2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » “Давхар дээлтнүүд”-ийн сарын цалин ахмадуудын бүтэн жилийн тэтгэвэртэй тэнцэнэ

“Давхар дээлтнүүд”-ийн сарын цалин ахмадуудын бүтэн жилийн тэтгэвэртэй тэнцэнэ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 “Давхар дээлтнүүд”-ийн сарын цалин ахмадуудын бүтэн жилийн тэтгэвэртэй тэнцэнэҮндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл, манай улсын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841 мянга 192 төгрөг ажээ. Энэ нь 2012 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Гэвч өрхийн зарлага нийт орлогын 91 хувийг эзэлж байгаа нь таагүй мэдээ болж байна. Өрхийн зарлагын хэмжээг дунджаар авч үзвэл, 70.5 хувийг хүнсний бус бараа, үйлчилгээний зардал, 26.9 хувийг хүнсний бүтээгдэхүүний зардал эзэлдэг ажээ. Энэ нь хүнснээс бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулах зардал жилийн өмнөхөөс 25 хувиар нэмэгдсэнийг харуулж буй бодит баримт билээ. Гэвч судалгаа бол ердөө л хэдэн тооны дундаж үзүүлэлт.

 

Тэгвэл цалингийн хэмжээг салбараар ангилбал хамгийн өндөр цалин авдаг уул уурхайн салбарын ажилтан дунджаар сард 1.5 сая, банк санхүүгийн салбарынхан 1.2 сая байхад ажиллах хүчний гуравны нэгийг өөртөө агуулдаг хөдөө аж ахуйн салбарын дундаж цалин 308 мянган төгрөг байна. Зөвхөн энэ баримтаас харахад, хөдөө аж ахуйн салбарт ажилладаг гэр бүлийн хоёрын олж буй орлого статистикчдын тооцон гаргасан айл өрхийн сарын дундаж зарлага болох 772 мянган төгрөгт хүрэхэд тун хол байгаа юм. Тэгээд ч үнэн хэрэг дээрээ гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан сард 700 мянган төгрөг зарцуулдаг гэр бүл тун цөөн. Мөн энэ хэмжээний мөнгийг өдөрт нь “хийсгэж” орхидог хөрөнгөтөн тийм ч их биш. Яг одоогийн байдлаар УИХ-ын гишүүний үндсэн цалин сард сая 267 мянга төгрөг. Дээр нь нэмээд онцгой нөхцөлийн 30 хувь болох 648 мянга, утасны ярианы мөнгө зэрэг нэмэгддэг байна. Үүн дээр 67 сая 592 мянган төгрөгийг үндсэн цалин, туслах, зөвлөхийн цалинд, 32 сая төгрөгийг албан томилолт, унаа, мэдээлэл сурталчилгаа, зочид хүлээн авах, ном хэвлэл, гадаад арга хэмжээнд зориулсан бэлэг дурсгал зэрэгт зарцуулдаг ажээ. Зөвхөн үндсэн цалин нь гэхэд хөдөө аж ахуйн сарбарт ажиллаж буй иргэдийн хагас жил орчим, төрийн албан хаагчийн дөрвөн сар орчмын цалинтай тэнцэж байна гэсэн үг.

 

Ийм байтал 450 хонь, 140 адуу, 63 үхэр, 22 хурдан удмын адуу, Nissan X trail, Toyoto Land Gruiser 200 зэрэг төмөр хөлөгтэй, гурван орон сууцтай гишүүн “УИХ- ын гишүүний цалин бага байна” гэсэн гомдол гаргаж ард түмний эгдүүг хүргэж байсан удаа ч бий. Харин үүнээс 10 сая төгрөгийг нь хуулийн төсөл боловсруулахад зарцуулдаг байх юм. Тэгвэл Засгийн газрын гишүүд буюу салбарын сайдууд сард нэг сая орчим төгрөгийн цалин авдаг гэнэ. Тэгэхээр “Давхар дээлтэй” 17 гишүүн сард дунджаар үндсэн цалин л гэхэд 2.7 орчим сая төгрөг авдаг болж таарч байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй, хууль батлахгүй явахад л тэдний дансанд сар бүр дээрх хэмжээний мөнгө сул “гулсч” ордог гэсэн үг. Энэ нь дундаж тэтгэвэртэй буурлын бүтэн жилийн мөнгөн орлоготой дүйцэж байна.

Тэтгэврийн орлогоор өл залгах хэцүү даалгавар

Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам “Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн хэм- жээг нэмэгдүүллээ” хэмээн сурталчилсан. Үүнийгээ “Сар шинийн баяраас өмнө ахмадууддаа барьж буй бэлэг” хэмээн гайхуулсан удаа ч бий. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэтгэврийн доод хэмжээ 180 мянга 300 төгрөг байсныг 20 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 27 мянгаар нэмэгдүүлж, 172 мянган төгрөг болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар тэтгэврийн дундаж хэмжээ 216 мянга 668 төгрөг байна. Тэгэхээр хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээгээр “тэтгүүлдэг” ахмадууд ажлын 22 хоногоор бодоход УИХ- ын гишүүний хоёр өдрийн үндсэн цалинд ч хүрэхгүй мөнгийг сардаа зарцуулж байгаа тооцоо гарч байна. Мөн дээрх аргачлалаар тооцоход “Давхар дээлтэй” 17 сайдын нэг өдрийн цалинд ч тэтгэврийн доод хэмжээ хүрэхгүй байгаа нь тодорхой харагдаж буй. Түүнчлэн Засгийн газрын зүгээс тэтгэврийн насныханд цагаан сараас өмнө өгсөн 20 мянган төгрөгийн бэлгээ “Инфляцийн төвшинтэй уялдуулан тэтгэврийн нэмэгдлийн хувь, хэмжээг тооцон гаргасан” хэмээн тайлбарласан нь бүр ч инээдтэй.

 

Харин бодит байдал дээр зөвхөн 2012-2013 онд хэрэглээний үнийн индекс урьдчилсан байдлаар 27.7 хувиар өсөөд байхад энэ хугацаанд тэтгэвэр ганц ч хувиар нэмэгдээгүй. Харин энэ жил манай улсын мөнгөн тэмдэгт голлох валютуудын эсрэг 30 хувиар сулрахад тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмсэн үзэгдлийг инфляцитай уялдуулсан тооцоолол гэж ойлгож болох уу... Ийнхүү энэ онд тэтгэврийг 6-8 хувиар нэмсэн нь үнэн боловч зөвхөн сүүлийн хоёр жилд энэ нэмэгдэл үнийн өсөлтөөс 70-80 хувиар “хоцорч” байгааг хүртэл судалгааны байгууллага дурдсан билээ. Гэвч ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хүүхэд зэрэг хөдөлмөрийн чадваргүй иргэний орлогын гол эх үүсвэр нь тэтгэвэр юм. Харин өнөөдөр тэд орлогын энэ эх үүсвэрээр амь зуухад тун бэрх болоод байгаа. Тиймээс дээр өгүүлсэн тэтгэврийн нэмэгдэл үнийн өсөлтөөс ийнхүү хоцорч байгаа нь өрхийн бодит орлогыг бууруулж, хэрэглээг хязгаарлаж, улмаар ядууралд оруулах үндсэн шалтгаан болж байгаа гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

Сайдуудад сарын цалингаа үрэх газар Улаанбаатарт алга

Статистикчид нэг өрх сард дунджаар 772 мянган төгрөг хэрэглээндээ зарцуулдаг гэдгийг тооцоод гаргачихсан. Гэтэл өрхийн орлого нь сардаа 700 мянган төгрөгт ч хүрэхгүй айл өрх Монгол орны өнцөг булан бүрт мянга, мянгаараа аж төрж байна. Одоо яах вэ. Тусгаар тогтносон Монгол Улсынхаа Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд итгэх үү, аль эсвэл иргэдийн худалдан авах чадвар өдөр бүр муудаж, айл өрхийн амжиргааны төвшин илт уруудаж байгаа нөхцөл байдалд итгэх үү. Нуулгүй хэлэхэд хэцүүхэн нөхцөл байдал хаа сайгүй үүсээд байна. Мэдээж хэрэг, УИХ-ын гишүүд, сайдууд статистикийн судалгаанд бат итгэнэ. Үнэндээ тэгэхээс ч өөр аргагүй юм. Учир нь тэд хэрэгцээтэй байгаа зүйлээ бүгдийг нь гадаадаас базаадаг. Хүнсээ хүртэл хилийн чинадаас захиалж авчруулдаг. Тэр ч бүү хэл нохой, муурныхаа хоолыг онгоцоор зөөж ирүүлдэг тул бодит байдлаас хол байх нь аргагүй. Тэгээд ч тэтгэврийн насны аав, ээжийн минь сарын орлогыг нэг өдрийнхөө цалинд авдаг хүмүүс Улаанбаатарын хаана нь очиж тэр их мөнгийг үрэх билээ.

 

Тэгвэл дотоодын худалдааны төвүүдээр чадан ядан үйлчлүүлдэг нийт хүн амын 90 орчим хувийн амьдрал сайнгүй байгаа нь өнөөгийн Монгол Улсын үнэн дүр зураг юм. Энэ сарын 2-ны байдлаар худалдааны төвүүдэд хонины ястай мах кг нь 7500, үхрийн ястай мах кг нь 8200- 9800 төгрөгт дунджаар хэлбэлзэж байгаа бол дотоодын гурилан бүтээгдэхүүний дийлэнх хувийг дангаараа эзэлдэг “Алтан тариа” компанийн савласан гурилын үнэ дээд зэрэг нь 1050-1400 төгрөг, нэгдүгээр зэргийнх 700-900 төгрөг, хоёрдугаар зэргийнх 500- 800 төгрөг байв. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарт хоёулаа ажилладаг, хоёр хүүхэдтэй өрх сард багаар бодоход 15 кг гурил, таван кг будаа, 10 кг мах, таван кг төмс, нэг литр ургамлын тосноос гадна хоол амтлагч, давс, сахар, масло, цай зэргийг 20 мянган төгрөгт багтааж авдаг гэж тооцъё.

 

Үүн дээр гэр бүлийн хоёр өдөрт хоёр мянган төгрөгөөр унаанд сууж, өдрийн цайндаа мөн хоёр мянган төгрөг зарцуулдаг гэж төсөөлье. Ингэхэд 300 гаруй мянган төгрөг болж байна. Дээр нь өдөр бүр хүүхдүүддээ нэг ширхэг “Атар” талх авч өгөх юм бол эхнэрийнх нь цалин дуусч, нөхрийнхөө халаас руу гар дүрэхээс аргагүйд хүрч байгаа юм. Мэдээж XXI зууны хүн төрөлхтөний амьдрал л юм хойно ус, цахилгаан, түлш, хувцас, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн зардал нэмэгдэж таарна. Ингээд бодоход өрхийн орлого нь нэг сая төгрөг байгаад ч хуримтлал үүсгэж чадахгүй нь ойлгомжтой байгаа юм.

Д. Ганбаатар

Эх сурвалж: Монголын үнэн сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.