2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ш.Раднаасэд: Ерөнхийлөгч хориг тавьбал хууль ердийн журмаар хэрэгжих болно

Ш.Раднаасэд: Ерөнхийлөгч хориг тавьбал хууль ердийн журмаар хэрэгжих болно

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 

УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ш.РАДНААСЭДТЭЙ ярилцлаа.

 

-Та хуульч хүнийхээ хувьд Засгийн газрын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг цаашид хэрхэн үргэлжлэнэ гэж харж байна вэ. Ерөнхийлөгч хэрэгжүүлэх хугацаанд нь хориг тавина гэдгээ хэлчихлээ шүү дээ?

 

-Үүнд дээр хоёр асуудал яригдана. Ерөнхийлөгчийн хориг гэдэг бол УИХ-ын үйл ажиллагаанд хяналт тавих хамгийн том бүрэн эрх. Хориг тавьсан тохиолдолд УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж шийдэх ёстой. УИХ-ын тухай хуульд зааснаар бол хуулийн хэрэгжүүлэх хугацааг тогтоодог хоёр л зохицуулалт байдаг. Нэг нь тухай хуульд төдөн сарын төднөөс мөрдөнө гэсэн хугацааг тусгайлан заах. Нөгөө нь ердийн журмаар буюу Төрийн мэдээлэлд хэвлэгдэж гарснаас хойш 10 хоногийн дараа хэрэгжиж эхэлдэг. Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд энэ хууль хугацаагүйгээр батлагдана гэж байхгүй. Ердийн журмаар зохицуулагдахаар болчихно. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хорооноос хуульд нэмэлт оруулах төсөл санаачлах ёстой. Шаардлагатай гэж үзвэл Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Байнгын хороо төсөл санаачилж УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн заалт бий.

 

-Ерөнхийлөгч энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэдэг хугацаанд нь хориг тавьчих юм бол Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ хуулийг хэрэгжүүлнэ гэсэн төсөл санаачилна гэсэн үг үү?

 

-Тийм. Гэтэл Байнгын хорооноос Ерөнхийлөгчийн хоригийн дагуу санаачилсан 2016 оноос хэрэгжүүлье гэсэн төслийг УИХ дэмжихгүй бол яах вэ. Бүр дахиад л 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэж шийдвэл яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэр тусмаа УИХ-ын гишүүд сонголтоо хийчихсэн гэдэг нь өмнөх санал хураалтаас харагдсан шүү дээ. Ийм зүйл боллоо гэхэд ямар ч гарцгүй болно. Тиймээс Ерөнхийлөгч үүнийг харж байгаа болов уу гэж бодож байна.

 

-Мухардалд орохгүй байхын тулд яах ёстой вэ?

 

-Хуулийн төслөө татах, эсвэл хориг тавихгүй байх хэрэгтэй. Ийм л хувилбар бий.

 

-Тэгвэл Ерөнхийлөгч хуулийн төслөө татаад авчих юм биш биз дээ?

 

-УИХ-аар ямар ч шатанд хэлэлцэж байсан төсөл санаачлагч төслөө эргүүлэн татах эрх нээлттэй. Гэвч Ерөнхийлөгч төслөө татахгүй гэдгээ хэлчихсэн шүү дээ. Төрд байгаа алдаа дутагдал, болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн эх сурвалж нь энд байна гээд хуулийн төсөл санаачилчихаад эргүүлээд татчих юм бол зориггүй Ерөнхийлөгч болж харагдана. Эсвэл тоглоом хийж байсан юм шиг байдал нийгэмд үүснэ. Тиймээс ийм байдал үүсгэхгүйн тулд татаж авахгүй гэж бодож байна.

 

-Хууль батлагдаагүй байхад Ерөнхийлөгч хориг тавина гэж хэлэх нь хэр зохимжтой юм бэ. Үр дүнг нь эртнээс тодорхой болгочихоор гишүүд тухайн хуулийн хэлэлцүүлэгт анхаарлаа хандуулахаа больчих муу үр дагавартай юм биш үү?

 

-Үе үеийн Ерөнхийлөгчид нийтдээ 51 удаа хориг тавьсан иүүс байдаг. Үүнээс 35-ыг нь УИХ хүлээж авсан байдаг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд нийтдээ таван удаа хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хориг гэдэг бол нийт ард түмний хүсэл сонирхлыг УИХ-д илэрхийлж, буруу шийдвэрийг нь залруулах горим. Хүлээж аваагүй хоригуудыг харж байхад дандаа төрийн өндөр албан тушаалтнуудын зэрэг дэв, эсвэл сонгуулийн хуультай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгний эрх ашигтай холбоотой байдаг гэсэн үг. Урьд өмнө нь "Би хориг тавина шүү" гээд хууль батлагдахаас өмнө хэлсэн тохиолдол бараг байхгүй. Ганцхан л тохиолдол байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа УИХ-ын гишүүний 500 сая төгрөгийн асуудал дээр хориг тавина гэдгээ мэдэгдээд хориг тавьж байсан. Гэвч УИХ хоригийг нь хүлээж аваагүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд ард түмний хүсэл сонирхолд нийцүүлэн хориг тавьсан байдаг. Таван хоригоос нь дөрвийг нь УИХ хүлээж авсан байдаг. Ард түмний талд байж, хүсэл сонирхолд нь нийцүүлэх хориг тавьсан учраас УИХ хүлээж авсан байх гэж боддог.

 

-Та энэ удаагийн хориг нь ард түмний хүсэлтээс зөрөөд байна гэж хэлэх гээд байна уу?

 

-Тийм. Сайд нарын "давхар дээл"-ийг одооноос эхэлж тайлах хэрэгтэй гэсэн нийгмийн сонирхол байх шиг байна. Үүнийг Ерөнхийлөгч анзаарч байгаа байх. Гишүүд ч Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр гараад суучихсан гэж ярьж байгаа. Хамгийн наад зах нь Байнгын хороо, нэгдсэн чуулганы ирц бүрдэхгүй байгаагаас харагдаж байна. Төрийн хяналт шалгалтын хамгийн том функц нь УИХ-ын хяналт байдаг. Гэтэл өнөөдөр Засгийн газарт тавьж байгаа хяналт нь ямар төвшинд байгаа билээ. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, чуулганы завсарлагааны хугацаанд Байнгын хороод төлөвлөгөөгөө баталж Засгийн газрын байгууллагуудаар явж хяналт шалгалт хийдэг. Би Эдийн засгийн байнгын хорооны баталсан сүүлийн хоёр чуулганы завсарлагаанаар хийх ажлын төлөвлөгөөг харсан. Үг агүүлбэр нь яг адилхан төлөвлөгөөг хоёр чуулган дамжуулан гаргасан байх жишээтэй. Үүнээс УИХ-ын хяналт шалгалт ямар хэмжээнд явж байгаа нь харагдаж байгаа юм. Мөн УИХ-аас Засгийн газарт үүрэг өгдөг. УИХ-ын даргын захирамж болон УИХ-ын тогтоолоор жилд дунджаар 40-80 үүрэг өгдөг. Байнгын хорооны тогтоолоор 90-100 үүрэг өгч байна. Гэтэл үүний 30 хувь нь ч хэрэгжихгүй байгаа. Энэ тоон мэдээллийг УИХ-ын Тамгын газрын Судалгааны албанаас харж болно. Түүнчлэн УИХ-ын гишүүн асуулга тавьж Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах эрхтэй. Гэтэл Засгийн газар өнгөрсөн намрын чуулганаар тавьсан асуулгад одоо болтол хариулаагүй тохиолдол бий.

 

С.Шийлэгтөмөр

 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.