2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Twitter » Төмөр замын төслийн цаана юу нуугдав?

Төмөр замын төслийн цаана юу нуугдав?

Нийтлэлийн төрөл: Twitter

Улс орныхоо хөгжлийг түргэтгэх, нөгөө талаар газрын доорх баялгаа үнэд хүргэхийн тулд төрөөс баримтлах Төмөр замын бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй шинэ төмөр замынхаа царигийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхийг эдийн засаг нэхэж, шахаж эхэллээ. Зургаан жилийн турш “ноцолдсон” төмөр замын царигийг шийдвэрлэхээр Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан нь улс төрд “хэрэг” тарьж болзошгүй байгаа. Царигийн асуудлыг хөндөхтэй зэрэгцэн “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төрөөс гаргасан баримт бичгүүд нь зөрчилдөх, ашиг сонирхлын элдвийн маргаан гарч эхлэв. Төмөр замын төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах үүднээс “Монголын төмөр зам” компани энэ ажлыг хариуцан гүйцэтгэсэн нь хувийн хэвшилд томоохон хохирол учруулсан, хөгжлийн төслийг тушсан, хууль тогтоомж дүрэм журмыг санаатайгаар зөрчиж, ашиг харсан байж болзошгүй байгаа гэнэ.

Шинээр барих төмөр замын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зөвлөхөөр “McKinsey and Company”-аар ахлуулсан “BNP Paribas” гэх дэлхийн томоохон банк, “Pillsbury” гээд АНУ-ын хуулийн компани, Монголд бүртгэлтэй “Liberty partners LLC” гэх дөрвөн компани сонгон авч ажиллуулсан байдаг. Тэр үед “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар Б.Батзаяа ажиллаж байсан бөгөөд 2011 оны  гуравдугаар сард  “McKinsey and Company”-ийг ямар ч тендергүйгээр шалгаруулах нөхцөлийг бүрдүүлсэн бололтой.

Тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын тушаалаар “Шинэ төмөр зам төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагчаар Ч.Ганбат гэдэг хүнийг томилсон байдаг. Ч.Ганбат нь өмнө нь сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Шинээр барих төмөр замын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зөвлөхөөр сонгогдсон дөрвөн компанийн нэг болох “Liberty partners LLC” компанийн үйл ажиллагаа хариуцсан партнер байсан аж. Өөрөөр хэлбэл, “McKinsey and Company” гэх оффшор компанитай гэрээ байгуулахын тулд “Liberty partners LLC” компанийг гэрээнд оролцогч тал болгож, тендерт хууль бусаар захиалагч, гүйцэтгэгч болгосон байна.

Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан дөрвөн компанийн мөнгийг Хөгжлийн банк гаргаж өгөөгүйн улмаас “Монголын төмөр зам” компани БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлээр авсан 60 сая ам.долларын үнэтэй зүтгүүрүүдээ барьцаанд тавьж “Хаан” банкнаас 5.6 сая ам.долларыг зээлсэн бөгөөд арилжааны банкнаас авсан өндөр хүүтэй зээлийг “МТЗ” компанийн дансанд оруулалгүйгээр 850 мянган долларыг бэлнээр авсан баримт бий аж.

 

 



Салбарын сайдын зөвлөх, төслийн ажлын хэсгийн ахлагч нь ТЭЗҮ-ийг нь боловсруулахад зөвлөхөөр оролцсон Монгол талын компанийн зөвлөх байсан нь, тэгээд ажлын хөлсөө бэлнээр тусдаа авсан зэрэг нь эргэлзээ төрүүлж байна. Дээрх компаниудын хийсэн ТЭЗҮ-ээр  нэгж километр төмөр замыг дунджаар 2.5 сая ам.доллараар барина гэсэн тооцоо гарсан байдаг. Тэгэхээр 1800 км төмөр замыг дагалдах суурь бүтэцтэй нь барьж байгуулахад 4.5 тэрбум ам.доллар, эхний ээлжинд шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүн болох 125 зүтгүүр, дөрвөн мянган вагоноор тооцож 700 сая ам.доллараар, “Шинэ төмөр зам” төслийн нийт өртгийг 5.2 тэрбум ам.доллараар тооцсон байдаг. Харин салбарынхан нь энэ ТЭЗҮ-ийг учир дутагдалтай болсон гэж үздэгээ нуудаггүй бөгөөд нэг километр төмөр замын бүтээн байгуулалтад 2.5 сая ам.долларыг зарцуулна гэдэг өндөр өртөг гэж шүүмжилдэг.

Гэхдээ хамгийн сонирхол татаж байгаа асуудал бол ашиг сонирлын зөрчилдөөнтэй нөхрийн компанийг яагаад ямар ч тендергүйгээр сонгосон нь магадгүй энэ төслийн ард маш их мөнгөний сонирхол явагдаж байсантай холбоотой байж болохыг үгүйсгэмгүй. Ямар байсан ямар ч тендергүйгээр сонгон шалгаруулсан  Шанхай, Бээжинд байрладаг гэх “McKinsey and Company”-ийг шалгаад гэмгүй үзэхэд биз. Учир нь сайдын зөвлөх, ажлын хэсгийн ахлагч,Монголын талын компанийн зөвлөхөөр дамжиж төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах зөвлөхөөр ажилласан офшор компанийн хувьд  тус компанитай холбоотой эргэлзээ дагуулсан олон асуулт байгаа билээ.

 

 



Ж.ЭРХЭС   www.NEWS.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.