2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Стандарт групп”-ийн хороолол босвол Улаанбаатар усгүй болно

“Стандарт групп”-ийн хороолол босвол Улаанбаатар усгүй болно

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин

 “Стандарт групп”-ийн хороолол босвол Улаанбаатар усгүй болно

 

Туул голын дагуу хууль зөрчин газар олгож, байгаль орчинг их хэмжээгээр сүйтгэсэн гэх мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газрынхан холбогдох ажиллагааг хийж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, уг хэрэгт холбогдуулан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж, түүний өмнө ажиллаж байсан Э.Хүрэлбаатар, нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авах шаардлагатай байгаа ажээ. Албан тушаалтнуудын балгаар нийслэлийн ундны эх үүсвэр Туул голын эрэг дагуу бүхэл бүтэн хороолол босч мэдэхээр байна. Дөрвөн компанийн нэр дээр олгосон энэхүү газрын цаад эзэн нь “Стандарт групп”-ийн захирал Д.Батаа гэнэ. Монгол Улс зах зээлд шилжих үед “Эм импекс” компанийг хувьчилж авсан түүнд Туул голын далан дагуу газар олгох зөвшөөрлийг ёстой л “ногоон гэрлээр” гаргаж өгч байжээ. Энэ бүхэнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дэмжлэг ч байсан гэж зарим нь хэлэх юм билээ.

Амралт зугаалгын газар амины орон сууцных болсон нь

Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх голын хөвөө бүхэлдээ “Стандарт групп”-ийн мэдэлд шилжээд удаж байгаа гэнэ. Тус компани хатан Туулд эзэн суусан түүх аль 1997 оноос эхэлжээ. Нийслэлийн Засаг даргын 1997 оны есдүгээр сарын 20-ны өдрийн А/183 дугаар захирамжаар “Найман нуур” компанид анх Хан-Уул дүүргийн I хорооны нутагт Их тэнгэрийн амны гүүрийн баруун талд амралт зугаалгын зориулалтаар зургаан га газрыг эзэмшүүлсэн байна.

Энэхүү газрыг “Стандарт групп”-д шилжүүлэх шийдвэрийг 2001 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга гаргасан байна. Ингэхдээ аялал жуулчлалын зориулалтаар дөрвөн жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байдаг. “Стандарт групп” газраа зориулалтаар нь ашиглалгүй хадгалж байгаад 2004 онд дахин томруулжээ. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2004 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 360 дугаар захирамжаар зургаан га газрын хэмжээг нь 90034 ам метрээр нэмэгдүүлжээ. Тус компани уг 15.6 га газрыг таван жилийн хугацаанд эзэмших эрх авсан байна. Үүний дараа мөн л 2007 онд “Стандарт групп”-ийн газрыг нийслэлийн Засаг дарга томруулж өгчээ. Энэ удаа эзэмшил газрыг нь 7.7 га-гаар нэмэгдүүлж 23.3 га болгосон байна. Хачирхалтай нь, анх амралт зугаалгын зориулалтаар эзэмшүүлсэн газар орон сууц, үйлчилгээний зориулалтынх болсон байв. 15 жилийн хугацаатай энэхүү гэрчилгээг тухайн үеийн хотын дарга Ц.Батбаяр олгосон байдаг.

Хотын дарга нарын зөвшөөрлөөр эзэмшсэн газраа улам бүр томруулсаар “Стандарт групп” 2008 он гэхэд 23.3 га газартай болсон байлаа. Энэ эрч нь суларсангүй. 2008 оны есдүгээр сарын 22-нд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын 449 дүгээр захирамжаар тус компанийн эзэмшлийн газар дөрвөн га-гаар нэмэгджээ. Үүнээс гадна хотын даргын захирамжаар газрынх нь зориулалт өөрчлөгдөж амины орон сууцны хотхон барих зориулалттай болжээ. “Стандарт групп” компани ийнхүү 27.3 га газрыг Туулын эрэг дээр эзэмшсэн түүхтэй.

Охин компаниуддаа газраа шилжүүлсэн нь

Үе үеийн Засаг дарга нараас цуглуулсан газраа “Стандарт групп” компани гэнэт өөр компаниудад шилжүүлж эхэлжээ. Эхлээд өөрийн эзэмшлийн 27.3 га газраасаа 2010 онд 7.44 га-г “Могулимбиз” компанид шилжүүлжээ. Араас нь 3.15 га газраа “Жививентури” компанид, 2.32 га-г “Идэр-Интернэшнл” компанид шилжүүлсэн байна. Харин өөрсдөө 14.38 га газраа хадгалж үлдсэн байна. Орон сууцны барилга барих зориулалтаар эрх шилжүүлэх эдгээр захирамжийг тухайн үеийн хотын мэр Г.Мөнхбаяр гаргасан байна. “Могулимбиз”, “Жививентури”, “Идэр-Интернэшнл” нь үнэн чанартаа “Стандарт групп”-ийн охин компаниуд байжээ.

Гэвч энэ бүхэн нь иргэд болон мэргэжлийн хяналтын байгууллагын нүдийг хуурах оролдлого байсан нь одоо илэрч байх шиг. Учир нь, 2010 оноос эхлэн мэргэжлийн хяналтынхан байгаль орчин их хэмжээгээр сүйтгэсэн, Усны тухай болон холбогдох хууль журмыг зөрчсөн “Стандарт групп”-ийн барилгын үйл ажиллагааг зогсоож, акт тавих болжээ. Гурван удаа зогсооход тус компанийнхан маргааш нь л ажлаа эхлүүлчихдэг байв. Одоо Туул голын эрэг дээр боссон барилгууд үүнийг гэрчилнэ. Тус компани газраа авч, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулахдаа Улаанбаатар хотын ерөнхий архитектораар ажиллаж байсан Э.Хүрэлбаатарын дэмжлэгийг авсан байдаг. Үүнд нь одоо ажиллаж байгаа ерөнхий архитектор Н.Нацагдоржийн оролцоо ч бий гэх юм билээ.

Голгүй болох гэж байгаагаа гэнэт ухаарсан нь

“Стандарт групп” болон түүний охин компаниуд авсан газартаа орон сууцны хороолол барихын тулд Туулын бургасыг үй олноор нь тайрчээ. Битүү бургас байсан газарт одоо барилгууд босч, заримынх нь суурийг цутгаж байна. Хашаалсан том талбайд барилгын хүнд механизмууд өдөр шөнөгүй ажиллаж байгааг эх сурвалжууд хэллээ. Албаны тушаалтнуудын хууль тогтоомж зөрчиж газар олгосон асуудал нь эцэстээ Туул голын голыг таслах аюул дагуулаад байна.

Дээрээс нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны долдугаар сарын захирамжаар “Стандарт групп”-ийн эзэмшлийн газартай зэрэгцээ “Сэргэлэн тал инвест” компанид хоёр га газрыг орон сууцны барилга бариулахаар олгожээ. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны захирамжаар О.Энэрэлд 9900 ам метр газрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах эрх олгосон байна. Туулын бургас хядагдаж, голын эрэг хоосорсны дараа л саяхан нийслэлийн удирдлагууд ухаарсан бололтой. Тэд өмнөх Засаг дарга нарын хууль зөрчсөн шийдвэрүүдийг хүчингүй болгох уу, эсвэл компанийг хохироолгүй Туул голыг үгүй болгох уу гэдгээ шийдэхээр ажиллаж байгаа юм байна. Уг нь Туул голын далан орчмыг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө”-нд ногоон бүс, амралт зугаалгын бүс болгохоор тусгасан. Гэсэн хэдий ч ерөнхий архитекторуудын бодлогогүй алхам, өмнөх Засаг дарга нарын хууль бус ажиллагаагаар өнөөдөр орон сууцны хорооллууд босохоор болж байна.

Албан тушаалтнуудын зөрчсөн хуулийн заалтууд

Хотын дарга, албан тушаалтнууд дээрх иргэн, компаниудад газар эзэмшүүлэхдээ Усны тухай хуулиас гадна Газрын тухай хуулийг ноцтой зөрчжээ. Тухайлбал, Газрын тухай хуулийн 33.1.2-т “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Гэтэл “Стандарт групп”-д газар олгохдоо ямар ч сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явуулж байсангүй. Зүгээр л санасных нь зоргоор захирамж гаргаад газар олгочихдог байжээ. Үүнээс гадна тухайн газрууд нь “Хамгаалалтын бүс тогтоох тухай” нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар захирамжийг зөрчсөн байна. Тодруулбал, энэхүү захирамжаар баталсан Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсийн дотор эдгээр газар багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын усны тэжээл дээр газар олгочихжээ.

Нэмж хэлэхэд, Эрүүгийн цагдаагийн газарт мэдээлэл очсоноор тус компанийн хууль бусаар авсан газрын хэрэг сөхөгдөж байгаа юм. Зөвхөн “Могулимбиз” компани гэхэд байгаль орчинд 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоожээ.

 

 “Стандарт групп”-ийн хороолол босвол Улаанбаатар усгүй болно

 

 

Г.УЛСБОЛД

 

 “Стандарт групп”-ийн хороолол босвол Улаанбаатар усгүй болно

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.