2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Ч.Хүрэлбаатар: Манай улс олон улсын валютын сангаас мөнгө гуйх хэмжээнд очно

Ч.Хүрэлбаатар: Манай улс олон улсын валютын сангаас мөнгө гуйх хэмжээнд очно

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засаг сайнгүй байна.Юунаас болж ийм байдал үүсчихэв ээ?

-Өнгөрсөн оны хаврын чуулган эхлэхэд “Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн бодлого энэ хэвээрээ үргэлжлэх юм бол төгрөгийн ханш унаж, 2013 оны сүүлийн хагас жилд эдийн засаг хүндэрнэ” гэдгийг бид удаа дараа анхааруулж байсан.Одоо эдийн засгийн байдал хүнд байна. Төгрөгийн худалдан авах чадвар 30 хувиар уналаа, эдийн засгийн идэвхжилт саарлаа, аж ахуйн нэгжүүдийн төлдөг татварын хэмжээ буурлаа, төсвийн орлого буурч, төсвийн алдагдал нэмэгдлээ, төлбөрийн балансын алдагдал нэмэгдлээ, барааны үнэ өдөр бүр нэмэгдэж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт тогтвортой, байдал хэвийн байхад Монгол Улс хүндрээд байгаа нь энэ Засгийн газрын бодлогын алдаа, буруу үйл ажиллагаатай холбоотой гэдгийг харуулаад байна даа.

-Гэхдээ зуун хувь эрх баригчдыг буруутгаж болох уу.Өнөөдрийн энэ байдал өмнөх бодлогын алдааны үр дүн гэж тайлбарлах хүмүүс ч байна?

-Аргаа барсан, зальтай явуургүй хүний хэлдэг үг л дээ. Яагаад гэвэл бид Засгийн газрыг хүлээлгэн өгөхдөө жилийн 17 хувийн өсөлттэй эдийн засагтай, хөрөнгө оруулагчдын итгэл өндөр, хөрөнгө оруулалт идэвхжсэн, Оюутолгойн бүтээн байгуулалт эрчимжсэн, гадаад валютын нөөц нь гурван тэрбум ам.доллар хүрчихсэн, Хөгжлийн банк нь 600 сая ам.доллартай, олон улсын банк санхүүгийн байгууллагууд Монголын эдийн засгийн өсөлт 25-30 хувь хүрнэ гэсэн тооцоо хийчихсэн ийм л эдийн засгийг хүлээлгэн өгсөн. Энэ бүхнийг нэг жилийн дотор яаж нурааж болдгийг энэ Засгийн газар яруу тодоор харууллаа даа.Харамсмаар.

-Танай намын бүлэг эдийн засгийн хямралаас гарах гарцыг тодорхойлж байгаа гэсэн.Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Уг нь энэ Засгийн газар эдийн засгаа хямралаас гаргах төлөвлөгөө боловсруулж УИХ-д өргөн барих ёстой.Урьд нь эдийн засаг маш сайн байгаа, МАН улс төржүүллээ гээд байсандаа бантаад дээрх төлөвлөгөөг өргөн барьж чадахгүй байгаа юм.Гэхдээ одоо өөрсдийгөө хуурах, тайвшруулах цаггүй болчихлоо шүү дээ.Аль эсвэл сөрөг хүчний боловсруулсан хямралаас гаргах төлөвлөгөөг хэлэлцэж батлах хүртлээ энэ Засгийн газар дампуурчихсан уу.Сая эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ гэсэн хөтөлбөр УИХ-д өргөн барьчихаад буцаагаад татчихлаа.Бодвол эрчимжүүлэх юм байхгүйг мэдээд хямралаас гаргах төлөвлөгөө болгож оруулж ирэх гээд татсан байх аа гэж горьдож сууна.

-Засгийн газрын гишүүд “давхар дээл”-ээ тайлснаар эдийн засаг сайжирна гэж үү?

-Тийм боломж бий.Яагаад гэвэл энэ Засгийн газрын бодлогын алдаанаас болж эдийн засгийн хямрал болсон.Тэгэхээр “давхар дээл”-ийг тайлах нь одоогийн нөхцөл байдлыг сайжруулах хоёр давуу талыг бий болгоно.Нэгд, УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг байж, УИХ нь Засгийн газартаа хяналт тавьж ажиллах болно.Ингэснээрээ Засгийн газрын бодлогын алдааг хугацаа алдахгүйгээр засах боломж бий болно.Хоёрдугаарт, эрх баригчдад ажиллаж чадахгүй байгаа сайд нараа өөрчлөх боломж олгоно.Олон жишээ хэлж болж байна. Тухайлбал, дэлхийн бүх хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгч хүмүүс, банк санхүүгийнхэн бас төрийн албан хаагчдын уншдаг ”Файнаншиал таймс”-ын веб сайт дээр Шинэчлэлийн Засгийн газрын нэгэн сайдыг Торонтод болсон уулзалтын дараа “усан тэнэг” гэж бичсэн байсан. Мэдээж тэр хүн Засгийн газрын бодлогоо л яриад ингэж хэлүүлсэн биз дээ.Ингэхээр энэ Засгийн газрын нэр хүнд гадаадад бас хөрөнгө оруулагчдад ямар байгаа нь тодорхой.Энэ Засгийн газарт өгч буй үнэлгээ нь л тэр.Ийм засгаас их юм хүлээгээд нэмэргүй.Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намынханд олгосон боломжийг ашиглах эсэх нь тэдний хэрэг ээ.

-Засгийн газрын хувьд эдийн засгийн хямралаас гарах бүхий л ажлыг зохион байгуулж байна гэсэн тайл­барыг өгөөд байгаа?

-Өнөөдрийн байдлаар засагдах ямар ч алхам хийгдээгүй.Эхлээд хямралаас гарах төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулаад түүний дагуу үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй.

-Эдийн засаг хямарсан энэ үед МАН-ыг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг иргэд хэлэх болсон.Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Иргэд Монголын эдийн засгийг хямралаас гаргах улс төрийн хүчин нь АН биш харин МАН юм байна гэж үзэж байгаа учраас манай намд шүүмжлэлтэй хандаж байгаа байх аа.Харамсалтай нь манай нам цөөнх байна, гэхдээ эрх баригчдыг шахаж шаардах, хяналт тавих үүргээ сайн биелүүлж байгаа.Эрх мэдэл хэнд байна, тэр хүн асуудал шийддэг гэдгийг бид мэдэх учир тэднийг дагаж далдганах хэрэг байхгүй.Хэвлэл мэдээллийнхэн дөрөвдэх засаглалын үүргээ сайн биелүүлбэл нийгэмд бас хэрэгтэй юм даа.

-Шинэчлэлийн Засгийн газрын барьж буй эдийн засгийн энэ бодлогоор цаашид явбал эдийн засгийн хүндрэл хэдий хүртэл үргэлжлэх вэ?

-Үргэлжилнэ. Олон улсын валютын сангаас мөнгө гуйх хэмжээнд очно.

-Саяхан Монголын үе үеийн Засгийн газрын ажилд тавьсан дүнгийн талаарх судалгааг олон нийтийн сүлжээгээр цацсан.Үүнд Сү.Батболдын Засгийн газар нэлээн тааруу үзүүлэлттэй байна билээ.Тухайн үед та ЗГХЭГ-ын дарга байсан.Тэгэхээр танд ч бас хамаатай асуудал бус уу?

-Энэ Засгийн газар маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй өөрсдийнхөө талаар сөрөг мэдээлэл гаргуулахгүйн тулд хаалтын гэрээ байгуулж байна.Бас өөрийгөө сайн сайхнаар хэлүүлж бичүүлэхийн тулд магталтын гэрээ бас хийж байна.Ерөнхий сайдын ичих булчирхай нь ажиллахаа болиод удаж байгаа шүү дээ.Энэ бүгдээс харахад Засгийн газар таны хэлдэг судалгааг өөрөө захиалж хийлгэжээ гэж дүгнэж болохоор байгаа юм.Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихсэн атлаа түүний кабинет хамгийн сайн ажилласан байж таарах уу.Хэн итгэх юм бэ?Захиалж бичүүлсэн хүн нь хүртэл өөрөө эргэлзэж байгааг өнгөрсөн тав дахь өдрийн чуулганы хуралдаан харуулаа биз дээ. Сү.Батболдын тэргүүлж байсан Засгийн газрын үед эдийн засгийн өсөлтийг Монголын түүхэнд хамгийн өндөрт хүргэсэн, Монгол Улсын валютын нөөц мөн хамгийн их хэмжээнд хүрсэн, танай улс үнэт цаас гаргаач хамгийн бага хүүтэй гаргах боломж бүрдлээ гээд гадаадын хөрөнгө оруулагчид хошуурсан, Оюутолгойн бүтээн байгуулалт эрчимжсэн, ард иргэдийн хадгаламж эрс өссөн, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтаа нэмсэн, хаа сайгүй бизнес ярьсан залуучуудтай, гадаадад ажиллаж сурч байсан монголчууд Монгол руугаа яарсан ийм л цаг үе байсан юм даа. Эдийн засгийн форумыг дэлхийн хамгийн нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох CNN тэй хамтран зохион байгуулж, зарим эдийн засагчид намайг форумдаа урьсангүй гээд бөөн хэл ам болсон, урилга заллага нь олдохгүй заал нь дүүрэн хүнтэй байдаг байсан даа.Гэтэл өнгөрсөн эдийн засгийн форумд заалны талд нь хүрэхгүй хүн ирж оролцсон.Энэ Засгийн газрын сайд нар нь хөрөнгө оруулагч нараас зугтаад форумд ч сууж чадахаа байсан байна билээ.

-Одоо гадаадын хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах ямар бололцоо байна?

-Саяхан УИХ-ын хэсэг гишүүн Австралид очиж ажиллахдаа гадаадын олон хөрөнгө оруулагчидтай уулзсан.Тэд 2016 оныг хүлээнэ гэдгээ хэлж байна лээ.Хөрөнгө оруулагчид чинь найдваргүй түншийг харж хүлээж цаг алдахгүй дээ.Өөр оронд хөрөнгө оруулалт хийгээд л явна шүү дээ.Алдагдсан итгэлийг дахин олж авахад ихээхэн цаг хугацаа, уйгагүй ажиллагаа шаардагдана.

-Пүрэв гарaгийн чуулганаар сайдуудын “давхар дээл”-ийг ирэх долдугаар сард тайлуулах эхний алхмыг хийчихлээ.Энэ нь хууль гаргаж Засгийн газрыг унагаж байгаа хэрэг биш үү?

-Эрх баригчдад алдаагаа засах боломж гаргаж өгч байгаа юм.

-Хууль батлагдлаа гэхэд Үндсэн хуулийн цэц дээр унахгүй юу?

-Үгүй. Үндсэн чиг үүргийн сайд нар нь УИХ-ын гишүүн байж болох заалт нь дэмжигдсэн учир Үндсэн хуулийн зөрчил алга болсон.



Б.Даваатогтох

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.