2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » "Өөдрөг" Ерөнхий сайд эдийн засаг таагүй байгааг хүлээн зөвшөөрөв

"Өөдрөг" Ерөнхий сайд эдийн засаг таагүй байгааг хүлээн зөвшөөрөв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүрэлцэн ирж манай орны эдийн засаг ямар байгааг статистикийн судалгаанд үндэслэн гишүүдэд танилцууллаа. Ярианыхаа эхэнд экспортын бүтээгдэхүүний үнэ ханшийн хэлбэлзлийг сонирхуулав. Энэ онд нүүрсний экспорт тааруухан байгаа аж. Үүнийг дэлхийн зах зээлд үнэ нь унасантай холбоотой хэмээн албаныхан тайлбарласан. Харин зэс, алт, газрын тосны экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр улиралд зэснээс 139 сая ам.доллар, алтнаас 49 сая ам.доллар, газрын тосноос 157 сая ам.долларын ашиг олсон байна.

 

Төмрийн экспорт нүүрстэй адилхан тун муу байгаа аж. Учир нь өнгөрсөн онд төмрөөс 125 сая ам.доллар олсон бол энэ онд 81 саяыг олжээ. Эхний гурван сарын байдлаар импортын бүтээгдэхүүн багассан тооцоо гарсан байна. Тэр дундаа дизелийн түлш 43, ачааны машины импорт 60 хувиар буурчээ. Хүнсний бүтээгдэхүүн гаднаас оруулж ирэх нь багасаагүй ч согтууруулах ундаа, тамхи оруулж ирэх нь 30 хувиар багассан гэх чихэнд чимэгтэй мэдээг дуулгалаа. Үүний дараа Ерөнхий сайд Сангийн яамнаас гаргасан улсын төсвийн талаархи мэдээллийг гишүүдэд танилцуулсан юм. Татварын ерөнхий газар нэгдүгээр улиралд 590 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт оруулах төлөвлөгөөтэй байсан ч одоогоор 401 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт 119 тэрбум төгрөгийг дутуу бүрдүүлсэн. Харин Гаалийн ерөнхий газраас  362 тэрбум төгрөг бүрдүүлэх байснаас 302 тэрбум төгрөгийг цуглуулжээ. Нэгдүгээр улиралд улсын төсөвт нийтдээ 179 тэрбум төгрөгийг дутуу бүрдүүлсэн байна.  Ерөнхий сайдын хэлж буйгаар үүнээс болоод цалин хөлс өгөх, урсгал зардал хийх зэрэгт хүндрэл учирсан юм байхгүй гэнэ. Эндээс улсын төсөв яагаад тасрав гэдэг асуулт урган гарна. Хамгийн эхнийх нь  дотоодын эдийн засгийн байдал муудсанаас болж аж ахуй нэгжийн төлдөг татварын хэмжээ багассан байна. Гаднаас дизелийн түлш, том оврын ачааны машин оруулж ирэх нь багассан нь эргээд импортын бараа бүтээгдэхүүнээс авдаг татвар багасахад нөлөөлжээ. Юутай ч дандаа сайхан юм ярьдаг өөдрөг Ерөнхий сайд эдийн засаг таагүй байгааг хүлээн зөвшөөрч МАН-ын бүлэгт мэдээлэл өгөхөд бэлэн гэдгээ хэлэв. Гэвч сөрөг хүчнийнхэн түүнийг вакум орчноосоо бүрэн гараагүй байна хэмээн шүүмжилсэн. Харин Ерөнхий сайд “Эдийн засгийн үзүүлэлтийг би гаргаагүй. Статистикийн гаргасан тоо” гэж хамгаалж байв. Түүнийг мэдээлэл өгч дууссаны дараа МАН-ын бүлгийн гишүүд асуулт асууж хариулт авлаа.


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:


-Эдийн засгийн нөхцөл хүндэрч байгаа гэсэн МАН-ын дүгнэлтийг Ерөнхий сайд баталлаа. Энд биднээс шалтгаалсан, таны явуулж байгаа бодлогоос хамаарсан зүйл юу байна. Эдийн засаг агшиж байна. Аль салбар хамгийн их хохирох вэ. Түүнийг хэрхэн хамгаалах талаар та бодож байна уу. Төсөв тасрах нь тодорхой болчихлоо. Энэ бол нөхцөл байдал хүндэрч байгаагийн шинж. Засгийн газар хэзээ эдийн засгийн уналтыг давах төлөвлөгөө гаргаж УИХ-д оруулж ирэх вэ. Яагаад хоёр жилийн дотор макро эдийн засгийн бүх үзүүлэлт унав. Нэг хэсэг МАН-аас, дараа нь дэлхийн эдийн засгаас, тэгээд Хятадаас боллоо гэсэн. Та нарын явуулж байгаа бодлогоос болсныг яагаад зоригтой хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ. Дэлхийн эдийн засаг муудаж байхад Монгол тэр хямралыг алзахгүй давж байсан. Өнөөдөр дэлхийн эдийн засаг өсөлттэй байхад яагаад Монголынх унаад байгаа юм. Хамгийн сүүлд та АТГ, МАН-аас болоод байна гэж хэвлэлд ярьжээ. Үүнийгээ тайлбарлана уу.


Ерөнхий сайд Н.Алтанхуяг:


-Тоон дээр хэдүүлээ ярих хэрэгтэй. Манай эдийн засагт хүндрэл байгаа. Үүнийг би МАН-аас болсон гэж хэлээгүй. Зарим хүмүүсийн хийсэн үйлдэл буруу байсан учраас өнөөдрийг хүртэл бид “Чалко”-ийн өрийг төлж чадахгүй байна. Яагаад нүүрс өнгөрсөн жилийнхээс 300 мянган тонноор илүү экспортолсон мөртлөө мөнгө байхгүй байгаа юм гэж гайхаж магадгүй. Энд гурван шалтгаан бий. Нүүрсний үнэ уначихсан. Зарим компаниуд зээлээр өгч байгаа. Өмнөх зээлээ бүрэн барагдуулж дуусаагүй байна. Манайх нүүрсээ ухаад гаргачихсан цаад тал нь үнэ нь бага байна гээд хөдөлж өгөхгүй байна. Үүнд би МАН, дэлхийн эдийн засгийг буруутгаагүй. Цагаан дээр хараар бичсэн тоог харж байгаад нэг юм ярьдаг болмоор байна. Засгийн газарт долоо хоног бүр нүүрсний компанийг цуглуулж ярилцдаг болсон. Монголын талаас тулгардаг бэрхшээлийг шийдэж чадсан.


УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:


-Улсын төсөв яг хэдэн хувиар тасарсан юм бэ. Хоёр өөр тоо хэлээд байна. Ханшийн  өсөлтөөс болоод гадаад худалдааны эргэлт буурсан. Бид 100 төгрөгийн 88 төгрөгөөр нь гадаадаас бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг улс. Тиймээс энэ байдалдаа бодит дүгнэлт хийх цаг болжээ. Ажлын байр бий болгож, дотоодын үйлдвэрээ дэмжсэн байгаа бол бид  та нарын ярьж байгааг үнэн гэж ойлгож болно. Гэтэл ийм юм огт алга.  Өнөөдөр өргүй хүн гэж Монголд байхгүй. Аж ахуйн нэгжүүд, төрийн албан хаагч, тэтгэврийнхэн өрийн сүлжээнд орчихлоо.  Энэ байдал чинь өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбоотой.  Өндөр настнууд тэтгэврийн мөнгөөрөө хоёр шар тор  бүтээгдэхүүн худалдаж аваад дуусч байна. Тийм болохоор Ерөнхий сайдыг амьдралд, хөрсөнд буусан юм ярихыг хүсч байгаа юм. Ерөнхий сайд ээлжит уулзалтаараа “МАН, АТГ хоёр миний ажлыг хийлгэхгүй байна” гэж ярьсан. МАН Засгийн газраас оруулсан бүх хуулийн төсөлд дэмжлэг үзүүлсэн. Хамтын тэтгэврийн хуулиар л завсарлага авсан.


Ерөнхий сайд Н.Алтанхуяг:


-Өөдөөс харж сууж байгаад л худлаа ярих юм. Энэ танилцуулсан чинь миний гаргасан тоо биш шүү дээ. Монгол Улсын Статистикийн газраас гаргасан тооцоо судалгаа. Статистикийн газар энэ тоог бие дааж  гаргаад 20 гаруй жил болж байгаа. Миний тараасан тоо наана чинь байхгүй. Би санаа амар тайван сууж болно гэж яриагүй. Өөр илүү их арга хэмжээ авмаар байна гэсэн. Хүн юм ярихаар шууд эсрэг юм ярих юм. Дээр нь вакумжсан орчинд байна гэж шүүмжлээд байна. Ямар ч вакум орчингүй сууж л байна. Та юу яриад байгаа юм бэ. Вакум гэдэг чинь халуун саванд хийгээд тавихыг хэлнэ биз дээ. Битгий хүн явуулаад бай. Би тоо гаргадаг хүн биш ээ.  Ерөнхий сайд нь тоо баримт гаргахаа болиод 20 жил болж байна. Би “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаар МАН ажил хийлгэхгүй байна гэдгийг хэлсэн. Тэр үнэн.  Зарим гишүүд эдийн засаг муу байна гэж хэлдэг мөртлөө нөгөө гараараа хоосон улстөр хийгээд байна.


Сангийн сайд Ч.Улаан: 


-Улсын төсвийн талаар асууж байна. Албан ёсны  мэдээллээр улсын нэгдсэн төсвийн орлого 79.7 , төсвийн орлогын биелэлт 77.8 хувьтай байна. Энэ хэмжээгээр орлого дутуу төвлөрсөн гэсэн үг. Нэгдүгээр улирлын энэ төлөв байдал цаашдаа үргэлжилвэл сүүлийн хагас жилд улсын төсөвт орлого дутагдах хүнд нөхцөл байдал үүсч мэднэ. Эргээд  хөрөнгө оруулалтын санхүүжилтэд нөлөөлнө. Бүхэлдээ хөрөнгө оруулалтын ажил удаашралтай байгаа нь үнэн. Эдийн засагт огт өсөлт байхгүй гэж яриад байх юм. Байгаа шүү дээ. Өсөлтийн хурдац буурсан болохоос өсөлт байгаа. Гишүүд жаахан бодитой яримаар байна.


УИХ-ын гишүүн С.Бямбацогт:


-Ерөнхий сайд манай бүлэгт мэдээлэл тавих хүсэлт тавьсан. Бид сонсох шаардлагагүй гэж үзсэн. Жил гаруйн хугацаанд Н.Алтанхуяг байнга худлаа ярьж байгаа. Хамгийн анх Ерөнхий сайд болохдоо манай бүлгийн хуралд төрийн албан хаагчийн тоог нэгээр нэмэгдүүлэх юм бол ажлаа өгнө гэж хэлсэн. Харамсалтай нь төрийн албан хаагчийн тоо 50 мянгаар нэмэгдсэн. Засгийн газар долоо хоног ажиллана гэсэн. Одоо тэгж ажиллахгүй байгаа. Сайд нар нь жилд хоёрхон удаа гадагшаа явна гэсэн. Өнөөдөр хамгийн бага нь 30 гаруй удаа гадагшаа явсан. Бидний сонссон, харсан,  Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн ярьж байгаа хоёр тэмээ ямаа шиг, тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Ийм байдлаар хандаж байгаа учраас манай бүлэг мэдээлэл сонсох шаардлагагүй гэж үзсэн. Эдийн засагт өсөлт байна гэлээ. Өнгөрсөн онд Монголын эдийн засаг 12 орчим хувиар өссөн. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт өсөлт гарсан. Тэр бол Засгийн газрын эсвэл Н.Алтанхуягийн хийсэн ажил биш ээ. Хуц ухнын хийсэн ажил. Барилгын салбарт өсөлт гарсан. Монголбанкнаас дөрвөн их наяд төгрөгийн зээл олгосон. Одоо ипотекийн зээлд хамрагдсан иргэд төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрч байна.


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:


-Ерөнхий сайдаас улс орны эдийн засгийн талаар мэдээлэл сонсч байгаа чухал хуралдаанд УИХ-ын гишүүдийн 20 хүрэхгүй хувь нь сууж байгаад харамсч байна. Элчин сайдыг томилох, “Давхар дээл” тайлах болоход 76 гишүүний 75 нь ирдэг. Тэгсэн мөртлөө улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг ярих гэхээр 20 хүрэхгүй хувийн ирцтэй сууж байна шүү дээ. Өнөөдрийн “Өдрийн сонин”-нд гарсан судалгаагаар иргэдийн өмнө гурван бэрхшээл тулгарч байна гэжээ. Үүнд валютын ханшийн өсөлт, бараа бүтээгдэхүүний өсөлт, орлого хүрэлцэхгүй болсон гэсэн байна. Иргэдийн хэлж байгаа бидний ярьж байгаа өдөр, шөнө шиг ялгаатай байна. МАН-ын бүлгийн гишүүдийг дандаа шүүмжилдэг гэсэн ойлголт нийгэмд өгөх гээд байх шиг байна. Өнөөдөр макро эдийн засгийн тоо ярих нь чухал. Гэхдээ бодит байдал муу байна шүү. Бизнесийн орчин өмнө нь байгаагүйгээр муудлаа гэсэн. Сүүлийн хоёр жилд явуулсан алдаатай бодлогоос болоод маш том цохилт болж байна.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:
-Би асуултаа асуумаар байна. Ерөнхий сайд нь маазруулаад, гишүүд ч дагаж маазраад байна. Төрийн ажил яаж хийдэг, түүгээр нь хиймээр байна шүү дээ. Таны асуулт асуугаад хариулж байгаа нь хэтэрхий маазраад байна. Өнөөгийн нийгэм, эдийн засаг хүнд байгаа. 2012  оныг өнгөрсөн жилтэй харьцуулсан бизнесийн орчны судалгааг би харж байна. Хөдөө аж ахуйн салбарт 2878  аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол өнгөрсөн онд 839 болж буурсан байна. Боловсруулах үйлдвэрт 2012 онд 4400 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан. Энэ онд 926 болж буурчээ. Тэгэхээр Статистикийн газраас гаргасан тоотой зөрөөд байна. Ер нь 2012 оныг өнгөрсөн онтой харьцуулахад аж ахуйн нэгжүүдийн 23 хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.