Х.Тэмүүжинг шинэчлэлд саад болж байна гэлээ
Хууль зүйн салбарт хийгдэж байгаа шинэчлэлийг Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай хүмүүс нь тийм ч таатай хүлээж аваагүй. Гэвч тэд буруу зөрүү шинэчлэл явагдаад байна гэдгийг олон нийтэд ил гаргаад хэлчихэж бас чадаагүй. Харин өнөөдөр нийтлэлч Ганчимэг Цагдаагийн хурандаа Ш.Ганболдтой цагдаагийн байгууллагад хийгдэж буй шинэчлэлтэй холбоотой асуудлаар ярилцсан байна. Хурандаагийн ярилцлаганаас “энэ олон мянган алба хаагчдын дунд чимээгүй эсэргүүцэл нүүрлэж байна. Чимээгүй эсэргүүцэл. Энэ их сонин ойлголт шүү” гэдэг хүн олон хүний зүрхэнд хүрэх шиг боллоо. Х.Тэмүүжин гэдэг хүний шинэчлэл буруу яваад байна гэдгийг олон ч судлаачид, ТББ-иуд хэлж ярьж байсан. Гэвч өнөөдөр Х.Тэмүүжин үнэн ярьж, зөв зүйл хийж байгаа. Шүүмжилж үг хэлсэн болгон төрийн дайсан мэт ойлголтыг нийгэмд өгөөд байсан юм.

Х.Тэмүүжин хууль зүйн сайд болж ирээд Цагдаагийн алба хаагчдад хандан нэгд, улс төрөөс хол бай. Хоёрт, эрүүгийн гэгдэх элементүүдээс хол бай. Гуравт, эдийн засгийн бүлэглэлүүдээс хол бай гэж удирдах албан тушаалд томилогдож байгаа офицеруудад хэлж байжээ. Түүний энэ үгийг цагдаагийнхан маш хүндэтгэлтэй хүлээн авсан байна. Гэхдээ түүний “шинэчлэл” арай өөрөөр явжээ. Ш.Ганболд хурандаа өөрийгөө ажлаас халагдах болсон шалтгааныг “Миний ажлаас өөрчлөгдсөн шалтгаан бол тэр сандал ч биш л дээ. Асуудал зүгээр л ховоор явчихсан. Удирдагч хүний нэг чадвар байх ёстой юм. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө тухайн хамт олныг нэгтгэж явах ёстой юм билээ. Хувааж, хагалж биш. Бодлого, зорилтынхоо дор нэгтгэж, зангидаж явах сайд маань одоо бол дандаа хуваагаад яваад байна л даа. Хэн намайг дэмжиж байна. Хэн миний эсрэг байна гээд л дүгнэлтээ дандаа хувийн мэдээлэл, таамаг, хар сэрэн дээр тулгуурлаж гаргаад байгаа. Энэ хүнд очиж хошуугаа худалдаж, бусдыг гүтгэж гүжирдэж, хутган үймүүлж яваа улсууд бол тэр хүний жинхэнэ дайснууд нь юм билээ. Харин ажил үүргээ чимээгүй гүйцэтгэж яваа, салбарынхаа хувь заяаны төлөө өвдөж, адлуулж яваа бие бүрэлдэхүүн бол тэр хүний түшиг тулгуур. Үүнийг л энэ хүн олж харахгүй, харахыг хүсэх ч үгүй байна” хэмээжээ.

Мөн “Жаахан дэлгэрүүлээд хэлэхэд  шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэхдээ уламжлал шинэчлэлийг хослуулаад  савалгаа, хохирол  багатай явъя л гэсэн юм. Уг нь энэ цагдаагийн байгууллагын хуулийн эхнээсээ явж байсан концепци юу вэ гэвэл нэгд, цагдаагийн албаны үйл ажиллагаануудаас нийтэд ил болгож болох юмыг нь нээлттэй ил болгоё.

Хуулиндаа үүнийг оруулъя. Хоёрт, бүх үед үргэлж буруутгагдаж, нийгмийн зодуур болж байдаг энэ алба хаагчдаа, нийгэм, улс төр эдийн засгийн савалгаанд тэсч үлдэх дархлаатай болгоё л гэсэн юм. Гэвч энэ концепцийг замд нь хутгаад, хорлоод явчихсан. Нэг үзэхэд л нэг өгүүлбэр, үсэг, нэг ойлголт өөрчлөгдчихдөг. Энэ яав, юу болов гэхээр сайд хийсэн л гэдэг. 92 жилийн түүхтэй энэ айлыг савчуулалгүйгээр, ашигт үйлийн коэфциэнтийг нь дээшлүүлье гэж л явсан.

Гэтэл бүх зүйл эргэчихсэн. Энэ шинэчлэлийн талаар нэг хүн “Эмч мэргэжилтэй хүн хагалгаа хийх шаардлагатай. Би чадна  гээд мэс заслын ширээн дээр хүн гаргаж  хэвтүүлээд, хэвлийг нь нээчихээд, одоо яах билээ гэх мөртлөө, хажуугаас нь хэлэхээр, би мэдэж байна гээд үгэнд орохгүй байгаа хүнтэй адилхан болчихоод байна” гэж интернэтэд их л онож бичсэн байна лээ дээ. Өөр нэг өнцгөөс цагдааг гоочилдог. Зөвлөлт маягийн системтэй гэж. Гэхдээ бид Зөвлөлтийнхийг авахдаа монголд өөрийн гэсэн хэв шинжтэйгээр нутагшуулчихсан юм билээ” гэж ярьсан байна.

Ш.Ганболд хурандаагийн үг өнөөдөр цагдаагийн байгууллагын сэтгэлд бугшаад байгаа чимээгүй гомдол, цөхрөлийн төлөөлөл гэж хэлж болохоор байна. Үүнийг олон хүн уншиж, ойлгоосой гэсэндээ бид түүний үгнээс түүвэрлэн хүргэж буй юм. Хууль зүйн сайд Цагдаагийн алба хаагчидтай анх уулзахдаа “Би ОХУ-д төгссөн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахгүй ээ” хэмээн мэдэгдсэн талаар туршлагатай хурандаа  ярилцлагандаа бататган хэлжээ. Түүний энэхүү мэдэгдлээс үүдэж жил бүр ОХУ-руу явуулж сургадаг хүмүүсийн визийг олгохгүй удсан байна. Учрыг нь лавлан асуухад “Танай Хууль зүйн сайд ингэж ингэж мэдэгдсээн гээд. Ер нь бол багш хүн оюутнуудад юу ч ярьж болохоор юм билээ. Төрийн сайд хүн, УИХ-ын гишүүн хүн бол хөрш орнууд руу хөндсөн хамаа намаагүй юм ярьж болохгүй юм билээ” хэмээн ярьжээ.

Хурандаа сэтгүүлчийн “Х.Тэмүүжин сайдын шинэчлэлийг та хичээл гэж харж байгаа юм уу?” гэсэн асуултанд “Шинэчлэл хийсний үр ашиг, үр дүн гэж байх ёстой. Нийтээрээ сайн сайхан болно гэсэн урам зориг, итгэл үнэмшилтэй байх ёстой. Томоор нь харах юм бол, нэгдүгээрт бидний сонгосон нийгмийн  шаардлага болох хүний эрхийг хамгаалж, хүнд чирэгдэлгүй болж байна уу. Хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдлыг хангахад ахиц гарав уу. Гуравдугаарт, улс орны эдийн засагт ашигтай  байж чадав уу. Дөрөвдүгээрт, хуулийн салбарын ажилтнуудын эрх зүйн байдлыг дордуулахгүй байж чадав уу гэх зэрэг олон асуудалд хариулт хайвал ”муу” тавихаар л байна. Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, өмнөх сайд, УИХ-ын гишүүд, Улсын ерөнхий прокурор, судлаач эрдэмтэн, доктор академич, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг олон хүмүүс Х.Тэмүүжин сайдын алдаа дутагдалыг нь хэлээд л байгаа. Ажил амьдралаа сайн сайхан болгоё, шинэчлэе, нийгэм, үр хүүхдээ амар тайван аж төрөх нөхцөл бололцоо бүрдүүлэхийг эсэргүүцэх нэг ч хүн байхгүй. Товчхондоо шинэчлэлийг эсэргүүцэх хүн байхгүй шүүдээ. Өнөөдөр Цагдаагийн алба хаагчид гундуу, бухимдалтай байна. Мэргэжлийн итгэл үнэмшил, урам зориг үгүй боллоо. Нэг л шүншиггүй болчихлоо. Сайд нь янз бүрээр л хэллээ, доромжиллоо. Одоо ч дайрч давшлаад л байна. Алба хаагчдын төрд итгэх итгэл, иргэдийн хуулийн байгууллагад хандах хандлага яаж  өөрчлөгдөж байгааг анзаарахгүй байна. Шинэчлэлийн үр дүнд  хамгийн наад зах нь лав л 300-аад цагдаагийн алба хаагчдын цалин буурч байна. Мөрөөрөө ажиллаж байгаа цагдаа хүн нэг л өдөр ар гэртээ “шинэчлэлийн үр дүнд бидний талхны мөнгө хасагдлаа” гэж хэлэх үү. Ямар ч хүний тэвчээр хязгаартай. Цагдаагийн байгууллагын соёл, үнэт зүйл,  мэргэжлийн мэдрэмж гэж юм байдаг юм. Тэр байхгүй болчихож байгаа юм билээ. Эрхэмлэдэг зүйл нь үгүй болж байна шүү дээ” хэмээн ярьсан байна. Монголын цагдаад олон жил ажилласан хурандаагийн үг холбогдох хүмүүст нь хоёрыг бодогдуулна гэдэгт найдаж байна.

Н.Чинзориг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.